Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 61

 

                                          Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр  даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох эрүүгийн 2238000000539 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй Ц овогт Б-ийн Б.

Б.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 0 дүгээр баг Дэлэн гэх газарт 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б гэгээнтний ургийн баярт оролцож байхдаа С.Э-ыг 00-00 ХӨВ улсын дугаартай “приус-11” загварын тээврийн хэрэгслээр дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцгийн битүү гэмтэл учруулж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн 2238000000539 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор “Приус-11” загварын 00-00 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан Б.Б-аас 7,000,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж 02 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Б.Б-ын үйлдлийг согтуугаар хэрэг үйлдсэн болохоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр хариуцлага хүлээлгэх үндэслэл хавтас хэрэгт байгаа болно. Архидан согтуурсан нь гэрчийн мэдүүлэг, өөрийн мэдүүлэг, хэрэг яаж үйлдсэнээ мэдэхгүй байгаа байдал болон хэргийн үйл явцаас харагдана.

Гэрч Б.О “...Б нь архи гаргаж ирж аягалан тойруулсан. Тэгээд би тэр архинаас ойролцоогоор 5 орчим удаа тойруулж өгөх үед уугаад ... машинаас бууж талбай руу очсон” гэжээ. /хэргийн 56-58 дахь тал/, гэрч Б ”...Би П ахтай хамт архи ууж байхдаа машиныг баримжаагаар 5 орчим метр хөдөлгөсөн... яагаад гэвэл архи ууж байхдаа яриандаа болоод хөдөлгөсөн.” /хэргийн 51-53 дахь тал/

Хавтаст хэрэгт ууж байсан шилтэй архины фото зураг эд мөрийн баримтаар байдаг. Үйлдсэн хэргээ мэдэхгүй машины зориулалтын зогсоол байсаар байтал Асрын тэнд сэлгүүцэн очиж, өөрийн ярьснаар гэрлээ асаахгүй хөдөлгөөнд орсон нь согтуугийн илрэл бөгөөд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2021 оны 11 сард 1 жилээр эрхээ хасуулж жолоодох эрхгүй байхдаа дахин машин барьж байгаа байдлуудаас харагдана.

Гэрч О-ын “ ...Б намайг машинаас буугаад явсны дараа... машиныг хөдөлгөсөн байж магадгүй... Б-тай дахиж таараагүй... Машин дотор П үлдсэн... Би... бүжгийн талбай орсноос хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа ойролцоогоор 30 орчим минутын дараа байх манай авгай уйлж ирээд... Э ах машинд дайруулсан... байна.” гэх мэдүүлэг /хэргийн 56-58 дахь тал/, гэрч Б.Д-ын “... Тэр үед хадам аав бүжгэнд оролцоод бүжиглээд явж байсан тэгээд байж байтал аав гэнэт байхгүй болоод харагдахгүй болсон тэгэнгүүт бид хайж эхэлсэн. Хэсэг хугацаанд хайж байтал аавын хамаатан О ах аавыг машин доор... байна гээд... бид нар бүгдээрээ гүйж очоод машиныг өргөөд аавыг татаж гаргасан” гэх /хэргийн 36-37 дахь тал/ мэдүүлгүүдээс үзэхэд Б буцаж машиндаа очоод П-тай архи ууж машинаа хөдөлгөн осол хийж гэх үндэслэлтэй нь Б.О Б-аас салж явсан Э алга байсан, эрж хайсан, дайруулсан цаг хугацаа ойролцоо давхцаж байгаа болно.

2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай байсан.

1.Осол болсноос хойш 10-аад хоногийн дараах дүгнэлт

2.Архи нь гарчихсан байхад олон цагийн дараа хийгдсэн шинжилгээ

3.Б-ыг хэрэг болсны маргааш орой сумын төв рүү авч явж нөгөөдөр нь аймгийн төвд очсон. Энэ хугацаанд архи нь гарчих, архиа гаргачих бүрэн хугацаа байсан.

Магадлалд шүүгдэгч хэргийн газрыг орхин зугтаасан үйлдэл нь үгүйсгэгдэж байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би давж заалдах гомдолдоо цагдааг ирэхэд Б байгаагүй гэж бичээгүй осол хийсэн даруйдаа зугтаасан гэж хэлсэн. Хэрэгт холбогдогчийн мэдүүлгийг үндэс болгосон нөгөө талаар цагдаа нар маргааш үдээс хойш ирж Б-ын биед үзлэг хийсэн. Б.Б намхан машинаар том биетэй аавыг тонгоо эвхэгдтэл дайрч машинаа гацааж хөдөлгөх боломжгүй болгочхоод зугтаж алга болсныг шалгаагүй. Тэр даруйдаа олон түмэнд дуулгасан бол аав минь аврагдах боломжтойг үгүйсгэхгүй. Машиныг өргөж аавыг гаргахад Б-ын хуруу ч хүрээгүй байхгүй байсныг шалгаагүй, асуусан бол бид бүхэн хэлж мэдүүлнэ.

Миний мэдсэнээр Б осол хийгээд П-ийг машинаас буулгаж хаячхаад 7 км зайд байсан төрсөн ахындаа очсон. Дүүгээ орхиод ах Ц ослын газар ирсэн байдаг.

Гэрч Д /хэргийн 36-37 дахь тал/ ... харин өчигдөр орой түгшиж сандарсан байхад цоохор сорочкин цамцтай тал ханцуйтай хүн ирээд миний машин доор хүн орчихсон байсан гэх мэдүүлэг мөн гэрч Д.О энэ талаар хэлсэн. Энэ хүн бол Б-ын ах Ц юм. Б ахындаа очсон нь хэрэг ослын газрыг орхисон үйлдэл бөгөөд хэрэг хийснээ мэдэж байгаа гэж үзэхээр байна. Цагдаа нар маргааш нь хэргийн газар ирээд сумын төв ортлоо хэн дайрсныг тодорхой болгож чадаагүй.

Б.О “... машин дотор П үлдэж...” гэх мэдүүлэг /хэргийн 56-58 дахь тал/, гэрч Б.Б /хэргийн 46-47 дахь тал/ “... тэр орой гэр рүү явах гэж байтал манай хамаатан П ах бүжгийн талбайн хажууд тасраад уначихсан... байхаар...гэрт хүргэж... өгсөн” гэх нь П-ийг машинаас холдуулсан харагдана. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтыг баримтлаагүй мөртлөө хохирлоо... үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсны зэрэгцээ Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байхдаа машин барих эрхгүй байж жолоо барьсан, тусгай зогсоол гаргасаар байтал сэлгүүцэн хүн хөдөлгөөнтэй газраар явж машин дотроо архидсан, гэрлээ асаахгүй хөдөлсөн зэрэг байж боломгүй хувийн байдалтай, хүний амь насыг хохироосон, хохирогчийн ар гэрийнхний сэтгэл санааны хохирол зэргийг анхааралгүй, ял өгөхгүйгээр тэнссэн нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх нь ойлгогдоогүй, шүүхийн тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б-ын хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өөрчлүүлэх, хэргийн газрыг орхиж зугтаасан асуудлыг шалгуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Атарбямба хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдлыг ташаа ойлгосон. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдал нь Б.Б болон түүнтэй хамт архи уусан хүний мэдүүлгээр тогтоогддог. Цаг хугацааны хувьд Б.Б-ыг хэрэг гарсны маргааш сумын төв рүү, нөгөөдөр нь Хөвсгөл аймаг руу авч явсан буюу архи гарсан байх боломжтой хугацааны дараа шинжилгээ хийсэн баримтыг үнэлсэн. Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зүйл ангиар хариуцлага хүлээлгэж өгнө үү. Түүнчлэн хэргээ хүлээсэн гэдэг утгаар нь хэргийн газрыг орхин явсан эсэхийг шалгалгүй орхисон. Гэтэл Б.Б хэргийн газарт байгаагүй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэв. 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Б гэгээнтний ургийн баярт оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас хохирогч С.Э-ыг мөргөж амь насыг хохироосон нь тогтоогдсон байна. Хэрэг гарсан өдөр ургийн баяр болж байсан шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа мэдүүлсэн. Шүүгдэгчийн цусанд хийсэн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй хэдий ч хэрэг гарснаас 24 цагийн цагийн дараа түүний цуснаас дээж авсан учир согтууруулах ундааны зүйл биеэс гадагшилсан байх боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, тус гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол хүндрүүлсэн зүйлчлэхээр зохицуулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй гэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг билээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн диспозицэд “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан бол мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 4.1 согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” хэмээн уг хэргийн онц хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон, уг гэмт хэргийг согтуурсан эсхүл мансуурсан үедээ үйлдсэн бол энэ нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарна.

Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (хэргийн 1 дэх хавтас, 123-124 дэх тал) болон прокурорын яллах дүгнэлтэд (хэргийн 1 дэх хавтас, 154-155 дахь тал) Б.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан атлаа хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэргийн зүйлчлэлийг ийнхүү буруу тогтоосон прокурорын шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан журмын дагуу зөвтгүүлэх байтал хоёр шатны шүүх гэмт хэргийн шинжийг гүйцэд тогтоолгүйгээр хэргийг хөнгөн ялтай зүйл, хэсгээр зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлын хангах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б-ын цусанд спирт илрээгүй талаар шинжээчийн гаргасан 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай (хэргийн 1 дэх хавтас, 75 дахь тал) дүгнэлтэд тулгуурлан давж заалдах шатны шүүх түүнийг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй” хэмээн магадлалд (хэргийн 2 дахь хавтас, 23-24 дэх тал) дурдсан хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх өөрийнх нь болон гэрч Б.О (хэргийн 1 дэх хавтас, 56-58 дахь тал) нарын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж буй үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар магадлалыг хүчингүй болгох үндэслэлд мөн хамаарч байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл (эс үйлдэхүй)-ийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заажээ.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг прокурорын яллах дүгнэлтэд “...тээврийн хэрэгслээр мөргөж...”, шийтгэх тогтоол, магадлалд “...тээврийн хэрэгслээр дайрч...” гэж хоёр өөрөөр тогтоосон байх бөгөөд гэрч Д.О (хэргийн 1 дэх хавтас, 32-34 дэх тал), Б.Д (хэргийн 1 дэх хавтас, 35-37 дахь тал) нар амь хохирогчийг тээврийн хэрэгслийн доороос гаргаж авсан гэж мэдүүлсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг яаж үйлдэгдсэнийг цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаар дүгнэлтийн (хэргийн 1 дэх хавтас, 63-64 дэх тал) 3-т дурдсан “Дээрх гэмтэл нь тээврийн хэрэгсэл г.м хүнд жинтэй зүйлд мөргүүлэх, дор нь дарагдах үед үүсгэгдэнэ” гэсэнтэй уялдуулан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзнэ.

Энэхүү тогтоолд дурдсан нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал ач холбогдолтой тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ,

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Б.ЦОГТ