Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00618

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/01371 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

67,671,043 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2021 оны 06 сарын 03-ны өдөр ******* ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулан 520 LC9S маркийн экскаваторыг 1 сарын түрээсийн төлбөрийг хошуутай ажиллахад 35,000,000 төгрөг, шанагатай ажиллахад 32,000,000 төгрөг байхаар ашиглуулах, ингэхдээ техникийн өдөрт ажиллах цаг нь өдрийн цайны 2 цагийн амралтыг оруулан 12 цаг байхаар 1 сарын 30 хоногоор тооцож тохирсон.

1.2. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул 2021 оны 06 сарын 26-ны өдрөөс 08 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсэлсэн түрээсийн нийт төлбөр 45,114,029 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 22,557,014 төгрөг, нийт 67,671,043 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* аймгийн ******* суманд замын ажил хийх төсөлд ******* ХХК нь ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2021 оны 06 сараас 2021 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан.

2.2. Ерөнхий гүйцэтгэгч компанийн хувьд ******* ХХК-тай байгуулсан гэрээгээ шалтгаангүйгээр цуцалсан бөгөөд ажлын хөлсний хувьд маргаан үүсч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн ба түрээсийн төлбөрийг ******* ХХК хариуцахаар 2021 оны 10 сард тохиролцсон.

2.3. ******* ХХК-ийн өмнөөс ажил гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгжид төлөх төлбөрийн жагсаалтад *******Эксэ ажиллаж байгаа 40 хоног ******* гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна. Иймд ******* ХХК хариуцагч биш учраас *******ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт 67,671,043 /жаран долоон сая зургаан зуун далан нэгэн мянга дөчин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496,305 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 496,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Түрээсийн гэрээний зүйл болох ******* дугаартай Хьюндай/Hyundai/ маркийн эксковаторийн эзэмшигч нь ******* бөгөөд гэрээ байгуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах этгээд нь ******* биш болохыг шүүх анхаарч үзсэнгүй.

4.2. ******* ХХК, ******* нарын хооронд Түрээсийн гэрээ байгуулагдсан хэдий ч 2021 оны 05 сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл ******* ХХК-д ажилласан байдаг. Гэрч Б.*******ийн мэдүүлгээр нотлогдоно. Шүүх нотлох баримтын шаадлага хангахгүй баримтаар хэний бичвэр болох, хэн үйлдсэн нь тодорхойгүй, хошуутай эсвэл шанагатай ажилласан эсэхийг тогтоогдоогүй баримтаар 45,114,029 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс хойш үргэлжлүүлэн ХХК-д ажилласан бичиглэлтэй баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн байдаг.

4.3. Ерөнхий гүйцэтгэгч ХХК туслан гүйцэтгэгч ХХК-ийн ажил гүйцэтгэсэн түрээсийн болон ажилчдын хөлсийг хариуцан өгөхөөр тооцоо нийлсний дотор *******ийн нэр, харилцах банкны дансны дугаартайгаа бичигдэн зөвшөөрөгдсөн байдаг. /хэргийн 50-55х/ Үүрэг хүлээх этгээд ******* ХХК биш *******ийн гэрээний үүрэг шаардах этгээд нь ХХК юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Тухайн экскаватор нь манай дүү Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй байдаг. ******* ХХК-ийн ажилтан Г. нь талбайн инженерээр ажилладаг байсан учраас өөрөө өдөр бүр гарын үсэг зурж баталгаажуулдаг. Нэг байгууллагад ажилладаг атлаа Г.ын өдөр бүр гарын үсэг зурсан баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ******* ХХК-ийн асуудал гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,671,043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хариуцагч биш гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2021 оны 06 сарын 03-ны өдөр 01 дугаартай Автомашин түрээсийн гэрээ байгуулагдаж, ******* улсын дугаартай, 520LC9S маркийн экскаваторыг 2021 оны 05 сарын 25-ны өдрөөс 5 сарын хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг хошуутай ажилласан тохиолдолд 35,000,000 төгрөг, шанагатай ажилласан тохиолдолд 30,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,114,029 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/03212 дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 647,912,500 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэл 818,718,706 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-тай ******* аймгийн ******* хилийн боомтын тусгаарлах зурвас бүхий 1.7 км автозам, зогсоол, боомтын доторх зам талбайн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсантай холбоотой гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

4.2. ******* ХХК нь ажлын ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь нэхэмжлэгч *******той байгуулсан гэрээний зүйл болох экскаваторыг түрээслэн ажиллуулсан хөлсийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч талын бусадтай байгуулсан гэрээний үүргийг ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК нь хариуцан арилгах үүргийг хүлээгээгүй тул хариуцагчийн ... хариуцагч биш ... гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.3. Анхан шатны шүүх ******* ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан Г.ын бичсэн бүртгэлийг үндэслэн ажилласан хугацааг тодорхойлсон баримт болон гэрч Г.ын ... карьер дээр ажиллаж байсан бүртгэлийг хийсэн, уг баримтад гарын үсэг зурж, баталгаажуулсан ... гэсэн мэдүүлгийг үндэслэн ******* ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан Г.ын бичсэн бүртгэлийн хуудаст дурдсан хэмжээгээр буюу хошуутай ажилласан 104,2 мото цагийн хөлс 13,025,000 төгрөг, шанагатай ажилласан 299,5 мото цагийн хөлс 32,080,029 төгрөг, нийт 45,114,029 төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.

 

Тодруулбал, хариуцагч байгууллагын ажилтны гэрчийн мэдүүлэг нь шууд нотолгоо болох тул түүний гарын үсэг зурж баталгаажуулсан баримтаар ******* улсын дугаартай, 520LC9S маркийн экскаваторын түрээслэн ажиллуулсан хугацааг тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцжээ.

 

Хариуцагч талын ... 2021 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар ажилласан, мөн экскаваторын нэг сарын түрээсийн төлбөрийг хошуутай ажилласан тохиолдолд 35,000,000 төгрөг, шанагатай ажилласан тохиолдолд 30,000,000 төгрөгөөр ялгамжтай тооцсон эсэх нь тодорхойгүй ... гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан Автомашин түрээсийн гэрээ-ний 6.1 дэх хэсэгт түрээслэгч нь төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж харилцан тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн төлбөр 45,114,029 төгрөгийн 50 хувиар тооцон алданги 22,557,014 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/01371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР