Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 187

 

С.Алтанцэцэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол,

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, С.Алтанцэцэгт холбогдох эрүүгийн 21102298 дугаартай хэргийг шүүгдэгч С.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч С.Алтай, Х.Зулхыш, Т.Бахыт, Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мухар овогт Самбуугийн Алтанцэцэг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгээс 29.157.840 төгрөг гаргуулж нэр бүхий 8 хохирогчид олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар С.Алтанцэцэгийн 75.000 төгрөгийн үнэтэй “Скай” маркийн гар утас,  Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 7/7 дугаар гудамжны 435 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үнээний фермийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Х.Зулхыш, С.Алтай, Т.Бахыт нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... “ТVI ехргеss.соm” аялал жуучлалын чиглэлээр дэлхийн 3-5 одтой 95.000 зочид буудалтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг, сүлжээний маркетинг ашиглан гишүүн бүр элсэн орсон өдрөөс нэг жилийн гадаадын улс оронд хөнгөлттэй үнээр зорчдог, зочид буудал, онгоцны тийзний 5-50 хувийн хөнгөлөлт эдэлдэг юм. 2010 оны 6 дугаар сард Баян-Өлгий аймгийн сүлжээний бизнес хийдэг Ж.Оюунчимэг, Калима, Айгүл, К.Магзура, Т.Сауле, Амангүл, Айнек, Айтолхын, Жанаргүл гэх мэт хүмүүс мэдээлэл сургалт аваад сайн дурын үндсэн дээр “ТVI ехргеss.соm” сүлжээний гишүүнээр элсэж, 1135 хүн гишүүнээр элссэн юм. Эдгээрээс бусад гишүүн болсон хүмүүсийг төлөөлж 2011 оны 3 дугаар сарын 10-наас 4 дүгээр сарын 10-ныг хүртэлх нэг сарын хугацаанд Хятадын Үжин, Алмат, Дубай гэсэн чиглэлээр Мигзура, Калимаа, Аелгар, Бахатгүл, Аишан, Ансаган, Амангүл, Жанаргүл гэсэн 8 хүн Дубай руу аялал жуучлал хийгээд ирсэн. Дубай аялалд нийт 7756 долларын зардал гарсан. Би “ТVI ехргеss.соm” сүлжээнээс гарсан урамшууллаараа виз, онгоцны тийзний үнэ нийт 1.288.000 төгрөг, Ховд аймгийн Булган суманд орсон зочид буудлын зардалд 110.000 төгрөг зэрэг зардлыг хариуцаж, харин гурван хүн зардлаа өөрсдөө хариуцсан, надад огт хамаагүй, Дубай аялалд эдгээр бүх хүмүүс өөрсдөө зардлаа гаргаж явах ёстой байсан. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 440 дугаартай тогтоолоор нэр бүхий 10 хохирогчийн С.Алтанцэцэгт өгсөн мөнгө “ТVI ехргеss.соm” сүлжээний дансанд орсон эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлох шаардлагатай гэж буцаасан. Дээрхи шүүхийн тогтоолоор мөрдөн байцаах ажиллагаа хийх ёстой байхад нотлох баримт шалгуулах эрхийг хангахгүйгээр хэт нэг талыг баримталж, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авирлаж хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Намайг худал гүтгэж, хилс хэрэгт хэлмэгдүүлж байгаагаас сэтгэл зүйн байдалд хүнд цохилт өгч сэтгэцийн өөрчлөлтөд оруулаад зогсохгүй эрүүл мэндэд их хэмжээний хохирол учруулж байна. Мөрдөн байцаагч Нямдаваа нь 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байцаалт авахын өмнө хохирогч гэсэн хүмүүстэй нүүрэлдүүлж байтал хяналтын прокурор Б.Баитокез орж ирээд наад хүнээ гарга гэж хэлэхэд  би өрөөнөөс нь гараад гадна хүлээж суухад прокурор, байцаагч хоёр хохирогч найман хүнтэй тусгаарлан уулзаж дууссаныхаа дараа намайг дуудаж оруулаад прокурор байж байхад байцаагч Нямдаваа Алтанцэцэг гуай та эртхэн муугаа хэлээрэй гэж тулгаж айлган сүрдүүлэн мэдүүлэг авч, хэрэг хүлээлгэх байдлаар дарамталсанд туйлын их гомдолтой байна. С.Алтанцэцэг намайг хилс хэрэгт гүтгэж хэлмэгдүүлж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг ноцтойгоор зөрчсөнд туйлын их гомдолтой байна. Ийм байдлуудыг харгалзан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, үнэн зөвөөр тогтоож цагаатгаж өгөхийг эрхэм хүндэт шүүгч нараас хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхыш, С.Алтай, Т.Бахыт нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... олон улсын сүлжээнд С.Алтанцэцэг болон хохирогч гэх иргэн бүгд дүрэм журмын дагуу гишүүнээр элсэж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан нь тэдний болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагддаг. Гишүүд нь цаашид пирамид хэлбэрээр өөрсдийн логин хаягаар нэг гишүүн 250 доллараар тус тусдаа гишүүн элсүүлж, элсүүлсэн хүнийхээ тоогоор сүлжээгээр дамжуулан ашгаа хүртэн гадаад оронд хөнгөлөлттэй аялах эрх олж авдаг. Энэ сүлжээ нь интернетийн “ТVI ехргеss.соm” сайтад орж үзэхэд дэлгэрэнгүй тайлбартай байгааг шалгаж үзэхэд илүүдэхгүй. Хохирогч гэх 8 хүн нь “ТVI ехргеss.соm” сүлжээнд өөрсдөө логин сайт нээж гишүүн элсүүлж мөн 250.000 төгрөгөөр “Ваучер” /гишүүн/ худалдан авч оролцсон бөгөөд үүний ачаар хөнгөлөлттэй журмаар хямд үнээр Дубай зэрэг оронд аялж, баяр наадмаар наргиж цэнгэж байсан нь хангалттай нотлогдож байгаа. Логин сайт хаяг нээж ажил үйлчилгээ явуулсан хохирогч нар энэ сүлжээнд элссэнээр ямар ашиг олсон, эсвэл яаж хохирсон талаар огт шалгаагүй. Шүүгдэгч С.Алтанцэцэг нь хохирогч нараас авсан мөнгөөр тэдэнд ваучер худалдаж авч өгсөн бөгөөд хохирогч нар  ваучерийг өөрсдийн логин сайтад ашигласан гэж мөрдөн байцаалт, шүүхэд удаа дараа тайлбарлаад байхад С.Алтанцэцэгийг нэг ваучерийг 250 доллараар худалдан авч хохирогч нарт өгсөн, логин сайтад оруулсан эсэхийг огт шалгаагүй. Энэ талаар С.Алтанцэцэг гомдолдоо тодорхой тайлбарлаж хэнд хичнээн ваучер худалдан авч өгснийг бичсэн. Зөвхөн яллах талаар хандаж “хохирогч нараас мөнгө авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй тул төлөх ёстой” гэсэн чиглэлийг барьж шалгаж Алтанцэцэгийг яллахаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх энэ байдлыг анхааралгүй бодит байдал тогтоогдоогүй байхад ял халдааж С.Алтанцэцэгийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан. Хэрэгт С.Алтанцэцэгийн “ТVI ехргеss.соm” компанид мөнгө тушаасан банкны мэдүүлэг болон ваучер худалдан авч хохирогч нарт шилжүүлсэн эмэгтэй хүний зурагтай ямар учиртай нь ойлгоход хэцүү олон тооны баримтууд байгаа бөгөөд энэ талаар мөрдөн байцаалтаар юу болохыг нь шалгаж тогтоогоогүй. Үүнийг зөвхөн интернет сүлжээний мэргэшсэн шинжээч л шалгаж, мөнгө “ТVI ехргеss.соm” компаний дансанд орсон эсэх хохирогч нарын логин сайтад нэмэгдсэн, эсвэл огт бүртгэгдээгүй гэдгийг тогтоох бөгөөд жирийн мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч, шүүгч нар шалгаад тогтоох боломжгүй юм. Шинжээч томилж энэ байдлыг тогтоолгож өгөх хүсэлт гаргахад хангаагүй. Шинжээч томилсоноор “ТVI ехргеss.соm” гэгч компаний Монгол дахь салбарын дансанд С.Алтанцэцэг хохирогч нарын өмнөөс төлсөн төлбөр, эсвэл орлого, хичнээн ваучер ямар хохирогчид бүртгэгдсэн нь тодорхой гарч ирэх бөгөөд ингэснээр хохирлын бодит дүн тогтоогдоно. Хохирлын хэмжээгээр, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсвэл хохирогч нь ашгаа хүртээд хохироогүй эсэх нь ч тодорхой болох ба иргэн хилсээр ял шийтгэгдсэн байх магадлалтай. Шинжээчийг томилж энэ байдлыг заавал тогтоолгох нь нэн чухал гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн болон иргэний эрх зүйн харилцаагаар хэргийг ялган шийдвэрлэх боломж байсан эсэх талаар бүх нотлох баримт тал бүрээс нь бодит байдлаар хангалттай тогтоогдоогүй байхад шүүх шийдвэр гарган С.Алтанцэцэгийг гэм буруутайд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлогдвол зохих асуудлуудыг заавал тодруулах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр Баян-Өлгий аймгийн прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн. С.Алтанцэцэгт мөнгө өгч залилуулсан гэх үйлдлийн /субьектив байдлыг/ сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирсон гэх нэр бүхий этгээдүүд “Тв Ай Экспресс” компанид гишүүнээр элсэж оруулсан мөнгөө өсгөж ашиг олохын тулд өөр нэрээр өөрсдийгөө хувилж элсэлт хийдэг байсан нь нотлогддог. “Тв Ай Экспресс” компанид гишүүнээр элсэхдээ 250 долллар төлж интернэтэд өөрийн нууц нэртэй сайт нээж мөнгийг компанид шилжүүлдэг байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсоор байхад С.Алтанцэцэгийг нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлж хохироосон гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. С.Алтанцэцэгийн хохирогч гээд байгаа хүмүүс С.Алтанцэцэгт өмч хөрөнгөө сайн дураараа шилжүүлэн өгсөн биш өөртөө ашиг олох зорилгоор “Тв Ай Экспресс” компанид гишүүнээр элсэж гишүүний татвар гэж төлсөн. Хохирогч нарын өгсөн мөнгө компанийн дансанд орсон уу, хохирогч нарт зарцуулагдсан эсэхийг нарийвчлан шалгаж тодруулаагүй. Хохирогчдыг С.Алтанцэцэгт залилуулсан гэж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж байгаа нь иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдаж С.Алтанцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Хохирогч нар мөнгө өгсөн гэдгээ нотолж чадахгүй байхад хохироосон гэж яллаж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогчид гэх нэр бүхий хүмүүсийн мөнгө С.Алтанцэцэг, “Тв Ай Экспресс” компани, “Экспресс Монголия” ХХК-ийн алиных нь дансанд орсон, нэр бүхий хохирогчдын нэр дээр логин, сайт үүссэн, гишүүнээр элссэн эсэхийг тогтоолгүй орхигдуулсан нь мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Шүүгдэгч С.Алтанцэцэг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд нотлогдоогүй байхад ял оногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хянуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх “... С.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

С.Алтанцэцэгт холбогдох хэргийн мөрдөн байцаалтийн ажиллагааг гүйцэд биш хийж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсны улмаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь шунахайн сэдэлтээр 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд “богино хугацаанд өсгөж өгнө, өндөр хүү тооцно” хэмээн нэр бүхий 8 хохирогчийг хуурч мэхлэн нийт 31.067.840 төгрөг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 440 дүгээр тогтоолын “... С.Алтанцэцэг нь нэр бүхий 10 хохирогчийн өгсөн мөнгийг Ариунаа гэгчээр дамжуулж “Тв Ай Экспресс” компанийн харилцах дансанд шилжүүлсэн эсэх, хэрэв шилжүүлсэн бол хохирогч нарт өөрийнх нь нууц нэртэй логин сайт нээгдсэн эсэхийг нарийвчлан шалгаж тодруулах шаардлагатай. Элсэж орсон хүн бүр 250 доллар төлж уг мөнгө “Тв Ай Экспресс” компанийн дансанд ордог бол хохирогч нар доороо хүн элсүүлсэн эсэх, эсхүл өөрсдийгөө хувилж өөр хүний нэрээр оруулсан эсэхийг шалгаж тэдний С.Алтанцэцэгт өгсөн мөнгө Ариунаа гэгчээр дамжиж “Тв Ай Экспресс” компанийн сүлжээний харилцах дансанд орсон эсэхийг тодруулж, хохирогч нарын өгсөн мөнгө энэ мэтээр өөрсдөд нь зарцуулагдсан эсэхийг нарийвчлан шалгаж тодруулах нь зүйтэй. Ингэснээр С.Алтанцэцэг нь хэнд ямар хэмжээний хохирол учруулсан нь тодорхой болно.”,

“... шүүгдэгч С.Алтанцэцэгт мөнгө өгснөө нотолж чадахгүй байгаа хохирогч нарын хохирлыг хэн хариуцахыг нотлох баримтанд үндэслэн тогтоох шаардлагатай. Мөн нэр бүхий 10 хохирогчийн С.Алтанцэцэгт өгсөн мөнгө “Тв Ай Экспресс Монголиа” ХХК-ийн дансанд эсхүл “Тв Ай Экспресс” сүлжээний дансанд орсон эсэхийг тодруулж, хохирогч нар дээрх 2 компанийн алиных нь нэр дээр логин сайт үүсгэсэн болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай” гэсэн заалтуудыг биелүүлээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэхүү нөхцөл байдлыг шалгаж тодруулах нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг зүйлчлэх, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3-д зааснаар “урьд нь мөрдөн байцаалтанд буцаасан тогтоолын заалтыг биелүүлээгүй бол мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн” гэж үзэх бөгөөд энэ нь шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд шүүгдэгч С.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч С.Алтай, Х.Зулхыш, Т.Бахыт, Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Алтанцэцэгт холбогдох эрүүгийн 201301050552 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол С.Алтанцэцэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ,

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                                          Б.ЦОГТ