| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04597/И |
| Дугаар | 210/МА2025/00538 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00538
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01163 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь улсаас автомашин оруулан ирж худалдан борлуулдаг бөгөөд улсын *******ХХК-тай хамтран бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр хамтран ажиллаж байсан. Ингэхдээ *******ХХК-ийн төлөөлөгч гэх *******тай хамтын ажиллагааны хүрээнд хамтарч, компаниа төлөөлөн хэд хэдэн гэрээ байгуулсан.
1.2. 2018 оны 05 сарын 29-ний өдөр улсын муж, хот, дүүрэг, 1-4-1 тоот хаягт байрлах, ******* /*******/ овогтой ******* /*******/ нь овогтой Туяа /РД:*******/-д олгосон итгэмжлэлд өөрийн 100 хувь эзэмшдэг *******ХХК-ийн өмнөөс Монгол улсын иргэн *******, *******, *******, *******, нарт холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжилж Монгол улсын шүүхэд компанийг бүрэн төлөөлөх эрхийг олгосон байдаг.
1.3. Мөн *******ХХК-ийн өмнөөс үйл ажиллагаа, эд хөрөнгөтэй холбоотой өр төлбөр, үлдэгдэлтэй байгаа этгээдүүдээс эд хөрөнгийг өр барагдуулах зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, эзэмших, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах зэрэг дээр дурдсан зорилгоор бүх төрлийн гэрээ нэмэлтээр байгуулах, гарын үсэг зурах зэрэг агуулга бүхий 2 итгэмжлэлийг олгосныг Нийслэлийн Хан-уул дүүргийн тойргийн нотариатч ******* бүртгэлийн №206, №212 дугаартайгаар гэрчилсэн байна.
1.4. Нэхэмжлэгч *******ийн зүгээс 2018 оны 05 сарын 29-ний өдрийн улс, муж, хот, дүүрэг, 1-4-1 тоот хаягт байрлах ******* /Tsuruta/ овогтой ******* /*******/-н овогтой Туяа /РД:*******/-д олгосон итгэмжлэлийг бүртгэлийн №206, №212 дугаартайгаар баталсан Нийслэлийн Хан-уул дүүргийн тойргийн нотариатч *******гийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч ******* нь хариу тайлбартаа зөвхөн хуулбар хувийн үнэн зөвийг гэрчилсэн хэмээн тайлбарладаг.
1.5. Шүүхийн журмаар нотлох баримтууд гаргуулан хэрэгт хавсаргасан ба уг баримтуудаас харахад Нийслэлийн Хан уул дүүргийн тойргийн нотариатч ******* нь 2019 оны 01 сарын 31-ний өдөр 2018 оны 05 сарын 29-ний өдрийн *******ХХК-аас ын Туяад олгож буй шүүхэд төлөөлөх “Итгэмжлэл”-ийг бүртгэлийн 206 дугаартайгаар, *******ХХК-ийн Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээний хувийг бүртгэлийн 210 дугаартайгаар, 2018 оны 05 сарын 29-ний өдрийн *******ХХК-аас ын Туяад олгож буй “Итгэмжлэл”-ийг бүртгэлийн 212 дугаартайгаар, 2018 оны 05 сарын 29-ний өдрийн *******ХХК-аас ын Туяад олгож буй “Итгэмжлэл”-ийн хуулбарыг бүртгэлийн 211 дугаартайгаар тус тус баталсан байна.
1.6. Харин нотариатч *******гийн бүртгэлийн дэвтэрийн хуулбарт 206, 210, 211, 212 дугаар бүртгэлд дээрх баримтуудыг бүртгэх ёстой байсан боловч бүртгээгүй, мөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон баримттай зөрж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна.
1.7. Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т зааснаар 2018 оны 05 сарын 29-ний өдрийн *******ХХК-аас *******д олгож буй шүүхэд төлөөлөх “Итгэмжлэл”-ийг бүртгэлийн 206 дугаартайгаар 2019 оны 01 сарын 31-ний өдөр батлахдаа итгэмжлэлийн агуулга болоод Нотариатын тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчиж Иргэний хуулийн 62 дугаар зүйл, 64 дугаар зүйлд заасныг нягтлах ёстой байсныг нягталж үзээгүй хууль зөрчиж баталсан итгэмжлэл хэмээн үзэж байна.
1.8. Хууль ёсны дагуу олгогдоогүй итгэмжлэлийн хуулбар үнэнг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх бөгөөд хуульд харшилсан буюу итгэмжлэл тавигдах шаардлага хангаагүй, итгэмжлэл олгож буй хүн нь Монгол улсад байхгүй байхад баримт бичгийн хуулбар үнэнг, эх хувьтай нь тулгалгүй гэрчилсэн гэж үйлдэл нь хууль бус байна. Мөн Нотариатын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснуудыг тус тус зөрчиж орчуулагч оролцуулаагүй, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдээгүй нь хууль зөрчсөн байна.
Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч *******гийн нотариатын тухай хуулийг зөрчиж хууль бусаар баталсан 206, 210, 211, 212 дугаартайгаар тус тус баталсан нотариатын үйлдлийг баримтын хамт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
Нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтуудыг үзэхэд 2019 оны 01 сарын 31-ний өдөр иргэн ******* нь бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг орчуулгын хамт гэрчлүүлснийг хуулбарын бүртгэлийн 206, 212 дугаарт бүртгэж авсан байна. Нотариатчийн зүгээс энэхүү бичиг баримтын эх баримтад үндэслэн хуулбар хувийн үнэн зөвийг гэрчилсэн бөгөөд итгэмжлэлийн үйлдэлийн үнэн зөвийг гэрчилсэн зүйл үгүй байна. Иймд нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч *******гийн “Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээ” гэх баримт бичгийн япон хэл дээрх хувийг 210 дугаартайгаар 2019-01-31-ний өдөр хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэрэгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч *******гаас 2019 оны “Бүртгэлийн дэвтэр” нотлох баримтаар гарган өгсөн ба тус “Бүртгэлийн дэвтэр”-ийг бусад маргаан бүхий нотариатын үйлдлүүдтэй харьцуулан, бүртгэлийн дугаар нь таарч байгаа эсэх, хэрэв бүртгэлийн дугаар нь бүртгэлийн дэвтэр дээрхээс зөрүүтэй байвал алийг нь нотлох баримтаар үнэлэх эсэх асуудал хөндөгдөх бөгөөд шүүхээс энэ талаар дүгнэлт өгөөгүй нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүхзэс тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна.
4.2. Нийслэлийн Хан-уул дүүргийн тойргийн нотариатч ******* итгэмжлэлийг бүртгэлийн №206 баталсан байна. Гэтэл тус бүртгэлийн дэвтэр 208 гэж эхэлж байх бөгөөд хожим нь 206 гэж нөхөж бичсэн гэж үзэж байна. Учир нь тус бүртгэлийн дэвтэрт бүртгэлийн 207 гэсэн дугаартай нотариатын үйлдэл байхгүй юм. 2019 оны 01 сарын 30-ны өдрийн багалсан 206 дугаартай Нийслэлийн Хан-уул дүүргийн тойргийн нотариатч ******* нь бүртгэлийн №210, №211, №212 дугаартайгаар баталсан нотариатын хуулбар үнэн баримт хэрэгт авагдсан боловч бүртгэлийн дэвтэрт дээрх хуулбар үнэн баримтууд бус өөр баримтууд бичигдсэн байгаад анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй гомдолтой байна.
4.3. Түүнчлэн Нийслэлийн Хан-уул дүүргийн тойргийн нотариатч ******* нь Бүртгэлийн дэвтэр дээр №210, №211, №212 дугаартайгаар бүртгэгдсэн нотариатын үйлдлүүдийн ард “*******” гэх хүн гарын үсэг зураагүй болохыг шүүх анхаарч үзээгүй. Үүнээс үзвэл хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-уул дүүргийн тойргийн нотариатч ******* нь бүртгэлийн №210, №211, №212 дугаартайгаар баталсан нотариатын хуулбар үнэн баримт нь бүртгэлийн дэвтэр дээрээ бүртгэлгүй бөгөөд хожим нь нөхөж олгосон байх тул бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй нотариатын хуулбар үнэн баримтыг шүүх үнэ зөв хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
4.4. Шүүх зөвхөн №206, №210, №211, №212 дугаартайгаар баталсан нотариатын хуулбар үнэн баримтыг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд 2019 оны “Бүртгэлийн дэвтэр”-ийг нотлох баримтаар үнэлээгүй, баримтууд хооронд бодитойгоор харьцуулан үзээгүйд гомдолтой байна. Энэ нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн, хууль бус үйлдэл байна.
4.5. Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай зөрүүтэй байхад анхан шатны шүүхээс огт анхаарч үзээгүй гомдолтой байна. Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул “бодитойгоор харьцуулан үзэх” гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог. Гэтэл анхан шатны шүүх бодитойгоор харьцуулан үзээгүй бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.
4.6. Хил хамгаалах ерөнхий газраас *******ХХК-ийн захирал ******* /*******/ овогтой ******* /*******/ Монгол улсад ирсэн талаарх мэдээллийг гаргуулан авсан бөгөөд *******ХХК-ийн захирал ******* /*******/ овогтой ******* /*******/ 2018 оны 05 сарын 10-ны өдөр Монгол улсын хилээр орсон бөгөөд 2018 оны 05 сарын 20- ны өдөр буцаж гарсан байдаг. Хууль ёсны дагуу олгогдоогүй иггэмжлэлийн агуулга хуульд нийцэж буй эсэхийг нягталж үзэлгүйгээр хуулбар үнэнийг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт заасныг зөрчсөн байх бөгөөд хуульд харшилсан буюу итгэмжлэл тавигдах шаардлага хангаагүй, итгэмжлэл олгож буй хүн нь Монгол улсад байхгүй байхад баримт бичгийн хуулбар үнэнг, эх хувьтай нь тулгалгүй гэрчилсэн гэх үйлдэл нь хууль бус байна.
4.7. Түүнчлэн хариуцагчаас хариу тайлбартаа “... 206 болон 212 дугаарт бүртгэж нотариатын үйлдэл хийсэн ...” хэмээн тайлбарласан. Үүнээс үзвэл 210 болон 211 дугаарт бүртгэлтэй нотариатын үйлдлийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд тус нотариатын үйлдлийг хийсэн эсэхээ мэдэхгүй байгаа нь харагдаж байгаа бөгөөд энэ талаар бүртгэлийн дэвтэр дээр ч ямар нэгэн бүртгэл байхгүй тул тус үйлдлүүдийг хууль бус гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа нь харагдана. Гэтэл анхан шатны шүүхээс №210 дугаарт бүртгэлтэй нотариатын үйлдлийг хууль бус гэж үзсэн атлаа, №211 дугаарт бүртгэлтэй нотариатын үйлдлийг хууль нийцсэн гэж үзэж буйд гомдолтой байна.
4.8. Хариуцагчийн зүгээс №211 дугаарт бүртгэлтэй нотариатын үйлдлийн талаар талууд маргаагүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн талуудын маргаагүй асуудлаар хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа давж заалдах гомдлоо нотариатын бүртгэлийг хүчингүй болгуулах агуулгаар тоо, үсэг зөрсөн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байгаа тул гомдол үндэслэлгүй.
5.2. Нотариатч тухайн үед байгууллагаас олгосон итгэмжлэлийг гэрчлээгүй, харин байгууллагаас олгосон итгэмжлэлийг олон шүүхэд хандах шаардлага үүссэн учраас байгууллагын захирлаас олгосон итгэмжлэлийг олшруулсан бичиг баримтын хуулбар нь үнэн зөв эх хувь гэдгийг нотариатч гэрчилнэ. Нэхэмжлэлд дурдсан шиг итгэмжлэлийг гэрчлээгүй учраас гомдолд дурдсан нэхэмжлэгчийн шаардаж байгаа шиг тухайн иргэн нь Монгол улсад байгаа эсэхийг анхаарах шаардлагагүй. Учир нь бичиг баримтын хуулбарыг олшруулж эх хувиас олшруулагдаж байгаа хуулбар нь үнэн зөв эсэхийг гэрчилж байгаа.
5.3. Нэхэмжлэгч талаас бүртгэлийг өөрчилсөн, бүртгээгүй гэх агуулгаар гомдол гаргасан байна. Нотариатчийн үндсэн тамга нь сүлдтэй байдаг. Бүртгэлийн тамга тэмдэг нь нотариатчийн албан хэрэгцээнд гэрчилж буй үйлдлийг ялгахын тулд тэмдгийг дарж бүртгэлжүүлдэг. Олон бичиг баримт үйлдэж байгаа учраас бичиг баримтын бүртгэлийн тоо нь нэг, хоёр тоогоор зөрсөн байхыг үгүйсгэхгүй. Энэ нь бичиг баримтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Бүртгэлийг хүчингүй болгож байгаа тохиолдолд өөрөөр тайлбарлана. Хуулбар үнэн, зөвийг гэрчилсэн нотариатч нь хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй мөн итгэмжлэлийг гэрчлээгүй гэжээ.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. 2025 оны 02 сарын 11-ний өдөр энэхүү хэрэг маргааны шүүх хурал товлогдсон байх бөгөөд хурлын товыг хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.нарт мэдэгдэлгүйгээр шүүх хурал хийж шийдвэрээ гаргасан байна. Хариуцагч миний бие болоод итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.нар нь өнөөдрийг хүртэл шүүхэд өгсөн хаяг дээрээ амьдарч байгаа бөгөөд хаягт өөрчлөлт орсон зүйл байхгүй. Гэтэл шүүх нь манай амьдарч байгаа хорооны Засаг даргаас бүртгэлтэй боловч хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн худал тодорхойлолт гаргуулан авч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан хийж шийдвэр гаргаж хариуцагчийн шүүх хуралд биечлэн оролцож өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах боломжоор хангалгүй шүүх хуралдаан явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон.
6.2. Тухайн хэргийн материалд гарган өгсөн нотариатчийн бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдэлийн баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар заавал орчуулга шаардах баримт бичиг биш юм. Тухайн баримтад үндэслэн нотариатч бусад үйлдэлийг хийх тохиолдолд л орчуулгыг шаардах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн гадаад хэл дээр байгаа баримтад үндэслэн итгэмжлэл, гэрээ, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үйлдэл хийх тохиолдолд уг бичиг баримтын орчуулыг Монгол хэл дээр орчуулсан байхыг шаарддаг.
6.3. Гэтэл шүүхээс хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь гэж хууль бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа шүүх хуралдаан явагдсан. Хариуцагч ******* болон түүний төлөөлөгч Б.нарт товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зүйл болоогүй.
7.2. Гадаад хэл дээрх баримтыг орчуулгагүй гэрчилсэн. ******* ******* Монгол Улсад ирээгүй. Монгол Улсад байхгүй хүний компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрхэн, яаж үнэн зөвийг баталж байгаа нь ойлгомжгүй. Тухайн бичиг баримт нь бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байхад нотариатч хуурамчаар нөхөж хийсэн тул нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох ёстой. Анхан шатны шүүх 210 дугаартай үйлдлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 206, 210, 211, 212 дугаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Нотариатч ******* нь улсын *******ХХК-аас Монгол улсын иргэн *******д 2018 оны 05 сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаатайгаар олгосон итгэмжлэлийг бүртгэлийн 206 дугаарт 2019 оны 01 сарын 31-ний өдөр хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн; /хх-57-58/
3.2. Нотариатч ******* нь “Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээ”-ний хэл дээрх хувийг бүртгэлийн 210 дугаартай 2019 оны 01 сарын 31-ний өдөр хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн; /хх-59/
3.3. Нотариатч ******* нь улсын *******ХХК-аас Монгол улсын иргэн *******д 2018 оны 05 сарын 29-ний өдөр итгэмжлэлийг 2019 оны 01 сарын 31-ний өдөр бүртгэлийн 211, болон 212 дугаарт хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байна. /хх-67-68/
4. Хариуцагч ******* нь 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 206, 211, 212 дугаар нотариатын үйлдлийг хийхдээ эх хувьтай нь тулгаж, гадаад хэл дээрх баримт бичгийг орчуулгын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгч тал нь “... Монгол Улсад улсын *******ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байгаагүй ...” гэсэн үндэслэлээрээ нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай үндэслэлийг тайлбарласан.
Нотариатч ******* нь *******д шинээр итгэмжлэл олгосон үйлдлийг гэрчлээгүй, зөвхөн уг итгэмжлэлийн эх хувиас хуулбарласан хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд заавал 2 талыг байлцуулан гэрчлэх нотариатын үйлдэлд Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавраар хамааруулаагүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх 2019 оны 01 сарын 31-ний өдөр хэл дээрх “Үйл ажиллагааны гэрчилгээний хуулбар”-ыг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт нийцжээ.
Нотариатын үйлдэл хийх зааврын 13 дугаар зүйлийн 13.4.1-т гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийхээс татгалзахаар зохицуулсан байна.
хэл дээрх “Үйл ажиллагааны гэрчилгээ”-ний утга, агуулгыг ойлгох боломжгүй, хариуцагч нь хэл мэдэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тохиолдолд уг нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
6. Анхан шатны шүүх талуудад 2025 оны 02 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан журмаар мэдэгдсэн тул хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсгийг бүрэн бичээгүй алдаа гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд хязгаарлахгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01163 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч *******гийн 2019 оны 01 сарын 31-ний өдөр “Үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээ”-ний хэл дээрх хувийг 210 дугаартай хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлээс үлдэх улсын *******ХХК-аас Монгол улсын иргэн *******д олгосон итгэмжлэлийн Монгол орчуулгыг 206 дугаарт гэрчилсэн үйлдэл, улсын *******ХХК-аас *******д олгосон итгэмжлэлийн хэл дээрх хувийг 211 дугаарт гэрчилсэн үйлдэл, уг итгэмжлэлийн Монгол хэл дээрх орчуулгыг 212 дугаарт хуулбар үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХБАЯР