Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

   2019           6           25                                      2019/ШЦТ/626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Г.Цогтгэрэл,

          шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909021820701 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 82-1203 тоотод оршин суух хаягтай,

          2005 оны 12 дугаар сарын 26-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

          2014 оны 08 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.Э,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд бааранд хохирогч Б.Сонинбаярыг хамгаалагчаар ажиллаж байхад нь шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт нь архины жижиг хундагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Эыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд бааранд хохирогч Б.Сонинбаярыг хамгаалагчаар ажиллаж байхад нь шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт нь архины жижиг хундагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд бааранд хохирогч Б.Сонинбаярыг хамгаалагчаар ажиллаж байхад нь шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт нь архины жижиг хундагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

            хохирогч Б.Сонинбаярын “...тэр залуу миний зүүн нүд орчим архины хундагаар 3 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх 4-6/,

            гэрч Б.Анхсансармаа “...Эрдэнэсайханыг аваад гараад юу болсон гэж асуугаад байж байтал баарнаас цохиулсан гээд байгаа өндөр туранхай хамгаалагч залуу гарч ирээд танай найз залуу чинь намайг цохисон гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-8/         

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹6878 тоот актын “…Б.Сонинбаярын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-11/,

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Халиунаа маргааш нь надад хэлэхдээ чи тэр эрэгтэйг архины жижиг хундагаар цохисон гэж хэлсэн. Тухайн үед би нилээн согтуу байсан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Эд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Эд 900 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Эд нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

         

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР