Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00619

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01265 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК холбогдох,

 

64,476,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах, Д.Дорноо/Daorina/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 6 дахь жилдээ улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани. Энэ үүргийнхээ дагуу ******* ХХК-тай 2023 оны 10 сарын 20-ны өдөр GHT23/02 дугаар Тээврийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2023 оны 10 сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд 1357.4 тонн нүүрсийг тээвэрлэсэн.

1.2. Нүүрс тээвэрлэсэн тээврийн хөлсийг 1 тонн тутамд 200 юань буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар төлбөр тооцоогоо өгөхөөр тохирсон ба тус тээврийн хөлс нь 128,953,000 төгрөг болсон. Уг төлбөрийг хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлж төлсөн.

1.3. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т төлбөр төлөх өдөртөө багтааж төлөөгүй бол түүнээс хойш өдөр тутам нийт дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу 11 сарын 02-ны өдрөөс нийт 3 сарын хугацаа хэтрүүлсэн алданги тооцоход 64,476,500 төгрөг болсон тул бусад бичиг баримтын орчуулгын төлбөрийн хамт нийт 64,501,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2023 оны 10 сарын 22-ны өдөр GHT23/02 дугаар Тээврийн гэрээ байгуулагдсан. 2023 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл тээвэрлэлт хийгдсэнд маргахгүй.

2.2. Гэхдээ 2023 оны 12 сарын 30-ны өдрийн ачаа тээвэр хийсэн ******* ХХК-ийн жолооч осол гаргасан. ******* ХХК-ийн эзэмшлийн уурхай биш, нүүрс худалдаж авах гэрээгээр худалдаж авсан нүүрсээ тээвэрлүүлж байсан.

2.3. Дээрх ослоос шалтгаалаад уурхай дээр шалгалт орсон байдаг. Үүнтэй холбоотой хариуцагчаас 2023 оны 12 сарын 19-ний өдөр тухайн үед орчуулагчаар ажиллаж байсан ажилтан н.*******ын цахим хаягаас ******* ХХК-ийн цахим хаяг руу гэрээ цуцлах талаар саналыг явуулж, 2023 оны 12 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс 2023 оны 09 сарын 28-ны өдрийн Тээврийн гэрээг цуцалж, энэ өдрөөр төлбөр тооцоог бүрэн дуусгана уу гэсэн агуулга бүхий гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрсөн албан бичиг явуулсан байдаг.

2.4. Иргэний хуулийн 204 дугаар зүйл, 205 дугаар зүйл, 227 дугаар зүйлд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан. Санал гаргаагүй тал хугацаа тогтоогоогүй, гэрээг цуцлах талаар зөвшөөрч байгаа тохиолдолд энэ гэрээ нь 2023 оны 12 сарын 27-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэж байна. Цуцлагдсан гэрээний дагуу алданги шаардах эрх нэхэмжпэгч талд үүсэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 243.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан, хариуцагч ******* ХХК-д холбогдох 64,501,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,458 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж буюу нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргийг биелүүлээгүй. Улмаар талуудын хооронд 2023 оны 10 сарын 20-ны өдрийн байгуулагдсан Тээврийн гэрээ, нэхэмжлэх, алданги нэхэмжилсэн баримт болон шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болсон тээврийн хөлс, үүссэн алдангийн талаарх гомдлыг шалгаж шийдвэрлэсэн *******сум дахь Сум дундын Прокурорын газрын 2024 оны 38 дугаар Прокурорын тогтоолыг бүхэлд тухайн хэрэгт ямар хамааралтай, ач холбогдолтой утга агуулгаар нь тус тус үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжилж буй алдангийг нэхэмжлэх эрхгүй хэмээн тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн ноцтой зөрчил болно.

4.2. Иргэний хуульд заасан үндэслэлээр гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр гэж үзсэн атал түүнээс үүдэж хариуцагч тал төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхээс зайлсхийж улмаар хууль хяналтын байгууллагад хандсаны дараа төлбөр төлсөн хугацаанд ногдох алдангийг нэхэмжлэх нь хууль ёсны хэмээн үзэж буй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талын бичгээр гаргасан давж заалдах гомдолтой танилцахад хэрэгт авагдсан нотлох баримт болох Прокурорын тогтоолд холбогдуулж гомдлыг гаргасан атлаа өнөөдрийн шүүх хуралдааны явцад гаргаж буй тайлбар нь бид ажлаа хийж гүйцэтгэсэн учир тухайн хугацааны алдангийг авъя гэх байдлаар тайлбарлаж байна.

5.2. Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 205 дугаар зүйл, 227 дугаар зүйлд ямар тохиолдолд гэрээг цуцалсан гэж үзэх, гэрээг цуцалсан тохиолдолд талууд ямар эрх, үүрэг хүлээх талаар тодорхой хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч тал бичгээр гаргасан давж заалдах гомдлоо Прокурорын тогтоолтой холбогдуулан гаргасан бөгөөд уг Прокурорын тогтоол нь гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх агуулгаар гарсан болохоос энэ нь шүүхийн эцсийн шийдвэр биш.

5.3. 2023 оны 12 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч компанийн орчуулагчаар ажиллаж байсан н.******* гэх хүний цахим хаягаас нэхэмжлэгч компанийн цахим хаяг руу гэрээг цуцлах санал явуулсан. 2023 оны 12 сарын 28-ны өдөр ирсэн албан бичгээр талууд гэрээг дүгнэж тухайн байгууллага нь 128,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн тохиолдолд гэрээг цуцлахыг зөвшөөрсөн.

5.4. Тухайн үед талуудын хооронд алдангийн талаарх асуудал огт яригдаагүй. Нэгэнт гэрээ цуцлагдсан тул гэрээний үүрэг болон нэмэлт үүргийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч ******* ХХК-д холбогдуулан алданги 64,476,500 төгрөг, орчуулгын зардал 25,000 төгрөг нийт 64,501,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2023 оны 10 сарын 20-ны өдөр GHT23/02 Тээврийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* нүүрсний уурхайгаас *******боомтын Гаалийн хяналтын талбай хүртэл нүүрс тээвэрлэхээр тохиролцсон;

 

3.2. ******* ХХК-аас ******* ХХК-д тээвэрлэлтийн гэрээг цуцлах тухай саналд тээвэрлэгч талын буруутай үйл ажиллагаанаас үүдэж тээвэрлүүлэгч талын уурхайн олборлолтод хүнд ноцтойгоор нөлөөлсөн тул гэрээг дуусгавар болгохыг шаардаж байна гэж дурдсан;

 

3.3. ******* ХХК-аас ******* ХХК-д 2023 оны 12 сарын 27-ны өдөр ирүүлсэн 23/93 дугаар албан бичигт ... 2023.09.28-ны өдрийн GHT23/02 гэрээг цуцалж, энэ өдрөөр төлбөр тооцоог бүрэн дуусгана уу гэж дурдсан;

 

3.4. ******* аймгийн *******сум дахь Сум дундын Прокурорын газрын 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 38 дугаар тогтоолоор ******* ХХК-аас ******* ХХК-д холбогдуулан тээврийн хөлс 142,503,065 төгрөгийг өгөлгүй залилсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн;

 

3.5. ******* ХХК нь 2024 оны 04 сарын 04-ний өдөр ******* ХХК-д тээвэрлэлтийн гэрээний хөлс 128,953,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.

 

5. Нэхэмжлэгч нь Тээвэрлэлтийн гэрээний үүрэг 128,953,000 төгрөгийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул 2023 оны 12 сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны алданги 64,476,500 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

5.1. Алданги шаардах эрх зүйн үндэслэл нь гэрээнд заасан мөнгөн төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн буруутай, үүргийн зөрчил гаргасан байхыг шаардана.

Гэтэл, талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 10 сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан ба нэхэмжлэгч байгууллагын жолооч зам тээврийн осол гаргасан нь гэрээ цуцлах нөхцөл болсон талаар хариуцагч талын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

5.2. Нэхэмжлэгч байгууллага нь 2023 оны 12 сарын 27-ны өдөр гэрээг цуцлахыг зөвшөөрсөн агуулгатай албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний 8-д заасан гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцсон үндэслэлд хамаарч байна.

 

Анхан шатны шүүх талууд хэлэлцэн тохиролцож гэрээг цуцалсан тул уг гэрээг үндэслэн гэрээний хариуцлага алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Учир нь дуусгавар болсон гэрээнээс эрх зүйн үр дагавар үүсэхгүй ба гэрээний харилцааг талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон тохиолдолд гэрээний дагуу нэмэлт үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

5.3. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас алданги 64,476,500 төгрөг, орчуулгын зардал 25,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

6. Давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргийн зөрчилгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд хамаарах үндэслэлийн талаарх зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243.6 гэж техник алдаа гаргасныг залруулна.

7. ******* аймгийн *******сум дахь Сум дундын Прокурорын газрын 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 38 дугаар тогтоолыг үнэлээгүй талаар давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүх ******* аймгийн *******сум дахь Сум дундын Прокурорын газрын 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 38 дугаар тогтоолыг хэрэгт хамааралтай талаас нь дүгнэсэн ба уг тогтоол нь анхан шатны шүүхийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрх зүйн үндэслэлд хамааралгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01265 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 243.6 ... гэснийг ... 232.6 ... гэж, ... 227 дугаар зүйлийн 227.3 ... гэснийг ... 219 дүгээр зүйлийн 219.1 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР