Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2016/00755

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23 б дугаар байр 24 тоотод оршин суух, Боржигон  овогт Норовын Заяат-очирын нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Заяат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Одончимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:        

 

Нэхэмжлэгч Н.Заяат-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Заяат-Очир миний бие Эрдэнэхүүгийн Батжавхланд 15 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал буюу 7 хоногийн хугацаатай өдрийн 2 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн.

Гэвч Э.Батжавхлан нь өнөөдрийг хүртэл зээлж авсан мөнгөө өгөлгүй зээлийн барьцаанд өгсөн үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг худал хэлж аваад, оршин суугаа хаяг дээрээ байхгүй хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Эхний 2-3 сар утсаар холбогдож байсан хэдий ч удаа дараа худал хэлэн бултдаг байсан. Түүний гэр бүлийн хүн болон ээжтэй нь холбогдоход хаана байгааг нь бид мэдэхгүй гэртээ ч ирэхгүй байгаа гэсэн хариуг өгдөг байсан. Түүнээс хойш Э.Батжавхлан болон гэр бүлийн хүн нь ор сураггүй алга болсон. Түүний өөрийнх нь 99198732, мөн эхнэр Жамбаагийнх нь 94444234 гэсэн дугаарууд руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байна гэсэн хариу өгдөг. Мөн оршин суугаа хаяг дээрээ байхгүй сураггүй алга болсон.

Э.Батжавхлан нь миний бие Н.Заяат-Очирт их хэмжээний хохирол учруулаад ор сураггүй алга болоод байна. Иймд миний бие нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-т заасны дагуу Хөтөч овогт Эрдэнэхүүгийн Батжавхланг эрэн сурвалжилж өгнө үү гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Н.Заяат-Очир нь Э.Батжавхланд 15 000 000 төгрөгийг зээлсэн, зэээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөнгөө төлөөгүй ба түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Э.Батжавхлан  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн мэдэгдэх хуудас гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Э.Батжавхлан “зээлээ төлөөгүй ба барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ худлаа хэлээд авсан. Иргэний үнэмлэх дээрх хаягт амьдардаггүй, өөрчлөөд 1 гаруй болж байна. Би цагдаагийн байгууллагат хандсан боловч иргэний хэрэг байна гээд аваагүй. Шүүхэд хандах гэхээр хаяг нь тодорхой бус гээд авахгүй байгаа тул нэхэмжлэл гаргах боломжгүй болоод байна” гэж тайлбарласан

Иймд Н.Заяат-Очирын Э.Батжавхланг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

Нэхэмжлэгч нь Э.Батжавхлангийн хаягийг тодруулах өөр баримт байхгүй, хариуцагчийн сүүлийн оршин суух хаяг нь Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Залуус хотхон, 11 дүгээр байр 05 тоот гэж тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Хөтөч овогт Эрдэнэхүүгийн Батжавхлан /РД: ИЮ90060279/-г  эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ