Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/0119

 

Г. Л-ийн нэхэмжлэлтэй,

Баянзрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид:                             Г.Банзрагч

                                               Х.Батсүрэн 

                                               Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                 М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:  Б.Зэнээмэдрээ 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0521 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/522 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0356 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У (цахим) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “*** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** гудамж, *** байрны *** тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай

2.Хэргийн нөхцөл байдал: Ч.Л нь дээрх орон сууцыг “Г м к” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу худалдан авсан. Тэрээр уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон гэх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 102/ШШ2021/03341 дүгээр захирамжийг үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн  бүртгүүлэхээр  бүртгэлийн  байгууллагад  удаа  дараа  хандсан  боловч бүртгэхээс татгалзсан байна.

2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г м к” ХХК-ийн шүүхийн маргаанаас үүдэн миний орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байсан хэдий ч тус хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хүчингүй болсноор хууль хяналтын эрх бүхий байгууллагуудаас миний өмчлөлд бүртгэх, өмчлөх, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болохыг бүртгэлийн байгууллагад тодорхой мэдэгдсээр байхад бүртгэхээс татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй, ... өөрийн нэр дээр өмчлөх эрхийн мэдүүлэг гаргаж, хавсаргавал зохих шүүхийн шийдвэр, бусад баримтыг бүрдүүлж өгсөн боловч бүртгэлийн байгууллага нь хоорондоо зөрүүтэй хариуг удаа дараа өгч, хууль, журмаар шаардаагүй баримтыг шаардаж, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж, чирэгдэл учруулж байна …” гэж тодорхойлон маргасан.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх “Г м к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, бүхэлдээ бүртгэгдсэн орон сууцны эрхийн улсын бүртгэлд прокурорын зөвшөөрлөөр тусгай тэмдэглэгээ хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, эрх нь сэргээгүй хэвээр байгаа. Бүртгэлийн үйл ажиллагаа нь нотлох баримтад үндэслэх, холбогдох хууль журмын дагуу явагдах ёстой тул мэдүүлгийг хүлээн авч хянаад улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй. Тухайн орон сууцыг ашиглалтад барьж оруулсан иргэн, хуулийн этгээд нь орон сууцны хэсгээр өмчлөгч бүрд бүртгүүлэхээр хуульд заасан нотлох баримтууд болон эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон тохиолдолд бүртгэх боломжтой ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... өнөөдрийн байдлаар тус эд хөрөнгө байрлаж буй газрын *** дугаарт бүртгэгдсэн эрхэд барьцаалбарын бүртгэл хийгдсэн, нэхэмжлэгчээс уг барьцаалбарын бүртгэлийг цуцалсан, хүчингүй болгосонтой холбоотой аливаа баримтыг мэдүүлэгтээ хавсаргаагүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасныг хууль бус гэж үзэх боломжгүй ...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад “... хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газар хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан нэр бүхий банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүхийн зүгээс ч ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч Г. Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0356 дугаар тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл

6.1.“... Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж барьцаалагчийн зөвшөөрөл авах заалт нь 2017 онд хүчингүй болсон бөгөөд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол газар барьцаалах эрх нь тухайн газар дээр байгаа болон баригдаж байгаа барьцаалуулагчийн болон авдагч этгээдийн өмчлөлийн барилга байгууламжид хамаарахгүй” гэж заасан. Тус орон сууц Ч х банкны барьцаанд биш зөвхөн тус орон сууцыг барьсан газар нь Ч х банкны барьцаанд байгаа учир энэ барьцааны асуудал тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд хамааралгүй. Шүүхүүдээс барьцаалагчийн зөвшөөрөл аваагүй тул улсын бүртгэгчийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг үндэслэл бүхий гэж хуулийг буруу тайлбарлаж, тус хуулийн заалтыг зөрүүтэй хэрэглэж, хэргийг хуулийн үндэслэл муутай шийдвэрлэсэн байна.

6.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж зааснаас дүгнэхэд Г.Л-г ... *** байрны 11 тоотод байршилтай орон сууцыг өмчлөгчөөр бүртгэх боломжтой буюу бүртгэхээс татгалзах ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Г.Л-ийн өмчлөлд бүртгэхийг даалгасан, мөн гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг бүртгэх хүсэлтийг удаа дараа гаргасан, үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, прокурорын зөвшөөрөл, барьцаанд байгаа гэх үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан татгалзал нь хууль бус байна.

6.3.Улсын  бүртгэлийн  ерөнхий  хуулийн  20  дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.1-д “улсын бүртгэгч нь үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасан. Г.Л-г тус маргаан бүхийн орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн татгалзал нь хууль зөрчсөн, анхан болон давж заалдах шатны шүүх нь барьцаалагч Ч х банкны зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Г. Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

 8.Хэргийг  хяналтын  шатны  шүүх  хуралдаанаар  хянан  хэлэлцэх  явцад  анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

 10.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ч.Л нь *** дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** байрны *** давхрын *** тоот, 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар “Г м к” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн; Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03341 дүгээр захирамжаар Ч. Л-ийн “... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичиг бүрдүүлж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг “Г м к” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

11.Энэхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дараа Ч.Л-ээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хэд хэдэн удаа хандсан; хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “... *** тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө нь “Г м к” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалтай, өнөөдрийн байдлаар Ч х банктай 2018 онд байгуулсан *** дугаартай барьцааны гэрээ бүртгэлтэй, прокурорын зөвшөөрөл болон нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, улсын бүртгэгчийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй ...” гэж үзээд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

12.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... тухайн орон сууцны өмчлөх эрхийг салгаж бүртгэхийн тулд орон сууцны доорх газрын өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагатай, нэхэмжлэгч нь газрыг өмчилж буй иргэн Д.Г-оос бичгээр гаргасан зөвшөөрлийг мэдүүлэгтээ хавсаргасан хэдий ч газар өмчлөх эрхийг барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй, тус эрхэд хийгдсэн барьцаалбарын бүртгэл хүчинтэй байх тул мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасанд нийцсэн ...” гэж;

13.Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон боловч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Л-г шууд бүртгэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллага бүртгэхээс татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, ... хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөх эрх нь өөр этгээдийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бүртгэлтэй байгаа энэ тохиолдолд тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан нь ... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.5-д заасанд нийцсэн, ... нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн хөрөнгийн эрх сэргээх тухай мэдэгдэл, тогтоол зэрэг шийдвэрүүд нь зөвхөн тухайн орон сууцны хоригийг сэргээсэн буюу захиран зарцуулах эрхийг сэргээсэн болохоос биш уг үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газартай холбоотой аливаа эрхийг сэргээсэн гэж үзэх боломжгүй. Иймээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагатай ...” гэж тус тус дүгнэжээ.  

14.Шүүхүүдийн хийсэн дээрх дүгнэлтээс үзэхэд, “тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар нь өөр этгээдийн өмчлөлд байгаа, мөн уг газрыг бусад этгээдэд барьцаалсан, барьцаалагчийн зөвшөөрөл аваагүй” гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ч.Л-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** гудамж, *** байрны одоогийн өмчлөгч /захиалгаар барьж ашиглалтад оруулсан хуулийн этгээд/ болох “Г м к” ХХК, тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөгч буюу барьцаалуулагч Д.Г, барьцаалагч Ч х банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу юм.  

15.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох шаардлагатай.

16.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0521 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/522 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ

                 Х.БАТСҮРЭН

                 Ц.ЦОГТ

                М.БАТСУУРЬ