Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2016/00758

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, 12 дугаар байр, 120 тоотод оршин суух, эрэгтэй, 44 настай, Хурган хуасай овогт Гөлгөөгийн Дашдоржийн  нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Дашдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 4-р суман буюу Ямлахын суманд энгийн хилчнээр, 1996 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс ажилд орж, 1996 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс Ямлахын суманд харуулын даргаар томилогдон дэд ахлагч цолтой болсон. 1998 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс би 4-р сумангаас 2-р суманд буюу 2-р заставт харуулын даргаар шилжиж ажилласан. Би 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2-р заставт байхдаа ахлагч цолтой болж, 2008 оны 5 дугаар сард ахлах ахлагч цолоор шагнагдсан.

Би цэргийн тэтгэвэрт гарах зорилгоор өөрт холбогдох баримтаа бүрдүүлж, Хил Хамгаалах Ерөнхий газрын төв архиваас өөрийн ажилд орсон болон цол олгосон тушаалуудын хуулбарыг авч хэрэгт өгсөн. Гэвч миний 1996 оны 9 дүгээр сард Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 4-р суман буюу Ямлахын суманд харуулын даргаар томилогдон дэд ахлагч цолтой болсон тушаал буюу Монгол улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1996 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 737 дугаартай тушаалд миний овог нэрийг Дашдоржийн Дашбалбар гэж буруу бичсэн байна.

Миний ажиллаж байгаа ангид Дашдоржийн Дашбалбар нэртэй хүн байгаагүй. Хил хамгаалах Ерөнхий газрын төв архиваас энэ талаар шүүлгэхэд “Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 1996-2000 оны цалингийн баримтанд Дашдоржийн Дашбалбарт холбогдох баримт байхгүй болно” гэсэн хариуг надад өгсөн.

Иймд 1996 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 4-р суманд, 1998 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 2-р суманд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                     

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хурган хуасай овогт Гөлгөөгийн Дашдорж нь 1996 оны 9 дүгээр сарын 08-наас 1998 оны 6 дугаар сарын 20-ныг хүртэл Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 4 дүгээр суманд харуулын даргаар,  1998 оны 6 дугаар сарын 20-ноос 2002 оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэл Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 2 дугаар суманд дэд ахлагч цолтой, харуулын даргаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хилийн цэргийг удирдах газрын 0275 дугаар ангийн захирагчийн 1996 оны 7 дугаар сарын 03-ны  38 тоот, Хилийн цэргийг удирдах газрын даргын 1996 оны 9 дүгээр сарын 06-ны 737 тоот, Хилийн 57 дугаар тусгай комендатурын даргын 1998 оны 6 дугаар сарын 15-ны  54 тоот,Хилийн цэргийн 0275 дугаар ангийн захирагчийн 2002 оны 9 дүгээр сарын 17-ны 134 тоот тушаалууд, гэрч Б.Пүрэвбадрал,Ө.Баярсайхан нарын мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байна.      

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хурган хуасай овогт Гөлгөөгийн Дашдоржийг 1996 оны 9 дүгээр сарын 08-наас 1998 оны 6 дугаар сарын 20-ныг хүртэл Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 4 дүгээр суманд харуулын даргаар, 1998 оны 6 дугаар сарын 20-ноос 2002 оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэл Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 2 дугаар суманд дэд ахлагч цолтой, харуулын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь өөрийн нь эзгүйд, оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Хурган хуасай овогт Гөлгөөгийн Дашдоржийг 1996 оны 9 дүгээр сарын 08-наас 1998 оны 6 дугаар сарын 20-ныг хүртэл Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 4 дүгээр суманд харуулын даргаар, 1998 оны 6 дугаар сарын 20-ноос 2002 оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэл Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 2 дугаар суманд дэд ахлагч цолтой, харуулын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЧИМЭГ