Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00590

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******, *******, ******* нарын

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/00992 дугаар шийдвэртэй,

 

*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралтай харилцан тохиролцож, тус компанийн хэрэгжүүлж буй ******* дүүрэг, хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн А блок 2 дугаар орц, 1 дүгээр давхар N загварын 72 тоот хаягт байрлах 39.87 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг захиалан бариулахаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан билээ.

Энэхүү гэрээгээр ******* ХХК нь орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, харин захиалагч би уг орон сууны үнэ болох нийт 55,818,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн бөгөөд орон сууцны төлбөрийг гэрээний 4.2-т заасан дансанд бүрэн шилжүүлсэн.

Гэвч хариуцагчийн зүгээс үүргээ эс биелүүлж өнөөдрийг хүртэл байрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхгүй байгаа нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Иймд, ******* намайг дээр дурдсан 39.87 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

1.2. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралтай тохиролцож, тус компанийн хэрэгжүүлж буй ******* дүүрэг, хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн В блок 2 дугаар орц, 1 дүгээр давхар G загварын 109 тоот хаягт байрлах 51,32 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан болно.

Энэхүү гэрээгээр ******* ХХК нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, харин захиалагч би уг орон сууцны үнэ болох нийт 56,452,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн бөгөөд орон сууцны төлбөрийг гэрээний 4.2-т заасан дансанд бүрэн шилжүүлсэн.

Гэвч хариуцагчийн зүгээс үүргээ эс биелүүлж өнөөдрийг хүртэл байрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхгүй байгаа нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Иймд, ******* намайг дээр дурдсан 51,32 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

1.3. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралтай тохиролцож, тус компанийн хэрэгжүүлж буй ******* дүүрэг, хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны төслийн А блок 2 дугаар орц, 6 дугаар давхар K загварын 86 тоот тоот хаягт байрла 42,73 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан болно.

Энэхүү гэрээгээр ******* ХХК нь орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, харин захиалагч би уг орон сууцны үнэ болох нийт 53,500,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн бөгөөд орон сууцны төлбөрийг гэрээний 4.2-т заасан дансанд бүрэн шилжүүлсэн.

Гэвч хариуцагчийн зүгээс үүргээ эс биелүүлж өнөөдрийг хүртэл байрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхгүй байгаа нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Иймд, ******* намайг дээр дурдсан 42,73 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, уг эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нарыг орон сууцыг бариулахаар захиалга өгсөн захиалагч нар гэдэгтэй маргахгүй, харин орон сууцыг барих явцад дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, захиалагчид байрандаа орох хугацаа хойшилсон нь үнэн. Гэхдээ өмнө захиалсан үнээр одоогийн бараа материалын зах зээлийн ханшаар тооцож орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй тул м.кв тутмыг 900,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүсэж, захиалагч нарт мэдэгдчихээд байгаа. Тухайн барилга нь ирээдүйд бий болох хөрөнгө буюу барилгын гүйцэтгэл 70 хувьтай явж байгаа учир захиран зарцуулах эрх нь үүсээгүй барилга. Тиймээс өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй юм гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

...******* ХХК болон ******* нар ХХК-д:

Нэг. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 999,972,798.87 төгрөг, хүүнд 437,367,463.74 төгрөг, нийт 1,437,340,262.61 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ******* ХХК-ийн өмчлөлийн

1.Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* дүүргийн хороо, , гудамж 106 тоот хаягт байрлах 14061.6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө;

2. Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* дүүргийн хороо, , гудамж 105 тоот хаягт байрлах 5140.8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэн, бүхэлд нь барьцаалсан.

Хоёр. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 1,499,999,643.83 төгрөг, хүүнд 762,660,093.55 төгрөг нийт 2,262,659,737.39 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон

Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* дүүргийн хороо, Буянт ухаа гудамж 104 тоот хаягт байрлах 9374.4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэн, бүхэлд нь барьцаалуулсан.

******* ХХК, ******* нь өнөөдрийн байдлаар нийт 3,700,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлд, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дээрх гурван үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан, тус эд хөрөнгүүд нь ХХК-ийн барьцаанд байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу барьцааны эрх нь гэрээний дагуу үүсдэг. ХХК Иргэний хуулийн 156 дугаар зүйлд нийцүүлэн барьцааны гэрээг байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлснээс үзвэл ХХК-д хууль ёсны барьцааны эрх үүссэн байдаг.

Барьцааны гэрээний 5.1.6, Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа барьцааны зүйлээр хангуулах бүрэн эрхтэй байна. Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* дүүрэг, хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны А блок, 2 дугаар орц, 1 давхар N загварын 72 тоот 39,87 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг, нэхэмжлэгч *******ийг ******* дүүрэг, хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны В блок, 2 дугаар орц, 1 давхар G загварын 109 тоот 51,32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг, нэхэмжлэгч *******г ******* дүүрэг, хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны А блок, 2 дугаар орц, 6 давхар К загварын 86 тоот 42.73 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,040 төгрөг, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 440,210 төгрөг, нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 437,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, 440,210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т, 478,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* миний бие анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө ******* дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс энэ хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нар 2023 оны 03 дугаар сард ******* намайг орон сууц захиалагч нараас авсан төлбөрийн мөнгийг өөр зүйлд зарцуулан залилан мэхэлсэн гэх агуулга бүхийн гомдол гаргаж, тухайн гомдолд ******* дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн 231001381 тоот хэрэг нээж дээрх нэхэмжлэгч нарыг хохирогчоор тогтоож байцаалт авч эдгээр нэхэмжлэгч нар цагдаагийн байгууллагад хохирсон хохирлоо гаргуулж өгөх талаар гомдол гаргасан байгаа.

Гэтэл дээрх нэхэмжлэгч нар иргэний хэргийн шүүхэд тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж шүүх энэ шаардлагыг хангаад явж байна. Хэрэв дээрх эрүүгийн хэрэгт ******* намайг гэм буруутай байна гэж үзвэл эдгээр нэхэмжлэгч нар цагдаагийн байгууллагад орон сууцны төлбөрт төлсөн мөнгөө нэхэмжилж иргэний шүүхэд дээрх орон сууцаа нэхэмжилж хоёр өөр чиг үүрэг бүхий хуулийн байгууллагаар нэг үйл баримтыг шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсэхээр байна.

Иймд, анхан шатны шүүх цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан.

Мөн шүүх нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосноор тэдний ямар эрхийг сэргээж, хамгаалж байгаа талаар дурдаагүй. Манай компани дээрх нэхэмжлэгч нарт захиалгын гэрээний дагуу орон сууц шилжүүлэхээс татгалзсан үйлдэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосноор тухайн орон сууц хурдан шуурхай ашиглалтад орох нөхцөл бүрдэхгүй юм. Харин ч захиалагч болон гүйцэтгэгч талыг үл ойлголцох нөхцөл байдалд оруулж байна.

Өмчлөх эрхэд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг бүхэлд нь хамардаг бөгөөд ашиглалтад орж улсын комисс хүлээж аваагүй байгаа үл хөдлөх хөрөнгөд өмчлөгчөөр тогтоож байгааг хариуцагч байгууллагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Шүүхэд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Би, 10 хүнийг төлөөлж ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 100 гаруй хүн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Аудит ороод, аудитын дүгнэлт гараад хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, эрүүгийн хэрэг үүсээгүй. Энэ хүн захиалагчдын мөнгийг хувьдаа зарцуулсан зүйл байхгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон. Миний үйлчлүүлэгчдээс н.Уянга гэдэг хүнд давхар байр зарсан гэдэг үндэслэлээр залилангийн гэмт хэргийн шинжтэй байна гэж хэрэгсэхгүй болгосон ганцхан тохиолдол байна. Бүх хүмүүс гомдол гаргасан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Тэгээд иргэний журмаар тусдаа нэхэмжлэл гаргаад явж байгаа.

Бид нар нэхэмжлэлийг 2022 онд гаргасан. Энэ хугацаанд хариуцагч хариу тайлбар өгөөгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй байр сууринаас оролцдог. Эрүүгийн хэрэг үүссэн хэрэг түдгэлзэх ёстой байсан гэвэл ******* ХХК-д холбогдуулж эрүүгийн хэрэг үүссэн гэдэг бичиг баримтыг Прокурорын байгууллага, мөрдөн байцаагчаас гаргах боломжтой. Гэтэл ийм баримтыг 2 жилийн турш нэг ч удаа гаргаж өгөөгүй байж шүүх хуралдаан дээр би үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар шүүхийн журмаар авхуулъя гэж байгаа нь хуулийн зарчимд нийцэхгүй байна. Өөрөө авах боломжгүй гэдэг нөхцөл байдал тогтоогоогүй учраас хүсэлтийг хангахаас татгалзсан. Барилга 70 хувьтай явж байгаа гэдэг нь худлаа. 100 иргэн өөрсдөө 1 хүн 15,000,000 төгрөг гаргаад хувийн компаниар гүйцэтгүүлж барилга одоо 100 хувь болтол бариад дуусаж байгаа. Энэ хүний мэтгэлцэх эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Энэ хүн өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй байр сууринаас оролцсон нь шүүхийг болон нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3.1. ******* нь ******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж ******* дүүрэг, хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны А блок 2 дугаар орц, 5 давхар N загварын 72 тоот хаягт байрлах 39.87 м.кв 1 өрөө орон сууцыг 55,818,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнийг төлсөн. /х.х-ийн 5-7, 9/

 

3.2. ******* нь ******* ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж ******* дүүрэг, хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны В блок 2 дугаар орц, 7 давхар G загварын 109 тоот хаягт байрлах 51.32 м.кв 2 өрөө 109 тоот орон сууцыг 56,452,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож орон сууцны үнийг төлсөн. /х.х-ийн 36-38, 41/

 

3.3. ******* нь ******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж ******* дүүрэг, хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны А блок 2 дугаар орц, 6 давхар K загварын 86 тоот хаягт байрлах 42.73 м.кв 2 өрөө орон сууцыг 64,095,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнийг төлсөн. /х.х-ийн 66-68, 71-72/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх *******, ******* нарын нэхэмжлэлд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, Б.Намууны нэхэмжлэлд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн төлөөлөгчид 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. /х.х-ийн 12, 17, 42, 48, 75, 80/

 

Улмаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/17677 дугаар захирамжаар *******ийн нэхэмжлэлтэй хэргийг, мөн өдрийн 181/ШЗ2023/17678 дугаар захирамжаар *******гийн нэхэмжлэлтэй хэргийг тус тус *******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох хэрэгт нэгтгээд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэжээ. /х.х-ийн 59-60, 92-93, 171-179/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан боловч дээрх хуульд заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, аль эсхүл татгалзаж байгаа болон өөрийн татгалзлаа нотолсон холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцсон боловч тэрээр энэ өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцээгүй байна.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал тохиролцсон үнийг хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус компани нэхэмжлэгч нарыг гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, эдгээр хүмүүс цаашид маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь болохыг хүлээн зөвшөөрсөн байхын сацуу хариуцагч нь хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн нэмэгдэх ёстой гэж тайлбарладаг боловч энэ талаар тухайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байна.

6. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу ******* дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн 231001381 тоот хэрэг нээж шалгагдаж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүйгээс гадна анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 жил 12 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, аль эсхүл татгалзаж байгаа талаар тайлбар гаргаагүй атлаа нотлох баримт бүрдүүлэх хүсэлт хангаагүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй.

 

7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/00992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,355,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР