| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/10172/И |
| Дугаар | 210/МА2025/00601 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00601
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,902,658 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 10,902,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 2,712,395 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 8,190,263 төгрөгийг ...үндсэн зээлд төлсөн төлбөрийг зээлийн хүүнд тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол буруу... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь үндсэн зээл 3,812,395 төгрөг, зээлийн хүү 5,895,636 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,179,127 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 10,902,658 төгрөгийг хариуцагч *******, *******, ******* нараас анх шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нараас татгалзсан байна.
3. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Хэрэгт цугларсан баримтаар ******* ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *******, *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлдүүлэхээр тохирчээ. /х.х-ийн 8-11/
Мөн талууд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хуучин зурагт, хөргөгч, эргэлтийн хөрөнгө зэргийг нийт 9,540,000 төгрөгөөр үнэлж, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 12-14/
Зохигч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаангүй.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
5. Энэхүү зээлийн гэрээгээр зээлдэгч *******, *******, ******* нар 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд сар бүрийн 11-ний өдөр үндсэн зээл болон хүүгийн хамт тогтмол 300,000 төгрөгийг төлсөөр 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нийт 7,097,557 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ. /х.х-ийн 11/.
Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүгээс 1,220,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,395 төгрөг, үндсэн зээлээс 1,187,605 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй ба мөн өдрийн байдлаар зээлийн хүүгийн үлдэгдэл 1,025,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 3,812,395 төгрөг болохыг үгүйсгээгүй байна. /х.х-ийн 19/
6. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд хариуцагч нь уг өдрөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 50,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 50,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлснийг анхан шатны шүүх зээлийн үндсэн төлбөрөөс хасаж, улмаар 2,712,395 төгрөгийн үлдэгдлээс гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дуусах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,812,395 төгрөг байсан, үүнээс хойш хариуцагч нь 1,100,000 төгрөгийг төлөх хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг доорх байдлаар залруулна. Үүнд:
6.1. Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг төлснөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 50,000 төгрөг төлөх хүртэл 528 өдрийн зээлийн хүү 1,985,281 /3,812,395 х 3% х 12 сар : 365 хоног = 3,760х528/ төгрөг,
6.2. Хариуцагчийн төлсөн тус 50,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 3,812,395 төгрөгөөс хасаад 3,762,395 төгрөг үлдэх ба 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин 50,000 төгрөг төлөх хүртэл 424 өдрийн зээлийн хүү 1,573,040 /3,762,395 х 3% х 12 сар : 365 хоног = 3,710 х 424/ төгрөг,
6.3. Хариуцагчийн төлсөн уг 50,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 3,762,395 төгрөгөөс хасаад 3,712,395 төгрөг болох бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг төлөх хүртэл 150 өдрийн зээлийн хүү 549,150 /3,712,395 х 3% х 12 сар : 365 хоног = 3,661 х 150/ төгрөг,
6.4. Хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 3,712,395 төгрөгөөс хасаад 2,712,395 төгрөг үлдэх бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс нэхэмжлэгч нь зээлийн хүүг зогсоосон гэх 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 263 өдрийн зээлийн хүү 703,525 /2,712,395 х 3% х 12 сар : 365 хоног = 2,675 х 263/ төгрөг болж байна.
Үүнээс үзвэл хариуцагч нь зээлийн хүүнд нийт 5,835,996 /1,025,000+1,985,281+ 1,573,040+549,150+703,525/ төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 2,712,395 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,167,199 /5,835,996х20%/ төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 9,731,090 төгрөг төлөх үүрэгтэй байснаас тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 50,000 төгрөгийг төлсөн байх тул төлбөл зохих төлбөр 9,681,090 төгрөг болж байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 9,681,090 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,221,568 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлт оруулна.
7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг баримтлаагүйгээс гадна үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой үүрэг гүйцэтгүүлэгчийн хохирол шаардах эрхэд хамаарах энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлаагүй байна.
7.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг хасна.
7.3. Түүнчлэн, хариуцагч нь үндсэн зээлд төлсөн төлбөрийг зээлийн хүүнд тооцсон нэхэмжлэгчийн тооцооллыг буруу болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 9,681,090 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,221,568 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж,
3 дахь заалтад ...114,775 төгрөг гэснийг 169,847 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР