Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2020/0041

 

“М Т э э ” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 791 дүгээр шийдвэртэй, “М Т э э ” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч С.Д-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 791 дүгээр шийдвэрээр:

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “М Т э э ” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/887 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо: “ ... анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  гэж үзэж байна. Нэхэмжлэгч талыг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөөний 08 цагаас оройн 20 цаг хүртэл үе шаттайгаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Монгол тэмүүлэл сургуулийн гадна болон дотор талд цуглаан, суулт хийхийг бүртгэхийг хүссэн хүсэлтийг гаргасан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт нийцжээ. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д хуульчилснаар нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах  газар /сургуулийн гадна болон дотор талд/ нь хуулиар шууд хориглосон газарт хамаарахгүй, цуглааныг зохион байгуулах талаарх зорилго нь хуулиар хориглосон заалтад хамаарахгүй байна гэж үзсэн хэрнээ нэхэмжлэгчийн хүсэлт нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд илэрхийлэх зорилгыг агуулахгүй байна. Хариуцагч нь уг хуулийн 10 дугаар зүйлийн 1-д заасан эрхийн хүрээнд татгалзсан шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс Монгол тэмүүлэл сургуульд суралцаж байгаа нийт хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байна, ... сургуулийн багш, суралцагчаас хэрэгжүүлэх үндсэн сургалтын болон хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7-д заасан сурч боловсрох үндсэн эрх, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан иргэний сурч боловсрох эрх тус тус зөрчигдөж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий ... бусад үйл ажиллагаа, ... зохион байгуулахыг хориглоно” гэх иргэний сурч боловсроход баримтлах боловсролын үндсэн зарчим алдагдахаар байна гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа боловч хүүхдийн сурч боловсрох эрхэд бидний цуглаан суулт хэрхэн яаж сөргөөр нөлөөлөх, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчинө гэж үзсэн нь тодорхой бус ойлгомжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан сурч боловсрох эрхийг төр засгийн зарим удирдлага болон “Монгол тэмүүлэл” сургуулийн удирдлагын зүгээс ноцтой зөрчих бодит нөхцөл байдал үүссэн тул харин ч уг асуудлаар өөрсдийн хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж уг цуглаан, суултыг зохион байгуулах гэж байгаа болохоос дээрх хуулийн заалтыг зөрчиж, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчих нөхцөл байдал огт үүсэхгүй юм. Уг цуглаан, суулт зохион байгуулагдсанаар хүүхдийн сурч, боловсрох эрх, яаж хөндөгдөнө гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий ... бусад үйл ажиллагаа, ... зохион байгуулахыг хориглоно” гэх заалтуудыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй”, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийн талаар заасан бөгөөд 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч талын зүгээс хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргагч нарт нөлөөлөх, дуу хоолойгоо хүргэх зорилгоор жагсаал, цуглаан хийх зорилготой болохоос өөрсдийн хүүхдүүдийн эрхийг зөрчих зорилго байхгүй. Бид хүүхдүүдийн сурах нөхцөл, тайван байх нөхцөлийг алдагдуулахгүйгээр Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх хүсэлтэй байна.

          Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0791 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч “М Т э э ” ГҮТББ-ын давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

          Нэхэмжлэгч ГҮТББ нь “М т” сургуулийн гадна болон дотор талд 30 хоногийн турш цуглаан, суулт зохион байгуулах мэдэгдлийг ирүүлснийг хянаад Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/887 дугаар албан бичгээр тухайн сургуульд сурч буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчих нөхцөл үүсч болзошгүй, мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7.1.1-д заасан “зорчигч тээврийн төв буудал” дээр жагсаал хийхийг хориглосон газарт хамаарсан гэх 2 үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “ ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэрт хориглосон газарт хамаарахгүй ... сурч боловсрох эрхийн талаар хэрхэн яаж сөрөг нөлөөлөх талаар тодорхой бичээгүй, тус сургуульд бидний хүүхдүүд сурдаг учраас сурах нөхцөл, тайван байх нөхцлийг алдагдуулахгүйгээр Үндсэн хуульд заасан жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэх гэтэл энэ эрхийг хаасан” гэжээ.

   Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд жагсаал, цуглаан хийхийг хориглох газрыг заасны дотор 7.1.1-д “ ... нийслэлийн зорчигч тээврийн төв буудал” гэж заасныг баримталсан үндэслэлээ хариуцагчаас сургуулийн гадна Дүнжингарав автобусны буудал байдаг нь нийслэлийн зорчигч тээврийн төв буудалд хамаарна гэх боловч уг автобусны буудлыг “нийслэлийн зорчигч тээврийн төв буудал”-д хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Харин дээрх татгалзсан шийдвэрийн нөгөө үндэслэл болох “тус сургуулийн байранд суралцаж байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөх нөхцөл  үүсч болзошгүй” гэсэнтэй холбогдуулж Боловсролын тухай хуулийг хэрэглэсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн дотор болон гадна талд суулт, цуглаан зохион байгуулах нь мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий ....  үйл ажиллагаа сургалт зохион байгуулахыг хориглоно” гэж заасан боловсролын үндсэн зарчмыг алдагдуулахаар байх тул хариуцагчийн бүртгэхээс татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.    

          Хариуцагчийн дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн “... “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн байрыг төр засгийн зарим удирдлагууд өөр сургуульд эзэмшүүлж, сурагчдыг зориулалтын анги танхимгүй болгож, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх сурч боловсрох эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсч байгаа асуудлаар” үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулах Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй байна.

          Учир нь зөвхөн дээрх асуудлаар цуглаан суулт хийх байршлын хувьд ерөнхий боловсролын сургуулийн байрны дотор болон гадна зохион байгуулах нь аливаа юмс үзэгдэл, нийгмийн харилцааг бүрэн таньж мэдээгүй, үзэл бодол нь төлөвшөөгүй суралцагч хүүхдүүдийн хувьд сурч боловсрох эрх, хүмүүжил төлөвшилд нь нөлөөлж болзошгүй гэж үзэж хүүхдийн эрхийг хамгаалсан нь эрх зүйн үндэслэлтэй болжээ.

          Түүнчлэн нэхэмжлэгч нарын суулт хийх газрын хувьд заавал уг сургуулийн байрыг сонгох болсон шалтгаан тодорхойгүй, Монгол тэмүүлэл сургуулийн хүүхдүүдийн суралцдаг байрыг өөр сургуульд шилжүүлэх шийдвэр гаргахаас сэргийлэх талаар үзэл бодлоо илэрхийлэх зорилгод нь нийцэхгүй буюу уг асуудлыг шийдвэрлэх эрх бүхий төр, засгийн удирдлага тухайн сургуулийн байранд байхгүй тул аюулгүй тайван орчинд сурч боловсрох хүүхдийн эрхээс илүү чухал, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол байхгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.