Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 579

 

 

 

 

 

 

 

      2019           6            13                                     2019/ШЦТ/579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

          Гэрч Б.Цэцэг-Эрдэнэ,

          Хохирогч Ц.Анхмаагийн өмгөөлөгч А.Энхбуйр,                                       

Шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овгийн Ишдоржийн Энхсүлдийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910001770216 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 50- 2956 тоотод оршин суух, “Синей элеватор” ХХК-д менежер ажилтай,

          2013 оны 6 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, И.Э,                                

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч И.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү молл” худалдааны төвийн эсрэг талын зам дээр болон гэртээ хариад өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Анхмааг бусадтай хардаж, баруун шанаа, уруул, бугалга, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч И.Э шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “…Солонгосоос авчирсан цүнх, чемоданыг нь ухаж үзээд паспортыг нь олоогүй болохоор түрийвчид нь байсан хэдэн картыг нь аваад машины хаалганы халаасанд хийчхээд Ц.Анхмаагийн баруун гарынх нь булчин хэсэгт нь гараараа нэг удаа цохьчихоод “чи буцаад явах юм бол намайг алчхаад яваарай” гэж хэлтэл Анхмаа “чамайг яаж алах юм, чи үхэж чадах уу” гэхээр нь “намайг алах хутга сандал доор чинь байгаа” гэж хэлтэл Анхмаа миний борц хийхдээ авч явсан хутгыг суудлынхаа хажуу талаас гаргаж ирээд хойшоо шидчихсэн. ...Анхмаад “чи ийм шүү дээ яах гэж ингэж худлаа ярьдаг юм, сүүлийн үед ярихаа больчихсон чинь ийм учиртай юм байна” гэж хэлээд Анхмаагийн нүүрэнд нь гарынхаа ар хэсгээр нэг удаа цохисон. Би Ц.Анхмааг Солонгос улсад сурч боловсрох бүх зардал мөнгийг нь гаргаад боломжоор хангаж, өөрөө өр тавиад хүүхдүүдээ хараад амьдралынхаа төлөө хичээгээд явж байхад Ц.Анхмаа Солонгос улсад өөр хүнтэй амьдраад намайг тэнд очуулахгүй гээд, үр хүүхдүүдээ бодохгүй сэтгэл нь хувирсан болохоор гомдсондоо л тухайн үед ганц хоёр алгадаад цохьчихсон юм …” гэсэн мэдүүлэг /хх-60-65/,

 

Хохирогч Ц.Анхмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “…Манай ээжийн эрүүл мэндийн байдал муу байгаа болохоор би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед Монгол Улсад ирсэн бөгөөд намайг нөхөр Энхсүлд Чингис хаан онгоцны буудал дээр тосч аваад машинд суугаад хөдлөхөөс өмнө онгоцны буудлын зогсоол дээр надад “гадаад паспортоо өг” гэхээр нь би “байхгүй” гэж хэлтэл миний бүх цүнхийг нэгжиж үзээд миний түрийвчид байсан картуудыг хурааж аваад оюутны үнэмлэхийг хугалж хаясан. Тэгээд намайг жолоочийн хажуу талын суудал дээр сууж байхад миний баруун шанаа, уруул хэсэгт нэг нэг удаа гараараа цохиод баруун гарын бугалга хэсэгт нэг удаа гараараа цохиж дээд уруулаас цус гаргасан. Тэгээд машинаа асааж хот руу явж байх замдаа “одоо хоёулаа нэгийгээ үзнэ” гээд нисэхийн тойрог өнгөрөөд жоохон явж байгаад машинтайгаа төв замаас урагшаа шороон замаар эргэж жалгатай газарт очиж зогсоод миний ачаа тээшийг бүгдийг нь үзэж шалгаад гадаад паспорт олж чадахгүй болохоо уурлаад “би чамайг яаж энд хүлээж байсныг мэдэж байгаа биз дээ” гээд нүүр, гар, хөл хэсгүүдэд олон удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи ийм зүйл болно гэж мэдэж байсан биз дээ, бэлтгэлтэй ирэхэд яадаг юм” гэж хэлсэн ба машиныхаа суудлын хажуу талаас 20 см орчим бор өнгийн бариултай, хар өнгийн хуйтай хутга гаргаж ирээд “чи намайг алах уу, би чамайг алах уу, чи бид хоёр саллаа гэхэд нэг нь шоронд нөгөөх нь шороонд орж байж л дуусна шүү” гэж хэлсэн ба ер нь л түүнээс салах тухай яриа гарах үед тэгж хэлдэг байсан ба И.Э машины хойно бейсболын цохиур байгаа шүү гэж сүрдүүлэхээр нь би “чи намайг бейсболын цохиураар цохиод үхэхгүй болохоор хутгаар алах гэж байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгээд хутгаа машины голын хайрцаг, суудал хоёрын дунд тавиад машинаа асаагаад хөдлөх үед нь би хутгыг нь хойд суудал руу шидсэн юм. Тухайн үед цаг 17-18 цаг болж байсан. Тэгээд Энхсүлд шороон замаас төв зам руу ирээд намайг машин барих уу гэхээр нь би барина гээд Хүннү молл төв хүртэл хэсэгхэн газарт жолоодоод машин бариагүй удсан болохоор эвгүй байхаар нь зогсоод жолоогоо буцааж сольсон. Тэгээд Энхсүлд машинаа бариад бид хоёр хороололд хоол идсэн ба надад “би чамайг дахиж зодохгүй энэ удаа сүүлчийнх нь” гэж хэлж аргадаад бид хоёр Бэлхэд байдаг хадам аавын гэрт очсон. Намайг очих үед хадам аав Ишдорж, хадам ээж Наранчимэг нар болон манай хоёр хүүхэд байсан. Тэгээд бид нар ороод цай уугаад сууж байхад Энхсүлд миний утсыг аваад шалгасан ба манай солонгос найз над руу фейсбүүкээр нэг удаа залгасан байсныг харчхаад хардаж уурлаж эхэлсэн ба түүн рүү дахин дахин видео дуудлага хийсэн ба солонгос найз Хуан ин ён утсаа нэг удаад нь авсан ба камераа асаагаагүй юм. Тэгтэл Энхсүлд энэ танай гэрт байна гэж уурлаад миний утасны камерыг над руу харуулж байгаад нүүрэнд цохиод, хөлөнд өшиглөж байгаагаа харуулчхаад утсаа тасалсан. Энэ үед хадам аав Энхсүлдийг боль гэж хэлсэн боловч тоогоогүй, харин хадам ээж болохоор намайг “эмэгтэй хүн чааваас ганцаараа амьдрах хэцүү шүү дээ төлбөр мөнгөө төлүүлдэг л байлгүй дээ” гэх мэт үгээр хэлж байсан.Тэгээд Энхсүлд Хуан ин ён руу хэд хэдэн удаа залгаад утсаа авахгүй болохоор миний Самсунг нөт 9 загварын утасны арын хэсгийг гал тогооныхоо шүүгээний тавцан дээр цохиж хагалсан ба урд талдаа шилэн наалттай байсан болохоор дэлгэц нь хагараагүй юм. Тэгээд Энхсүлд миний Солонгосоос авчирсан хувцаснууд, мөнгө, гар утас, цүнх зэрэг бүх эд зүйлийг өгөхгүй “чиний юм гэж юу байдаг юм, одоо ингээд хурдан манайхаас зайл доор байгаа архичидтай унтаж хэвтэнэ үү хамаагүй” гээд хөөчхөөд гэрээсээ гараад явахаар нь би машинаас нь юмнуудаа авах гээд гартал Энхсүлд машинаа асаагаад хөдлөөд явчхаар нь зам дагаад алхаж байтал ардаас машинтайгаа ирээд “ахынд чинь хүргэж өгье” гээд суулгасан. Тэгээд надаас над руу залгасан найзын талаар асуухаар нь Уянга манай нөхрийн занг мэддэг болохоор Уянгаагийн найз нь байгаа юм гэж хэлтэл Уянгын утсыг аваад залгаад асуутал Уянга “чи юу яриад байгаа юм танай эхнэртэй удаан хамт амьдраагүй чиний яриад байгааг мэдэхгүй байна” гээд хэлчихсэн юм. Тэгтэл Энхсүлд улам уурлаад Бэлхийн эцсийн автобусны буудлын хойд хэсгийн эзэнгүй газарт машинаа зогсоогоод миний толгой, нүүр, гар хэсэгт гараараа олон удаа цохисон ба энэ үед миний уруулаас цус гарсан. Тэгээд намайг зодож дуусаад машинаа асаагаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүдэнд ирээд “чи ямар цагдаад өгч сураагүй биш өргөдлөө өг” гээд намайг буулгачхаад явсан. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн ба энэ үед цагдаа дээр хадам аав ирээд өргөдөл битгий өг гэж гуйгаад хоёр хүүхдээ чи өөрөө ав, гэрлэлтийг чинь салгуулаад өгье гэж хэлж байсан. Энхсүлдэд гомдолтой, харин нэхэмжлэх зүйл байхгүй…”  гэсэн мэдүүлэг /хх-25-51/,

 

Гэрч Б.Цэцэг-Эрдэнэ шүүх хуралдаанд “...Миний охин 2011 оноос хойш И.Этэй хамтран амьдарч байсан. Жирэмсэн байх үеэсээ эхлэн И.Ээд зодуулдаг байсан. Эхлээд цохисон зодсон гэдэг байсан сүүлдээ хоолой боож унагаалаа гэж ярьдаг байсан. Би хол амьдардаг учир 2-3 удаа цагдаад утаснаасаа дуудлага өгч байсан. Энэ яригдаж байгаа асуудал 1 дүгээр сард болсон. Би автомашины осолд орж хагалгаанд орох болсон. Охиноо ирж ээжийгээ асар гэж дуудсан. Гэтэл би айгаад байна, миний зурганд хутга дүрээд би чамайг ингэж ална гээд хутга эргүүлээд байсан гэж хэлсэн. Би арай ч тэгэхгүй байлгүй дээ гэж хэлсэн. Тэр үед манайд ажил явдал гарчихсан хэцүү байдалтай байсан. Монголд ирэхэд нь нисэх онгоцны буудлаас тосож аваад зодож ийм зүйл болсон байсан. Намайг энэ олон жилийн хугацаанд хэл амаар доромжилж ирсэн. Ээж гэхээсээ илүү янхан авгай, гичий авгай гэж дууддаг байсан. 2018 онд цагаан сарын үеэр ирэхэд нь 2 удаа зодсон гэж хэлсэн. Тэр тухай цагдаад хэлж байгаагүй. Миний охиныг эцэггүй өссөн болохоор нь хоноцын шээс, золбин гөлөг гэж хэл амаар доромжилдог байсан. Өөрөө эх хүнээс төрсөн байж хүч чадал муутай эмэгтэй хүнд ингэж ханддагт гомдож байна. Энэ хүн миний охиныг байнга дарамталдаг. Миний охин энэ хүнтэй суухаасаа өмнө эрүүл саруул байсан. Одоо хамрын яс нь цөмөрсөн тархины судасны гэмтэлтэй, унадаг өвчтэй болсон. Миний охин энэ хүнээс айгаад Монголдоо ирж чаддаггүй. Би ч ирүүлэхийг хүсэхгүй байна. Сая монголд ирснээс хойш энэ 2 хамт амьдарсан зүйл байхгүй. Би зодож цохиж байхыг нь харж байгаагүй боловч тэр талаар охиноосоо сонссон. Би урьд нь цагдаад дуудлага өгч байсан боловч цагдаа шалгаагүй. Буцаад явсан байсан. Манай охин урьд нь гэр бүл цуцлалтын талаар иргэний хэрэг дээр өмгөөлөгч авсан байсан боловч тэр хүн нотлох баримтыг нь цуглуулаагүй учир охин бид 2 ярилцаад, Энхбуйр өмгөөлөгчийг сонгож авсан юм...” гэв.

түүний мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “…И.Э нь ер нь л Анхмаатай муудалцахаараа гар хүрдэг. Миний санаж байгаагаар 2014 оны хавар хоёр дахь хүүхэд нь гэдсэнд нь байхад Энхсүлд манай охиныг зодсон гээд над руу утсаар яриад уйлаад байхаар нь би хол Өвөрхангай аймагт байсан болохоор өөрийн утаснаас цагдаад дуудлага өгч байсан. И.Э яг намайг харж байхад миний хажууд манай охиныг зодож байсан удаа байхгүй боловч удаа дараа зодож байсан талаараа зодуулснаасаа хойш бие нь өвдөж байгаа талаар хэлдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-33/,

 

Гэрч Д.Ишдоржийн “....Манай бэр Анхмаа Солонгос улсаас 2019 оны 01 сүгээр сарын 07-ны өдөр ирнэ гээд манай хүү Энхсүлд тосохоор өдөр явсан юм. Тэгээд орой Энхсүлд, Анхмаа хоёр нилээн орой ирсэн ба цагийг нь сайн санахгүй байна. Тэгээд сууж байтал Анхмаагийн утас руу солонгос эрэгтэй чатаар нь залгаад Анхмаа түүнтэй солонгосоор яриад байх шиг байсан. Тэгтэл Энхсүлд уурлаад Анхмаагийн нүүрэнд гараараа нэг удаа цохиод гар утсыг нь булааж аваад гал тогооны шүүгээ рүү шидчихээд “би явлаа чи наад хоолоо идчихээд зайлаарай” гэж хэлчхээд гэрээс гартал ардаас нь Анхмаа гараад тэр хоёр хамт явсан юм шиг байгаа юм. Ирэхгүй удаад байхаар нь би Энхсүлд рүү залгатал “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр байна” гэхээр нь би яваад очтол Анхмаа өргөдөл өгнө гээд зогсож байхаар нь би “хүү минь өөрсдөө учраа олчхож болдоггүй юм уу” гэж хэлтэл “би танай хүүхдийг шоронд явуулна” гэхээр нь буцаад гэртээ харьчихсан юм" гэсэн мэдүүлэг /хх-38/,

Гэрч Д.Наранчимэгийн “...Манай бэр Анхмаа Солонгос улсад суралцдаг ба 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай хүү Энхсүлд эхнэрийгээ онгоцны буудлаас тосохоор явсан юм. Тэгээд орой 21 цагаас 22 цагийн хооронд Энхсүлд, Анхмаа нар ирсэн ба бид нар хоолоо идэцгээгээд байж байтал Энхсүлд Анхмаагийн утсыг оролдоод сууж байхад нь Анхмаагийн утсанд нэг солонгос залуугаас дуудлага ирсэн ба Энхсүлд Анхмаад “чи солонгос хүнтэй амьдраад байгаа юм уу” гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Энхсүлд Анхмааг нүүрэнд нь гараараа алгадахаар нь манай нөхөр бид хоёр Энхсүлдийг загнатал гарлаа гээд Анхмаагийн утсыг гал тогооны шүүгээ рүү шидчихээд “хоолоо идчихээд зайл” гээд гараад явсан. Тэгээд цонхоор хартал Энхсүлд машиндаа суух гээд харин Анхмаа Энхсүлдийг тэврээд явуулахгүй гээд байгаа харагдсан ба удалгүй хамт машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд удалгүй Энхсүлд над руу залгаад Анхмаа цагдаа руу орчихлоо" гэхээр нь би аавыг нь явуулсан юм.” гэх мэдүүлэг /хх-35/

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1114 тоот актын “…Батмөнхийн биед дух, зүүн хөмсөг, баруун доод зовхи, хамар, хүзүү, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчиллээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт, /хх-45/,

 

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-70/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/,  Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /69/, Аюулгүйн зэргийн үнэлгээ /6/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-121-123/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-114-115/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч И.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү молл” худалдааны төвийн эсрэг талын зам дээр болон гэртээ хариад өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Анхмааг бусадтай хардаж, баруун шанаа, уруул, бугалга, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь дээр дурьдсан хохирогч Ц.Анхмаа, гэрч Б.Цэцэг-Эрдэнэ, Д.Ишдорж, Д.Наранчимэг нарын мэдүүлгүүд, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1114 актын дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, шүүгдэгч И.Эийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

 

Шүүгдэгч И.Эийн өөрийн эхнэр Ц.Анхмааг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Иймд шүүгдэгч И.Эийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч И.Эийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хохирогч Ц.Анхмаа нь энэ хэрэгтээ холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч И.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч И.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан И.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР