Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 53

 

Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ДШМ/03 дугаар магадлалтай, Г.Г-д холбогдох 2231000000100 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөг угсралтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт С аймгийн С сум, * дүгээр баг, * гудамж, ** тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар, 8 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Г-ийн Г,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн    2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Г-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Ц овогт Г-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч С-т 70.000 төгрөгийн хохирол учирч, 165,000 төгрөгийн хор уршиг учирснаас шүүгдэгч 100.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, үлдэгдэл 135.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож,

Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 37.000 төгрөгийг шүүгдэгч Г.Г-өөс гаргуулан “А” ХХК-ийн Хаан банк дахь ******** тоот дансанд оруулж,

Шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ДШМ/03 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Г-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “... Г.Г- нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө С аймгийн С сумын * дугаар баг, шарын ** дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн Г.С-ийн эзэмшлийн **-** УНҮ улсын дугаартай Тоёота харриер маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, автомашинаас цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас 70.000 төгрөгийн шууд хохирол, 165.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ...” гэж зүйлчилсэн нь хуулийн энэхүү обьектив талын шинжийн чухам аль хэсэгт хамруулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба тээврийн хэрэгсэлд нэвтэрснийг ямар нотлох баримтаар тогтоогоод хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэж байгаа нь эргэлзээ төрүүлж, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн боловч энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг нь нийт 235.000 төгрөг болж байгааг анхаарч үзэлгүй    6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан .

Давж заалдах шатны шүүхээс “... Түүнчлэн бусдын эзэмшлийн автомашин нь тусгай цоожтой тухайн автомашиныг эзэмших эрхгүй этгээд халдаж бүрэн бус байдлыг нь алдагдуулан дотор нь хадгалагдаж буй эд зүйлийг авах нь түүний өмчлөл эзэмшлийн зүйлд халдаж буй үйлдэл болохыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Харин автомашин нь тухайн өмчлөгч, эзэмшигчийн буруутай үйлдлийн улмаас цоожгүй, хаалга үүд нь онгорхой байсны улмаас хэн нэгэн этгээд халдаж довтлохгүйгээр сэм аргаар эд зүйлийг авсан нөхцөлд хөнгөрүүлэн үзэх нөхцөл болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд бусдын өмчлөлийн эд хөрөнгөд довтолгоон хийхгүйгээр сэм аргаар халдаж бага хэмжээний хохирол учирсан нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хулгайлах” зөрчлийн хэрэг болохыг анхаарах нь зүйтэй ...” гэсэн хоёрдмол утгатай дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхээс Г.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөнд зөв үнэлэлт дүгнэлт хийж, Г.Г-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй байгааг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Хяналтын шатны шүүхээс Г.Г-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... тусгайлан хамгаалсан байр... нэвтэрч” гэж зүйлчилсэн нь обьектив талын шинжийн аль хэсэгт хамааруулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба тээврийн хэрэгсэлд нэвтэрснийг ямар нотлох баримтаар тогтоож, хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэж байгаа нь эргэлзээ төрүүлж, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Г.Г-ийн хувьд болгоомжгүй байдлаар чулуу шидэж автомашины шилийг хагалсны дараа шидсэн чулуугаа авахаар очиж хагарсан цонхоор харахад гар цүнх харагддаг. Тухайн гар цүнхийг авах санаа тухайн үед үүссэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн боловч энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг нийт 235.000 төгрөг болж байгааг анхаарч үзэлгүйгээр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргасан” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Г.Г- нь 2022 оны 03 дугаар сарын  30-31-нд шилжих шөнө хохирогч Г.С-ийн эзэмшлийн **-** УНҮ улсын дугаартай, Т.Харриер маркийн автомашины жолоочийн талын хаалганы цонхыг хагалан нэвтрэн орж, хохирогч Г.С-ийн гоо сайхны эд зүйлтэй цүнхийг хулгайлан авсан байна гэж прокуророос дүгнэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийг хохирогчийн автомашины цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан байна гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Прокурор тус шийдвэрийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Г.С-ийн автомашин тухайн үед цоожтой байхад шүүгдэгч цонхыг хагалан эд зүйлийг нь хулгайлж авсан нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Г.Г-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

2. Г.Г нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө С аймгийн С сумын * дугаар баг, ** дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн Г.С-ийн эзэмшлийн **-** УНҮ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч, гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 70.000 төгрөгийн шууд хохирол, 165.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.

3. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд Г.Г-ийн гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас иргэн Г.С-ийн эд зүйлийг хулгайлсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байх боловч тухайн гэмт хэргийн шинжийн талаар “автомашиныг тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамааруулан ойлгохгүй” хэмээн хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, 6 сарын хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Г.С нь өөрийн эд зүйлсээ түр хадгалах зориулалтаар тэдгээрийг өөрийн автомашиныхаа бүхээгт үлдээн, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн автомашиныхаа хаалгыг түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас х0арахад тэрээр өөрийн автомашиныг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “... тусгайлан хамгаалсан ... агуулах” гэж ойлгох нь зүйтэй.

7. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Шүүгдэгч Г.Г-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ” гэж дүгнэсэн атлаа “... автомашиныг тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамааруулан ойлгохгүй. Улсын яллагч яллах дүгнэлтдээ хуучин хуулийн тайлбарыг ашигласан нь учир дутагдалтай юм. Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Г-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд ирүүлсэн зүйлчлэлийн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж зүйлчлэхээр шийдвэрлэсэн болно” хэмээн дүгнэсэн нь логик алдаатай, агуулгын хувьд зөрчилдөөнтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

8. Давж заалдах шатны шүүхээс “... бусдын эзэмшлийн автомашин нь тусгай цоожтой, тухайн автомашиныг эзэмших эрхгүй этгээд халдаж бүрэн бус байдлыг алдагдуулан дотор нь хадгалагдаж буй эд зүйлийг авах нь түүний өмчлөл эзэмшлийн зүйлд халдаж буй үйлдэл болохыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай” хэмээн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамааруулж магадлалдаа зөв дүгнэлт хийсэн хэдий ч “Шүүгдэгч Г.Г-д холбогдох ... шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав” гээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны буцаан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс дагаж мөрдсөнөөр давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй болсон тул магадлалыг хууль зөрчиж гаргасан гэж үзнэ.

9. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох ...” эрх хэмжээ олгогдсоны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ДШМ/03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

10. Хяналтын шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ДШМ/03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                    Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                         М.ПҮРЭВСҮРЭН

                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН