Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01373

 

“Р” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00661 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1535 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Р” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 79 930 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхзориг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Р” ХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэл барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани юм. Тус компани нь “Х” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр БНГ-07/01-32 тоот дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу манай компаниас 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд бетон зуурмаг худалдан авсан. Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч болох “Х” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийг байдлаар 53 287 300 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 53 287 300 төгрөг, Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.6-д зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг удирдлага болгон 26 643 650 төгрөгийн алданги, нийт 79 930 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн үүрэгт 41 094 904 төгрөг, алданги 20 547 452 төгрөг, нийт 61 642 356 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу хариуцлага тооцох, мөн энэ гэрээнд үндэслэн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа мэтээр дурдсан боловч нэхэмжлэлдээ энэхүү гэрээгээ хавсарган ирүүлээгүй явдал нь эргэлзээ төрүүлж байна. Иймд энэ талаарх тооцоо, төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Бидэнд нийлүүлж байгаа бетон зуурмагийн хэмжээ дутагдаж байгаа талаар удаа дараалан хэлж, түүнийгээ засахыг анхааруулсан хэдий ч тэд энэ алдаагаа засч чадаагүй. Тэдний гаргасан алдаа нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон. Түүнээс гадна бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэгчийг байгуулсан мэтээр нэхэмжлэлдээ дурдаж шаардлагаа тодорхойлдог боловч гэрээ нь өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй учраас ийм гэрээ огт байгуулагдаагүй юм. Иймээс нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй болно.

Бидний зүгээс өөрсдийн барьсан барилга, орон сууцандаа зураг, стандартын дагуу төлөвлөгдөж, тооцогдсон хэмжээний зуурмагаа л авч хэрэглэсэн. Нэхэмжлэлд дурдахдаа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж эд хөрөнгө битүүмжлүүлэх дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоолгох тухай хүсэлтийг гаргажээ. Бид нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бидний хөрөнгө болон дансны хөдөлгөөнийг хаах хууль зүйн үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж байна. Манай компанийн хувьд үндэсний аж ахуйн нэгж бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг найдвартай татвар төлөгч тул шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэж ажиллана. Бидний хувьд татан буугдах, өөр бусад хэлбэрээр хариуцлагаас зугтаах ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00661 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.7-д заасныг тус тус баримтлан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, алдангид 58 805 364 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түрээсийн гэрээний үүрэгт 2 836 992 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж “Р” ХК нь олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 60 341 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1535 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 240 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нотлох баримтыг үндэслэлгүйгээр үнэлэхээс татгалзсаныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэх ёстой бөгөөд гомдолд доорх нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээр дахин үнэлүүлэхээр гомдол гаргасан боловч нэг бүрчлэн хянаж үзэж нягтлан шалгасангүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Архангай аймагт нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч “Х” ХХК-д үүссэн нийт худалдан авсан бетоны хэмжээ нь 2356 м3 гэж тодорхойлсон. Уг хэмжээнд “Х” ХХК-ийн Улаанбаатар хотод худалдан авсан 36 м3 бетоны хэмжээ багтсан болно.

Улаанбаатарт худалдан авсан бетоны төлбөр төлөгдсөн тул тус баримтыг хавтаст хэрэгт баримтаар өгөөгүй болно. Шүүх шийдвэртээ хариуцагч нийт 2136 м3 бетон зуурмагийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж дурдсан бөгөөд үүнийг ялгаж салгаагүй. Бид Улаанбаатар хотод хүлээж авсан З6 м3-ын төлбөрийн үлдэгдэлтэй маргаагүй бөгөөд үнийг нэхэмжлээгүй. Манай компанийн нэхэмжлэж байгаа Архангай аймагт “Хасү мандал-1”, “Хасу-Мандал-2” орон сууцанд нийлүүлсэн бетон зуурмагийн нийт хэмжээ 2320м3 болно. Уг бетон нь марк(МОО)-26 м3, Марк(М150)-420м3, марк(М250)-1875 м3 байдлаар ангилагдана. Дээрх бетоны марк хэмжээ бүрээр тодорхойлсон баримт хавтаст хэрэгт байгаа. Гэвч шүүхээс анхнаасаа хавтаст хэрэгт өгөөгүй Сувгийн 36 м3 бетоны баримтыг байхгүй хэмээн тооцож нийт Архангайд нийлүүлсэн бетоны хэмжээнээс хасаж тооцсон.

Мөн марк тус бүрийн нийт бетоны хэмжээг буруу тооцоолж нийт 2075 м3 болгон тооцоолсон хавтаст хэрэгт байгаа баримтын хэмжээнээс нийтдээ 245 м3-ээр багаар тооцож улмаар “хариуцагч “Х” ХХК нийт 2136 м3 бетон зуурмагийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Шүүх хавтаст хэргийн 26, 54, 48, 67, 73, 78, 85, 92, 96, 110, 124, 131, 137, 140, 142, 154, 161, 178, 191, 203, 207, 209, 243 болон 2-р хавтсын 8 дугаар хуудаст авагдсан баримтыг бетоны марк тодорхойгүй, бараа хүлээн авсан хүний гарын үсэггүй, нэг баримтыг давхар хуулбарлаж өгсөн гэх үндэслэл зааж нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Шүүх хавтаст хэрэг дэх бетон хүлээлгэн өгсөн баримтын бетоны марк дээр 00 гэх тэмдэглэгээ бүхий бетоныг марк тодорхойгүй гэх үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлэхээс татгалзжээ. Бетон хүлээлгэн өгсөн баримт дээрх марк хэсэгт тэмдэглэгдсэн 00 гэх тэмдэглэгээ бүхий бетон нь 00 мм-ын хэмжээ бүхий элсийг цементтэй хамт зуурч бэлтгэдэг хайрга ордоггүй хамгийн нарийн чанар бүхий шингэн бетон бөгөөд барилгын шал, дээврийн тэгшилгээ өнгөлгөө хийхэд ордог өндөр чанар бүхий бетон юм. Тус бетоныг М-250 маркийн үнээр тооцож нийлүүлж байсан тул М-250-ын нийт тоо хэмжээнд багтааж тооцоо хийж байсан болно. Гэтэл шүүх дээрх М-00 бетоныг марк тодорхойгүй гэсэн үндэслэлээр үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнг багасгах нэг нөхцөл болжээ. Шүүх дээрх байдлаар үнэлэхээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримт үнэлэх үндсэн зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

Мөн марк болон хэмжээ бүрэн гүйцэд бичигдэж хүлээн авсан хүн гарын үсэг зурсан хавтаст хэргийн 131, 142, 243 дугаарт авагдсан баримтуудыг ямар шалгаан үндэслэлээр үнэлээгүй болох нь тодорхойгүй байна. Дээрх байдлаар нотлох баримтыг үндэслэлгүйгээр үнэлэхээс татгалзсан нь тус баримтуудад тусгагдсан нийт 89 м3 бетоныг хариуцагч авч хэрэглээгүй гэх дүгнэлтийг гаргаж нэхэмжлэлийн хэмжээг илт бууруулан шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн 661 тоот шүүхийн шийдвэрийн бетон зуурмагийн үндсэн төлбөр болох 38 257 912 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг, давж заалдах шатны шүүхийн 1535 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн тус хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч “Р” ХК нь хариуцагч “Хасу мандал” ХХК-д холбогдулан худалдах-худалдан авах болон түрээсийн гэрээний үүрэгт нийт 79 930 950 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, 61 642 356 төгрөг болгосон байна. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд бетон зуурмаг нийлүүлэх худалдах-худалдан авах, мөн бетон зуурмагийг шахах помп машиныг түрээслэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан шаардлагад нийцжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр БНГ-07\01-32 дугаартай гэрээг дурдсан боловч гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй байна. Энэ тохиолдолд шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах болон түрээсийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх боломжгүй.

Анхан шатны шүүх баримтаар нотлогдсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлогдоогүй хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байх ба давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийг үүргээ гүйцэтгэхгүй хугацаа хожимдуулсан гэж үзэж, алданги гаргуулахаар шаарджээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т зааснаар анзын гэрээг бичгээр хийх шаардлагатай ба бичгээр байгуулсан гэрээг нэхэмжлэгч шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй тул алдангийн талаархи нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00661 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1535 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН