| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0569/Э |
| Дугаар | 644 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 644
2019 06 11 2019/ШЦТ/570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч Т.Г,түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
Шүүгдэгч М.Л, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, М.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909009080426 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 42 дугаар байрны 52 тоотод оршин суудаг гэх, Хатиган овогт Т.Г/регистрийн дугаар ЖИ86041515/,
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын шаварчин, будагчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-15 тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар гэм буруутайд тооцогдож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Сутай овогт М.Л /регистрийн дугаар ЧБ87О62431/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Г нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын урд талын автобусны буудал дээр хохирогч М.Лтой хөзөр тоглож байхдаа "буруу модоор гарлаа" гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч М.Лийн биед эрүү ясны хугарал, тархи доргилт, дээд уруулд няцарсан шарх зэрэг гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Яллагдагч М.Л нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын урд талын автобусны буудал дээр хохирогч Т.Гтай хөзөр тоглож байхдаа маргалдан хохирогч Т.Г-ын биед уруулд шарх зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, хүзүү, зүүн эгэм баруун тохойнд цус хуралт, ууцанд зулгаралт зэрэг гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 02 цагийн үед дөрвүүлээ хөзөр тоглож байхад М.Л буруу модоор гаргаад буцаагаад модоо авна гээд хоорондоо маргалдсан. М.Л миний нүүр рүү салаавч өгөхөд машин дотор байсан хүмүүс бид хоёрыг гарч учраа ол гэж хэлсэн. Гэтэл Лхагвадорж машинаас түрүүлж буугаад миний буух гэж байсан талаас ирээд намайг цохиод авсан. Мөн машины гадна намайг заамдаж, цохьсон. Би “одоо боль” гэж хэлээд машин тойрч зугтаасан” гэв.
Шүүгдэгч М.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч М.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... бид хоёр тоглож байгаад машинд маргалдаад хоорондоо заамдалцсан. Бид хоёрыг хүмүүс салгасан. Т.Г намайг зөрүүлээд нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Намайг газар унагаад хөлөөрөө нүүрэнд өшиглөсөн. Миний эрүү хугарсан эмчилгээний зардал бусад зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-н 6-7 дугаар хуудас/,
Хохирогч Т.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... бид хоёр тоглож байгаад машинд маргалдаад заамдалцаж авсан. Гэтэл М.Л намайг ална гэж салаавч гаргаад машинаас буугаад миний шанаан тус газар 2-3 удаа цохихоор нь түүний нүүрэнд цохиод газар унахад нь хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсөн... миний гар утасны дэлгэцийн шил хагарсан, бөөрний эход 28000 төгрөгөөр харуулсан” гэх мэдүүлэг /хх-н 9-10 дугаар хуудас/,
Гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр хоёр маргалдаад машинаас буухад Т.Г М.Лийн нүүрэн тус газар цохиод дараа нь хөлөөрөө өшиглөсөн. Хоёулаа харилцан зодолдсон ба М.Лийн уруул хавдсан харагдсан, эрүү эвгүй болчихсон байна гэж хэлж байсан. ...тэр хоёр хоёулаа машинтайгаа явсан, архи уугаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “М.Л-н биед эрүү ясны хугарал, тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх, шанааны арьсны зулгаралт, шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх 2804 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Т.Г-ын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, хүзүү, зүүн эгэм, баруун тохойд цус хуралт, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 2818 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Т.Г-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/, гар утасны дэлгэцийн шил сольсон гэх баримт /хх-ийн 62 дугаар хуудас/,
М.Лийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 67-68 дугаар хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 69 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 71-80 дүгээр хуудас/ болон бусад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Т.Г, М.Л нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын урд талын автобусны буудал дээр хохирогч М.Лтой маргалдаж хохирогч М.Лийн биед эрүү ясны хугарал, тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх, шанааны арьсны зулгаралт, шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Л нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын урд талын автобусны буудал дээр хохирогч Т.Гтай маргалдан хохирогч Т.Г-ын уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, хүзүү, зүүн эгэм баруун тохойд цус хуралт, ууцанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, Т.Гантулгын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар, М.Лийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг, шүүгдэгч М.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч М.Л шүүгдэгч Т.Гас гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 1650508 төгрөг, олох ёстой байсан орлого 4000000 төгрөг, цаашид гарах хагалгаанд орох зардал болон хоол хүнсний зардалд 671450 төгрөгийг нэхэмжилж, үүнээс Т.Г 1200000 төгрөгийг төлснийг хасч тооцно гэжээ.
Шүүх нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан зарим хэсгийг хэсэгчлэн хангаж, нотлогдоогүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд: эмчилгээний зардал гэх /хх-ийн 71, 72, 73, 74, 75, 76 дугаар хуудасны эхний гурван баримт, 84 дүгээр хуудас/ нотлох баримтыг үнэлж нийт 1172078 /нэг сая нэг зуун далан хоёр мянга далан найман/ төгрөгийг шүүгдэгч Т.Гас гаргуулж шүүгдэгч М.Лид олгох, хх-ийн 76 дугаар хуудасны сүүлийн гурван баримт, 77, 78, 79, 81, 84 дүгээр хуудасны Сод сонсголон гэх ХААН банкны орлогын мэдүүлэг, 85, 86, 87, 88, 89 дүгээр хуудаст авагдсан баримтуудаар 1476480 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах хагалгаанд орох зардал болон олох байсан орлого 4 сая төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцээгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй байна гэж үзэв.
Харин шүүгдэгч Т.Г М.Лоос гэмт хэргийн улмаас гар утасны дэлгэц хагарсаныг янзлуулсан 80000 төгрөг /хх-ийн 62 дугаар хуудас/ , эход бөөрөө харуулсны 28000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг, нийт 408000 төгрөг нэхэмжилж байна гэх бөгөөд үүнээс өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй этгээд биш, мөн гэмт хэргийн улмаас гар утасны дэлгэц хагарсан эсэх талаар хэрэгт ямар нэг нотлох баримт бэхжүүлэгдээгүй байх тул нийт 380000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардал гэх 28000 /хорин найман мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Лоос гаргуулж Т.Гд олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тэдний үйлдсэн хэргийн хохирол, хор уршиг, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, М.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Сутай овогт М.Л-ийг хүний эрүүл мэндэд
хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Т.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар
М.Лийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Г, М.Л нар шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Г, М.Л нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан
ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Г, М.Л нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Лоос 28000 /хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж Т.Гд, шүүгдэгч Т.Г-аас нийт 1172078 /нэг сая нэг зуун далан хоёр мянга далан найман/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч М.Л-д тус тус олгож, 1476480 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах хагалгаанд орох зардал болон олох байсан орлого 4 сая төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцээгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Г, М.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ