Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2016/00489

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: Н овогт Ж.М нэхэмжлэлтэй,

                Хариуцагч:Х овогт Н.Б холбогдох

                гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

                Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.                                                                                                                                                                                                          

                                                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                                                     

               

                Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

                Ж.М миний бие нь 2006 онд Н.Б танилцаж, улмаар 2006 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 371 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин М.Х төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2012 оноос тусдаа амьдарсан.

                Тэр үеэс хойш охин минь ээжийнхээ асрамжид амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

                Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                Н.Б миний бие 2006 оны 04 сард Ж.М танилцаж, 2006 онд гэр бүл болж, 2009 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин М.Х төрсөн. Одоо 9 сард 7 нас хүрнэ. Бид 2012 оны 9 дүгээр сараас тусдаа амьдрах болсон ба нэхэмжлэгч Ж.М нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Бид харилцан ярилцаж охин М.Х миний  асрамжид үлдээхээр болсон. Ж.М хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Өөрт нь хэлэхээр одоохондоо мөнгөгүй гэдэг болохоос тэтгэлэг төлөхгүй гэж хэлээгүй. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй.

              Ж.М Испанид байгаа нь үнэн, тэгээд ч маргаангүй эвлэрч амьдрах боломжгүй тул байхгүйгээр нь шийдвэрлэхэд татгалзахгүй гэв.

 

    Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                         

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   Ж.М, Н.Б нар нь 2006 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ  бүртгүүлсэн,  2009 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин М.Х төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 371 тоот гэрлэлтийн гэрчилгээ, 0291463-2509 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд  гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “ Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.

Ж.М, Н.Б нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан,  2012 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон болох нь тэдний тайлбараар тогтоогдсон тул тэдний гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ж.М, Н.Б нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байгаа болно.

Гэрлэгчид хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2009 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин М.Х эх Н.Б асрамжид үлдээж шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ”... хүүхдийн талаар маргаантай асуудал байхгүй болно” гэж бичсэн байгаагаас гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаангүй гэсэн дүгнэлтийг хийсэн болно.

2009 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн охин М.Х эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу эцэг Ж.М тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна. .

Ж.М, Н.Б нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Хариуцагч  нь нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн ба зохигч нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаангүй байгаа болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                

                                                                                                           

                                                                                                            ТОГТООХ НЬ:

        

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н овогт Ж.М, Х овогт Н.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.    

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн охин М.Х эх Н.Б асрамжид үлдээсүгэй.

 

           3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн охин М.Х 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ж.М тэжээн тэтгүүлсүгэй.    

 

           4. Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ