Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2016/00754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байр, 94 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Шийтэрцэрэнгийн Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

 нас тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.                                                                                                                                                                                                                                                       

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Ш.Лхагвасүрэн миний бие 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Одоо 31 настай, би 2014 оны 7 дугаар сард Недерланд улс руу яваад 2015 оны 9 дүгээр сард Монголдоо ирсэн. Би Недерланд улсын Стадсканаал хотод амьдрахдаа 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин Л.Сүйлэнг төрүүлсэн тул Скандскнаал хотын захиргаанаас Л.Сүйлэнд 100311 дугаартай төрсний гэрчилгээ олгосон.

Гэвч Монгол улсад ирээд охин Л.Сүйлэнгийн төрсний гэрчилгээг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн төвд хандахад “Скадсканаал хотын захиргаанаас олгосон 100311 дугаартай төрсний гэрчилгээний “эцэг, эхийн төрсний мэдээлэ” гэсэн хэсэгт хүүхэд төрүүлсэн эхийн огноог 1985 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэж зөрүүтэй тэмдэглэсэн байх бөгөөд энэ нь таны иргэний үнэмлэхэнд бичигдсэн төрсөн он сар өдөртэй тохирохгүй байх тул шүүхээр нас тогтоолгоод ир гэж хэлсэн.

Ш.Лхагвасүрэн миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх бусад бүх бичиг баримтад төрсөн огноог 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэж тэмдэглэсэн бөгөөд охин Л.Сүйлэнгийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, Л.Сүйлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, гаалийн мэдүүлэг, өрхийн эмчийн тодорхойлолт, хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдоно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 149-р зүйлд зааснаар Л.Сүйлэнгийн төрсний гэрчилгээнд эх Ш.Лхагвасүрэнгийн төрсөн огноо буруу бичигдсэн болохыг тогтоож өгнө үү гэв.

           

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

             Нэхэмжлэгч Ш.Лхагвасүрэн нь нас тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ “миний охин Сүйлэнг 2015 он 7 дугаар сарын 28-ны өдөр Недерланд улсын Стадсканаал хотод төрсөн. Төрсний гэрчилгээг олгохдоо миний төрсөн сарыг 12 сар гэхийг 02 сар гэж бичсэн байсан. Монголд ирээд охиндоо төрсний гэрчилгээ авах гэтэл миний төрсөн он, сар, өдөр зөрүүтэй байна гээд шүүхээр төрсөн он, сар, өдрөө тогтоолго гэсэн” гэж тайлбарласан.

            Охин Л.Сүйлэнгийн 100311 тоот төрсний гэрчилгээнд /хх-2 тал/ “эх Шийтэрцэрэнгийн Лхагвасүрэн 1985 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн” гэж, түүний иргэний үнэмлэх дээр /хх- 7 тал/ “Боржигон овогт Шийтэрцэрэнгийн Лхагвасүрэн 1985 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн” гэж төрсөн сарыг зөрүүтэй бичсэн байна.

             Ш.Лхагвасүрэн нь 1985 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн болох нь түүний тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

             Иймд  Ш.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

           

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                         

                                                                                                                  ТОГТООХ НЬ:

           

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Боржигон овогт Шийтэрцэрэнгийн Лхагвасүрэнг 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ