Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 33

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                            зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Ж.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, иргэн С.Баатарсүрэн, М.Энхжаргал нарт холбогдох 
М.Энхжаргалын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд 15 дугаартай авто зогсоолын гэрчилгээг хүчингүй болгуулж, орох гарах гарц гаргаж өгөхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Лхагва-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Лхагва-Эрдэнэ нь захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0000429866 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0118004704 дугаартай гэрчилгээтэй Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 38 дугаар байрны подвалд 06 дугаартай 12 м2 талбайтай авто зогсоолыг худалдаж авсан.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “газрыг....иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана”, 27 дугаар зүйлийн 27.1 -д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл нийтийн зориулалттай орон сууцны орчны газрыг тухайн орон сууцанд амьдардаг иргэд гараж буюу зогсоолын зориулалтаар эзэмшиж, ашиглахдаа Газрын тухай хуульд заасан журмаар эрх бүхий байгууллагад хандаж, зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа билээ.
Гэтэл авто зогсоолыг анх худалдсан Баатарсүрэн нь “чөлөөтэй орж, гарах ямар нэгэн саад байхгүй биздээ" гэхэд “чөлөөтэй орж, гарах болно, саад байхгүй ээ" гэж хэлж байсан боловч уг зогсоолын багана хоорондын зайг зарж борлуулснаас өнөөдрийг хүртэп Баатарсүрэнгийн буруутай үйлдлээс болж иргэн намайг хохироож байна.
Уг зогсоолоо авснаас хойш сарын дараа буюу 9 сараас Т.Энхжаргал нь миний авсан авто зогсоолыг хааж, орох, гарахад удаа дараа саад учруулж байсан бөгөөд өглөө, оройд үл ойлголцол үүсэж байна. 
Иймд Ж.Лхагва-Эрдэнэ миний бие өөрийн эзэмшилд байгаа 06 дугаар авто зогсоолд эзэмших, ашиглахад эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул Баатарсүрэн, Энхжаргал нарыг автомашинаа чөлөөтэй орж, гарах эрхээр хангаж, гарц гаргахыг даалгаж, М.Энхжаргалын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвапд 15 дугаартай авто зогсоол гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд байрлах 15 дугаартай авто зогсоол нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1 дэх заалт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна" гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар Т.Энхжаргалын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байхгүй болно. Тус  хэлтсээс Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар албан бичигт Т.Энхжаргал нь уг автозогсоолын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна гэж ташаа бичигдсэнийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 268 дугаар албан бичгээр бүртгэгдээгүй болохыг залруулан хүргүүлсэн болно.
Иймд улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж, гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагч М.Энхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Т.Энхжаргал миний зогсоол 15 номерийн зогсоол. Ж.Лхагва-Эрдэнийн зогсоол болон 6 номерийн зогсоолд орж гарахад ямар нэгэн саад учруулдаггүй болно.
Нэхэмжлэгч Ж.Лхагва-Эрдэнэ уг зогсоолоо С.Баатарсүрэнг буцааж ав, эсвэл Т.Энхжаргал намайг худалдаж ав гэдэг байсан боловч одоо буцааж авах буюу Энхжаргал миний бие худалдаж авъя гэхэд зарахгүй гэдэг.
15 номерийн зогсоолыг Энхжаргал миний бие 2015 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа. Иймд Ж.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч С.Баатарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд 6 номерийн зогсоолыг 15 номерийн зогсоолын автомашин хааж зогсдоггүй болохыг фото зураг болон иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоогдсон байгаа. Иймд иргэн Ж.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч М.Энхжаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Ж.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, М.Энхжаргал, С.Баатарсүрэн нарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч М.Энхжаргал миний бие Ж.Лхагва-Эрдэнийн зогсоол болох 6 номерийн зогсоолд саад учруулж машин тавихгүй байхаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэлд дурдсан орох гарах гарцыг чөлөөтэй байлгах шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Лхагва-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Ж.Лхагва-Эрдэнэ миний бие тус шүүхэд М.Энхжаргалын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд 15 дугаартай авто зогсоолын гэрчилгээг хүчингүй болгуулж, орох гарах гарц гаргаж өгөхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар албан бичгээ залруулан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 268 дугаар албан бичиг ирүүлсэн  тул нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох М.Энхжаргалын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд 15 дугаартай зогсоолын гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Харин нэхэмжлэлийн хоёр  дахь шаардлага болох С.Баатарсүрэн, М.Энхжаргал нарт холбогдуулан орох гарах гарц гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч М.Энхжаргал, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тус шүүхэд хүсэлт гаргасан, мөн 38 дугаар байрыг барьсан “Арвайхээр хурд” ХХК-ийн захирал А.Мөнхтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баатарсүрэн нар 6 дугаарын зогсоолд орж гарахад саад учруулахгүй байх талаар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ж.Лхагва-Эрдэнээс Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, иргэн С.Баатарсүрэн, М.Энхжаргал нарт холбогдуулан гаргасан М.Энхжаргалын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд 15 дугаартай авто зогсоолын гэрчилгээг хүчингүй болгуулж, орох гарах гарц гаргаж өгөхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Маргаан гарах болсон үйл баримтаас дурдахад: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт “Арвайхээр хурд” ХХК нь 54 айлын орон сууц бүхий 38 дугаар байрыг ашиглалтад оруулсан байна. Нэхэмжлэгч Ж.Лхагва-Эрдэнэ нь тус байрны подвалд 06 дугаартай 12м2 талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-0118004704 дугаарт бүртгэгдэж, улсын бүртгэлийн 000429866 дугаар гэрчилгээ олгожээ./х.х-н 115/ 

Нэхэмжлэгч уг зогсоолыг авснаас хойш сарын дараа М.Энхжаргал нь миний авсан авто зогсоолыг хааж, орох, гарахад удаа дараа саад учруулж байгаа тул миний эзэмшилд байгаа 06 дугаар авто зогсоолд эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа С.Баатарсүрэн, М. Энхжаргал нарыг автомашинаа чөлөөтэй орж, гарах эрхээр хангаж, гарц гаргахыг даалгаж, М.Энхжаргалын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд 15 дугаартай авто зогсоол гэрчилгээг хүчингүй болгуулна гэж;
Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, С.Баатарсүрэн, М.Энхжаргал нараас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1 дэх заалт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна" гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар Т.Энхжаргалын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байхгүй болно. Иймд улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж, гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй...иргэн Ж.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд 6 номерийн зогсоолыг 15 номерийн зогсоолын автомашин хааж зогсдоггүй...Т.Энхжаргал миний зогсоол 15 номерийн зогсоол. Ж.Лхагва-Эрдэнийн зогсоол болон 6 номерийн зогсоолд орж гарахад ямар нэгэн саад учруулдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг зааснаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Архангай аймгийн Архивын тасаг, Архангай аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын архив, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 38 дугаар байрны подвалд зэрэг газруудад үзлэг, туршилт хийж “Арвайхээр хурд” ХХК-ий захирал А.Мөнхтуяагаас гэрчийн мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр товлосон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Энхжаргал нэхэмжлэгч Ж.Лхагва-Эрдэнийн зогсоол болох 6 номерийн зогсоолд саад учруулж машин тавихгүй байхаар тохиролцон, нэхэмжлэлд дурдсан орох гарах гарцыг чөлөөтэй байлгах шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, нэхэмжлэгч Ж.Лхагва-Эрдэнэ нь хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс  2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар албан бичгээ залруулан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 268 дугаар албан бичиг ирүүлсэн тул нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох М.Энхжаргалын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд 15 дугаартай зогсоолын гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харин нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох С.Баатарсүрэн, М.Энхжаргал нарт холбогдуулан орох гарах гарц гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тус шүүхэд хүсэлт гаргасан, мөн 38 дугаар байрыг барьсан “Арвайхээр хурд” ХХК-ий захирал А.Мөнхтуяатай 6 дугаарын зогсоолд орж гарахад саад учруулахгүй байх талаар ярилцаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баатарсүрэн хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна. /х.х-н 180-182/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах..., 21 дүгээр зүйлийн 21.1.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Түүнчлэн “Арвайхээр хурд” ХХК-ий захирал А.Мөнхтуяа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 38 дугаар байрны суурийн давхар дахь автозогсоолын талаар тус байрны оршин суугч Ж.Лхагва-Эрдэнэтэй тохиролцсон. Үүнд. Ж.Лхагва-Эрдэнийн эзэмшлийн автомашиныг өөрийн зогсоолдоо орж гарахад нь саад учруулахгүй байх болно гэх тайлбар ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. 
Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ж.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, иргэн С.Баатарсүрэн, М.Энхжаргал нарт холбогдох “М.Энхжаргалын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд 15 дугаартай авто зогсоолын гэрчилгээг хүчингүй болгуулж, орох гарах гарц гаргаж өгөхийг даалгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Лхагва-Эрдэнийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд 15 дугаартай авто зогсоолын гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч М.Энхжаргал, С.Баатарсүрэн нар 06 дугаартай авто зогсоолд орох гарах гарц гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 06 номерийн зогсоолд саад учруулж машин тавихгүй байхаар тохиролцож, орох гарах гарцыг чөлөөтэй байлгах шаардлагыг хүлээн зөвшөөрсөныг баталж, Ж.Лхагва-Эрдэнийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 38 дугаар байрны подвалд 15 дугаартай авто зогсоолын гэрчилгээг хүчингүй болгуулж, орох гарах гарц гаргаж өгөхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА