Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2016/00466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:   Б овогт Г.О нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Ө овогт Б.Х холбогдох

             гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.                                                                                                                                                                                                           

                ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                                                     

                                                                                                                   

  Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Бид 2007 онд танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон, 2009 оны 7-р сарын 10-нд охин Х.Н төрсөн. Одоо охин минь 7 настай. Б.Х нь 2013 онд бөө болж тэдний удмын өвөө гэх /сахиус/ нь “Чамтай хамт амьдрах дэмий гэж байна, тиймээс би чамтай цаашид хамт амьдармааргүй байна, хоёулаа зам мөрөө хөөе...” гэж хэлж тэр цагаас хойш бидний харьцаа муудаж, үргэлж хэрүүл маргаантай байх болсон.

  Бид 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Охин Х.Н одоо миний асрамжид байгаа. Бидний дунд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 29-р гудамж 4б тоот хаягт байрлах хашаа, газар, 8916 УНО улсын дугаартай Ниссан Марино маркийн авто машин гэсэн хөрөнгө байгаа.

  Сая бид хурал дээр ярилцаж тохиролцоод маргаангүй болсон. Иймд бидний тохиролцсны дагуу гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалж, охин Х.Н эх Г.О асрамжид үлдээж, эцэг Б.Х охин Х.Н хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын хөрөнгийн оногдох хэсгийг буюу 2 000 000 төгрөгийг Х.Н болон Г.О бид хоёрт  1 жилийн дотор төлөхөөр тохиролцсон. Б.Х хүссэн үедээ хүүхэдтэйгээ уулзаж болно. Би хүссэн үед нь уулзуулна. Өөр бидний хооронд маргаан байхгүй гэв..

 

  Хариуцагч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Г.О 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон, 2009 оны 7 дугаар сарын 10-нд охин Х.Н төрсөн нь үнэн. Би таксинд явдаг ажилтай тул өглөө гараад л орой орж ирдэг, архи хэрэглээд байдаггүй. Г.О ХААИС-д оюутан байсан тул сургалтын төлбөрийг нь төлдөг, ер нь бол гэр бүлийн санхүүгийн хэрэгцээг би хангадаг байсан. Гэрлэлтээ батлуулаад хамт амьдрах хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан бидний дунд гарч байгаагүй.

Бид 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 29 гудамж 4а тоот хаягт байрлах гэрт Г.О нь цуг амьдарч байсан. Г.О нэхэмжлэлд дурдаж байгаа хашаа, гэрийг 2005 онд аав, ээж хоёр надад авч өгсөн. Нэхэмжлэгч Г.Онь надаас 5 ханатай иж бүрэн хэрэгсэлтэй гэрийг аваад явсан. Энэ хашаа нь дундын хөрөнгө биш тул оногдох хэсгийг өгөхөөс татгалзаж байсан. Энд зүгээр хоосон хашаа байгаа. Гэхдээ маш уруу газартай. Ер үнэд хүрэхгүй газар. Надад 8916 УНО улсын дугаартай авто машин байхгүй. Миний одоо ашиглаж байгаа 8916 УНВ улсын дугаартай Ниссан Вингров маркийн авто машин банкы барьцаанд байгаа. Г.О шаардаж байгаа эд хөрөнгүүд нь Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1.1, 127.1.6-д зааснаар хувиарт хөрөнгө юм.

 Гэхдээ бид сая хооронд ярилцаж тохиролцоод гэрээ байгуулсан. Гэрлэлтээ цуцлуулна. Охиноо ээжид нь өгөөд, би тэтгэлэг төлнө. Г.О охиныг хүссэн үед надтай уулзуулахыг зөвшөөр байгаа. Би охин болон Г.О 2 000 000 төгрөг төлнө. Гэхдээ бид энэ мөнгийг 1 жилийн хугацаанд төлнө гэж тохиролцсон. Бидний тохиролцсоны дагуу шийдвэрлэж өгнө үү. Өөр маргаан байхгүй гэв.

 

 Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Б.Х, Г.О  нар нь 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болж 2008 оны 12-р сарын 12-ны өдөр гэрлэлтээ  бүртгүүлсэн,  2009 оны 7-р сарын 10-ны охин Х.Н төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 0108849 тоот гэрлэлтийн гэрчилгээ, 0286541 Г-3462 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд  гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “ Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.

Б.Х, Г.О нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан,  2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа нь тэдний тайлбараар тогтоогдсон тул тэдний гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Х, Г.О нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явадсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байгаа болно.

Гэрлэгчид хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2009 оны 7 дугаар сарын 10-нд төрсөн охин Х.Н эх Г.О асрамжид үлдээж шийдвэрлэв.

2009 оны 7 дугаар сарын 10-нд төрсөн охин Х.Н эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу эцэг Б.Х тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар үйлийн 10.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар  гэрлэгчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх ба нэхэмжлэгч нь хариуцагч Б.Х охин Х.Н хүссэн үед нь уулзуулж байхаар тохиролцсон болно.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 29-р гудамж 4б тоот хаягт байрлах хашаа, газар, 8916 УНО улсын дугаартай Ниссан Марино маркийн авто машиныг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн өөрт болон охинд ноогдох хэсгийг нэхэмжилсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид  нэхэмжлэлийн шаардлага болон хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож 2016 оны 08-р сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Иймд тэдний тохиролцсоны дагуу  2 000 000 төгрөгийг Б.Х гаргуулж Г.О, охин Х.Н нарт олгож шийдвэрлэв. Гэрлэгчид 2 000 000 төгрөгийг 1 жилийн дотор төлөхөөр хугацааны хувьд тохиролцсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ НЬ:

         

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Г О, Ө овогт Б Х нарын гэрлэлтийг цуцалсугай.    

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 7 дугаар сарын 10-нд төрсөн охин Х.Н эх Г.О асрамжид үлдээсүгэй.

 

           3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 7 дугаар сарын 10-нд төрсөн охин Х.Н 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Х тэжээн тэтгүүлсүгэй.    

 

           4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Б.Хатанбаатараас 2 000 000 төгрөгийг гаргуулж Г.О, охин Х.Н нарт олгосугай.

 

           5.Гэрлэгчид 2 000 000 төгрөгийг 1 жилийн дотор төлөхөөр тохиролцсон байгааг дурдсугай.

 

           6.Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Б.Х охин Х.Н уулзуулж байхыг даалгасугай.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ