Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 616

 

 

 

 

 

 

  

              2019          6           21                                      2019/ШЦТ/616

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

                        улсын яллагч Ж.Энхжаргал,

                        шинжээч эмч М.Золжаргал,

                        хохирогч Г.Сарантуяа, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, Г.Оюунтуяа, М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180303009230042 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол банкинд шинжээч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 03 минутын үед Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг, Хэрлэн плазагийн урд замд Тоёота Ландкруйзер маркийн 76-95 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 7 дугаар бүлийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Сарантуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний бие 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хүний хамт дэлгүүр орохоор Сөүлийн гудамжаар баруунаас зүүн гар тийш явж байхдаа “Наран молл” дэлгүүрийн ард машины зогсоол байгааг хараад хурдаа сааруулахад зам дээр хүн утсаар яриад алхаад явж байсан. Тэр хүнийг аажуухан тойрч өнгөрөөд зогсоол руу орох гээд зогсох, хөдлөх нийлмэл хөдөлгөөн хийгээд явж байхад миний буруу гар талаас машин сигналдаад ороод ирсэн. Би эргэж хараад, урагшаа харахад урд хүн зогсож байсан. Би тормосоо гишгээд машинаа зогсоосон. Зүүн гар талаас машины хаалга онгойлгоод нэг хүн намайг загнасан. Тухайн үед юу болж байгааг сайн ойлгоогүй байхад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд хэмжилт хийж байхад намайг мөргөсөн гэж худлаа хэлсэн. Дараа нь камерын бичлэгийг үзэхэд энэ хүн өөрөө зорчих хэсэг дээр алхаж байсан. Тээврийн шинжээчийн дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-г зөрчсөн гэж үзсэн.  Хохирогчийн гэр бүлийн хүн Одсүрэн дуудлага өгөхдөө миний эхнэрийг шүргэсэн гэж мэдүүлэг өгсөн. Энэ нь шинжээч эмчийн дүгнэлтээр мөргүүлсэн гэдэгтэй зөрж байгаа юм. Хавтаст хэрэгт авсан баримтууд бүх шатанд миний эрхийг хязгаарласан. Хүсэлтийг хангаагүй. Хүсэлтийг хангахгүй гэсэн хариултыг 10 удаа авсан. Процессын алдаа их байгаа гэж үзэж байна. Эргэлзээг минь тайлж гэм буруугийн асуудлыг үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсч байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны энэ ослын талаар Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах хэрэг бүртгэгч х/ч Ч.Болдбаатарт мэдүүлэг өгсөн байгаа. Энэ ослын талаар нэмж хэлэх зүйл байна. Анхны “А” цэгийг хохирогчоор заалгаж буруу хэмжилт хийсэн нь камерын бичлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн хохирогч гэх Сарантуяа нь А цэг дээр зогсож байгаад мөргүүлээд нурууны бэртэл авсан гэж худал хэлсэн гэж би үзэж байна. Прокурорын яллах тогтоол дотор Сарантуяагийн мэдүүлгийн талаар дурдсан байна. Сарантуяад эмч хэвтрийн дэглэм сахь, судас, дарах аюултай босож болохгүй гэж хэлсэн байна. Сарантуяа нь эмчийн зааврыг илт зөрчсөн нь дараах үндэслэлээр нотлогдож байна. Үүнд: 1/ Сарантуяа нь өөрөө гурав хоногийн дотор шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. 2/ Ослын өдрөөс хойш богино хугацаанд цагдаагийн байгууллагад  өөрийн биеэр удаа дараа очиж мэдүүлэг өгсөн байсан. 3/ Прокурорын тогтоолд дурьдсанчлан Улаанбаатар Сонгодо эмнэлэгт шулуун гэдсээ үзүүлж явсан. 4/ё Бээжин хот руу шинжилгээ хийлгэхээр олон хоног явсан. Хэвтрийн дэглэм сахь гэсэн эмчийн зааврыг илт зөрчсөн, камерын бичлэгээр 90 минутын турш нааш цааш холхин, зөв зүгээр зовиургүй байгаа нь харагдаж байгаа, миний машинд хүрэх төдий болсон, имера болон компьютер томографикийн шинжилгээ хийлгэхээс эрс татгалзаж байгаа, түүний хугарсан 12-р нугалам нь миний машинд хүрсэн гэх өгзөгнөөс дээш 30-50 см дээр байрлалтай зэргээс харахад гэмтээгүй нь илт тодорхой байна. Ослын талаар нэмж ярихад миний бие ямар ч явган зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулаагүй бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчих хэсэг дээр гэнэт урдуур орж ирсэн Сарантуяаг харангуутаа 1 сек хүрэхгүй хугацаанд тээврийн хэрэгслийг зогсоож осол аюул гарахаас сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хүний алтан амийг аварсан болно. Үүнээс богино хугацаанд тээврийн хэрэгслийг зогсоох ямар ч боломжгүй, минут секунд долиор самбаачлах хугацааг тооцож шинжээчийн дүгнэлт гараагүй байна…” гэсэн мэдүүлэг /1хх-172-173/,

 

Хохирогч Г.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 10 дугаар сарын 13-нд “Хэрлэн” плазагийн өмнө би ланд-100 маркийн автомашинд араасаа мөргүүлсэн. Миний араас ямар нэгэн дохио өгөлгүй, чимээгүй ирсэн. Би ард талаас том машин ирж байгааг огт мэдээгүй. Гэнэт маш аймшигтай хүчтэй мөргөсөн. Мөргөлт нь миний өгзгөн дээр таарсан. Осол гарсан газар нь өгсүүр газар байсан. Машин дээшээ өгсөхөөр хамар нь дээшээ өндийж ирээд миний өгзөг, ахар сүүлэн дээр таарсан. Би тэр үед маш их цочролд орсон. Эргээд харахад маш том машины хамар ард байсан. Намайг мөргөх үед би хойшоо савсан. Ингэж савахдаа сээр нуруу хугарсан гэж үзэж байна. Би тэр үед нуруугаа хугалаад, хүнд гэмтэл авчихлаа гэж бодоогүй. Хэрэг болсноос 30 орчим минутын дараа би сууж чадахгүй хэвтсэн. Манай нөхөр цагдаа дуудсан. Мөргөсний дараа эргээд харахад энэ хүн яах нь вэ гэсэн байдалтай харж байсан. Эхнэр нь болон Б.Б нар машинд сууж байсан. Би тэр зогсоолыг олоод нөхрөө дуудаад байж байтал Б.Б миний ард ирээд зогсоолд манай нөхрөөс өрсөж орохыг тулд намайг мөргөж унагаасан. Намайг зөөлхөн шүргэсэн гэж хэлж байна. Гэтэл тэр том машин болон хурдыг тооцож үзэхээр ямар байх вэ. Би олон хүүхэд гаргасан, 59 настай хүн. Би урьд нь төрөхийн хүндрэлээс болж шулуун гэдэсний хагалгаанд орсон. Гэтэл яг миний шулуун гэдсэн дээр мөргөлт таарсан. Цагдаа ирээд намайг гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Би шууд эмнэлэгт очоод эмчид үзүүлсэн. Эмч миний нуруун дээр дарахад маш их өвчтэй зовиуртай байсан. Эмч намайг рентген зураг авуул гэж хэлсэн. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр байхад Энх-Амгалан байцаагч яриад эмчтэйгээ утсаар яриул гэхэд эмч ярихгүй гэж татгалзсан. Эмч хэлэхдээ та маш хүнд гэмтэл авсан байна. Анхаарахгүй бол явж чадахгүй болно шүү гэсэн. Би утсаа барьж байгаад эмчийн хэлснийг Энх-Амгаланд сонсгосон. Маргааш өглөө нь би босож чадахгүй болсон. Эмнэлэгт очихдоо өвчин намдаах тариа хийлгэж байж очсон. Дээшээ гэдийж чадахгүй тонгойсон байдалтай байсан. Эмнэлэгт хэд хоног хэвтэж байгаад биеийн байдал бага зэрэг дээрдсэн боловч бие засахад шууд доошоо цус алдсан. Би өдөрт 200 грамм орчим цус алдаж байсан. 20 орчим хоногийн дараа арай дээрдсэн. Биеийн байдлын талаар прокурорт хэлсэн. Би Бээжинд очиж шулуун гэдэсний хагалгаанд орсон. Эмчид өвчний түүхээ бүгдийг нь хэлсэн. Миний өвчний түүхийг 1 нүүр зүйл бичсэн. Тэр түүхэнд маш их цус алдсан гэж бичсэн байгаа. 11 дүгээр сарын 12-нд би хагалгаанд орсон. Хагалгаанд ороход шаардлагатай шинжилгээг бүгдийг нь хийсэн. 7000 юань тушаасан баримт хэрэгт авагдсан. Монгол мөнгөөр 3.000.000 орчим төгрөг болно. Дараа нь 5-6 хоног эмнэлэгт хэвтсэн. Өдрийн эмчилгээ нь 500 юань, мөн хятад хэлний орчуулагч 500 юань байсан. Өдөр бүр 500.000-600.000 төгрөгийн зардал гарч байсан. Мөргүүлснээс 10 хоногийн дараа би сууж ч чадахгүй байсан. Мөргөсний маргааш манай нөхөр рүү хэзээ эмнэлэгт үзүүлэх вэ гэж зурвас бичсэн. Намайг үзүүлээд ирсний дараа намайг фэйсбүүк дээр бичсэн. 14 удаа гомдол мэдүүлсэн. Мөргөсөн хүнээсээ ганц ч удаа уучлалт гуйгаагүй байж гомдол мэдүүлж байгаа нь ичгэвтэр зүйл. Би “А” цэгийг өөрөө тогтоосон. Замын цагдаагаас явган зорчигч ямар ч буруугүй гэж дүгнэсэн. “А” цэгийг дахиж тогтооход нь би байгаагүй. Тэгэхэд энэ хүн согтуурсан байдалтай, манай нөхрийг зодох гээд байсан гэсэн. Цагдаад энэ хүн согтуурсан байгаа талаар нь хэлэхэд цагдаа болно гэж хэлсэн. Энэ хүн “А” цэгийг замын голд гэж хэлээд байсан. Энх-Амгалан гэдэг мөрдөгч та нар маргаад байгаа юм бол дунд нь тогтоочихъё гээд буруу газар тогтоосон. Энэ хүний гомдлоор шалгаад миний хэлж ярьж байсан анхны бүхэн буруу болж эргээд би буруутай болж байна. Баримтаар 6.779.580 төгрөг, дээр нь өмгөөлөгчийн хөлс нэмэгдэнэ. Би нурууны гэмтлийг эмчлүүлээгүй. Гэтэл 4 дүгээр сарын 20-нд гэмтэл сэдэрсэн. Үүнийг эмчлүүл гэж эмч нар хэлсэн. Цаашид нурууны гэмтлээ эмчлүүлнэ. Тийм учир гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоос өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн Баруун талын Наран дэлгүүр орох гээд нөхрийн хамт явж байгаад нөхөр бид хоёр түрүүлээд алхаж явж байгаад Хэрлэн плазагийн урд талын зогсоол дээр нэг зогсоол олоод нөхрийгөө дохиж дуудаад буруу хараад зогсож байтал гэнэт миний өгзөг хэсэг рүү маш хүчтэй машин мөргөсөн, би эргээд хартал Т.Ландкруйзер том жип маркийн машин байсан юм. Тэр үед манай нөхөр машинаасаа гарч ирээд уг машины жолоочид чи хүн мөргөчихлөө гээд хаалгыг нь онгойлгоод жолоочийг нь буулгаж ирсэн. Тэгтэл уг машины жолооч намайг уучлаарай гэж хэлээгүй юм ярихгүй байхаар нь манай нөхөр цагдаад дуудлага өгсөн, удалгүй замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт хийгээд явсан. ...ослын газарт ирсэн мөрдөн байцаагч гэмтлийн эмнэлэгт очсон, эмч нар миний биед үзлэг хийж нуруу хэсэг рүү дарж үзэхэд маш их хөндүүр оргиж байсан учир нурууны рентген зураг авахуул гэсэн учир, зураг авахуулаад буцаад эмчид үзүүлэхэд эмч нурууны зураг үзээд таны нурууны 12 дугаар нугалам хугарсан байна, энэ хүнд гэмтэл, мэдрэлийн судас дарах аюултай босож болохгүй хэвтрийн дэглэм салхи гээд өвчин намдаах эм бичиж өгсөн байгаа. Тэгээд орой нь шууд гэртээ очиж хэвтээд маргааш өглөө нь нуруу өвдөөд босож чадахгүй 7-8 хоног маш хүнд байсан юм. Гурав хоногийн дараа шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн байгаа. ...би ослын дараа шууд нөхөртэйгөө гэмтлийн эмнэлэгт очоод цахим бүртгэлд очиход миний иргэний үнэмлэхийг шаардсан, үнэмлэхээ үзүүлж үзлэгт орох бүртгэлд орж, дугаарын дагуу эмчид үзүүлсэн, эмчид юу болсноо хэлсэн, эмч рентген зураг авахуулаад ирээ гэсэн, рентген зураг авдаг өрөө хажууханд нь байсан, өрөөнд ороод эмчид иргэний үнэмлэхээ үзүүлэхэд зургаа авахуул гэж хэлсэн, тэгээд дээшээ харж байгаад нэг удаа, хажуу тийшээ харж байгаад нэг удаа зургаа авахуулсан. Тэр эмчээс зургаа авах гэтэл зураг авсан эмч “таны зураг үзсэн эмчийн компьютерт орчихсон байгаа эмч дээрээ очиж уулз” гэсэн. эмч миний зургийг өөрөө үзээд дараа нь надад үзүүлээд таны нуруу хугарсан байна, их хүнд гэмтэл шүү дээ гэхэд л би нуруугаа хугарсанг мэдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-38-39, 2хх-14/,

 

Гэрч Б.Оюундарийн “…үзлэгийн рентген шинжилгээний хариу эмчийн компьютерт ирдэг. Түүний дагуу бодит үзлэг, оношилгоо шинжилгээн дээр тулгуурлан урьдчилсан оношийг тавьдаг. Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны үзүүлэгчийн зөвлөгөөний хуудастай танилцлаа, миний бичсэн зөвлөгөөний хуудас мөн байна. Би үзүүлсэн өвчтөнг санахгүй байна. Харин рентген зургийг санаж байсан. Үзүүлсэн өвчтөний биед сээр нурууны 12 дугаар хугарал гэж урьдчилсан онош тавьсан...” гэсэн мэдүүлэг /2хх 43-44/,

 

Шинжээч эмч М.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “…Манайх шинжилгээний обьектыг дүн бүртгэлээрээ дамжуулж авдаг. Хохирогч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн биеэр ирж үзүүлсэн. Тэр өдрөө дахин рентген зураг авуулаад дүгнэлт гарсан. Рентген зургаар оношлох боломжтой учир зурагт үндэслэж дүгнэлт гаргасан. Зам тээврийн ослоос шулуун гэдэсний цуурал үүсэхгүй. Учир нь уг эрхтэн нь 2 өгзөгний завсар нуугдмал байрладаг учир гэмтэл учрахгүй, мөн зам тээврийн ослын улмаас хуучин шарх сэдрэх боломжгүй. Эмчилгээ эдгэрэлтээс шалтгаалж цаашид хөдөлгөөн хязгаарлагдах эсэх нь тогтоогдоно. Удаан хугацааны явцад гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Хохирогчид учирсан гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 13-нд үүсэх боломжтой. Хохирогч өөрийн шулуун гэдсийг полиптой байсан гэдэг. Полип гэдэг өөрөө салстын ургацаг. Ургацагнаас цус алдах боломжгүй. Венийн судасны бөглөрөл зангирал байсан бол зам тээврийн осол гарсны дараа шууд цус алдах боломжтой. Венийн судасны бөглөрөл байсан эсэхийг нарийн мэргэжлийн эмч үзнэ. Бүрэлдэхүүн дэх шинжээч эмч нар ярилцаад дүрс оношилгооны салбараар рентген зургийг уншуулсан. Дүрс оношилгооны эмч Оюунбаясгалан зургийг уншаад хариугаа өгдөг. Манай зүгээс 10 дугаар сарын 13-нд авуулсан зургийг батлахын тулд хохирогчид компьютер болон Имрай шинжилгээ зөвлөсөн байна. Нурууны гэмтлийг тогтоохдоо сээр болон бүсэлхий нийтэд нь авсан рентген зургаар тогтоосон. Хохирогчийн нуруу “S” хэлбэрийн муруйлттай байсан энэ нь архаг хэлбэрийн буюу насжилттай холбоотой муруйлт байсан. 12 дугаар сарын 12-ны зургаар учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан, бороололт үүсээгүй байсан бөгөөд эдгэрэлтийн явц бага байсан. Насжилт, ясны сийрэгжилт, нуруун дээрх ясны ургалт, тухайн хүний биеийн онцлогоос хамаарч бороололт үүсэх эсэх нь хамаардаг. Хэрэг 2018 оны 10 дугаар сарын 13-нд болсон. Тухайн өдөр авуулсан болон 12 дугаар сарын 12-ны өдөр авуулсан сээр бүсэлхий нурууны рентген зургаар сээрний 12 дугаар нугалмын гэмтэл учирсныг тогтоосон. Урьд нь гэмтэл байсан бол хуучин гэмтэл гэж бичих ёстой. Тийм гэмтэл байгаагүй байсан учир шинэ гэмтэл авч 12 дугаар нугалмын гэмтэл учирсан байна гэж үзсэн. Тухайн гэмтэл 10 дугаар сарын 13-аас өмнө үүссэн байх боломжгүй. Хэрвээ өмнө үүссэн бол заавал ялгагдана. Ямар яс хугарснаас болж үүсэх бороо нь өөр байна. Нугалам дээр цусан болон хивэн бороо үүсэхгүй. Хохирогч 10 дугаар сарын 13-ны өдөр гэмтсэн. Тухайн өдрөө Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлж онош тавигдсан. Дараа нь шүүх эмнэлгийн анхны дүгнэлт гарсан. Анхны дүгнэлтээр тухайн өдөр гарсан байх боломжтой гэсэн. Дараа нь хавтаст хэргийн материалтай танилцаад тухайн өдөр гарсан гэж үзсэн...” гэв.

түүний мөрдөн байцаалтад шинжээчээр өгсөн “...хугарлын үед өвчтний сээр, нуруугаар өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдмал болох өвдөлтийн шинж тэмдэг илэрнэ. Учир нь нугасанд гэмтэл учраагүй тохиолдолд ямар нэгэн идэвхтэй дөлгөөн хийх боломжтой байдаг. ...Сээрний 12 дугаар нугалам нь нурууны дунд 1/3 хэсгийн доод хэсэгт байрладаг. Хүний өгзөг, гуяын ар хэсэгт мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр дээрх гэмтэл учрах боломжтой байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх 105-106/,

 

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “…Г.Сарантуяагийн сээрний 12 дугаар нугалмын хугарал нь шинэ гэмтэл байсан, хуучин гэмтэл тогтоогдоогүй болно. Нэмэлт хариултад хүний ясны сийрэгжилт нь байсан ч гэсэн гадны нөлөөгөөр буюу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж нарийн гаргасан байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх 102-103/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹12618 тоот актын “…Г.Сарантуяагийн биед сээрний 12-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт,

 

Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹02 тоот актын “…Г.Сарантуяагийн биед 2018.10.13-ны болон 2018.12.12-ны сээр, бүсэлхий нурууны рентгений зургаар сээрний 12 дугаар нугалмын хугарал гэмтэл учирчээ. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...Г.Сарантуяагийн шулуун гэдэсний цуурал нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжгүй. ...Г.Сарантуяагийн багана нуруу бага зэрэг S хэлбэрийн мурийлттай, Th2-Th-88 L5 нугалмуудын зах ирмэгээр остеофит ургалттай, Тh11-Тh12 завсрын жийргэвчийн зай намссан архаг өвчтэй байна. ...Г.Сарантуяагийн биед 2018.10.13-ны болон 2018.12.12-ны сээр, бүсэлхий нурууны рентген зургаар сээрний 12-р нугалмын хугарал гэмтэл учирчээ. ...4.6.7 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр сээрний 12-р нугалмын хугарал үүсэх боломжтой. ...Багана нуруу бага зэрэг S хэлбэрийн мурийлттай Th2-Th-88 L5 нугалмуудын зах ирмэгээр остеофит ургалттай, Тh11-Тh12 завсрын жийргэвчийн зай намссан үед нурууны яс аажмаар үйрэх, хугарах боломжгүй...” гэсэн дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 858 тоот актын “...Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, давтан үзлэгийн материалууд, зам болон орчны байдал, осол гарахын өмнөх үеийн болон ослын үеийн камерын бичлэг, гэрчийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12618 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Ландкруйзер-100 маркийн 76-95 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 7 дугаар бүлгийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /1хх-97-99/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх-12-13/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-15/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16-17, 23-24/, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-133/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-137/, хохирлын баримт /2хх-16-34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-131/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /1хх-53-55/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 03 минутын үед Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг, Хэрлэн плазагийн урд замд Тоёота Ландкруйзер маркийн 76-95 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 7 дугаар бүлийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Сарантуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Г.Сарантуяа, гэрч Б.Оюундарь, шинжээч эмч Ө.Сарангэрэл, М.Золжаргал нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 02 тоот актын дүгнэлт, техникийн шинжээчийн 858 дугаар дүгнэлт, шүүгдэгч Б.Бы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талууд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Г.Сарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Сарантуяа нь энэ хэрэгт холбогдуулан галт тэрэгний тасалбар, зочид буудал, автобусны билет, онгоцны тиз, хагалгаа хийлгэсэн шинжилгээний зардал, эм тариа, эмчийн үзлэг, эмнэлгийн ор хоног, хоол хүнс, такси, өмгөөллийн хөлс зэрэг нийт 5.887.861 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогч Г.Сарантуяагаас нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сарантуяад шинжээчийн дүгнэлтээр “...сээрний 12 дугаар нугалмын хугарал...” гэмтэл учирсан бөгөөд хохирогч Г.Сарантуяагийн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд болох Хөх хот болон Бээжин хотын Дунда эмнэлэгт эмчилүүлсэн гэх баримтуудаас харахад тэрээр “...сээрний 12 дугаар нугалмын хугарал...” гэмтлийг эмчилүүлээгүй, харин шулуун гэдэсний эмчилгээ хийлгэсэн, өөрөөр хэлбэл хохирогч Г.Сарантуяа нь шүүгдэгч Б.Б гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчилүүлээгүй байна.

Иймд хохирогч Г.Сарантуяагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

    

 Шүүгдэгч Б.Бы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Б.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           

5.Хохирогч Г.Сарантуяагийн энэ хэрэгт холбогдуулан нэхэмжилсэн 5.887.861 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

6.Хохирогч Г.Сарантуяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР