Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2016/00730

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Хишигбаатар, Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

               Нэхэмжлэгч: “Ромашка” бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-318 тоотод оршин суух Б.Даваажаргал,

               Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-48-43 тоотод оршин суух Л.Мөнхцэцэг нарт холбогдох

               хохирол 15 630 100 төгрөг гаргуулах тухай,  1 600 000 төгрөг, эд зүйлс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Одгэрэл, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, хариуцагч Б.Даваажаргал, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагч Л.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.

                                                                                                                                                              

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

              

              Нэхэмжлэгч “Ромашка” бүрэн дунд сургуулийн захирал Г.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

               Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байсан “Ромашка” бүрэн дунд сургуулийн багшаар ажиллаж байсан Л.Мөнхцэцэг, Б.Даваажаргал нар нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа тус сургуульд суралцаж байсан сурагч нарын сургалт, өдөр өнжүүлэх, дүрэмт хувцас, унааны төлбөр зэргийг эцэг эхчүүдээс удаа дараа залилан авч нийт 13 228 750 төгрөгийн хохирол учруулсан. Уг хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр шалгагдан, Дүүргийн 2 дугаар прокурорын газарт хянагдан эцэслэн шийдвэрлэгдсэн.

               2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Прокурорын тогтоол №485 дугаарын дагуу багш Л.Мөнхцэцэг нь “Ромашка” бүрэн дунд сургуулийн нэр бүхий сурагчийн форм, өдөр өнжүүлэх, дугуйлан, автобус, сургалтын төлбөр зэргийг шаардан авч сургуулийн санхүүд тушаалгүй залилан мэхэлж 8 472 950 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Хууран мэхэлж авсан 8 472 950 төгрөгийн хохирлоос 2 350 000 төгрөгийг буцаан тушаасан байх ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72-р зүйлд 72.1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгосон.

               2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Прокурорын тогтоол №713 дагуу Б.Даваажаргал нь Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ромашка” бүрэн дунд сургуулийн менежерээр ажиллаж байх хугацаандаа 2013-2014 оны хичээлийн жилд, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд тус сургуулийн сурагч нарын сургалтын төлбөр 2 200 000 төгрөг, цэцэрлэгийн төлбөр 318 000 төгрөг, 8-н хүүхдийн дүрэмт хувцасны төлбөр 980 000 төгрөг, номны төлбөр 150 000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөр 450 000 төгрөг, дугуйлангийн төлбөр 217 000 төгрөг, унааны төлбөр 320 800 төгрөг, нийт 4 635 800 төгрөгийг залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Л.Мөнхцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ромашка” бүрэн дунд сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байх хугацаандаа 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд тус сургуулийн сурагч нарын сургалтын төлбөр 2 600 000 төгрөг, дүрэмт хувцасны төлбөр 600 000 төгрөг, номны төлбөр 50 000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөр 2 065 250 төгрөг, дугуйлангийн төлбөр 120 000 төгрөг, унааны төлбөр 499 050 төгрөг, нийт 5 934 300 төгрөгийг залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “Бестгрант аудит”-ын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 209-р зүйлийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон.

               Л.Мөнхцэцэг, Б.Даваажаргал нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Ромашка” бүрэн дунд сургуульд учруулсан хохирлыг хариуцагч Л.Мөнхцэцэгээс 8 544 300 төгрөг, Б.Даваажаргалаас 4 635 800 төгрөг, хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулсны төлбөр 800 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 650 000 төгрөгийг хариуцагч Л.Мөнхцэцэг, Б.Даваажаргал нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү.

               Л.Мөнхцэцэг багш учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн ба мэдэж байгаа тул ярих зүйл байхгүй. 250 000 төгрөг гэж яриад байгаа нь эцэг эхчүүдэд өгсөн дэвтрийн мөнгө, 1 820 000 төгрөгийг тухайн үед 10 дугаар ангид сурч байсан Манлай гэж охины ээжтэй нь холбогдож төлбөрөө авч чадахгүй байж байгаад гадаад яваад ирэхэд нь төлбөрөө авах гэтэл аль хэдийн өгсөн гэж хэлээд энэ асуудлыг эрүүгийн хэрэг хаагдсанаас хойш мэдсэн. Энэ 2 нь сүүлд мэдэгдсэн. Бусад төлбөрийг төлнө гэсэн тул тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна.

              Хоёр багш 2013 оноос 2014 оны хооронд ажиллаж байх хугацаандаа сургалтын төлбөр, унаа, дугуйлангийн төлбөр орж ирдэг байсныг сургуулийн санхүүгээр дамжуулахгүй хувьдаа авч ямар нэг баримт үйлдэхгүйгээр хувьдаа ашигласан хэрэг жилийн дараа мэдэгдсэн. Энэ хугацааны туршид мэдэгдээгүй, ийм асуудал байнга явагдсан. Хоёр багшийг бүлэг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Эхний удаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас бүлэг гэмт хэрэг биш гэж үзсэн. Бүлэг гэдэг нь бусад багш нарын яриа, эцэг, эх нарын ярианаас болон мөнгө өгч авсан байдлаас харахад бүлэг хэрэг гэж үзэхээр байсан ч мөрдөн байцаалтын явцад нүдээрээ харж зургийг нь дарсан баримт надад байгаагүй, нүдний цаана хийсэн үйлдэл болохоор бүлэг гэдгийг нь нотолж чадаагүй.

              Б.Даваажаргал багш 4 635 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа бол энэ мөнгө Б.Мөнхцэцэг багш дээр очихоос өөр арга байхгүй. Яагаад гэвэл анх нийт хүмүүсийн мөнгөний нийлбэр дүнг гаргахад 10 гаруй сая төгрөг сургуульд орж ирэх ёстой байтал орж ирээгүй. Сургуулийн санхүүгийн байдал хүнд болж, багш нарын цалинг тавихад хүнд байна. Мөн дээр нь хямрал болж байна гэдгийг багш нарт хэлж байсан. Мөрдөн байцаагч тухайн үед энэ хэргийг бүлэг гэж авахгүй ямар ч байсан хэн хэдэн төгрөг авсан гэдгийг ялгаж өг гэхэд нь би нүдээрээ хараагүй болохоор хэн нь хэдэн төгрөг авсныг мэдэхгүй, эцэг эх нарын хэлснээр ялгаж бичсэн. Гэхдээ энэ хоёрын хооронд нэг нь авч нөгөө нь бичиг үйлдэж өгсөн ч юм уу, бүлэг хэргийн шинж илэрч байсан. Л.Мөнхцэцэг багш авсан гэдгээ хүлээж байна. Б.Даваажаргал багш одоо хүртэл хүлээхгүй аваагүй гэдгээ ямар нэг баримтаар нотлохгүй амаараа аваагүй гэж байгаа. Б.Даваажаргал багшийн авсан зүйлийн талаар бүх эцэг эхийн төлбөр төлөхөд санхүүгийн баримт өгөөгүй жижиг цаасан дээр мөнгө өгсөн гэж бичсэн цаас бусад  гаргаж өгсөн баримтыг мөрдөн байцаагчид бүгдийг өгсөн.

                Б.Даваажаргал багш шинжээчийн дүгнэлт гаргуулна гэсэн өөрийнх нь хүсэлтээр гаргуулсан шинжээчийн дүгнэлт. Шинжээчийн дүгнэлтийг цагдаагаас тодорхойлуулж санхүүгийн бичиг баримт үйлдэж сургуулийн дансанд мөнгө орсон ороогүй талаар дүгнэлт хийлгэж уг дүгнэлтийг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

              Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэг 3 жилийн хугацаанд явагдсан. Энэ хугацаанд хариуцагч нар бичиг баримтаа авах талаар хүсэлт гаргаж ирээгүй. Мөрдөн байцаалтын явцад Цагдаагийн байгууллага дээр таарахад мэндэлж дуугардаггүй харилцаатай байсан. Иргэний хэргийн явцад бичиг баримтаа авах хүсэлтийг тавьсан. Уг хүсэлтийг хуулийн дагуу өгөх шаардлагатай бол өгөхгүй гэж татгалзах зүйл байхгүй. Өөрт учирсан хохирлоо гаргуулж авахыг хүсч байна. Хохирлоо гаргуулсан тохиолдолд бичиг баримтыг өгөхөд бэлэн. Өмгөөлөгчийн зардлын талаар надад ч гэсэн өмгөөлөгчийн зардал гарсан. Энэ нь өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс өөрсдийн сайн дураар хийж байгаа үйл явдал болохоос биш хэн нэгэн гүтгэсэн аль эсвэл хамаагүй асуудал дээр өөр хүний шахалтаар авч өмгөөлөгчид зарцуулсан хөлс гэж ойлгохгүй байна. Миний өмгөөлөгчийн хувьд  ч гэсэн өөрөө сайн дураар авч эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авсан. Буруутай тал нь би өөрөө биш учраас манай талаас нэхэмжлэл дээр өмгөөлөгчийн зардлаа нэхэмжилсэн байгаа  гэв.               

              

               Хариуцагч Л.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

               Нэхэмжлэлийн шаардлагаас сүүлд нэхэмжилж байгаа 1 820 000 төгрөг, 250 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг мөнгө сүүлд илэрсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Манай ангид байж байгаад хичээлийн дундаас явсан хүүхэд учраас тэр хүүхдийг би мэдэхгүй. 9 дүгээр ангид байсан хүүхдийг би мэдэхгүй, би өөрөө бага ангийн багш учраас төлбөр мөнгө аваагүй. Нэхэмжилсэн мөнгөнөөс эрүүгийн хэрэг шалгах үед гарсан төлбөрөөс төлсөн мөнгийг хасч 3 970 000 төгрөг, зээлийн 540 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

              Сөрөг нэхэмжлэлээр диплом, хавсралт, нийгмийн даатгалын дэвтэр, багшлах эрхийн үнэмлэхийг гаргуулж өгнө үү гэв.

 

               Хариуцагч Б.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

               Миний хувьд надаас нэхэмжилж байгаа мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь би ажил хийж байгаагүй, сургууль төгсөж анх ажиллах гэж орсон сургууль бол “Ромашка” сургууль, нэг сарын хугацаанд монгол хэл, уран зохиолын багш хийсэн. 10 дугаар сараас 2 дугаар сарыг дуустал Г.Одгэрэл, Оюунчимэг захирлуудтай хамт нэг өрөөнд ажилладаг байсан. Надад тусдаа өрөө, ширээ гэж байгаагүй. Сургуулийн санхүүгийн баримт бүгд захирлуудад байдаг. Төлбөр өгсөн хүний мөнгийг тухайн үед нь хажууд нь аваад захиралд өгч баримтыг бичиж өгдөг байсан. Эцэг эхүүд  надад өгсөн болохоор намайг авсан гэж ярьж байгаа юм. Би мөнгийг захиралд өгсөн байхад Г.Одгэрэл захирал би мөнгө аваагүй гэж хэлж байгааг ойлгохгүй байгаа. Мөнгийг ихэнхдээ Г.Одгэрэл, Оюунчимэг захирлуудад өгдөг байсан. Энэ 2 захиралтай хамт ажиллаж байсан Цэрмаа, Энхбат нар нь тэдний эзгүйд намайг хянаж ажилладаг байсан. Эдгээр хүмүүсийн бүгдийнх нь хяналтад, удирдлагад нь тавьсан шаардлагын дагуу ажилласан. Мөнгө хувьдаа завшсан асуудал надад байхгүй. Өөр багш нартай уулзаж анги хэсч явдаг асуудал байгаагүй. Өрөөнд нь суугаад хий гэсэн ажлыг нь хийгээд явж байсан. Энэ шүүхэд нэр төр гутаасан асуудлаар 2014 онд нэхэмжлэл гаргасан. Тэр үед намайг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд 2014 оны 12 дугаар сард тус шүүхийн шүүгч Т.Батсүх хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргаж, прокурорын байгууллагаар шалгуулсны дараа эргэж хэргээ шийдвэрлүүл гэсэн хариу авч байсан. Цагдаа Прокурорын байгууллагын дуудсан цагт ирж, яв гэсэн цагт нь явж өглөөнөөс орой хүртэл суух мэтээр 3 жилийн хугацаанд шалгуулж нэхэмжилсэн мөнгө яагаад гарч ирснийг ойлгоогүй. Шүүх хурал болж байхад хэдэн төгрөгийн асуудал ярьж байгаа вэ гэж асуухад Г.Одгэрэл захирал 1 сая хэдэн зуу мянга бил үү, 2 300 000 төгрөг бил үү гэж ярьж байсан нь одоо нэмэгдэж дөрөв, таван сая төгрөг болсон. Ямар шалтгаанаар нэмэгдэж байгааг мэдэхгүй байна.

                Бүлэглэж үйлдсэн гэдэг дээр Л.Мөнхцэцэг багшийг мөнгө өгсөн, авсан асуудлыг би мэдэхгүй. Прокурорын байгууллагаас гаргасан дүгнэлтэд хүртэл итгээгүй. Надад мөнгө өөртөө авч завшсан асуудал байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед би мөрдөн байцаагчид надад одоо мөнгө байхгүй гэхдээ би шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна гэхэд хүсэлтийг тавьсан гэтэл танай сургуулиас шинжээчийн дүгнэлт гарсан гэж надад дүгнэлтийг үзүүлсэн. Үүнд би эргэлзэж байгаа. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

               Бичиг баримтыг хуулийн дагуу гаргаж өгөх байх гэж бодож байна. Энэ талаар шаардлага гаргаагүй. Н.Жавзандолгор өмгөөлөгчөөс Эрүүгийн болон Иргэний хэрэг дээр өмгөөллийн туслалцаа авсан зардалд 1 600 000 төгрөг төлсөн. Уг төлсөн төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

                   

              Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

              Нэхэмжлэгч “Ромашка” бүрэн дунд сургууль нь хариуцагч Б.Даваажаргалаас 5 860 800 төгрөг, хариуцагч Л.Мөнхцэцэгээс 9 769 300 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Даваажаргал нь 1 600 000 төгрөг гаргуулах, хариуцагч Л.Мөнхцэцэг диплом, хавсралт, багшлах эрхийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

              1.Нэхэмжлэгч нь “хариуцагч Д.Даваажаргалаас ажиллаж хугацаандаа сурагчдаас сургалт, өдөр өнжүүлэх, дүрэмт хувцас, унааны төлбөр зэргийг удаа дараа залилан авсан 4 635 800 төгрөг, шинжээчийн зардал 400 000 төгрөг, өмгөөллийн зардал 825 000 төгрөг, нийт  5 860 800 төгрөгийн хохирол учруулсан” гэж Д.Даваажаргалаас нэхэмжилжээ.

             Хариуцагч Б.Даваажаргал “би мөнгө авч хувьдаа завшсан зүйл байхгүй, эрүүгийн журмаар шалгаад хэрэгсэхгүй болгосон” гэж тайлбарлаад шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.

              Нэхэмжлэгч нь Б.Даваажаргалаас эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол гэж 4 635 800 төгрөг нэхэмжилсэн ба “Ромашка” бүрэн дунд сургуулийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаад Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015  оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 144 тоот тогтоол /хх-40 тал/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 191 тоот тогтоолоор /хх- 36 тал/ гэмт хэрэг үйлдсэн нь  нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч нь өөрийн дээрх шаардлагыг нотолсон баримтгүй, нотолж чадаагүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.   

              Нэхэмжлэгч нь аудитын дүгнэлт гаргуулахад 800 000 төгрөг төлсөн болох нь өөрийн тайлбар, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн баримтаар /хх-10-р тал/ тогтоогдсон. Гэвч нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед мөрдөн байцаалтын шатанд өөрийн хүсэлтээр, өөрөө баримт гаргаж дүгнэлт гаргуулсан,  мөн Б.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч Б.Даваажаргалаас шинжээчийн зардлын 50 хувь буюу 400 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

              Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Б.Даваажаргалаас өмгөөллийн зардал 1 650 000 төгрөгийн 50 хувь буюу 825 000 төгрөг нэхэмжилсэн ба өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч эрхээ хамгаалуулах асуудал нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал ба зайлшгүй зардал гэж тооцон хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

              Иймд нэхэмжлэгч “Ромашка” бүрэн дунд сургуулийн Б.Даваажаргалаас 5 860 800 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              2.Нэхэмжлэгч “хариуцагч  Л.Мөнхцэцэг нь ажиллаж хугацаандаа сурагчдаас сургалт, өдөр өнжүүлэх, дүрэмт хувцас, унааны төлбөр зэргийг удаа дараа залилан авсан төлбөрийн үлдэгдэл 7 754 300 төгрөг, эцэг эхээс авсан сурагчийн дэвтрийн төлбөр 250 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 540 000 төгрөг,  шинжээчийн зардал 400 000 төгрөг, өмгөөллийн зардал 825 000 төгрөг, нийт  9 769 300 төгрөгийн хохирол учруулсан” гэж  Л.Мөнхцэцэгээс нэхэмжилжээ.

             Хариуцагч Л.Мөнхцэцэг “би эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол 3 970 000 төгрөг, зээлж авсан мөнгөний үлдэгдэл 540 000 төгрөг, нийт 4 510 000 төгрөг төлнө, бусад төлбөрийг төлөхгүй” гэж маргаж байна. 

             Л.Мөнхцэцэгт “Ромашка” бүрэн дунд сургуулийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаад  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын  2015  оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 830 тоот тогтоолоор /хх-41 тал/  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын  2015  оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 830 тоот тогтоолд “... Л.Мөнхцэцэг нь үлдэгдэл  3 970 000 төгрөгийг төлж барагдуулах талаар бичгээр баталгаа гаргасан” гэж бичжээ.

            Зохигч  Л.Мөнхцэцэг хохирлоос  2 350 000 төгрөг төлсөн талаар маргаангүй ба нэхэмжлэгч нь учруулсан хохирол 8 284 300 төгрөг гээд төлсөн 2 350 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 5 934 300 төгрөг нэхэмжилсэн.  Харин  Л.Мөнхцэцэг нь 3 970 000 төгрөг төлөөгүй үлдсэн гэж тайлбарласан нь  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын  2015  оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 830 тоот тогтоолоор тогтоогдсон тул эрүүгийн хэргийн улмаас учруулсан хохирлоос 2 350 000 төгрөг төлөгдсөн, 3 970 000 төгрөг төлөгдөөгүй гэж дүгнэв.  

            Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Л.Мөнхцэцэгээс сүүлд илэрсэн хохирол 1 820 000 төгрөг, сурагчийн дэвтрийн мөнгө 250 000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч нь энэ шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч нь 1 820 000 төгрөгийн хохирол  эрүүгийн хэрэг шалгагдах үед илрээгүй байсан тул эрүүгийн хэрэгт шалгуулаагүй, харин сурагчийн дэвтрийн мөнгө 250 000 төгрөгийг эрүүгийн хэрэг шалгагдах үед гомдол гаргаж шалгуулсан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарласныг дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл болгосон болно.

              Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Л.Мөнхцэцэгээс шинжээчийн зардлын 50 хувь буюу 400 000 төгрөг, өмгөөллийн зардал 1 650 000 төгрөгийн 50 хувь буюу 825 000 төгрөг нэхэмжилсэн  ба нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед мөрдөн байцаалтын шатанд өөрийн хүсэлтээр, өөрөө баримт гаргаж дүгнэлт гаргуулсан, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч эрхээ хамгаалуулах асуудал нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал тул зайлшгүй зардал гэж тооцон хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

              Иймд төлөөгүй үлдэгдэл төлбөр 3 970 000 төгрөг, төлнө гэж зөвшөөрсөн  зээлийн үлдэгдэл 540 000 төгрөг, нийт 4 510 000 төгрөгийг хариуцагч Л.Мөнхцэцэгээс гаргуулан “Ромашка” бүрэн дунд сургуульд олгож шийдвэрлэв.

              3.Хариуцагч Б.Даваажаргал өмгөөллийн 1 600 000 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч эрхээ хамгаалуулах асуудал нь өөрийн эрхийн асуудал, зайлшгүй зардал биш тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              Харин хариуцагч Л.Мөнхцэцэг нь диплом, хавсралт, багшлах эрхийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь төлбөрөө төлөх хүртэл нь барьцаалсан гэж тайлбарласан.

               Хариуцагч Л.Мөнхцэцэг нь “намайг 2013 оны 10 дугаар сарын  13-нд ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрсөн, ажил олгогч “Ромашка” бүрэн дунд сургууль нийгмийн даатгалын дэвтэр, холбогдох баримтуудыг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан, нэхэмжлэгч нь Л.Мөнхцэцэгийн бичиг баримтыг барьцаалсан нь үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг шаардах эрхтэй тул Л.Мөнхцэцэгийн диплом, хавсралт, багшлах эрхийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

             Иймд нэхэмжлэгчийн Б.Даваажаргалаас 5 860 800 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Мөнхцэцэгээс 9 769 300 төгрөг гаргуулах шаардлагаас зарим хэсгийг хангаж, 4 510 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Даваажаргалын нэхэмжлэгчээс 1 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Л.Мөнхцэцэгийн  нэхэмжлэгчээс диплом, хавсралт, багшлах эрхийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Л.Мөнхцэцэгт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн тайлан гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн ба зохигч “энэ баримт нь эрүүгийн хэрэгт байсан баримт” гэж  тайлбарласан тул дээрх баримтад дүгнэлт өгч эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн гэсэн дүгнэлтийг хийсэн болохыг дурдав.

   

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар  зүйл, 73 дугаар зүйлийн 73.1,73.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

             1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч Л.Мөнхцэцэгээс 4 510 000 төгрөгийн гаргуулан  “Ромашка” бүрэн дунд сургуульд олгож, үлдэх 5 259 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Ромашка” бүрэн дунд сургуулийн хариуцагч Б.Даваажаргалаас 5 860 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, 

              хариуцагч Л.Мөнхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ромашка” бүрэн дунд сургуулиас Л.Мөнхцэцэгийн диплом, хавсралт, багшлах эрхийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр гаргуулан түүнд олгож, хариуцагч Б.Даваажаргалын “Ромашка” бүрэн дунд сургуулиас 1 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

              2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хурамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар хариуцагч Л.Мөнхцэцэгээс 87 110 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч “Ромашка” бүрэн дунд сургуулиас 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Л.Мөнхцэцэгт олгож,  улсын тэмдэгтийн хураамжид Л.Мөнхцэцэгийн төлсөн 70 200 төгрөг, Б.Даваажаргалын төлсөн 40 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    С.ОЮУНЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧ                                    Б.ХИШИГБААТАР

                                                                     

                                              ШҮҮГЧ                                    Т.БАТСҮХ