Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2016/00760

 

2016 оны 08 сарын 31 өдөр

      Дугаар 184/ШШ2016/00760

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тахилтын 17 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, 29 настай, эмэгтэй, Хүүхэн хутагт овогт Эрхэмбаярын Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй,

хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Отгонбаатартай 2012 онд танилцаж, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүү Үйлстэмүүлийг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр хамтран амьдарсан. Гэвч нөхөр Отгонбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр цахилгаан тогонд цохиулж нас барсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан ба хүү О.Үйлстэмүүлд тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч гэрлэлтийн баталгаа байхгүйгээс боломжгүй болсон. Иймд биднийг 2012 оноос 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хүүхэн хутагт овогт Эрхэмбаярын Мөнгөнцэцэг нь Айсай овогт Баттулгын Отгонбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Э.Мөнгөнцэцэг, Б.Отгонбаатар нар нь 2012 оны 3 дугаар сарын 05-наас  2016 оны 7 дугаар сарын 22-ныг хүртэл хамтын амьдралтай байсан ба хамтын амьдралын хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүү Отгонбаатарын Үйлстэмүүлийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсны 0000187639 тоот гэрчилгээ, 8401000265 тоот төрсний гэрчилгээ, гэрч Б.Энхболор, Б.Буянбадрах нарын мэдүүлэг зэргийн баримтуудаар тогтоогдож байна.

           Иймд  Э.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг Б.Отгонбаатартай 2012 оны 3 дугаар сарын 05-наас  2016 оны 7 дугаар сарын 22-ныг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

           

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:         

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Хүүхэн хутагт овогт Эрхэмбаярын Мөнгөнцэцэгийг  Айсай овогт Баттулгын Отгонбаатартай  2012 оны 3 дугаар сарын 05-наас  2016 оны 7 дугаар сарын 22-ныг  хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЧИМЭГ