Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00580

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/05823 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу төлсөн 190,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2023 оны 4 сард *******гээс Genesis 80 маркийн автомашиныг 190,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 60,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 55,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 140,000,000 төгрөгийг *******гийн ******* банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 50,000,000 төгрөгийг автомашины гэрчилгээг гаргуулан авах үед өгч дуусгахаар тохирч, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр автомашинаа өөрийн эзэмшилд авсан.

1.2. Автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан ба гаалийн бүрдүүлэлт хийсэн ******* дээр очиж уулзахад ******* манай байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд өмнө авсан автомашинуудын төлбөрийг өгөөгүй тул genesis 80 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй гэх хариу өгсөн.

1.3. Дээрх автомашиныг шалгаж үзэхэд уг автомашин үерт орсон, усны гэмтэлтэй байсан ба энэ нь автомашины мотор эвдрэх өндөр магадлалтай, ашиглалтын хугацаа хамгийн дээд тал 2 жил байдаг тухай мэргэжлийн инженерүүд дүгнэлт өгсөн. Доголдлын улмаас автомашины моторын чек ассан, зарим төрлийн үйлдлийн системүүд нь ажиллахгүй байсан. ******* нь уг автомашиныг усны гэмтэлтэй байсан болохыг мэдэж байсан атлаа энэ талаар хэлэхгүй, нуусан.

1.4. Худалдан авсан автомашин эрхийн зөрчилтэй, мөн биет байдлын доголдолтой байсан тул гэрээнээс татгалзаж байгаагаа *******д илэрхийлэхэд тэрээр хүлээн зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12,500,000 төгрөгийг ******* банк дахь ******* тоот дансанд шилжүүлснээс өөрөөр мөнгө шилжүүлээгүй.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, татгалзсаны үр дагаварт гэрээний дагуу төлсөн 190,000,000 төгрөг, үүнээс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн 12,500,000 төгрөгийг хасаж, *******гийн өмнөөс ******* -д төлсөн 12,500,000 төгрөг нийт 190,000,000 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******тай 2023 оны 4 сард 2020 оны Genesis GV 80 *******, 2020 KIA Telluride маркийн хоёр автомашиныг 190,000,000 төгрөг ба 140,000,000 төгрөгөөр тус тус үнэлж худалдахаар тохирч, хоёр автомашины урьдчилгаанд 2021 polaris RZR-20 маркийн 4 дугуйт мотоциклийг 140,000,000 төгрөгийн ханшаар оролцуулж авахаар харилцан тохиролцсон.

2.2. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2021 polaris RZR-20 маркийн 4 дугуйт мотоциклийг *******ын нэрнээс миний нэр рүү шилжүүлж үлдэгдэл 190,000,000 төгрөгөөс 140,000,000 төгрөгийг ******* банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 50,000,000 төгрөгийг удахгүй төлнө гэсээр 2023 оны 10 сар болгосон.

2.3. Маргаан бүхий автомашин нь ******* -ийн нэр дээр байсан болохыг ******* нь мэдэж байсан. Genesis GV 80 маркийн автомашиныг ******* одоо хүртэл унаж хэрэглэж байгаа ба бидний дунд автомашиныг буцаах яриа огт гарч байгаагүй.

2.4. Тухайн автомашин усанд орсон талаар ******* анх хүлээж авахдаа мэдэж байсан ба автомашины түүхчилсэн лавлагаан дээр анхны ослыг үер, устай холбоотой болсон байгааг мэдэж байсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2, 252 дугаар зүйлийн 252.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзан, татгалзсаны үр дагаварт худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 190,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,418,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь нотлох баримт, үйл баримт, тэдгээрийн уялдаа холбоог анхаарч үзэлгүйгээр дүгнэлтээ гаргасны улмаас гэрээнээс татгалзсан үйл баримт болон шаардлага гаргах хугацааг буруу тодорхойлсон.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрт ... 8 сарын дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.... биет байдлын доголдолтой талаар нэхэмжлэгч тусгаагүй байх бөгөөд тухайн авто машиныг өөр этгээд тодорхой үнээр худалдан авахтай холбоотой харилцаж байсан гэж үзэхээр байна... гэсэн байна.

Гэтэл ******* болон ******* нарын хооронд харилцсан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн фэйсбүүк чат /зурваст/ *******ын зүгээс ...Мань ерөөсөө мөнгөө буцааж авъя, ...би чамд өгсөн мөнгөө л авъя... гэх үгтэй зурвас илгээсэн бөгөөд дээрх чатны хариуд ******* Ок гэж хариулсан. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч *******гээс гэрээнээс татгалзсан татгалзлыг хүлээн авснаа илэрхийлэн ehnii tulult genesis гэх гүйлгээний утгатайгаар 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

Дээрх нотлох баримт болон үйл баримтуудын уялдаа холбоог дүгнэн үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаа хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч нь татгалзлыг хүлээн авч эхний төлөлт гэж мөнгө буцаан өгснөөр нотлогдож байна.

4.2. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн шинжээч томилуулах эрхийг хязгаарласан, боломж олгоогүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд нийт 3 удаа техникийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Гэвч анхан шатны шүүх нь тодорхой бус шалтгаанаар тухайн хүсэлтийг удаа дараа хүлээн авахаас татгалзаж байсан.

Худалдан авсан Genesis GV80 маркийн автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тодруулахад техникийн шинжээч томилох зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь тухайн автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тусгай мэдлэг бүхий субъект тогтоох боломжтой. Гэвч нэхэмжлэгчид тусгай мэдлэг бүхий этгээдийг томилж шинжилгээ хийлгэх эрх хуулиар олгогдоогүйг мэдэж байсан атлаа, шинжээч томилуулах 3 удаагийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан атлаа баримтаа ирүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэнд туйлын гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүднээс боломжит бүхий л баримтууд болох -ийн техникийн тодорхойлолт, Гаалийн ерөнхий газрын албан бичиг түүний хавсралт /гаалиар усны гэмтэлтэй, кузов бүтэн зэвтэй орж ирсэн гэх/ баримтуудыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс эдгээр баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Усны гэмтэлтэй автомашины нэлээд олон хэмжээний эд ангиуд нь гэмтэл үүсч эвдрэх эрсдэлтэй нь -ийн техникийн тодорхойлолтоор тодорхойлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/05823 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь анх 2023 оны 10 дугаар сард хариуцагч маргаан бүхий автомашины нэрийг шилжүүлж өгөхгүй байсан учир мөнгөө буцааж авъя гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагын явцад нэхэмжлэгч нь төлбөрийн асуудлыг бүрэн төлж барагдуулаагүй учир автомашины нэр шилжих боломжгүйг ухаарч автомашины гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагад тавьж, 50,000,000 төгрөгийн зээл авч, тухайн зээлээрээ -ийн өр төлбөрийг барагдуулж, автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

5.2. 2024 оны 1 дүгээр сард автомашины түүхчилсэн лавлагаанд автомашины анхны гэмтэл нь усанд орсон гэдгийг саяхан мэдсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн чатыг автомашины гэрчилгээ ирэхгүй байсан учир бид гэрээнээс татгалзах тухайгаа илэрхийлсэн, 2024 оны 1 дүгээр сараас хойш бид автомашины доголдлыг мэдсэн учир гэрээнээс татгалзах тухайгаа илэрхийлсэн гэж 2 өөр байдлаар тайлбарласныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

5.3. Мөн 2023 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч автомашиныг өөрт шилжүүлж авснаас хойших хугацаанд нийт 5,000 гаруй километр явсан буюу автомашиныг ямар нэгэн асуудалгүй ашиглаж байгаа, доголдол бий болоогүй байхад доголдолтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн, автомашиныг хүлээн авсан цаг хугацаанаас хойш 2 жил гаруй хугацааны дараа автомашин доголдолтой эсэхийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв үнэхээр доголдолтой гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч автомашиныг хүлээж авсан даруйдаа автомашин шинжилгээний газар үзүүлж, доголдолтой эсэхийг нь тогтоолгож, доголдолтой гэх баримтыг шүүхэд өгч, нэхэмжлэлийн шаардлагаа хэлэлцүүлэх боломж байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

5.4. Гэрээгээр тогтоогоогүй тохиолдолд доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа 6 сар байдаг. Автомашиныг хүлээж авснаас хойш 2024 оны 1 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэд төлсөн 177,500,000 төгрөг, *******гийн өмнөөс ******* -д төлсөн 12,500,000 төгрөг нийт 190,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2023 оны 4 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Genesis GV 80 маркийн ******* арлын дугаартай автомашиныг ын өмчлөлд шилжүүлэх, нь автомашины үнэ 190,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, үүнээс урьдчилгаа төлбөрт 140,000,000 төгрөг төлж, үлдсэн 50,000,000 төгрөгийг төлснөөр автомашиныг тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцжээ.

3.2. Дээрх гэрээний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 140,000,000 төгрөгийг *******д төлж, автомашиныг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан, үлдсэн 50,000,000 төгрөгийг ******* -д төлж, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. Харин талуудын маргааны зүйл нь автомашин эрхийн болон биет байдлын доголдолтой эсэх асуудал болсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх-ийн 5-10, 61-62, 74-79, 221 дугаар тал/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Дээрх гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.

Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг, ийнхүү эд хөрөнгийн чанарын талаар тохиролцоогүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй, харин худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн зөрчилгүй гэж үзэхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт тус тус заасан.

Хэргийн 1хх-ийн 24, 116, 211 дүгээр талд авагдсан ******* -ийн албан бичгүүдэд тус компанийн харилцагч ******* нь Genesis GV 80 маркийн ******* арлын дугаартай автомашины төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж дуусгасан, нь дээрх автомашины төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг *******гийн өмнөөс банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан төлж, тээврийн хэрэгслийн бүртгэлд орсон гэжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* -ийн ахлах менежер ажилтай гаас гэрчийн мэдүүлэг авсан, тэрээр ******* нь урьдчилгаа төлбөр төлөөд манай компаниар автомашин захиалдаг, үлдсэн төлбөрийг төлсний дараа манай компани автомашины нэрийг шилжүүлж өгдөг, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж төлбөрийг төлсөн, Genesis GV 80 маркийн автомашиныг түүний нэр дээр шилжүүлж өгсөн гэж мэдүүлжээ. /2хх-ийн 27-30 дугаар тал/

нь -тай 2023 оны 11 дүгээр сарын 30-ны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 65,000,000 төгрөгийг гаальтай автомашин худалдан авах зориулалтаар зээлэхээр тохирч, тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр фидуцийн гэрээ байгуулж, улсын дугаартай Genesis GV 80 маркийн ******* арлын дугаартай автомашиныг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр -ийн өмчлөлд шилжүүлсэн болохыг тусгажээ. /1хх-ийн 60, 73-79 дүгээр тал/

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид төлвөл зохих 50,000,000 төгрөгийг ******* -д төлж, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн автомашины хувьд гуравдагч этгээд буюу ******* -ийн шаардах эрхээр хязгаарлагдсан буюу эрхийн зөрчилтэй эд хөрөнгө гэж дүгнэхгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

4.2. Маргааны зүйл болох автомашин 2020 оны 12 дугаар сард үйлдвэрлэгдсэн, хуучин автомашин бөгөөд талууд чанарын талаар гэрээгээр тохиролцоогүй байх тул тухайн автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой нөхцөлд биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь худалдан авсан автомашин зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан -ийн автозасварын төвийн ерөнхий менежер ын тодорхойлолтод ...ямарваа нэг автомашин их хэмжээний усанд орж, лаг шавар нэвчсэний улмаас хөдөлгүүр, автомат хурдны хайрцаг, компьютерүүд, релейнүүд, хөдөлгүүрийн болон хэрэглээний цээж утас, түлш, яндангийн усны системүүд, нэмэлт тусгай хэрэгсэл, тоноглолууд, бусад бүх дотор, гадна эд ангиудад ус нэвчиж эвдрэл гэмтэл үүсэх эрсдэлтэй. Усанд живж эвдрэл гэмтэл авсан автомашинд засвар үйлчилгээ хийж доголдлуудыг арилгах боломжтой боловч үйлчлүүлэгчид баталгаа олгох боломжгүй байдаг гэжээ. /1хх-ийн 189 дүгээр тал/

Дээрх нотлох баримтаар маргаан бүхий автомашинд уг баримтад дурдсан эвдрэл, гэмтлүүд учирсан эсвэл тухайн гэмтлүүд үүсэх эрсдэлтэй гэж дүгнэхэд хангалтгүй. Өөрөөр хэлбэл, бодит байдалд автомашинд ямар нэг эвдрэл, гэмтэл байгаа эсэх, энэ нь ямар шалтгаан, нөхцөлийн улмаас бий болсон нь баримтаар тогтоогдсон байх учиртай. Ийнхүү эвдрэл, гэмтэл, ямар нэг эрсдэл байгаа тохиолдолд энэ нь худалдан авагчид эрсдэл шилжих үед, эсвэл эрсдэл шилжсэнээс хойш бий болсон эсэхийг тодорхойлж, гэрээнээс татгалзах нөхцөл бүрдсэн эсэх нь тогтоогдоно.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтаар маргаж буй автомашиныг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй биет байдлын доголдолтой эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

4.3. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хүлээн авснаас хойш доголдлыг илрүүлсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах эрхтэй, уг эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, шаардах эрхээ алдсан талаар шүүх зөв дүгнэсэн. Учир нь

Нэхэмжлэгч нь автомашиныг үерийн усанд орсон талаар 2023 оны 5 дугаар сард мэдэж, гэрээнээс татгалзсанаа илэрхийлснээр хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь тэдний харилцсан зурвас болон мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон гэж тайлбарласан боловч гэрээнээс татгалзах хүсэл зоригийг хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна бусдаас зээл авч, автомашины үнийг төлсөн үйл баримт болон нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар үгүйсгэгдэж байна.

Талуудын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр харилцсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлд аас ...мань ерөөсөө мөнгөө буцааж авья, одоо өөр арга алга, болилоо гээд хэлсэн, 225 саяар чинь авья гэнэ, би чамд өгсөн мөнгөө л авья, надад энд боломж байгаад байсан ч одоо дүүрч, *******гээс ок гэж тусгагдсан байх ба 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******гээс 12,500,000 төгрөгийг эхний төлөлт женесис утгаар шилжүүлжээ. /1хх-ийн 11, 239 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагчид автомашины үнэд шилжүүлсэн 140,000,000 төгрөг, түүний өмнөөс -д төлсөн 62,500,000 /50,000,000 + 12,500,000/ төгрөг нийт 202,500,000 төгрөгөөс төлсөн 12,500,000 төгрөгийг хассан гэжээ. Үүнээс үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******гээс шилжүүлсэн 12,500,000 төгрөг нь түүний өмнөөс ******* -д төлсөн 12,500,000 төгрөгт хамааралгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд энэхүү хариуцагчийн хариу үйлдлийг гэрээнээс татгалзсаны үр дагавар гэж үзэхээргүй байх тул дээрх зурвасаар нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах хүсэл зориг илэрхийлсэн гэж дүгнэхэд хангалтгүй байна.

Мөн -иас автомашин худалдан авах зориулалтаар зээл авч, уг мөнгөн хөрөнгөөр автомашины үнийг төлсөн үйл баримтаар гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэгдсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч автомашины доголдлын талаар 2023 оны 5 дугаар сард илрүүлж, хуульд заасан хугацаанд гэрээнээс татгалзах хүсэл зориг илэрхийлсэн, уг хүсэл зоригийг хариуцагч хүлээн авсан гэх байдал тогтоогдоогүй тул эд хөрөнгийн доголдолтой холбогдох шаардлагыг 2024 оны 1 дүгээр сард гаргасан нь хуульд заасан 6 сарын хугацааг хэтрүүлж, шаардлага гаргах эрхээ алдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт нийцжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрх нь тухайн нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй нөхцөлд хэрэгжих учиртай. Өөрөөр хэлбэл, автомашинд ямар нэг эвдрэл, гэмтэл байгаа эсэх, зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг нэхэмжлэгч нотлох, энэ талаарх баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд автомашины үзлэг, оношилгоо, эвдрэл, гэмтлийн талаар мэргэжлийн байгууллагад хандаж, нотлох баримт цуглуулах боломжтой гэж шүүхээс удаа дараа сануулж, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах боломжит хугацаа олгожээ. Иймд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2024/13595, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/29084, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/31142 дугаартай шүүгчийн захирамжуудаар шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/05823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,108,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.ГАНДИЙМАА