Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Боржигон Ширнэнгийн Дэлгэрдалай /РА79022611/-гийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох "Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас баталсан сонгуулийн тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ш.Дэлгэрдалайг Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуульд саналын илүүгээр ялсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалай, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Галбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Ш.Дэлгэрдалай нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшсэн бөгөөд Ш.Пүрэвсүрэнтэй өрсөлдөж 1 хүний саналын дутуугаар ялагдсан болно. Сонгуулийн тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар тогтоолтой танилцаад 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сонгогчдын санал өгсөн нэрсийн жагсаалтыг шүүж үзэх хүсэлт гаргасан бөгөөд сонгуулийн хорооны дарга Ц.Баярсайхан нь өөрийн биеэр тоолж үзэхийг санал болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Б.Баасанжавтай шүүж үзэхэд санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтын 203-т Б.Баяржаргал, 204-т Б.Бат-Эрдэнэ нар санал өгсөн байх бөгөөд дээрх хүмүүс нь нэр дэвшигч Ш.Пүрэвсүрэнгийн хамаатан, тэр ч бүү хэл 5 дугаар багт оршин суудаг, тэр хаягтаа 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сонгуульд санал өгөн мөн сонгогчдын нэрсийн жагсаалтын 45, 46 дугаарт бүртгэгдсэн байдаг. Энэ талаар мэдмэгц Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “Сонгуулийн хороо нь сонгогчдыг давхцуулан санал хураасан байх тул санал давхацсан хоёр хүний саналыг хүчингүйд тооцож, тооллогын комиссын актыг хүчингүй болгуулах тухай” хүсэлтийг минь шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн болно. Энэ тухай хүсэлтээ хоёр ч удаа тавьсан болно. Тухайн үеийн сонгуулийн тооллогын комисс нь татан буугдсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хүсэлтийг минь албан ёсоор хэрэгжүүлэхгүй байгаад гомдолтой байна.

Дээрх баримтууд нь нэр дэвшигч Ш.Пүрэвсүрэн нь миний сонгох, сонгогдох эрхэд халдан, намайг шударгаар өрсөлдөн ялалт байгуулах байсан байхад сонгуулийг будилуулж, өөртөө хууль бусаар давуу байдал үүсгэн ялалтыг бий болгосныг нотолж байна.

Иймд нэр дэвшигч Ш.Пүрэвсүрэнг сонгуульд шударга бусаар өрсөлдөн ялалт байгуулж 1 дүгээр багийн Засаг даргын албан тушаалыг хууль бусаар авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас баталсан сонгуулийн тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ш.Дэлгэрдалай намайг Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуульд саналын илүүгээр ялсан болохыг тогтоож өгнө үү. Багийн иргэдийн Нийтийн Хурал цаанаасаа зохион байгуулалттай хууль бус болсон. Нэг шөнийн дотор оршин суугаа хаягаа өөрчилж болдог юм уу. Б.Бат-Эрдэнэ, Б.Баяржаргал нараас гадна П.Мөнх-Эрдэнэ гэдэг эмэгтэй Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багаас ирж 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцон, багийн Засаг даргыг сонгоход саналаа өгсөн. Гэхдээ надад П.Мөнх-Эрдэнэ өөр багийн харъялалтайг нотлох баримт байхгүй, нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Д.Галбаатар дарга багийн Засаг даргыг сонгох санал хураалтад санал өгөөгүй юм” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа болон Хурлын дарга Д.Галбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... Шувуут багийн Засаг даргын сонгууль явагдаж Ш.Дэлгэрдалай, Ш.Пүрэвсүрэн нар өрсөлдсөн юм. Сонгуулийн үйл явцыг ажиглаж байхад тус сумын 5 дугаар багийн харьяат Б.Бат-Эрдэнэ, Б.Баяржаргал нар нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 5 дугаар багийн Засаг даргын сонгуульд харьяллынхаа дагуу саналаа өгсөн юм. Гэтэл дээрх хоёр залуу нь нэр дэвшигч Ш.Пүрэвсүрэнгийн ойрын төрөл садан болох тул хууль зөрчин ирж эгчдээ санал өгсөн гэж үзэж байна. Нөгөө талаар дээрх Б.Баяржаргал, Б.Бат-Эрдэнэ нар нь 5 дугаар багийн сонгогчийн нэрсийн жагсаалтын 45, 46 дугаарт бичигдсэн байдаг бөгөөд 1 дүгээр багийн сонгогчдын нэрсийн жагсаалтын 203, 204 дугаарт бичигдэн санал өгсөн байдаг болохыг санал хураалт дууссаны дараа дүн гарсан хойно үзэж мэдсэн юм. Уг сонгуульд Ш.Пүрэвсүрэн нь нэг саналын зөрүүгээр ялсан байх тул Ш.Дэлгэрдалай нь гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалайгийн гомдол гаргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэн тайлбар гаргаж байна. Миний бие Д.Галбаатар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суудаг боловч Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож Хурлын даргад нэр дэвшин сонгогдсон. Гэхдээ би Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцоогүй” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ш.Дэлгэрдалайтай багийн Засаг даргад өрсөлдөж олонхийн санал авсан юм. Ш.Дэлгэрдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг багийн Засаг даргын ажлыг хууль бусаар авч ялалт байгуулсан гэж худал мэдүүлэг өгсөн. Цаашлаад 5 дугаар багийн хоёр иргэн Б.Баяржаргал, Б.Бат-Эрдэнэ нарын саналыг хууль бусаар авсан гэх зэрэг худал мэдүүлэг өгч миний нэр төрд халдсан байна. Б.Баяржаргал, Б.Бат-Эрдэнэ нар 2017 оны 1 дүгээр сард тус багт шилжиж ирсэн юм. Тус багийн сонгууль шударга бус хууль зөрчсөн ямар нэгэн асуудалгүй явагдсаныг багийн Засаг даргын хувьд шударга явагдсан гэж үзэж байгаа болно. Б.Баяржаргал, Б.Бат-Эрдэнэ нар миний хамаатан нь үнэн. Ш.Дэлгэрдалай нь багийн сонгуулийн дараа хэд хэдэн хүнийг өөртөө санал өгсөнгүй гэж доромжилж зодож байсныг би харж байсан. Гүтгэж, худал тайлбар гаргасанд Ш.Дэлгэрдалайд гомдолтой байна. Б.Баяржаргал, Б.Бат-Эрдэнэ нарын архивын лавлагааг хавсаргав. Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг сонгох санал хураалтад гадны багийн хүн оролцоогүй. П.Мөнх-Эрдэнийн хувьд санал хураалтын үеэр би түүнээс асууж байсан. Чи манай багийн хүн биш биз дээ гэхэд тэрээр “эгч ээ би Засаг даргын Тамгын газрын ажилтан Болормаад 2017 оны 1 дүгээр сард өргөдлөө өгөөд 5 дугаар багаас 1 дүгээр багт шилжээд ирчихсэн шүү дээ” гэж хэлж байсан юм” гэжээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалайгийн хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан "Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас баталсан сонгуулийн тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ш.Дэлгэрдалайг Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуульд саналын илүүгээр ялсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж багийн Засаг даргыг сонгох санал хураалт явуулж эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь санал хураалтад оржээ. Улмаар хоёр дахь санал хураалтад Ш.Пүрэвсүрэн 103 хүний буюу 50,2 хувийн, Ш.Дэлгэрдалай 102 хүний буюу 49,8 хувийн санал[1] тус тус авсан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд ... баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны ... Хурлын хуралдаанд оролцсон иргэд ...-ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан ба Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуульд заасны дагуу Ш.Пүрэвсүрэнг Засаг даргад нэр дэвшүүлж 04 дугаартай тогтоол[2] баталжээ.

Иргэн Б.Баяржаргал, Б.Бат-Эрдэнэ нар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд оролцож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад саналаа өгсөн болох нь тэдний гэрчээр өгсөн мэдүүлэг[3], хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн Б.Баяржаргал, Б.Бат-Эрдэнэ нар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багаас 1 дүгээр баг руу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө шилжин суурьшсан болох нь гэрч Б.Баяржаргалын “2016 оны 11 дүгээр сард Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Болормаа гуай дээр очиж өргөдлөө өгөөд шилжсэн юм. Хөвсгөл аймийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багаас 1 дүгээр баг руу шилжсэн юм” гэх мэдүүлэг[4], гэрч Б.Бат-Эрдэнийн “2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал болохоос хэд хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багаас 1 дүгээр баг руу шилжсэн юм” гэх мэдүүлэг[5], Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00/003185, 00/003186 дугаар бүхий Б.Бат-Эрдэнэ, Б.Баяржаргал нарын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт[6] зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалайгийн “Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэн Б.Баяржаргал, Б.Бат-Эрдэнэ нар 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад саналаа өгсөн нь хууль бус” хэмээн маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иргэн Б.Бат-Эрдэнэ, Б.Баяржаргал нар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон нь хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй ба нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Б.Бат-Эрдэнэ, Б.Баяржаргал нар Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад саналаа өгөхөд Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох хууль зүйн шаардлага хамаарахгүй юм.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал ..., Монгол Улсын Ерөнхийлөгч ..., түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид “орон нутгийн хурал” гэх/-ын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж, явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Иргэдийн засаг захиргааны нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ”, 66.2-т “Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох зохицуулалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит, ээлжит бус сонгуульд, орон нутгийн хурлын сонгуулийн зөвхөн ээлжит сонгуульд хамаарна” хэмээн тус тус заасан байна. Үүнээс үзэхэд иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох тухай хуулийн зохицуулалт багийн иргэдийн Нийтийн Хуралд хамаарахгүй байна. Хуулийн зорилтоос үзэхэд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвхөн ээлжит сонгуульд иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох хуулийн зохицуулалтыг хэрэглэх бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын түвшинд энэ нь хамаарахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалайгийн “Б.Бат-Эрдэнэ, Б.Баяржаргал нар 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож санал өгсөн бөгөөд маргааш нь 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож санал өгсөн. Нэг шөнийн дотор өөр хаяг руу шилжиж болох юм уу” хэмээн маргасныг хүлээн авах боломжгүй байх тул Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас “1 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолыг баталсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцэж байна.

Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, санал өгсөн Б.Бат-Эрдэнэ, Б.Баяржаргал нарын саналыг дээр дурдсанчлан хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоол болон Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “1 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоол нь хууль тогтоомж зөрчөөгүй, нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалайгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалайгийн “нэр дэвшигч Ш.Пүрэвсүрэнг сонгуульд шударга бусаар өрсөлдөн ялалт байгуулж, 1 дүгээр багийн Засаг даргын албан тушаалыг хууль бусаар авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас баталсан сонгуулийн тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ш.Дэлгэрдалайг Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуульд саналын илүүгээр ялсан болохыг тогтоолгох” гэсэн үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалай Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд өөр багийн иргэд оролцож, Хурлын хуралдаан хууль бус болсон талаар маргаж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэн Д.Галбаатар Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөж, Хурлын даргаар сонгогдсон байх авч тэрээр багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцоогүй ажээ. Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багт оршин суудаггүй иргэн Д.Галбаатар тухайн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон боловч багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцоогүй тул санал хураалтын дүнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан Боржигон Ширнэнгийн Дэлгэрдалайгийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан "Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас баталсан сонгуулийн тооллогын комиссын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ш.Дэлгэрдалайг Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуульд саналын илүүгээр ялсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Дэлгэрдалайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 8 дугаар хуудас

[2] Хэргийн 12 дугаар хуудас

[3] Хэргийн 43-44 дүгээр хуудас

[4] Хэргийн 44 дүгээр хуудас

[5] Хэргийн 43 дугаар хуудас

[6] Хэргийн 48-49 дүгээр хуудас