Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2016/00759

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамж 34а  тоотод оршин суух, эмэгтэй, 70 настай, Армаг овогт Нүнжийгийн Ичинхоролийн  нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Ичинхорол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Ичинхорол миний бие 1946 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Одоо 70-н настай бага хүүгийнхээ хашаанд ганц биеээр амьдарч байна. Би 1968 онд Төв аймгийн Баянчандмань суманд аав ээжийн хамтаар шилжиж амьдарсан. Ингээд Баянчандмань суманд Нийтийн Ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор 1970 онд ажилд орсон ба 1990 оны 3 дугаар сард орон тооны цомотголоор ажлаасаа гарсан. Тэтгэвэрийн нас болоод тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажиллаж байсан баримт байхгүй болсон. Яагаад гэвэл 2015 оны 8 дугаар сарын 09-ний өглөө бага хүүгийн гэр шатаж миний бичиг баримт бүгд усдаж үгүй болсон. Иймд намайг Төв аймгийн Баянчандмань суманд 1970 оноос 1990 он хүртлэх хугацаанд оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Армаг овогт Нүнжийгийн Ичинхорол нь 1970 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 3 дугаар сарын 01-ныг хүртэл Төв аймгийн Баянчандман сумын ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах, гэрч нарын мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байна.      

Нэхэмжлэгч нь “баримт байх боломжтой бүх газраар баримтуудыг шүүлгэсэн боловч минйи баримтууд гарч ирээгүй, гэр орон маань шатаад өмссөн хувцастайгаа үлдсэн, өөр гаргаж өгөх баримт байхгүй” гэж тайлбарласан ба Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 391/2658 тоот түймэр гарсан тухай актад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамж 34 тоотод гал гарсан тухай тэмдэглэгдсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн дээрхи тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Армаг овогт Нүнжийгийн Ичинхоролыг 1970 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 3 дугаар сарын 01-ныг хүртэл Төв аймгийн Баянчандман сумын ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь өөрийн нь эзгүйд, оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Армаг овогт Нүнжийгийн Ичинхоролыг 1970 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 3 дугаар сарын 01-ныг хүртэл Төв аймгийн Баянчандман сумын ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ