Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2024/0160/З |
Дугаар | 001/ХТ2024/0120 |
Огноо | 2024-11-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2024/0120
Д.О-ийн нэхэмжлэлтэй,
Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0436 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2024/0541 дүгээр магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0384 дүгээр, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 001/ШХТ2024/0424 дүгээр хэлэлцүүлэх тогтоолуудтай хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор тус тус хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “... *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** гудамж, *** байрны *** тоот, *** м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны өмчлөх эрхийг Д.О-т шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгөхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай”
2.Хэргийн нөхцөл байдал: Д.О нь дээрх орон сууцыг “Г м к” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу худалдан авсан. Тэрээр уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон гэх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 102/ШШ2021/03341 дүгээр захирамжийг үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад удаа дараа хандсан боловч бүртгэхээс татгалзсан байна.
2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр манай өмчлөлийг баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, орон сууцны өмчлөх эрхийг Д.О-ийн нэр дээр шилжүүлэх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн, нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус байр байрлаж буй газар, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр хүчингүй болсон гэсэн хариуг ирүүлсэн байтал бүртгэлийн байгууллага нь хуучин хүчингүй болсон шийдвэрүүдийг үндэслэл болгон бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй, миний хувьд газрын эрхийг ерөөсөө хүсээгүй, зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өмчлөх эрхээ бүртгүүлье гэдэг хүсэлт тавьсан, ... бүртгэлийн байгууллага мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас миний үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэх эрхийг удаа дараа хойшлуулж, бүртгэхээс татгалзсан шийдвэрийн улмаас олон жил хохирч байна ...” гэж тодорхойлон маргасан.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... *** байр нь “Г м к” ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн, тус эд хөрөнгөд прокурорын зөвшөөрлөөр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, мөн захиалагчдын өмчлөлд салгаж бүртгэхгүй, гэрчилгээ олгохгүй байхыг мэдэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл бүртгэлтэй байгаа боловч тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хэсэгчлэн сэргээж, нэр бүхий иргэд болон Д.О-ийн нэр дээр гэрчилгээ гаргахыг мэдэгдсэн албан бичгийг ирүүлсэн, хуулийн дагуу захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтлах ёстой. Тус компани нь өнөөдрийн байдлаар захиалагч иргэдийн нэрийн жагсаалт болон холбогдох нотлох баримтыг манай байгууллагад ирүүлээгүй байгаа тул тухайн иргэний үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхээр мэдүүлсэн материал буцсан ...” гэж;
2.3.Гуравдагч этгээд “Г м к” ХХК-аас “... нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр өмчлөгч болох нь тогтоогдсон тул улсын бүртгэлийн байгууллага Д.О-ийн өмчлөх эрхийг бүртгэх үндэслэлтэй, компанийн зүгээс иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээг салгаж, өмчлөх эрхийг нь баталгаажуулахаар улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа хандсан боловч прокурорын 403 дугаартай битүүмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжтэй гэдэг үндэслэлүүдийг яриад бүрдүүлбэрийг хүлээж авдаггүй, захиалагч иргэдийн жагсаалтуудыг хүргүүлсэн боловч амаар болон бичгээр удаа дараа татгалзсан, ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 11.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.О-ийн өмчлөлд бүртгэхийг даалгасан, мөн гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх хүсэлтийг удаа дараа гаргасан ба үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдож байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, прокурорын зөвшөөрөл, барьцаанд байгаа гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус байна ...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... Үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөх эрх нь өөр этгээдийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бүртгэлтэй байгаа энэ тохиолдолд уг газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг салгаж бүртгэхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны өмчлөх эрхийг салгаж бүртгэхийн тулд орон сууцны доорх газрын өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагатай, нэхэмжлэгч нь газрыг өмчилж буй иргэн Д.Г-оос бичгээр гаргасан зөвшөөрлийг мэдүүлэгтээ хавсаргасан хэдий ч газар өмчлөх эрхийг барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй, тус эрхэд тогтоосон барьцааны бүртгэл хүчинтэй байх тул Д.О-ийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь ... улсын бүртгэлийн зарчимд нийцсэн шийдвэр болжээ ...” гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг тус тус баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0384 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх; гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 001/ШХТ2024/0424 дүгээр тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
6.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-аас “... улсын бүртгэлийн газраас тус байрны *** тоот, 53.76 м.кв талбай бүхий орон сууцыг салгаж бүртгэхгүй мөн бусад байрыг хэн авсныг нотлох баримт жагсаалт ирүүл гэх мэтээр шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.4-т заасны дагуу үүрэгт ажлаа хийхгүй байгаа, тус хуулийн заалтыг үйл ажиллагаандаа огт мөрддөггүй байдал ажиглагдсан.
6.1.1.Магадлалын 8, тухайн газарт өмчлөгчийн зөвшөөрлөөр орон сууцны барилга баригдсан мөн баригдаж байх хугацаанд удаа дараа бүртгэл хийлгэн улмаар “Г м к” ХХК 2019 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх ажил хийгдсэнээс гадна 2020 оны 02 дугаар сарын 21-нд “Г м к” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн 2 дахь бүртгэл хийгдсэн нь нотлох баримтад байгаа, энэ удаа дараагийн бүртгэлүүдэд газрын зориулалтыг өөрчлөх шаардлагыг тавиагүй мөртлөө иргэн Д.О-т шүүхийн шийдвэрээр, “Г м к” ХХК-ийн хүсэлтээр шилжүүлэх болоход энэ асуудлыг хөндөж байгаа нь өөрөө ялгаварласан үйлдэл бөгөөд буруутгах шалтгаан болно.
6.1.2.Магадлалын 9, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1-д заасан барьцаалагчийн зөвшөөрөл авах заалт нь 2017 онд хүчингүй болсон бөгөөд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй байна. Иргэн би барьцаалагчаас зөвшөөрөл авах эрх болон үүрэггүй бөгөөд харин барьцаалагч зөвшөөрөөгүй тохиолдолд хуулийн хүрээнд барьцаалагч болон барьцаалсан этгээдтэй хэлэлцэх, хэлэлцэлд хүрэхгүй бол хууль шүүхийн шугамаар шийдүүлэх боломж бүрдэх байсан. Миний бие улсын бүртгэлийн байгууллагад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3-т заасныг үндэслэн хандахад улсын бүртгэлийн байгууллага нь 11.4-т заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж болох этгээд буюу барьцаалагчид мэдэгдэх ажлаа хийх ёстой байтал хуульд заасан ажил үүргээ хийхгүй байснаас үүдэн энэ асуудал үүссэн. Улсын бүртгэлийн байгууллагын хуульд заасан үүргээ гүйцэтгээгүйгээс болж иргэн би хохирч байгаа, надтай мөн адил шалтгаанаар олон иргэд хохирч байгаад итгэлтэй байна.
6.1.3.Магадлалын 10, хуулиа биелүүлэхгүй байгаа нь улсын бүртгэлийн байгууллагын зөв гэж дүгнэсэн гэж үзэхээр байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3-т заасан зохицуулалтууд байсаар байтал харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Магадлалын 11, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үгүйсгэхээс гадна Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 11.4-т заасны дагуу ажлаа хийхгүй байгаа нь улсын бүртгэлийн байгууллагын зөв мэтээр тайлбарласан. Магадлалын 12, тус орон сууцыг өмчлөгч нь захиран зарцуулах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, гэвч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 11.4-т заасны дагуу ажлаа хийхгүй байгаа улсын бүртгэлийн байгууллагыг бус хуулиар тогтоосон эрхгүй иргэн намайг тус зөвшөөрлийг авах шаардлагатай гэсэн утга агуулагдсан байна. Магадлалын 13, улсын бүртгэлийн байгууллагын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 11.4-т заасны дагуу ажлаа хийхгүй байгаа нь зөв мэтээр дүгнэжээ.
6.1.4.Магадлалын 14, миний бие анхнаасаа л газрын эрхийг авах гээгүй бөгөөд тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр авах эрхээ нэхэмжилсэн, тухайн орон сууцыг бүтнээр нь 100% өмчилж буй бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж “Г м к” ХХК нь тухайн газрын өмчлөгчийн зөвшөөрлөөр хуулийн дагуу газраа барьцаалсан байж болох бөгөөд газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалаагүй захиран зарцуулах эрхтэй гэдэг нь баримтаар нотлогдсоор байхад харгалзан үзэхгүй байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Нотлох баримтад ирүүлсэн улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтоор тус орон сууцыг 2019 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх ажил хийгдсэн нь нотлогддог, энэ үед Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу орон сууц тус бүрд хувийн хэрэг нээж гэрчилгээ бичээгүй бөгөөд нэгтгэсэн нэг гэрчилгээ бичсэн байдаг, энэ үйлдлээрээ улсын бүртгэлийн байгууллага хууль журмыг мөрдөж ажилладаггүй, тухайн цаг үедээ тааруулан өөрсдийн дураар үйл ажиллагаа явуулдаг нь мөн нотлогдоно.
6.1.5.Газар барьцаанд байгаа тул бүртгэхгүй байх нь улсын бүртгэлийн байгууллагын зөв гэж үзэж байгаа бол “шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шаардлагатай материалуудыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх боломжтой” гэж шүүх хуралд мэдэгдсэн гуравдагч этгээд болох тухайн газрыг банканд барьцаалсан “Г м к” ХХК-ийн мэдэгдлийг харгалзан үзээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.7-д заасан эрхийнхээ хүрээнд хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргах боломжтой байсан эсхүл хуулийн 120.3-т заасны дагуу газрыг барьцаанаас чөлөөлөн миний хууль шүүхээр тогтоосон өмчлөх эрхийг бүртгэх нөхцөлийг бүрдүүлэх үүргийг гуравдагч этгээд болох “Г м к” ХХК-д даалган нэмэлт өөрчлөлт оруулж болох байсан. Гэвч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь энгийн номхон иргэнийг хөсөр хаяж энэ асуудлыг хэн ч хариуцахгүй болгон эзэнгүйдүүлж хаясан нь хэргийг шийдвэрлэхгүй асуудлаас зугтаасан үйлдэл боллоо.
6.1.6.Миний бие анх өргөдөл гаргахдаа улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон боловч шаардлагатай бол “Г м к” ХХК, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг барьцаалагч болох Ч х банкийг шүүх ажиллагаанд татан оролцуулж тайлбар мэдээлэл авах, шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагад хамаарах асуудлаар шийдвэр гарган асуудлыг нэг мөр хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн, гэвч үүнийг харгалзан үзэлгүй орхисон нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөө үзүүллээ. Хэрвээ шүүх тухайн орон сууцны барилгын доорх газрыг барьцаалагч болох Ч х банкны эрхийг хамгаалах нь зүйтэй гэж үзэж байгаа бол гуравдагч этгээдээр заавал оролцуулах шаардлагатай ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.5-д заасны дагуу шийдвэрлэх боломжтой. Мөн хуулийн 131.1.4-т заасны дагуу миний анх өгсөн өргөдөлд тусгасан гуравдагч этгээдүүд болох “Г м к” ХХК, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг барьцаалагч болох Ч х банкийг шүүх ажиллагаанд татан оруулж хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжийг олгох бол миний бие хүлээн зөвшөөрөн анхан шатны шүүхэд оролцох боломжтой, ... нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
6.2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.Э-аас “... Нэг. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд: ... Магадлалын хянавал хэсгийн 5-д хийсэн дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэж улсын эрхийн бүртгэл анх удаа манай компанийн нэр дээр үүссэн гэдгийг тогтоосон. Тодруулбал, улсын бүртгэлээс манай компанид эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, *** дугаарын гэрчилгээг олгохдоо газрын нэгж талбарын *** дугаарт үндэслэж бүртгэл хийгдсэн гэдгийг шүүх тогтоосон. Гэтэл магадлалын хянавал хэсгийн 8-т өөрийн гаргасан дүгнэлтийн эсрэг дүгнэлт хийсэн байна.
6.2.1.Давж заалдах шатны шүүхээс *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** гудамж, *** байрны бүртгэл 2020 онд хийгдэж, Ү дугаар авсан бол тухайн бүртгэлийг захиргааны байгууллага хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол тус байрны тодорхой нэг хэсэг буюу 53.76 м.кв талбайг хэлцлийн үндсэн дээр Д.О-т шилжсэнийг бүртгэх боломжгүй гэх захиргааны байгууллагын татгалзал үндэслэлгүй байхад түүнийг хуульд нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө газрын нэгж талбарт суурилан 2019 он, 2020 онд бүртгэгдсэн тул нэхэмжлэгчийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бүртгэл хийлгэх хүсэлт хуульд нийцсэн байсан.
6.2.2.Магадлалын хянавал хэсгийн 7-д маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн доорх газрын барьцаалагчийн зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс газрын эрхийг шилжүүлэх бүртгэлтэй холбоотой маргаан үүсгээгүй бөгөөд харин захиргааны байгууллагын татгалзал болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 30 дугаар зүйлийн 30.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.7 дахь хэсгийг болон цагдаа, прокурор, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хязгаарлалт тогтоосон албан бичгийг дурдаж бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй.
6.2.3.Захиргааны байгууллага шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны үйл ажиллагаатай холбоотой эл асуудлыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар хавсаргах баримтыг тусгайлан зохицуулсан ба Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.1, 6.5-д заасан. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцыг иргэний нэр дээр бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохгүй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэснийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан байдаг.
6.2.4.Харин хариуцагчаас анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа бичгээр тайлбар гаргахдаа зөвхөн манай компанийн захиалагч иргэдийн нэр дээрх гаргах жагсаалт болон холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй гэж буруутган тайлбар хийсэн. Гэтэл бодит байдал дээр манай “Г м к” ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өөрийн барьж ашиглалтад оруулсан орон сууцны төлбөрийг 100% төлсөн захиалагчийн нэр дээр гэрчилгээг гаргуулахаар 2020.02.04-ний өдрийн 322 дугаар, 2020.02.17-ны өдрийн 235 дугаар, 2023.04.04-ний өдрийн 52 дугаар, 2023.05.08-ны өдрийн албан бичгээр тус тус хандсан байдаг. Түүнчлэн, манай компани нь дээрх албан бичгээр захиалагч иргэдийн жагсаалт болон холбогдох нотлох баримтыг хавсаргаж өгсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд захиргааны байгууллагын татгалзал үндэслэлгүй.
6.2.5.Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн худалдан авсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн битүүмж, хөрөнгийн шилжилт, хөдөлгөөн хийх хязгаарласан аливаа этгээдийн шийдвэр байхгүй, хөрөнгийн эрх сэргээх тухай 189/07 дугаар тогтоол, эрх шилжүүлэх тухай 01-189/9039 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан бичиг хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус маргаан бүхий орон сууц болон түүний доорх газрын эрхийг хязгаарласан шүүхийн маргаангүй, хязгаарлалтгүй, бусад хууль хяналтын байгууллагуудаас тавигдсан хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт байхгүй болох нь дээрх албан бичгээс нотлогдож байна. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу бий болсон өмчлөх эрхээс илүүтэй барьцаалагчийн барьцааны эрхийг нэн тэргүүд тавьсан нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний талууд зээлийн төлбөрөө төлөөгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны зүйл үүргийн гүйцэтгэлийг хангахааргүй бол өөр бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломж Иргэний хуульд байгааг дурдах нь зүйтэй. Нөгөөтээгүүр давж заалдах шатны шүүхийн дурдаж буй зээлийн гэрээтэй холбоотой барьцаагаар хангагдах эрхийг хэрэгжүүлэх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргаагүй байгаа. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэхэд Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрүүтэйгээр тайлбарлаж хэрэглэсэн.
6.2.6.Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гаргасан тухайд: ... Давж заалдах шатны шүүх хурлыг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр даргалагч шүүгч Д.О, илтгэгч шүүгч З.Г, шүүгч Г.Б нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн. Илтгэгч шүүгч давж заалдах гомдлыг танилцуулахдаа “түүнчлэн өнөөдрийн байдлаар энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар бол Ч х банканд 2013 онд барьцаанд ...” гэж хариуцагчийн бичмэл байдлаар шүүхэд гаргасан гомдолд огт байхгүй зүйлийг танилцуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.7-д заасны дагуу илтгэгч шүүгч нь гагцхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлийг л танилцуулах эрх хэмжээтэйгээр шүүх хуралдаанд оролцох бөгөөд шаардлагатай тохиолдолд хэргийн оролцогчоос асуулт асууж тодруулга авахаар заасан байна.
6.2.7.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар шүүгч хуульд заасан журмын дагуу бие даасан, хараат бусаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Гэтэл илтгэгч шүүгчийн шүүх хуралдааны дэгийг зөрчин байж хариуцагчийн гомдолд бичигдээгүй зүйлийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан энэхүү үйлдэл нь шүүх хэргийг үнэн зөв, хараат бус, шударгаар шийдвэрлэсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэжээ.
7.Хэргийн оролцогчид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8.Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
10.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.О нь *** дүүргийн 22 дугаар хороо, *** гудамж, *** байрны *** давхрын *** тоот, 53.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар “Г м к” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, гэрээний дагуу төлбөрийг 2019, 2020 онд бүрэн төлж барагдуулсан; Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/1087 дугаар захирамжаар Д.О-ийн “... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг “Г м к” ХХК бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
11.Энэхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дараа Д.О-ээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хэд хэдэн удаа хандсан; хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “... *** тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө нь “Г м к” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалтай, өнөөдрийн байдлаар Ч х банктай 2018 онд байгуулсан *** дугаартай барьцааны гэрээ бүртгэлтэй, прокурорын зөвшөөрөл болон нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, улсын бүртгэгчийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй ...” гэсэн үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
12.Анхан шатны шүүх “... захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** гудамж, *** байрны *** тоот, 53.76 м.кв талбай бүхий орон сууцыг Д.О-ийн өмчлөлд бүртгэхийг даалгасан, мөн гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх хүсэлтийг удаа дараа гаргасан ба үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдож байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, барьцаанд байгаа гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус байна ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөгч буюу барьцаалуулагч Д.Г, барьцаалагч Ч х банкийг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.
13.Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалтаар өмчлүүлсэн бөгөөд Ч х банктай 2018 онд байгуулсан *** дугаартай зээлийн гэрээний барьцаанд тавьсан болох нь ... тогтоогдож байх бөгөөд тухайн газар нь одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын цахим сан /барьцаа/-д бүртгэлтэй хэвээр болон уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна, ... үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөх эрх нь өөр этгээдийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бүртгэлтэй байгаа энэ тохиолдолд уг газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг салгаж бүртгэхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны өмчлөх эрхийг салгаж бүртгэхийн тулд орон сууцны доорх газрын өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагатай, нэхэмжлэгч нь газрыг өмчилж буй иргэн Д.Г-гоос бичгээр гаргасан зөвшөөрлийг мэдүүлэгтээ хавсаргасан хэдий ч газар өмчлөх эрхийг барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй, тус эрхэд тогтоосон барьцааны бүртгэл хүчинтэй байх тул Д.О-ийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь ... улсын бүртгэлийн зарчимд нийцсэн шийдвэр болжээ ...” гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй нь буруу болжээ.
14.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох шаардлагатай.
15.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0436 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2024/0541 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ