| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2022/03439/И |
| Дугаар | 210/МА2025/00515 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00515
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04581 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 288,000,000 төгрөг, нийт 337,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2012 оны 01 сарын 18-ны өдрөөс 2022 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл тасралтгүй ******* ХХК-д ажиллаж байсан ба энэ хугацаанд Ил уурхайн Хүнд машин механизмын засварын газарт дугуй засварчин, дугуй засварын багийн ахлах ажилтан, Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хэлтэст дугуй засварын супервайзор /зохицуулагч ахлах ажилтан/ зэрэг албан тушаалуудад ажиллаж, улмаар шууд удирдлагын шахалт, саналын дагуу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
1.2. 2015 оны 04 сараас 2019 оны 06 сарын хооронд миний бие Ил уурхайн Хүнд, машин механизмын засварын газарт дугуй засварын багийн ахлах ажилтнаар ажилласан бөгөөд дугуй засварын ахлах ажилтан нь өдөр тутмын дугуйн ажилд биечлэн оролцдоггүй гэж үзэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдлийг зогсоосон.
1.3. Уг шийдвэрийг 3 ээлжийн дугуйн багийн ахлах ажилтнууд нийлж удирдах ажилтнууддаа гомдол гаргаж, улмаар ******* ХХК-ийн зүгээс Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ-г эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэхэд хэвийн бус гэсэн дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотой 2019 оноос хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлсэн. Иймд хэвийн бус нөхцөлд ажиллуулсан 2015 оны 04 сараас 2018 оны 12 cap хүртэлх хугацааны нэмэгдэл болох нийт 49,500,000 төгрөг /нэг сарын 1,125,000 төгрөгөөр тооцов/-ийг тус компаниас гаргуулах үндэслэлтэй юм.
1.4. ******* ХХК нь 2019 оны 06 сарын 17-ны өдрөөс эхлэн Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст дугуй засварын супервайзорын албан тушаалд томилсон. Супервайзор нь өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүстээ хяналт тавьж, удирдан зохион байгуулж, заавар чиглэл өгөх замаар уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэг хүлээдэг өндөр хариуцлагатай удирдах ажил юм.
1.5. Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст дугуй засварын супервайзорын ажилд томилогдсон өдрөөс эхлэн ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй дугуй засварчны өдөр тутмын ажлыг хавсран гүйцэтгэж хоёр өөр хэлтсийн ажлыг хариуцах болсон. Дээрх ажлын байруудыг нэхэмжлэгч дангаар гүйцэтгэж, 300 гаруй техниктэй харьцаж, тэдгээр техниктэй холбоотой дугуйг зөөх, ачааны автомашин жолоодох, дугуй солих, үзлэг хийх, холбогдох тайлан мэдээ гаргах, дугуйн бүртгэлийг гадарга дээр болон гүнд хийх, дугуйн захиалга үүсгэх гээд хамгийн багадаа 8 ажилтан хийж гүйцэтгэх ажил үүргийг миний бие гүйцэтгэж байсан нь нэг ажилтанд дэндүү ахадсан хэрэг байсан.
1.6. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрт зааснаар Ажил мэргэжил хавсран, хослон, орлон ажилласны нэмэгдлийг хавсран, хослон, орлон ажилласан албан тушаалын цалингийн 40 хувиар бодож олгоно гэж заасан байна. Ажилчин хүн ээлжийн хуваариар амраад ирэхэд түүний ажлыг нөгөө ээлжээр гүйцэтгэсэн хүн хийгээд, би зохих журмаар хэн нэгнээс ажлаа хүлээж авах байтал намайг 4 хоног амарсан хугацаанд хэн ч миний ажлыг хийхгүй тул тухайн хугацаанд хуримтлагдсан бүх дугуйгаа өөрөө зөөж, хурааж ачаалалтай ажилласаар 10 хоног өнгөрдөг байсан. Үнэн хэрэгтээ 4 хоногт хуримтлагдсан ажлыг өөрөө л хийгээд байгаа учир дутуу амарсан, илүү цаг ажилласныг тооцолгүйгээр ажлын байранд 2, 5 хүний ажлыг хавсран гүйцэтгэсэн.
1.7. Хөдөлмөрийн хяналтын эрх бүхий байгууллагаар шинжээч томилон дүгнэлт гаргуулахад дутуу амарсан, илүү цаг ажилласан, ажлын байранд 2, 5 хүний ажлыг хавсран гүйцэтгэсэн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон. Одоо Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй засварын техникч-ийн цалин ойролцоогоор 8,000,000 төгрөг байгаа тул 12 сарыг 3 жилээр үржүүлэхэд 288,000,000 төгрөг болж байна.
1.8. Иймд ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс 288,000,000 төгрөг, хэвийн бус нөхцөлд ажиллуулсны нэмэгдэл 49,500,000 төгрөг, нийт 337,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д 2012 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хугацаанд буюу 2014 оны 10 сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Ил уурхайн засварын хэлтсийн дугуй засварчин албан тушаалд, 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл Үйл ажиллагаа, уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварын багийн ахлагчаар ажиллаж байсан.
2.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хугацаанд буюу 2015 оны 04 сараас 2016 оны 05 сарыг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч *******ыг дугуй засварчин албан тушаалд ажиллаж байх хугацаанд нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан олговрыг олгож байсан баримтыг хариуцагчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн байгаа. Уг хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 05 сараас 2016 оны 05 cap хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан олговорт 6,331,973 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон.
2.3. Нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс Үйл ажиллагаа Уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварын багийн ахлагчаар ажилласан бөгөөд компанийн захирлын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 01026/16 дугаар Хэлтэс, албан тушаал, зэрэглэл, цалин өөрчлөх тухай тушаалын 3 дахь заалтад нэхэмжлэгчийг дугуй засварын багийн ахлагчаар ажиллах болсонтой холбогдуулан түүний Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс зогсоож шийдвэрлэсэн байдаг.
2.4. 2019 оны 06 сарын 17-ны өдрөөс эхлэн ******* нь Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст дугуй засварын супервайзор албан тушаалд ажилласан. Энэхүү ажлын байр нь 2017 оны 06 сарын 24-ний өдрийн АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтын хийсэн үнэлгээгээр хөдөлмөрийн нөхцөл хэвийн ажлын байр гэж үнэлэгдсэн байдаг. 2019 оны 05 сарын 10-ны өдөр ******* ХХК болон ******* ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хөдөлмөрийн нөхцөл нь 2017 оны үнэлгээгээр хэвийн бусаас хэвийн болсон албан тушаалд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн бусаар тооцож холбогдох нэмэгдлийг олгохоор тохиролцсон. Уг харилцан ойлголцлын санамж бичгийг үндэслэн Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст дугуй засварын супервайзор албан тушаалд ажиллаж байсан *******ад 2019 оны 06 сарын 17-ны өдрөөс хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг тооцож олгож эхэлсэн.
2.5. Харилцан ойлголцлын санамж бичгийн 3.4 дэх заалтын 4-т өнгөрсөн хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 3.6 дахь заалтыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг тодорхой болгосны дараа тухайн гарсан шийдвэрийн дагуу нөхөн олгох, эсхүл эс олгох гэж заасан байдаг. Уг санамж бичгийг байгуулснаас хойш буюу 2019 оны 09 сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШШ2019/0015 дугаар магадлал гарч Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 3.6 дахь заалтыг хүчингүй болгосон тул санамж бичгийн дагуу холбогдох хугацааны нэмэгдлийг нөхөн олгох шаардлагагүй, мөн АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтын хийсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хууль ёсны болох нь тогтоогдсон юм. Иймд дээрх үндэслэлээр 2015 оны 04 сараас 2018 оны 12 cap хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулсны нэмэгдэл болох нийт төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
2.6. Түүнчлэн 2015 оны 04 сараас 2018 оны 12 cap хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэх үндэслэлгүй байна.
2.7. Хэрэгт авагдсан ******* ХХК-тай байгуулсан Уурхайн туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээний 3.1-д гэрээнд багтсан үйлчилгээнүүдийг нэрлэн заасан бөгөөд 3.3.4 с заалтад Гүйцэтгэгч нь дараах бүх зүйлсийг гүйцэтгэнэ. Үүнд: Урьдчилан сэргийлэх арчлалт үйлчилгээ, эвдрэлийн засвар үйлчилгээ болон хяналт удирдлага, Сэлбэг эд ангийн шаардлагатай болон төлөвлөсөн ашиглалтын хугацааны засвар үйлчилгээ болон сэргээн засварыг гүйцэтгэх... гэж заасны дагуу туслан гүйцэтгэгч компани, түүний техникч/тусгай мэргэшсэн ажилтнууд нь ******* ХХК-д гэрээнд нэрлэн заасан тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээг үзүүлэн ажилладаг болох нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-тай байгуулсан Ачих, тээвэрлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ, ******* ХХК-тай байгуулсан Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ, *******" ХХК-тай байгуулсан Туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээнд заасан холбогдох зохицуулалтуудаар үгүйсгэгдэнэ.
2.8. Дээрх нэр бүхий 4 туслан гүйцэтгэгч компани нь өөрсдийн хариуцсан тоног төхөөрөмжийн бүхий л засвар үйлчилгээг, үүний дотор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаад буй дугуй солих, зөөвөрлөх зэрэг ажлыг хариуцан, компанийн ажилтнуудтай хамтран ажилладаг болох нь нотлогдож байгаа.
2.9. Хэрэгт авагдсан *******ын ******* ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ (Дугуй засварын супервайзор албан тушаалын)-ний хавсралт Ажлын тодорхойлолтын 2.1-д Ажлын чиг үүргийн ерөнхий агуулга, 2.3-д Ажил үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан. Ажил үүрэг, хариуцлага хэсэгт дугуй, обудын гүйцэтгэлд байнгын хяналт тавих, дугуйн гэмтлийн тайланг бэлдэх, гүний уурхайн тоног төхөөрөмжийн дугуй, обудны удирдлагын системийг хариуцан ажиллуулах, уурхайн талбар дахь дугуй, обудны нөөц болон тээвэрлэлтийг удирдах, уурхайн гүн дэх болон гадаргын дугуй хадгалах булан, байгууламжийн эмх цэгцийг хариуцах, дугуй, обудны урьдчилсан төлөв, нөөц тогтоох, дугуй, обудтай холбоотой технологийг хэрэгжүүлэх тал дээр олон төрлийн хэлтэс, багуудтай хамтран ажиллах ... гэх зэргээр гүйцэтгэх ажил үүргийг нь тодорхой заасан байх бөгөөд тухайн ажил үүргийг ажилтан гүйцэтгэх үүрэгтэй байсан.
2.10. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч *******ад ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг даалгасан, үүрэг болгосон зүйлгүй. Иймд нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан 2015 оны 04 сараас 2018 оны 12 дугаар cap хүртэлх хугацааны нэмэгдэл 49,500,000 төгрөг, Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс 288,000,000 төгрөг, нийт 337,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,365,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс бичгийн нотлох баримтыг үнэлээгүй, удаа дараа гаргасан хүсэлтийг хангаагүй орхигдуулж, нэхэмжлэгч тал өөртөө олох боломжгүй нотлох баримтыг олж авах боломж олгоогүй, ман нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авалгүй хоёр удаа буцааж нэхэмжлэгч миний эрхийг зөрчсөн.
4.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт *******ын ажлын байрны тодорхойлолтыг ...Дугуй засварын супервайзор албан тушаал-ын Ажлын байрны тодорхойлолтын 2.1-д Ажлын чиг үүргийн ерөнхий агуулгыг, 2.2-т Ажлын байрны зорилгыг, 2.3-д Ажил үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан байгаа.
4.3. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлд ... ачигч, нярав, жолоочийн ажлыг давхар гүйцэтгэсэн ... гэж тодорхойлон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй засварын техникч-ийн цалинтай дүйцүүлж шаардлагын тооцооллыг гаргасан ч нэхэмжлэгчийг ачигч, нярав, жолооч, техникчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн талаарх хэрэгт баримт авагдаагүй, хавсран гүйцэтгүүлсэн талаарх шийдвэр гаргасан баримтгүй байна.
4.4. ******* нь ажлын байрны тодорхойлолтод заагаагүй чиг үүргийг гүйцэтгэсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар асууж авсан гэрчийн аль мэдүүлгийн, ямар үйл баримтыг гэрчилсэн мэдүүлгээр нотлогдоно гэж үзэж байгаа нь тодорхойгүй, нөгөө талаас гэрчийн мэдүүлгийг давхар нотлох, дэмжих баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай нийцэхгүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
4.5. Шүүхээс *******ын ажлын байрны тодорхойлолтонд дугуй зөөх, авто машин жолоодон тээвэрлэлт хийх ямар ч үүрэг тусгагдаагүй гэж дүгнэсэн. Гэтэл ******* мэдүүлэгтээ ... *******ын шууд удирдлагад дугуй засварчид байгаагүй ... дугуй зөөхийн тулд манай хэлтсээс машин гуйж авдаг байсан. Заримдаа өөрөө машинтай ирж дугуйнуудаа зөөж авч явдаг байсан. Манай хэлтсийн ажилтнууд засвараас гарсан дугуйнуудыг ачиж өгдөг. Түүнийг аваад явдаг байсан... Мэргэжлийн үнэмлэхтэй байхыг шаарддаг гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй машин барих, дугуй зөөх ажил үүргийг шууд гүйцэтгэж байсныг нотолж байна.
4.6. Гэрч *******гийн мэдүүлгээр ******* нь дугуй зөөвөрлөдөг байсан, *******ыг ажлаас гармагц түүний хийж гүйцэтгэдэг байсан ажлыг хийлгэхээр 8 хүн нэмж ажилд авсан нь нэхэмжлэлд дурдаад байгаа олон хүний ажлыг ганцаар гүйцэтгэдэг байсныг нотлох хангалттай нотолж байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талд ашигтай хэсгүүдийг шүүхийн шийдвэртээ дурдаж, баримтуудыг эсрэгээр нь дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэхэд хүрч байна.
4.7. Түүнчлэн шүүгчийн захирамжаар шаардсан баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй, шүүгчийн захирамжийн /1-р хавтас 49-50 хуудас 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 181/Ш32023/01595 дугаар захирамжийн 2 дахь заалт/ биелэлт хангагдаагүй байхад шүүх хурал хуралдуулсан. Тус захирамжийн дагуу зөвхөн Татварын ерөнхий газар, ******* ХХК-аас нотлох баримт ирсэн, Төрийн сангийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газруудаас захирамжтай холбоотой ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Захирамжийн биелэлт хангагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.
4.8. Хариуцагч тал *******ыг давхар ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй, нэхэмжлэлд дурдсан ажлуудыг ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ХХК-уудын ажилтнууд хийж гүйцэтгэж байсан мэтээр тайлбарласан. Шүүх дээрх тайлбарыг хүлээн авч нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүхээс ******* компанийн дотоодын компаниудтай байгуулсан гэрээг үнэлж үзсэн бол тухайн компанийн дугуйн ажилчид хэн хэн *******ын ажил үүргийг гүйцэтгэсэн нотлох баримт ирсний дараа л энэ тайлбарын үнэн зөвд эргэлзээгүй байдлаар итгэх эрхтэй юм.
4.9. Түүнчлэн нэхэмжлэгчээс талаас ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ХХК-уудын ажилтнууд Газар шорооны ажлын дугуйн засвар үйлчилгээ хийх гэрчилгээ байхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нэмэлт ажил үүргийг давхардуулан гүйцэтгэж байгаагүй гэж маргаж байхад анхан шатны шүүх ******* (МДСХ) нь татан буугдсан гэх үндэслэлээр дээрх компаниудын эрхийн гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гаргуулахгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь захирамжийн биелэлтийг хангуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс ажиллагаа хийлгүй шууд хурал товлон хуралдуулж, нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
4.10. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, нэмэгдүүлсэн хүсэлтийг хүлээн аваад шүүх хуралдаан дээр талуудыг байлцуулж, тайлбар тавих, мэтгэлцэх боломжоор хангасны дараагаар шийдвэрлэнэ гэж удаа дараа мэдэгдэж байсан боловч талуудыг оролцуулалгүйгээр шүүгч ганцаараа өрөөндөө суугаад нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хоёр ч удаа хүлээж авахгүй захирамж гаргаж байгаа нь иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн, шүүх хэргийг хянан хэлэлцэхээс өмнө шүүх шийдвэрийг урьдчилан гаргасан гэж үзэж байна.
4.11. Мөн нэхэмжлэгч ******* нь өөрийн ******* хаягаас гэх хүний хаягт 2021 оны 01 сарын 06, 07, 19, 20, 22, 23, 24-ний өдрүүдийн цахим шууданд үзлэг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас 2021 оны 01 сарын 2-5, 8-19-ний өдрүүдийн цахим шуудан устсан байх ба тухайн өдрүүдэд нэхэмжлэгч шөнийн цагаар ажиллаж байсан, тухайн өдрүүдэд нэхэмжлэлд дурдсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг гүйцэтгэхийг даалгасан шуудан явуулж байсан. Үүнийг нотлох зорилгоор ******* ХХК-ийн бүх цахим харилцаа, шуудан хугацаагүйгээр серверт хадгалагдаж тул ******* ХХК-ийн серверт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч дахин үзлэг хийх боломжгүй гэж үндэслэлгүй тайлбар гаргаж татгалзсан.
4.12. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн хариуцагч талд ашигтай байх хэсгийг л хянан бусад шаардлагатай нотлох баримтуудад дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардсан нотлох баримтуудыг бүрдүүлсний дараа хэргийг хянан хэлэлцүүлэх боломж олгож өгнө үү.
4.13. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчээс анх шүүхийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3,365,450 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 7.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа 337,500,000 төгрөг болгон бууруулсан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага багасгасан байхад түүнд ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэлгүй анх төлсөн мөнгөн дүнг бүхэлд нь улсын орлогод хэвээр үлдээсэн нь хууль зөрчиж байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцож байгаагүй. Мөн хэргийн материалтай сайн танилцаагүй юу эсхүл хэргээр шүүхэд худал тайлбар өгч байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хэрэгт авагдаагүй баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яригдаагүй зүйлийг ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
5.2. Нэхэмжлэгч 2 үндсэн агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэгч хэвийн бус нөхцөлд ажилласан нэмэгдлийг хангаж шийдвэрлээгүйтэй холбоотой давж заалдах гомдол гаргаагүй. ******* дугуй засварын ахлах ажилтан. Иймдээ ч 8 хүний ажлыг зэрэг хийсэн тул хавсран гүйцэтгэсэн хүмүүсийн ажлын хөлсний 40 хувь буюу 592,000,000 төгрөг шаардаж байгаад ******* нь ... би техникчийн буюу дугуй засварчны ажлыг хийж байгаагүй юм байна. Харин ачигч, жолооч, нярвын ажил гүйцэтгэж байсан. гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 288,000,000 төгрөг шаардсан.
5.3. Мөн *******ын ажлыг ******* ХХК-ийн ажилчид давхар хийж байсан гэх хүмүүс шүүхэд ирж тайлбар хийсэнгүй гэж нэхэмжлэгч тал маргаж байна. *******ын ажлыг өөр хүмүүс хийж байсан зүйл огт байхгүй. Эсрэгээрээ нэхэмжлэгч ******* өөр хүмүүсийн ажлыг хийж байсан гэх баримт байдаггүй. Гэрч нарын мэдүүлгээр ******* бусад хүмүүсийн ажлыг хийж байсан талаар хэлсэн гэж байна. Хэрэгт 4 хүний гэрчийн мэдүүлэг авагдсанаас нэхэмжлэгч талын хүсэлтээр 3 гэрч, хариуцагч талын хүсэлтээр 1 гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуусан.
5.4. овогтой , ******* нар нэхэмжлэгчийн дээд албан тушаалтан буюу ахлах ажилтан. ******* ... би дугуйг эхлээд зөөдөг байсан гэх тайлбар өгдөг тул ахлах ажилтнуудаас ... ******* дугуй зөөж байсан уу гэж асуухад ... энэ хүн зөвхөн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж мэдүүлсэн. Гэрч нарын мэдүүлгийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан. *******ын гүний уурхай дотор байрлаж байгаа хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн ахлах ажилтан хийдэг. ******* ХХК-д тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээг 4 туслан гүйцэтгэгч компани хариуцан ажилладаг. Эдгээр 4 туслан гүйцэтгэгч компаниуд дугуй засвартай холбоотой ямар үйл ажиллагаа явуулдаг талаар гэрээний заалтыг анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан.
5.5. Дугуй засах, зөөх ажлыг туслан гүйцэтгэгч компани буюу ******* ХХК-тай хамтран ажиллахаар 4 ханган нийлүүлэгч компани гүйцэтгэдэг байсан тул тэдгээр компаниудын гэрээг хэрэгт баримтаар гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан. Ингээд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тэдгээр 4 компанийн гэрээнүүдийг хэрэгт Англи болон Монгол хэл дээр гаргаж өгсөн. ******* ХХК-ийн гүний уурхайд ажилладаг тоног, төхөөрөмжүүдийн дугуйнуудыг ганцаараа зөөх ямар ч боломжгүй бөгөөд дандаа багаар гүйцэтгэдэг. Энэ талаар хэрэгт баримтаар авагдсан.
5.6. *******ын ажлаас гарснаас хойш түүний ажиллаж байсан ажлын байранд 8 техникч ажиллаж байсан мэтээр нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. *******ыг ******* ХХК-д ажиллаж байх үед ч тухайн 8 техникч ажиллаж байсан. Гэрч *******, ******* нар *******тай хамт ажилладаг байсан ажилтнууд биш бөгөөд ******* ХХК-ийн өөр хэлтэст ажилладаг ажилчид тул *******ыг хэрхэн ажил үүргээ гүйцэтгэдэг байсан талаар мэдэхгүй. ******* ахлах ажилтан тул дугуйн төлөвлөгөө батлах, дугуйн нөөцийг гаргах, дугуйн тайлан гаргах зэрэг хяналт хэрэгжүүлдэг албан тушаалтан тул дугуй зөөх зэрэг ажил хийхгүй бөгөөд туслан гүйцэтгэгч компаниуд дугуй зөөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан.
5.7. Газрын гадарга дээр ******* ХХК-ийн кран өргөлт, тээвэрлэлт гэж тусдаа баг байдаг. Тэдгээр хүмүүс ил уурхай дээр байгаа ажил үүргүүдийг хийж гүйцэтгэдэг. Хууль сануулсан гэрч нар мэдүүлэг өгөхдөө ... ******* ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй. Мөн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудын хийж гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй *******ын хийж гүйцэтгэдэг ажил үүрэг давхарддаггүй байсан гэж гэрчийн мэдүүлэгтээ дурьддаг.
5.8. 2023 оны 01 сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй гэж байна. ******* ... ачигч, жолооч, нярвын ажил хийж гүйцэтгэдэг байсан гэж маргадаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж, үүнтэй холбоотой шүүгчийн захирамж гарсан. Хариуцагч талаас шүүгчийн захирамжийн биелэлт хангасан талаар 2023 оны 12 сарын 27-ны өдөр, 2024 оны 01 сарын 04-ний өдрийн албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн. 2024 оны 01 сарын 24-ний өдөр 02186 дугаар шүүгчийн захирамж гарсан. Тус захирамжийн үндэслэх хэсэгт ... Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч 4 компанийн ажилчдын холбогдох мэдээлэл, эдгээр 4 компанийн ажилчдын дугуй засварлах эрхтэй эсэх баримт манай байгууллагад байхгүй тул Байхгүй гэх албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн. 2024 оны 01 сарын 24-ний өдөр 02186 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт ... нэгэнт тус нотлох баримт ******* ХХК-д байхгүй гэж байх тул тухайн нотлох баримтыг шаардах боломжгүй гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан. Тиймээс гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэх агуулгаар тайлбар гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.9. ХХК нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Гэтэл нэхэмжлэгч ХХК-тай гэрээ байгуулсан байна гэх агуулгаар тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч хөдөлгөөнт тоног, төхөөрөмжийг хариуцан ажилладаг бөгөөд дугуй засварын гэрээ байхгүй байна гэж маргадаг. Гэтэл хөдөлгөөнт гэдэг агуулгад дугуй засвар хамаарагдаж байгаа. Тэр ч утгаараа ахлах ажилтнууд мэдээлэл өгдөг. ХХК-тай холбоотой гэрээ хэрэгт байхгүй.
5.10. Мөн гэх хүнтэй гэрээ байгуулсан атал үүнтэй холбоотой гэрээ хэрэгт баримтаар байхгүй гэж байна. ******* ХХК-ийн удирдах албан тушаалтан бөгөөд тухайн туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан хүнийг буруугаар ойлгож маргаж байна. гэх хүн ******* ХХК-ийг төлөөлөх гэрээ байгуулсан гүний уурхайн *******. Түүнчлэн ******* ХХК-аас гаргаж өгсөн гэрээнүүдийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж нэхэмжлэгч тайлбартаа дурдаж байна. 2016, 2020 онд байгуулсан гэрээнүүдийг бүгдийг нь орчуулж, нотариатаар батлуулж, нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт баримтаар гаргаж өгсөн.
5.11. *******ын хийж гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй холбоотой баримт хэрэгт байхгүй гэж байна гэх боловч *******ын ажлын байрны тодорхойлолт хэрэгт баримтаар авагдсан бөгөөд тус ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргүүдийг нэхэмжлэгч хийж гүйцэтгэдэг байсан. Нэхэмжлэгч тал туслан гүйцэтгэгч компаниудтай харилцах ажил үүрэг байхгүй гэж байна. ******* ахлах ажилтан тул дугуй засварын ажлыг удирдах үүрэгтэй. Энэ утгаараа туслан гүйцэтгэгч дугуй засвар үйлчилгээ хийж байгаа 4 компанитай харилцах үүрэгтэй болох нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан бөгөөд энэ талаар гэрч нар мэдүүлдэг. Энэ талаар овогтой гэх хүн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой дурдсан.
5.12. Хэрэгт нэхэмжлэгч ажлын байрны бүтэцтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй гэж байна. 4 дүгээр хавтаст хэргийн 134 дэх талд авагдсан баримтад ******* гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн ахлах ажилтан. ******* ХХК-д 18,000 хүн ажилладаг бөгөөд нэхэмжлэгч тал өөр хэлтэст ажилладаг дугуй засварчны мэдээллийг хараад ...3 хүн ажилладаг юм байна гэх агуулгаар тайлбарлаж, маргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн ажилтнуудтай холбоотой баримтад тулгуурлаж маргаж байгаа нь үндэслэлгүй. 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 06/2458 дугаар албан бичгийг ирүүлэхээр шүүгчийн захирамжид заасан бөгөөд тус баримтыг хэрэгт хавсаргасан.
5.13. Нэхэмжлэгч тал туслан гүйцэтгэгч 4 компани танайд дугуй засварын ажил хийж гүйцэтгэсэн бол холбогдох татварын тайлан мэдээгээ өгсөн байх ёстой. Тиймээс тухайн компаниудын тайлан, мэдээг туслан гүйцэтгэгч компаниудаас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Тухайн баримтууд 4 болон 5 дугаар хавтаст хэрэгт баримтаар авагдсан. Мөн Гааль, татварын санхүүгийн мэдээлэл, технологийн төвөөс баримт ирээгүй гэж байна. Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл, технологийн төвөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0157 тоот албан бичгээр ...энэ мэдээллийн хариуцагч байгууллага нь бид нар биш гэх агуулга бүхий хариу ирсэн. Энэхүү албан бичигтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын Ерөнхий газар болон Татварын Ерөнхий газраас аж ахуйн нэгжийн цалин хөлстэй холбоотой татварын тайлангууд бүгд хэрэгт баримтаар ирсэн. Тиймээс шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан. Түүнчлэн нэхэмжлэгч талаас удаа дараа шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлт гаргадаг байсан. Иймд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.14. ******* өөрийн ахлах ажилтан гэрч овогтой -тай мэйл бичсэн. Нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүх хангаж, үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад ******* ХХК-ийн тодорхой хугацааны мэдээлэл байхгүй байсан бөгөөд хариуцагч тал устсан гээд гаргаж өгөөгүй гэж байна. ******* ХХК-ийн зүгээс мэйл устсан гэх агуулга бүхий зүйл яригдаагүй. Тухайн үзлэг хийсэн мэйл нь *******ын өөрийн мэйл. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг дагуу хэдий хугацааны мэйлд үзлэг хийх ёстой бүгдэд нь үзлэг хийсэн.
5.15. Мөн *******уурхайн дугаартай Mitsubishi өргөгч машины мэдээллийг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан боловч ******* ХХК өөрт хамааралтай, учир утгагүй баримтууд гаргаж өгсөн гэж байна. *******уурхайн дугаартай Mitsubishi өргөгч машин ямар ажил хийж гүйцэтгэсэн талаар бүх баримтыг ******* ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн. Тухайн ажлын байр АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институтын хийсэн үнэлгээгээр ... хөдөлмөрийн нөхцөл хэвийн бусаас хэвийн ажлын байр гэж дүгнэгдсэн.
5.16. Түүнчлэн ******* ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос хөдөлмөрийн нөхцөл хэвийн бустай холбоотой асуудлыг хэвийн болгосныг хэвийн бус гэж тодорхой хугацаанд нэмэгдэл цалин олгогдоно гэж хамтран санамж бичиг байгуулсан бөгөөд түүний дагуу хэвийн бус нөхцөлөөр ажилласан хугацааны нэмэгдэл цалин олгосон. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй холбоотой Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын тушаалын журмын 3.6-д заасны дагуу ... өмнө нь олгоогүй хэсгийг олгох уу эсхүл олгохгүй юу гэдгийг шийдвэрлэдэг журам байсан. Тус журмыг Захиргааны давж заалдах шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн тул өмнөх хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааны нэмэгдэл цалин олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
5.17. Нэхэмжлэгч 2015-2018 онтой холбоотой цалинг нэхэмжилж байгаа. ******* 2022 он хүртэл ******* ХХК-д ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ажиллаж байх хугацаандаа шаардах эрхтэй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч тал үүнтэй холбоотой давж заалдах гомдол гаргаагүй. ******* ... би бусад хүмүүсийн ажлыг хийж байсан гэж маргадаг. Дугуй засварчин буюу техникчийн ажлыг хийж байсан гэх ямар ч баримт хэрэгт байхгүй.
Мөн ... жолооч, нярав, ачигч-ийн ажлыг давхар хийж гүйцэтгэж байсантай холбоотой нэг ч баримт байхгүй. Нэхэмжлэгч ... дугуй зөөдөг байсан, дугуй засдаг байсан гэж тайлбарладаг. Гэрч нараас энэ талаар тодруулахад ... ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хийж гүйцэтгэдэг байсан гэж мэдүүлдэг. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 288,000,000 төгрөг, нийт 337,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
3.1 Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д 2012 оны 01 сарын 18-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхэлж, 2022 оны 06 сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн;
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагч байгуулалын Ил уурхайн Хүнд машин механизмын засварын газарт дугуй засварчин, 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс Үйл ажиллагаа Уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн Дугуй засварын багийн ахлагч, 2019 оны 06 сарын 17-ны өдрөөс эхлэн Гүний уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст дугуй засварын супервайзор албан тушаалд тус тус ажиллаж байсан;
3.3 Хариуцагч байгууллагаас 2015 оны 04 сараас 2016 оны 05 сар хүртэлх хугацаанд Дугуй засварчин албан тушаал нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарсан үндэслэлээр олговорт 6,332,575 төгрөгийн нэмэгдэл хөлс нэхэмжлэгчид олгосон байна.
4. Нэхэмжлэгч ******* нь ... Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан 2015 оны 04 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэгдэл 49,500,000 төгрөг, Хөдөлмөрийн хяналтын эрх бүхий байгууллагаар шинжээч томилон дүгнэлт гаргуулахад дутуу амарсан, илүү цаг ажилласан, ажлын байранд 2, 5 хүний ажлыг хавсран гүйцэтгэсэн, одоогийн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй засварын техникч-ийн цалин 8,000,000 төгрөг байгаа тул 36 сараар тооцоход 288,000,000 төгрөг, нийт 329,500,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
4.1. *******ын Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан 2015 оны 04 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэгдэл 49,500,000 төгрөгийн шаардлагад хамаарах хугацаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх ба ажлын байрны хэвийн бус нөхцлийн нэмэгдэл нь цалин хөлсний бүрдэл хэсэгт хамаарна.
Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамаарах хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 6,332,575 төгрөг олгож байсан нь цалингийн хүснэгтээр нотлогдож байх тул энэ хугацааны нэмэгдлийг давхардуулан шаардах үндэслэлгүй.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.
Цалин хөлстэй холбоотой үйл баримтыг сар бүрийн тогтмол цалин олгоход дутуу олгосныг мэдэх боломжтой ба Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгэм эрүүл мэндийн сургуулийн 2017 оны Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний тайлан-д үндэслэн нэхэмжлэлд дурдсан хугацааны нэмэгдэл хөлсийг олгоход нэхэмжлэгч нь уг үйл баримтыг мэдсэн гэж үзнэ.
Гэтэл, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ-ээр урьд ажиллаж байсан Дугуй засварын ахлах ажилтан ажлын байр нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахаар үнэлэгдсэн үндэслэлээр 2015 оны 04 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 49,500,000 төгрөгийг гаргуулахаар 2022 оны 09 сарын 16-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь эрх зөрчигдсөнийг мэдсэн хугацаанаас хойш 3 сарын хугацаа хэтэрсэн байх тул шаардах эрхээ алдсан байна.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст дугуй засварын супервайзорын ажилд томилогдсон өдрөөс эхлэн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан үндэслэлээр 288,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2019 оны 06 сараас хойш 2022 оны 06 сарыг дуустал хугацааны бусдын ажлыг гүйцэтгэсэн цалин хөлсний маргааны гомдол гаргах боломжтой хугацаа нь 2022 оны 03 сараас хойшхи хугацаа хамаарна.
Тодруулбал, 2022 оны 03 сараас өмнөх хугацаанд хамаарах хэсэг нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн байна.
Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст дугуй засварын супервайзорын ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан чиг үүргийг гүйцэтгэж, зохигч талуулын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 а-д заасан цалин хөлсийг авч ажиллаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст дугуй засварын супервайзорын ажилд томилогдсон өдрөөс эхлэн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч талын анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5.1. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцжээ.
Шүүхийн захирамжаар бүрдүүлсэн зарим баримтыг хариуцагч байгууллагад байхгүй, нотлох баримтаар гаргах боломжгүй талаар тайлбар гаргасан ба нэгэнт шүүхэд гаргаж өгөх боломжгүй баримтыг шүүх шаардан гаргуулах боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүхийн захирамжаар шаардсан бүх баримт нь хариуцагч байгууллагад байхгүй байх тул захирамжийн биелэлт хангагдаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. /5хх-103 дахь тал/
5.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болох ба хэрэгт цугларсан бичгийн баримтаар давхар нотлогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсныг тогтоох боломжгүй юм.
Хариуцагч байгууллагын гэрээт хуулийн этгээд болох ******* ХХК-тай байгуулсан Уурхайн туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ, ******* ХХК-тай байгуулсан Ачих тээвэрлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ, ******* ХХК-тай байгуулсан Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ, ******* ХХК-тай байгуулсан Туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээ нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажлыг хавсран гүйцэтгэж байсныг нотлохгүй ба дээрх хуулийн этгээдийн хамтран ажиллаж байсан ажилчид мөн энэ үйл баримтыг нотлох шууд нотолгоо болохгүй. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
5.3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан нэхэмжлэгч *******ын цахим шуудан болон нарын харилцсан цахим шууданд үзлэг хийжээ.
Харин, хариуцагч байгууллагын серверт үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн 2021 оны 01 сарын 02-05, 08-19-ний өдрүүдийн хооронд цахим шуудан устсан эсэхийг нэхэмжлэгч өөрөө нягтлан хүсэлт гаргах боломжтой ба анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгахгүй.
5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх нь нэхэмжлэгчийн субьектив эрх юм.
Харин, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь мөн хуулийн 65 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан эсэхийг шүүх шалгах үүрэгтэй ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан үйл баримтад хамаарахгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн үйлчлэлд хамаарч байхад 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтласан нь буруу байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04581 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8 ... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,845,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР