Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 25

 


Э.Бат-Эрдэнэд холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0014
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,
Прокурор:Б.Ичинхорол /онлайнаар/,
Яллагдагч: Э.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаагийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ичинхоролын эсэргүүцлээр Э.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201623010047 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1982 онд төрсөн, 35 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Дэнжийн 9-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй гэх  Зайсан овогт Эрдэнээгийн Бат-Эрдэнэ /РД:СО82110219/
Э.Бат-Эрдэнэ нь 2015 оны 02 дугаар сарын сүүлээр, 2015 оны 06 дугаар сарын 10-ны үед, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Дэнжийн 9-3 тоотод байх өөрийн хамтран амьдрагч П.Мөнхнарангийн гэрт дагавар охин болох насанд хүрээгүй  Б.Биндэръяаг удаа дараа давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газраас Э.Бат-Эрдэнийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Бат-Эрдэнэд холбогдох 201623010047  дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газарт буцааж, Э.Бат-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ичинхорол нь эсэргүүцэлдээ: Яллагдагч Э.Бат-Эрдэнэд урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1, 126 дугаар зүйлийн 126.2.3, 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан ялыг өөрчлөн шинээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан ялыг сонсгосон. Гэтэл шүүх урьд сонгосон ялыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 193 дугаар зүйлийн 193.1.14-т тус тус зааснаар зөвхөн прокурор хэрэгсэхгүй болгох эрхтэй гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтыг буруу ойлгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар мөрдөн байцаагч нь урьд сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах үндэслэл гарвал шинээр ял сонсгох эрхтэй. Харин прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан яллагдагчид сонсгосон ялын аль нэг хэсэг нь нотлогдохгүй байвал тэр хэсгийг тогтоолоор хэрэгсэхгүй  болгохоор заасан байх ба мөрдөн байцаагч урьд сонсгосон ялыг өөрчлөн сонгосон байхад дахин прокурорын тогтоолоор урьд сонсгосон ялыг хэрэгсэхгүй болгох тухай ойлголт, хуулийн заалт байхгүй. Мөрдөн байцаагч ял өөрчлөн сонсгох тогтоолдоо урьд сонсгосон ялыг хүчингүй болгох гэж бичсэн нь яллагдагч Э.Бат-Эрдэнийн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Иймд  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Э.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүхээр  хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Э.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201623010047 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.Бат-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            Г.БОЛОРМАА
                                                                                                    Б.ДЭНСМАА