| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00822/И |
| Дугаар | 184/ШШ2016/00752 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2016/00752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 60 айлын 04 тоотод оршин суух, эрэгтэй, Монгол овогт Дамдиагийн Лувсандагвагийн нэхэмжлэлтэй,
нас тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Лувсандагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Лувсандагва миний бие 1956 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд иргэн Ш.Дамдины гурав дахь хүү болон төрсөн. Би эцэг эхийн гар дээр хүмүүжсэн ба 1964 онд сумын дунд сургуульд элсэн орж 8-р анги төгссөн. Үүний дараа шинээр паспорт солих үед 1956 оныг 1958 он гэж буруу тэмдгэлсэн. Иймд Д.Лувсандагва намайг 1956 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Лувсандагва нь нас тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ би 1956 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Шинээр паспорт солих үед 1956 оныг 1958 он гэж буруу бичсэн байсан” гэж тайлбарласан.
2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 357/008697 тоот төрсний бүргэлийн лавлагаанд Дамдиагийн Лувсандагва 1958 оны 10 дугаар сарын 25-нд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн” гэж, түүний иргэний үнэмлэх дээр /хх-7 тал/ “Монгол овогт Дамдиагийн Лувсандагва 1958 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн” гэж бичсэн байна.
Д.Лувсандагва нь 1956 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн болох нь түүний тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.Лувсандагвагийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг 1956 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн байдлаас болж шүүх хуралдаанд оролцож чадахгүй байгаа тул өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Монгол овогт Дамдиагийн Лувсандагвагийг 1956 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ