| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0579/Э |
| Дугаар | 580 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 580
2019 6 13 2019/ШЦТ/580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
хохирогч С.Энхбаяр,
шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ц.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903002420196 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Ц.Г,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Г нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 05 минутын үед Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын замд Тоёота Примео маркийн 80-77 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг-буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Энхбаярыг гүйцэд буулгалгүй хөдөлгөөн эхэлсний улмаас унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 3 дугаар сарын 06-ны өглөө хүргэн ах Д.Алтанзолбоогийн эзэмшлийн Т.Примо маркийн 80-77 УБХ дугаартай автомашиныг жолоодон Улаанбаатар хотод байдаг гэрээсээ гараад Драгон орох гээд явж байхдаа замдаа таарсан гар өргөөд зогсож байсан хоёр эмэгтэйг аваад Улаанбаатар их дэлгүүр дээр хүргэж өгөхөөр болсон. Тэгээд Улаанбаатар их дэлгүүр дээр очоод хүнээ буулгах гэж байхад ард зогсож байсан нэг шар өнгийн автобус дуут дохио өгөөд байхаар нь замаа чөлөөлөх гээд жоохон урагшаа хөдөлтөл нэг эмэгтэй нь нэг хөлөө газар нэг хөлөө машин дотор байж байлгаж байгаад чирэгдэж унаад гэмтсэн. Тэгээд би машинаас буугаад нөгөө эгчийг тэврээд машиндаа суулгаад гэмтэл дээр очиход нөгөө хүний хөл нь хугарсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-80/,
Хохирогч С.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр өглөө ажилдаа явах гээд бэртэйгээ хоёулаа такси барьсан. Суугаад явж байхад жолооч машинаа их сонин байдалтай бариад байсан. Эхлээд хаана хүрэх вэ гэж асуухад нь Улаанбаатар их дэлгүүр гэхэд хаана байдаг вэ зааж өгөөрэй гэсэн. Би гайхаад чи яагаад Улаанбаатар их дэлгүүрийн мэддэггүй юм бэ гэхэд би Солонгост байж байгаад ирсэн хотод зам сайн мэдэхгүй гэсэн. Чи ямар машинаа ямар эвгүй барьдаг юм бэ гэхэд би солонгост байж байгаад ирсэн учир мартсан байна гэж байсан. Тэр үед би их айж байсан. Хүрэх газартаа ирээд би буух гээд баруун талын хөлөө газар тавиад зүүн талын хөлөө татаж амжаагүй байхад араас машин дуут дохио өгөх шиг болоод намайг чирээд явчихсан. Миний хөл 2 хэсэгтээ хугарсан. Намайг машинд суучих эмнэлэгт хүргэж өгье гэж хэлсэн. Би өөрийнхөө хөлийг хугарсныг тухайн үед мэдсэн. Энэ хүн гэмтлийн эмнэлэг явах замаа ч мэдэхгүй байсан. Эмнэлэг дээр очоод зургаа авуулахад миний хөл 2 газраа хугарсан байсан. Би 56 настай хүн. Сэтгэл санаагаар маш их унасан. Надаас Ц.Г уучлалт гуйж, шүүх цагдаад битгий өгөөч гэж гуйсан. Би хариуцлагагүй байна гэж өөрт нь хэлсэн. Би эмнэлэгт хэвтээд 6 хоногийн дараа хагалгаанд орсон. Одоо миний хөл ижил буруу, том жижиг байдалтай байна. Гүйцэд нугарахгүй хавантай байгаа. Эмч явцын дунд удаандаа хавдар нь бууж хэвийн хэмжээндээ очно гэж хэлсэн. Би Ц.Гийг шүүх цагдаад өгөөд явахгүй, би тэтгэврийн хүн, би өөрөө зээлтэй тийм учраас ажил хийдэг. Чи миний эмчилгээний зардлыг, ажилгүй байсан хугацааны цалинг өгөөрэй гэж хэлсэн. Надад 1.790.000 төгрөг хохирлын мөнгө гэж өгсөн. Хөл бороолж эдгэж байгаа боловч таяггүйгээр явж чадахгүй байна. Би цэргийн хүн байсан маш сайн алхдаг байсан. Одоо ажилгүй байсан хугацааны мөнгөө нэхэмжилж байна. Ц.Гэд хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна...” гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоос өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг өнгөрч байхад бэр Э.Ганцэцэгийн хамт гэрээсээ гараад нэг такси бариад Улаанбаатар их дэлгүүр орохоор явсан. Тэгээд 09 цаг 05 минут байж байхад Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд очоод машин нэгдүгээр эгнээнд шахаж зогсоод хэд гарсан бэ гээд асуухаар нь манай бэр 3500 төгрөг гарлаа гэж хэлэхэд би машинаас буухаар баруун хойд талын хаалгаар эхлээд баруун хөлөө буулгаад дараа нь зүүн хөлөө буулгах гээд өндийтөл нөгөө машин урагшаа явахаар нь хаалганаас нь зүүгдээд хүүе ээ гээд орилтол нөгөө машин урагшаа яваад байсан ба би газарт унаад нөгөө машинаас зүүн хөл салгахгүй 2-3 метр орчим газар чирэгдсэн. Зүүн хөлийн шилбэ хоёр газраар хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-21-23/,
Гэрч Э.Ганцэцэгийн “…Улаанбаатар их дэлгүүрийн зүүн гар талын зам дээр ирээд зогссон. Тэгээд хэд гарч байна гэсэн чинь 3500 төгрөг гарч байна гэсэн. Тэр үед Одгэрэлийн ээж С.Энхбаяр машинаас буух гээд баруун хөлөө газарт тавьсан ба араас нэг шар өнгийн автобус сигналд тал шууд хөдөлсөн. Тэгэхээр нь би хөөе зогсооч ээ гээд орилтол нөгөө машины жолооч сонсолгүй ойролцоогоор 2 метр орчим яваад зогссон. Гэнэт зогсож байснаа огцом хөдөлсөн. Машин хөдлөх үед хадам ээжийн зүүн хөл нь машин дотор нөгөө хөл нь гадаа байж байгаад машин хөдлөх үед унаад чирэгдсэн. Хаалганаас нь бариад жаахан яваад газарт унасан...” гэсэн мэдүүлэг /хх-43/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹3395 тоот актын “….С.Энхбаярын биед зүүн шаант тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,
Мөрдөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 157 дугаартай магадлагаа”... Тоёота Премио маркийн 80-77 УБХ улсын дугаартай автомашин жолооч Ц.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Тээврийн хэрэгслээр зорчигч С.Энхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. ...Зам тээврийн осол замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов...” гэсэн дүгнэлт /хх-64/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-7/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-82/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-81/, хохирлын баримт /хх-36-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-86/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /83-91/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 05 минутын үед Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын замд Тоёота Примео маркийн 80-77 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг-буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Энхбаярыг гүйцэд буулгалгүй хөдөлгөөн эхэлсний улмаас хохирогч С.Энхбаяр унаж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч С.Энхбаяр, гэрч Э.Ганцэцэг нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 3395 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ц.Гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.Г нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч С.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч С.Энхбаяраас эмчилгээний зардалд баримтаар 194.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалин гэж 6.000.000 төгрөгийг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 194.000 төгрөгийг гаргуулах зүйтэй хэдий боловч шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч 1.790.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгч Ц.Гийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин гэж 6.000.000 төгрөгийн нэхэмжилснийг нотлох баримтгүй учраас энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Ц.Гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан баримтаар тогтоогдсон бодит хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ц.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогч С.Энхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, Ц.Гийн жолоочийн В ангиллын №308523 дугаартай түр зөвшөөрлийг Ц.Гэд буцаан олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР