Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2016/00719

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 118-24а тоотод оршин суух, эмэгтэй, АЭ80102205 регистрийн дугаартай, Сахалгууд овогт Бумнасангийн Бүрэнжаргалын нэхэмжлэлтэй,

хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бүрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Бүрэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1999 онд Түмэндэмбэрэлтэй танилцаж гэр бүл болсон. 2000 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Тэмүүлэн төрсөн. Бид 2000 оны 12 сараас эхлэн тусдаа амьдрах болсон ба 2001 оны 8 дугаар сард миний бие муудаад хүүдээ хадам ээжийндээ үлдээгээд хот руу эмчилгээ хийлгүүлэхээр 7 сарын хугацаанд явсан. Намайг эргээд очиход хадам ээж, хүргэн Ганзориг, охин Түмэн-Өлзийд нарт үрчлүүлсэн ба би охиноо үрчлүүлэхгүй өөрийн асрамжид авна гэж 2002 оны 7 сард охиноо өөрийн асрамжид авсан. Үүнээс хойш хугацаанд охин Тэмүүлэнтэй хамт амьдарч байгаа. Би хүүхдийнхээ овог нэрийг өөрийн нэр дээр сольж гэрчилгээ авсан. Гэвч 2013 онд шинэчилсэн бүртгэлээр 3 сарын 20 000 төгрөг орохгүй байхаар нь Улсын бүртгэлийн газраас лавлан тодруулахад үрчлэлт хүчин төгөлдөр байна гэж хэлсэн. Би үүнийг мэдснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч би эмчилгээнд орох байсан учраас очиж чадаагүйгээс болж нэхэмжлэлийг буцаасан.

          Ганзориг, Түмэн-Өлзий нарт би үрчлэхийг зөвшөөрөөгүй. Надад хэлээгүй үрчлээд овог нэрийг нь сольсон байсан. Одоо энэ хүмүүстэй ямар ч холбоо байхгүй, хаана байгаа нь ч мэдэхгүй. Би олж чадахгүй. Аав нь Түмэндэмбэрэл боловч миний охиныг тоодоггүй. Одоо хаана байгаагч мэдэхгүй. Өөр хүнтэй амьдралтай болсон. Архангай Тариатад байдаг гэсэн. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед тэд нар ирж тайлбар гаргасан. Бас надад хэлэхдээ бид нарт хамаагүй хүүхдээ ав гэсэн. Тэд нар гомдол санал гаргахгүй. Өмнө нь өгсөн тайлбар байгаа тул тэр тайлбарыг үндэслээд байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

          Иймд 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2 тоот бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэв. 

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Бүрэнжаргал нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2000 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Т.Тэмүүлэнг түүний эцэг Түмэн-Очирын Түмэндэмбэрэл, эх Бумнасангийн Бүрэнжаргалаас нараас 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гүррагчаагийн Ганзориг, Төмөр-Очирын Түмэн-Өлзий нарт  үрчлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гуравдагч этгээд Г.Ганзоригийн тайлбар, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 7069 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, 7070 тоот үрчилсний бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Бүрэнжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2000 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Т.Тэмүүлэнг 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2 тоот  бүртгэлээр Гүррагчаагийн Ганзориг, Төмөр-Очирын Түмэн-Өлзий нарт  үрчилснийг хүчингүйд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Г.Ганзориг, Т.Түмэн-Өлзий нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаяг нь тодорхой бус гэсэн хариу ирүүлсэн байх ба нэхэмжлэгч нь хаяг утсыг нь мэдэхгүй гэж тайлбарласан.

 Иймд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7440 дугаар шүүгчийн захирамжаар Г.Ганзоригийг гуравдагч этгээдээр татаж, нэхэмжлэлийн хувийг гардуулан, тайлбар авсан байгаа тул энэ нотлох баримтуудад үндэслэн  шийдвэрлэх боломжтой гэж үзэн  хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 145-р зүйлийн 145.7-д зааснаар 2000 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Т.Тэмүүлэнг эх Б.Бүрэнжаргалын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2000 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Т.Тэмүүлэнг Гүррагчаагийн Ганзориг, Төмөр-Очирын Түмэн-Өлзий нарт  үрчлүүлсэн 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2 тоот   үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2.Нэхэмжлэгчийг  шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 145-р зүйлийн 145.7-д зааснаар 2000 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Т.Тэмүүлэнг эх Б.Бүрэнжаргалын асрамжид үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 


 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ