Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2016/00753

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 143 дугаар байр 69 тоотод оршин суух, Сартуул овогт Батжаргалын Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Батжаргал овогтой Бадамцэцэг миний бие Лхамсүрэн овогтой Отгоны хүсэлтээр 535 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй, өдөр бүр 19 081 төгрөгийг 30 хоног төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Энэ хугацаанд Л.Отгон зээлийн гэрээний хугацаа дуусахад алдангитай нь буцааж өгнө, өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлж аргацаасаар одоог хүртэл хойшлуулан хохироож байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 1 004 394 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Л.Отгоны оршин суугаа хаяг тодорхойгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан. Иймд Л.Отгоныг эрэн сурвалжилж хаягыг тогтоож өгнө үү гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                           

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч  Б.Бадамцэцэг нь Л.Отгон 535 000 төгрөгийг зээлсэн, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөнгөө төлөөгүй ба түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

            Л. Отгон  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн мэдэгдэх хуудас, Сонгихайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2016/00607 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан  буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Иймд Б.Бадамцэцэгийн Л.Отгонг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

            

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 

           

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигон овогт Лхамсүрэнгийн Отгоныг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

          

           3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

           

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                   

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ