| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/03505/И |
| Дугаар | 210/МА2025/00566 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00566
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01004 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******э нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Чингэлтэй дүүргийн ******* хороо,******* ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 402 м.кв хэмжээтэй газрыг *******ын өмчлөлд шилжүүлэхийг *******эд даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь *******тэй Худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа маргаан бүхий газрыг анхнаасаа худалдах зорилгогүй хийсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа банк бусаас газрын гэрчилгээ барьцаанд тавьж, зээл авах гэсэн боловч нэхэмжлэгч тухайн үед муу зээлийн түүхтэй байсан тул *******ийн нэр дээр зээл гаргуулахаар тохиролцож, зээл авахаар “******* ББСБ” ХХК-д хандсан.
1.2. Тухайн үед *******өд Бэлэглэлийн гэрээгээр уг газрыг шилжүүлж зээлээ авах гэсэн боловч Бэлэглэлийн гэрээгээр зээл гаргахгүй гэсэн тул Худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилж 6,000,000 төгрөгийн зээл авсан.
1.3. Тус зээлийг төлж дууссаныхаа дараа нь өөрийнхөө нэр дээр газраа шилжүүлж амжаагүй байхад ******* хөрөнгө оруулалтын санал орж ирсэн тул барьцаалах хөрөнгө хэрэгтэй байна, мөнгөтэй болчихвол газар дээр барилга байгууламж барихаар барьцаанд тавибал яах вэ гэсэн санал тавихад нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн.
1.4. Гэтэл тус газрыг *******ийн барьцаанд тавьсан гэж бодож байтал Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба буцаад миний нэр дээр шилжих боломжгүй болсон байна. *******э рүү газрыг шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийсэн болохыг мэдээгүй.
1.5. Иймд *******тэй хийсэн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, мөн *******, *******э нарын хооронд хийсэн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг,******* 1 гудамж, Зе тоот хаягт байрлах 402 м.кв хэмжээтэй газрыг газрыг *******ын өмчлөлд шилжүүлэхийг *******эд даалгаж өгнө үү гэжээ
2. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгчтэй 2019 оноос хамт амьдарч байх хугацаанд банк бусаас зээл авахын тулд нэхэмжлэгчийн нэр дээр байсан газрыг миний нэр дээр шилжүүлсэн. Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Алт 2” хөтөлбөрт хамрагдах төсөл бичүүлэхээр А.******* гэх хүнтэй уулзахад төсөл бичих бүх ажлыг хийгээд 100,000,000 төгрөгийн ажлын хөлс авна гэсэн.
2.2. Тухайн үед мөнгө байхгүй байсан тул *******этэй уулзахад надад зарах гэж байгаа Ланд круйзер/Land cruiser/-200 маркийн автомашин байгаа. Үүнийг хэрэглэж байгаад буцаагаад мөнгийг нь өгөөрэй, харин барьцаанд нь эд хөрөнгө барьцаал гэсэн тул нэхэмжлэгчийн газрыг барьцаанд тавьсан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга:
3.1. *******э нь 2020 оны 08 сарын 04-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба уг гэрээнүүдийг дагуу *******өөс маргаан бүхий газрыг шилжүүлэн авч, харин *******ийн эзэмшийн ******* улсын дугаартай Ланд круйзер/Land cruiser/-200 маркийн автомашиныг *******өд шилжүүлэн өгсөн. Үүнд барьцааны асуудал байхгүй. *******, ******* нар нь Ланд круйзер/Land cruiser/-200 маркийн автомашиныг зарсан мөнгөө, цааш нь залилуулсан гэх ба энэ нь *******эд хамаагүй юм.
3.2. 2020 оны 02 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч ******* хариуцагч *******өд тухайн газрыг шилжүүлсэн. Үүнээс хойш 6 сарын дараа буюу 2020 оны 08 сарын 04-ний өдөр *******этэй тухайн газрыг худалдах, худалдан авах гэрээ, мөн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдоно. Тухайн үедээ барьцаалахаар үйл баримтаа мэдэхгүй байсан бол энэ хугацаанд шүүхэд хандах, гэрээгээ хүчин төгөлдөр бус болгуулах боломж байсан.
3.3. 2020 оны 02 сарын 13-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Энэ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш юм. Өөрөөр хэлбэл, хүсэл зориг нь *******өд худалдах, худалдан авах гэрээгээр тухайн газрын өмчлөлийг бүхэлд шилжүүлэхийг зөвшөөрсөн.
3.4. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг хийхдээ талууд нэр шилжүүлэхэд татварыг бага төлөх зорилгоор 1,500,000 төгрөгөөр 2020 оны 02 сарын 13-ны өдөр гэрээнд бичсэн байдаг. Дараа нь *******этэй хийсэн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн гэрээнд байдаг. Хэлцлийн зарим хэсэг хүчингүй байх нь тухайн хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй учраас гэрээ хүчинтэй гэж үзэж байна.
3.5. Мөн нэхэмжлэгч 2023 оны 06 сарын 26-ны өдөр буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгөө 2020 оны 02 сарын 13-ны өдөр шилжүүлснээс хойш 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгөөс 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос, 70,200 төгрөгийг хариуцагч *******өөс, 140.400 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга
5.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийхдээ шүүгч хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан дүгнэлтүүд нь хоорондоо утга найруулгын болон үйл баримтын алдаатай, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй.
5.2. Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2019 оноос хойш гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт өгсөн тайлбараас тогтоогддог. 2020 онд эхнэр ******* нөхөр ******* нарт мөнгөний хэрэг гарсан тул эхнэр *******ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг нөхөр *******ийн нэр дээр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 2020 оны 02 сарын 13-ны өдөр шүлжүүлсэн бөгөөд үүнээс хойш даруй 6 сарын дараа 2020 оны 08 сарын 04-ний өдөр *******эд ******* нь тухайн газрыг худалдаж, газрын төлбөрт *******ийн Ланд круйзер/Land cruiser/-200 маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцож, 2020 оны 08 сарын 04-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах худалдах авах гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г тус тусд нь байгуулсан.
5.3. Газрыг худалдан авах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь *******ийн нэр дээр байсан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч биш болохыг *******э мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдээгүй тул шударга эзэмшигч биш гэсэн агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй. Тухайн газрыг худалдан авах үед *******ийн нэр дээр гэрчилгээ байснаар ******* нь өмчлөгч болох нь нотлогдож байна. *******э нь өөрийн машинаар сольж тухайн газрыг худалдан авснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.
5.4. Хэрвээ *******, ******* нар үнэхээр *******эд тухайн газрыг барьцаалсан нь үнэн бол 2020 оны 08 сараас хойш яагаад нэг ч төгрөг *******эд төлөөгүй вэ гэдэг дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Үнэхээр барьцаалсан бол барьцааны гэрээний үүрэг биелэгдээгүй байхад эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. *******, ******* нар нь нийлж *******ийг хохироож байна.
5.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хэсэгт зааснаар 2020 оны 02 сарын 13-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэж дүгнэсэн байдаг. Хэрвээ энэ гэрээ өөр хэлцлийг халхавчилж хийсэн бол ямар хэлцлийг халхавчилсан талаар нотлох баримт байхгүй. Хэлцэл хийгч талуудын хүсэл зориг нь *******ийн нэр дээр шилжүүлэх байсан учраас *******өд өмчлөх эрх шилжсэн. Харин ******* нь *******өд эд хөрөнгө барьцаалж байгаа хэлбэр биш. Иймд хуулийн энэ заалтанд энэ хэлцэл хамаарахгүй.
5.6. Мөн *******ийг худалдан авсан газрын байршлаа мэдэхгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл *******э нь худалдан авсан газраа мэднэ, шүүх хуралдаан дээр *******ийн газрыг байршлыг мэдэх үү гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* надаас асуусан бөгөөд миний бие газрын байршлыг “Дэнжийн мянга хавьцаа байдаг би сайн мэдэхгүй” гэж хариулсныг *******э хариулсан мэтээр бичсэн байна. Хуульд газрын байршлаа мэдэхгүй бол гэрээ хүчингүй болно гэсэн заалт байхгүй.
5.7. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан нотлох баримтаас гадуур өөрийн бодлоор дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ний өдрийн 192/ШШ2025/01004 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу халхавчилсан хэлцэл гэх агуулгаар маргасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд халхавчлуулж байгаа хэлцэл нь барьцааны гэрээ. Мөн “******* ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээнээс тодорхой харагдана.
6.2. Анх 2020 оны 02 сард *******аас *******өд Бэлэглэлийн гэрээгээр шилжсэн ба тус гэрээг цуцалсны дараа 1,500,000 төгрөгийн үнийн дүнгээр *******өд шилжүүлсэн. Энэ нь тухайн үеийн зах зээлийн ханшаас доогуур байсан.
6.3. Халхавчилж хийсэн хэлцлийн шалтгаант нөхцөл тодорхой байгаа учраас гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. Татвараас зугтаах зорилготойгоор 100,000,000 төгрөгийн үнийг 1,500,000 төгрөг гэж бичсэн болохоо хүлээн зөвшөөрч байна гэсэн нь үндэслэлгүй. Хэлцлийг байгуулах хүсэл зориг байх ёстой. Хариуцагч *******ийг тухайн газар амьдарч байсан бол хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх байсан. Талуудын өгсөн тайлбар, мэдүүлгээр нотлогдож байгаа.
6.4. Хэлцэл анх 2020 оны 08 сарын 04-ний өдөр байгуулагдсан. Татвараас зугтааж хийсэн хэлцэл бүр хүчин төгөлдөр байвал ямар хуулийг дагаж мөрдөх нь эргэлзээтэй. Гэрээ байгуулагдсан гэж үзвэл газрыг өмчлөх хүсэл зориг яагаад байгаагүй вэ, хариуцагч *******ийн зүгээс холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Хэрэгт нэг ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй.
6.5. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадаагүй. 2024 оны 06 сард явагдсан анхан шатны шүүх хуралдаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хойшилсон. Тухайн хуралдаанд гаргасан *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч *******ийн өмгөөлөгч: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд *******, ******* нарыг одоог хүртэл гэр бүлийн харилцаатай гэж тайлбарласан. 2019-2021 он хүртэл хамт амьдарч байсан. ******* нь өөр хүнтэй гэр бүл болж одоо Дархан-Уул аймагт амьдарч байна.
7.2. *******өд анхнаасаа *******ын газрыг худалдан авах сонирхол байгаагүй. Энэ талаар өөрийнх нь тайлбар мэдүүлгээр нотлогддог. “******* ББСБ” ХХК-ийн зээлийн барьцаанд тавихаар өөрийн нэр дээр шилжүүлсэн. ******* нь *******эд газрыг худалдах сонирхол байгаагүй.
Хэрэгт авагдсан хариуцагч *******ийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлөөр нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******э нарт холбогдуулан *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”, *******, *******э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 1294 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүрэг, ******* хороо,*******ийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч *******эд даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* зөвшөөрч маргаагүй, хариуцагч *******э эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Чингэлтэй дүүрэг, ******* хороо,*******ийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх 2014 оны 06 сарын 03-ны өдөр *******ын нэр дээр анх бүртгэгдэж, 2014 оны 06 сарын 26-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”-ээр *******ийн өмчлөлд, 2019 оны 06 сарын 20-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”-ээр *******, ******* нарын өмчлөлд, 2020 оны 02 сарын 04-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр ******* хасагдаж, *******ийн өмчлөлд, 2020 оны 02 сарын 11-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр *******ын өмчлөлд, 2020 оны 02 сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ээр *******ийн өмчлөлд, 2020 оны 08 сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ээр *******ийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн;
3.2. *******, ******* нарын хооронд 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Чингэлтэй дүүрэг, ******* хороо,*******ийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг *******өд 1,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон;
3.3. *******, *******э нарын хооронд 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 1294 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Чингэлтэй дүүрэг, ******* хороо,*******ийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг *******эд 1,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон;
3.4. *******, *******э нарын хооронд 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 1295 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******э нь ******* улсын дугаартай Ланд круйзер/Land cruiser/-200 маркийн автомашиныг *******өд 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.
4. Нэхэмжлэгч “... газар өмчлөх эрхээ худалдах зорилгогүй, зөвхөн зээлийн барьцаанд тавих зорилгоор *******өд шилжүүлсэн. Гэтэл ******* өмчлөгч биш атлаа миний газрыг цааш нь *******эд шилжүүлсэн нь тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул газар өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг *******эд даалгах үндэслэлтэй...” гэж, хариуцагч ******* “… Алт-2 хөтөлбөрөөс зээл авахад бэлэн мөнгө шаардлагатай болсон *******ээс автомашин авч, барьцаа болгож газрыг шилжүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна” гэж, хариуцагч *******э нь “… газрын өмчлөх эрхийг *******өөс Ланд круйзер/Land cruiser/-200 маркийн автомашинаар арилжиж авсан буюу газрын өмчлөх эрхийг шударгаар олж авсан” гэж тус тус тайлбарласан.
5. Хэрэгт цугларсан баримтаар зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Чингэлтэй дүүрэг, ******* хороо,*******ийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх шилжиж одоо *******ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа, мөн хариуцагч ******* нь Ланд круйзер/Land cruiser/-200 маркийн автомашиныг бусдад худалдаж, 100,000,000 төгрөгийг хүлээн авсан байна.
5.1. Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.
5.2. Харуицагч ******* нь “Алт-2” хөтөлбөрөөс зээл авахад бэлэн мөнгө шаардлагатай байснаас шалтгаалан мөнгөн хөрөнгө шаардлагатай болж, “******* ББСБ” ХХК-аас 6,000,000 төгрөгийн зээлийн авах зорилгоор *******аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, барьцаанд тавьсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.
5.3. Маргаан бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр нэхэмжлэгч *******ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг *******ийн зээлийн барьцаанд тавих боломжийг Иргэний хуулиар хязгаарлаагүй байхад *******ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн, мөн ******* нь барьцаанд тавих зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үйл баримтыг үгүйсгэх баримтгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хувийн харилцаатай байх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжиж хууль зүйн үр дагавар үүссэн, мөн хариуцагч ******* нь нэхэмжлэлийг үгүйсгэж маргаагүй тул талуудын зарчмын үүднээс уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үндэслэлд хамаарч байна.
5.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар *******, ******* нарын хооронд 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь хариуцагч *******ийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй тул энэ хэсэгт гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаснаас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хариуцагч *******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
6.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр байх гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгоно.
Харин, хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл бүрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй.
Хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд цаг хугацааны хувьд тусдаа байгуулагдаж, улмаар хууль зүйн үр дагавар үүсгэсэн хөрөнгө шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарахгүй.
6.2. ******* болон ******* нарын хооронд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа байгуулагдсан *******, *******э нарын хооронд 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 1294 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ээр гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талаар хийсэн хэлцэлд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан зохицуулалт үүсгэхгүй.
Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.
Хариуцагч *******э нь *******, ******* нарын хооронд 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” болон уг үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн барьцааны гэрээний зүйл болгох зорилгоор шилжүүлсэн үйл баримтын талаар мэдэх боломжгүй тул *******ийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.
Түүнчлэн, *******ийг өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан, мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан гэх байдал хэргийн баримтаар нотлогдохгүй байна.
6.3. Анхан шатны шүүх “… Гэрээний нэг тал /*******/-д мөнгөн хөрөнгө хэрэгцээтэй байхад худалдах-худалдан авах гэрээ, эсхүл арилжааны гэрээ гэх мэт эд зүйл өмчлөлд шилжүүлэх гэрээг талууд байгуулж, хөрөнгө солилцсон гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн, 2020 оны 08 сарын 04-ний өдөр *******э болон ******* нар Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн өдрийн тухайн цагт мөн хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэг нотариатчаар гэрчлүүлсэн нь хөрөнгө арилжих хүсэл зориг талуудад байсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.” гэж дүгнэсэн нь буруу.
Талуудын тайлбар зөрүүтэй байгаа тохиолдолд хэргийн бусад бичгийн баримтаар тогтоогдсон тохиолдолд шүүх үнэлэх бөгөөд хэрэгт хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл үгүйсгэгдэх баримт авагдаагүй байхад нэг нотариатчаар гэрчлүүлсэн нь хөрөнгө арилжих хүсэл зориг талуудад байсан гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж дүгнэх нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцэхгүй байна.
6.4. Анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлд хариуцагч *******ийн төлөөлөгч “… очиж үзсэн гэсэн, одоо ч үздэг., … Би газрыг нь сайн мэдэхгүй …” гэж тайлбарласан байхад газар буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдаж буюу арилжиж авахдаа тухайн газрыг үзээгүй, байршлыг мэдэхгүй, өөр хүний эзэмшилд байгаа эсэхийг шалгаагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авах хэлцэл хийж байгаа этгээд тухайн газрыг үзэх, шалгах боломжтой байсан боловч энэ үйлдлийг хийгээгүй…” гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.
Талуудын тайлбар зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцагч ******* нь дээрх үйл баримтыг нотлох үүрэгтэй байхад зөвхөн хариуцагч *******ийн тайлбарт үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
Түүнчлэн, хариуцагч ******* нь гэрээ байгуулснаас хойшхи Ланд круйзер/Land cruiser/-200 маркийн автомашиныг бусдад худалдаж, 100,000,000 төгрөгийг *******эд төлөөгүй, мөн маргаан бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэх талаар харилцаж байгаагүй зэргийг харьцуулан дүгнэхэд *******ийн тайлбар үгүйсгэгдэж байх тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар *******э нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх тул түүний газар өмчлөх эрх хамгаалагдана.
6.5. Иймд хариуцагч *******, *******э нарын хооронд байгуулсан 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 1294 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хэлцэлд хамаарахгүй тул *******ын нэхэмжлэлээс хариуцагч *******эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.
7. Давж заалдах шатны шүүхээс *******э холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хасна.
Тодруулбал, хариуцагч *******ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд байгуулсан 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний үр дагаврыг арилгаж, өмчлөх эрхийг *******ын нэр дээр шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь буруу болжээ.
8. Нэхэмжлэгч нь хариуцагч *******өөс хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас учирсан хохирлыг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01004 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 174 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 1294 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн ******* хороо,******* ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай газрыг *******ын өмчлөлд шилжүүлэхийг *******эд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгөөс 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос, 70,200 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР