| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0604/Э |
| Дугаар | 609 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 609
2019 6 20 2019/ШЦТ/609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Я.Мөнхзаяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909018060583 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Их очир хүрдэн” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэл 4 дүгээр байрны 50 тоотод оршин суух хаягтай, одоо Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 1а байрны 53 тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1а байрны 53 тоотод эхнэр А.Цэлмэгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Быг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1а байрны 53 тоотод эхнэр А.Цэлмэгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1а байрны 53 тоотод эхнэр А.Цэлмэгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Цэлмэгийн “...Би хамтран амьдрагчтайгаа 2015 онд танилцаад 2016 оноос хамтран амьдарч эхэлсэн тэгээд 2017 оны 4 дүгээр сард хүүхэдтэй болсон. ...Би хамтран амьдрагчдаа миний бие өвдөөд байна, чи өөрөө хоол хийгээд идчих гэж хэлсэн тэгтэл уурлаад байсан. Тэгээд бухимдаад уурлаад яваад байхаар нь би босоод хоол хийж өгсөн. Мөн манай хүүхэд өвдчихсөн ууртай байсан тэгтэл манай хамтран амьдрагч хүүхдэд уураа гаргаад загнаад байж байтал хамтран амьдрагч хажуунаас орж ирээд хүүхдийн нүүр лүү алгадаад гар хөлөөс нь эвгүй татсан. Тэгэхээр нь би уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд би хүүхдээ тэврээд хэрүүл хийгээд байж байтал хамтран амьдрагч маань над руу юм шидээд , татаж чангаагаад миний зүүн гар луу хэд хэдэн удаа нүүр толгой руу таавчигаар цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-10-11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5458 дугаартай “…А.Цэлмэгт зүүн бугалга, суга, зүүн сарвууны ар, дунд хурууны угт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-13/,
Яллагдагч Б.Бын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2019 оны 5 дугаар сарын 01-ний 21.00 цагийн үед гаднаас орж ирсэн. Эхнэр А.Цэлмэг бид хоёр хоёулаа жаахан стресстэй байсан. …Би хоол ундаа идчихээд орондоо ороод унтахдаа эхнэр А.Цэлмэгтэй маргалдсан. А.Цэлмэг над руу үглэж байгаад дунд хуруугаа гаргахаар нь би зөрүүлээд гарынх нь сарвууг нь цохиод зүүн гарын булчин хэсэгт нь 3 удаа цохисон. Тэгээд Цэлмэг цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бод танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Бод 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР