Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00510

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/00707 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Хан-Уул дүүргийн *******, ******* байрны зоорийн давхарт буюу машины зогсоолын талбайд автомашинаа тавьж бусдад саад учруулж буй тул албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******СӨХ нь Хан-Уул дүүргийн *******, ******* байранд байрладаг. Анх 2017 онд Эрчим хүчний яам болон хөгжлийн төвийн захиалгаар ******* ХХК-аар бариулсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ дээр 88 айлын 20 автомашины зогсоолтой зураг төсөл баталгаажсан.

1.2. Гэтэл ******* ******* улсын дугаартай автомашины өмчлөгч ******* гэх хүн зогсоол биш газар машинаа тавьж байсан ба уг зогсоолыг ******* ХХК-аас ******* худалдаж авсан гэдэг боловч худалдаж авсан талаар баримт шаардахад байхгүй гэж тайлбарыг өгсөн. Тухайн газар машин зогсож болохгүй гэсэн мэргэжлийн газрын дүгнэлттэй. Мөн галын улсын байцаагч дүгнэлтээр энэ зогсоол биш, машин тавьж болохгүй хууль бус байна гэдгийг баталгаажуулсан байна.

1.3. ******* зогсоол *******д худалдсан байх ба үүний дараа ******* ******* дугаартай автомашин дур мэдэн зогсоолд машинаа тавих болсон. СӨХ-өөс шаардлага тавихад уг зогсоолыг худалдаж авсан гэж тайлбарыг өгдөг. Хариуцагч талын тайлбарласнаар ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байна.

1.4. Улсын комисс хүлээн авсан акт дээр 90 айлын 22 авто зогсоол гэж бичигдсэн байх боловч анх зураг төсөл батлуулахдаа 88 айлын 20 авто зогсоол гэж батлуулж, барилгыг барьсан. Уг авто зогсоол дээр cap болгон мөнгө төлдөг, хариуцагч нь зогсоол дээр огт төлбөр төлдөггүй. Иймд машины зогсоолын автомашин албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Би автозогсоолыг худалдаж авсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал манайд автозогсоолыг зарсан барилгын компанитай учраа олох ёстой гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106.1-д зааснаар хариуцагч овогт ын ******* /РД:*******/-ы хууль бус эзэмшлээс автомашиныг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. СӨХ тухайн нэхэмжлэлийг шүүхэд анх гаргахдаа ******* ******* улсын дугаартай автомашины өмчлөгч *******д холбогдуулан гаргасан бөгөөд ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тухайн автомашины зогсоол гэх газарт машинаа байршуулахаа больж өөр хүнд зарсан тухай СӨХ-нд мэдэгдсэн ба тухайн газар ******* гэгч ******* ******* улсын дугаартай автомашинаа тавих болсон тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг солих хүсэлт гаргасан.

4.2. Шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлага нь хууль бус, өөрт нь хамааралгүй буюу Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т заасанд хамаарах дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийнг шаардах эрхүй гэж дүгнэжээ. Түүнчлэн дээрх автозогсоолыг худалдан авсан гэх үндэслэлээ ... итгэмжлэгдсэн төлөөлөгч , ******* ХХК нарын хооронд 2020 оны 11 сарын 01-ний өдөр Автозогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж ... 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон... гэсэн боловч уг автозогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон гэдэг үндэслэлгүй, шүүхэд хууль бус нотлох баримт өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Түүнчлэн талуудын 2020 онд байгуулсан гэх гэрээний 9 дүгээр зүйлд тухайн гэрээний талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болохоор тохирчээ. Гэтэл дээрх гэрээнд худалдан авагч тал гарын үсгээ зураагүй байгаа нь хүчин төгөлдөр бусыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасантай нийцэхгүй байна.

4.4. Мөн 2017 онд Улсын комисс хүлээн авсан орон сууцны зогсоол, 2020 онд худалдан худалдан авах гэрээ хийснээс хойш 5 жил өнгөрч байхад тухайн зогсоолд өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгааг шүүх харгалзаж үзээгүй.

4.5. Тус СӨХ дээрх нэхэмжлэлийг гаргахаас өмнө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан хууль тогтоомж зөрчиж хүлээж авсан улсын комиссын актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон 22 дугаар зогсоолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосоныг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэг хянан хэлэлцэгдэж шийдэгдээгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийг хэргийг оролцогч биш буюу ашиг сонирхол зөрчигдсөн гуравдагч этгээд ч гэж үзээгүй болно. Учир нь түүнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй тул түүний ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээгүй. Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүх үүнийг 2020 онд гэрээ байгуулсан гэх үндэслэлээр өмчлөгч гэж үзэж байгаа үндэслэлгүй юм.

4.6. Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос тайлбар мэдүүлэг авах, тодруулах үйл ажиллагааг хангалтгүй хийсэн, 2020 онд байгуулсан гэх гэрээг өнөөдрийг хүртэл буюу бүтэн 5 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгө гэрчилгээ гараагүй, гэрээнд худалдан авагч тал гарын үсэг зураагүй, 25,000,000 төгрөөр худалдан авсан гэх гэрээнд 19,000,000 төгрөг төлсөн талаар баримт болон хариуцагчийг хэзээ хэрхэн сольсон талаарх үндэслэл тайлбар, мэдүүлгийг хангалттай бүрэн аваагүй, ямар шүүхэд ямар хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа талаар бүрэн тодруулаагүй, нотлох баримтыг хангалттай шинжлэн судлаагүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан Хан-Уул дүүргийн *******, ******* байрны зоорийн давхарт буюу машины зогсоолын талбайд автомашинаа тавьж бусдад саад учруулж буй тул албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... би автозогсоолыг худалдаж авсан ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаар *******г оролцуулсан байх боловч хэрэгт авагдсан 2020 оны 11 сарын 01-ний өдрийн Автозогсоол захиалгаар бариулах гэрээний тал нь захиалагч нь байхад *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг тодруулах нь зүйтэй.

 

3.2. Хэрэгт цугларсан баримтаар Хан-Уул дүүргийн *******, ******* байрны зоорийн давхарт байрлах автозогсоолын зураг зөрүүтэй. Тодруулбал, 22 автозогсоолоор төлөвлөсөн, эсхүл 20 автозогсоолоор төлөвлөсөн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул зураг төслийн зохиогч хэдэн автозогсоолтойгоор төлөвлөсөн эсхүл барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахад бүрдүүлж, архивт хадгалагдаж байгаа баримтад аль зургийг хүлээлгэн өгсөн үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

3.3. Хариуцагч нь гэрээний үндсэн дээр автозогсоолыг эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээр маргасан боловч өнөөдрийг хүртэл уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг аваагүй шалтгааныг тодруулсны дараа маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/00707 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР