| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 223/2025/00012 |
| Дугаар | 223/МА2025/00011 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 223/МА2025/00011
2025 4 03 223/МА2025/00011
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 317/ШШ2025/00258 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т.......... аймаг, З............ сум, ........ дугаар бар, ........ тоотод оршин суух, Б........... овогт Д..........Д........,
Хариуцагч: Т..........аймаг, С.........сум, ....... дугаар багт оршин суух, Б....... овогт Б.......... Б.................д холбогдох,
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 3,398,900 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч Б.Б............... гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Д,
Хариуцагч Б.Б,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч Б.Бямбалхагвын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байх ч нэхэмжлэгчийн хэт болгоомжгүй үйлдэл хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн эсэх үйл баримт болон хохирлыг арилгах үүрэг бүхий этгээдийн талаар хийсэн дүгнэлтүүд нь хуульд нийцээгүй байгаа тул хариуцагч Б.Бямбалхагвын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Д нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3,398,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрийн урд талын зам дээр өөрийн өмчлөлийн “Toyota Corolla Fielder” маркийн 11-65 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад зүүн гар талын шороон замаас хоёр морьтой хүүхэд болон нэг тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж
байсан. Нэг морьтой хүүхэд нь мориныхоо амыг татаад үлдсэн. Би тэр хоёр морьтой хүүхдийг хоёулаа үлдэж байгаа юм байх гэж бодоод явж байтал нэг нь тэр чигтэй зам хөндлөн гараад ирсэн. Би машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч гулгаад мөргөчихсөн. Цагдаа зөрчлийн хэрэг үүсгэж шалгаад морьтой явж байсан хүүхдийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон ба хүүхэд хэрэг хариуцах насанд хүрээгүй байсан тул хэргийг хаасан. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,398,900 төгрөг болсон. Хариуцагчтай эвлэрэх боломжгүй...” гэж тайлбарласан.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хоёр хүүхдэд морь унуулан өөрөө машинтайгаа даган араас нь явж байсан. Тэгээд Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрийн урд талын замыг урдаас хойш чиглэлд хөндлөн гарч байхад Налайх чиглэлээс цагаан өнгийн машин гарч ирээд нэг морьтой хүүхдийг мөргөж унгаасан. Жолооч хурдтай явж байсан ба машинаа зогсоох арга хэмжээ авч чадалгүй. Хүүхэд хажуу тийш ойчиж толгой нь хавдаж, цээжиндээ гэмтэл авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн байна.
Харин хариуцагч Б.Б 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 7 настай хүү С.Золбоод өөрийн өмчлөлийн хурдны морио унуулсан, нэхэмжлэгч Д.Д эзэмшлийн "Toyota Corolla Fielder” маркийн 11-65 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,398,900 төгрөг болсон үйл баримтын талаар маргаагүй байна.
3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3. “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг,” хэлнэ гэж заасан байх тул С.Золбоог жолооч, түүний унаж явсан адууг тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд Б.Б нь 14 нас хүрээгүй С.Золбоогоор морь унуулсан, хариуцагчийн гэм буруутай, болгоомжгүй үйлдлээс осол хэрэг гарсан болох нь нотлогдон тогтоогдож байна...Хэдийгээр насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь түүний бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг боловч дээрх тохиолдолд хурдны морь унах зорилгоор хариуцагч Б.Б.............. морийг унаж явсан үйл баримт тогтоогдсон тул тухайн морины эзэмшигч этгээдээс гэм хорын хохирлыг арилгуулах нь хуульд нийцнэ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж зааснаар гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна...” гэсэн дүгнэлт хийжээ.
4.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Б.Бямбалхагвын эзэмшлийн морийг унаж явсан 7 настай хүү С.Золбоо Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрийн урд талын замыг урдаас хойш чиглэлд хөндлөн гарахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.2-т “Ердийн хөсгийг 14-өөс дээш насны хүн унаж, хөтөлж /жолоодож/ замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө”, мөн дүрмийн 26.3 “суурин газрын гаднах зам ...хэсэгт ...зам хөндлөн гарах тохиолдолд бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.Д жолоодон явсан "Toyota Corolla Fielder” маркийн 11-65 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж эд хөрөнгөд 3,398,900 төгрөгийн хохирол учруулсан нь:
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Цагаан Шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 24/15 дугаартай “...Морьтой замын хөдөлгөөнд оролцогч С.Золбоо нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “жолооч гарцаараа замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн...” гэх дүгнэлт, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Цагаан Шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 24/23 дугаартай “...адуу унаж явсан С.Золбоо нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.2-т “Ердийн хөсгийг 14-өөс дээш насны хүн унаж, хөтөлж /жолоодож/ замын хөдөлгөөний оролцохыг зөвшөөрнө”, мөн дүрмийн 26.3 “суурин газрын гаднах зам ...хэсэгт ...зам хөндлөн гарах тохиолдолд бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт,
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, нэхэмжлэгч Д.Д эзэмшлийн "Toyota Corolla Fielder” маркийн 11-65 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Д гэрчээр өгсөн “...Төв аймаг Зуунмод сумын Зүүндэлгэрийн урд талын зам дээр явж байтал миний зүүн гар талын шороон замаар хоёр морьтой хүүхэд болон нэг тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж байсан. Нэг морьтой хүүхэд нь мориныхоо амыг татаад үлдэхээр нь би тэр хоёр хоёулаа үлдэж байгаа юм байх гээд явж байтал нэг нь тэр чигтээ зам хөндлөн гараад ирсэн. Тэгээд би зогсоох арга хэмжээ авсан боловч гулгаад амжилгүй мөргөчихсөн...” гэх мэдүүлэг,
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Бямбалхагвын гэрчээр өгсөн “...Зүүндэлгэрийн урд талын асфальтан зам дээр дөхөж явтал асфальтан зам дээр налайх талаасаа буюу ертөнцийн зүгээр зүүн гар талаас нэг тээврийн хэрэгсэл ирж байсан. Тэгээд манай хоёр морьтой хүүхэд зам хөндлөн гартал нэгийг нь тэр тээврийн хэрэгсэл мөргөчихсөн, тэгээд цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр С.Золбоогийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Тунгалагболорыг томилсон тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Тунгалагболорын гэрчээр өгсөн “...манай хүргэн ах Бямбалхагва над руу залгаад хүүхэд чинь морины ажил хийгээд буцаад явж байхад машин мөргөчихлөө гэж хэлсэн. ...намайг ирэхэд Төв аймгийн эмнэлэгт үзүүлсэн ил харагдах хугарал, гэмтэл байхгүй хэд хоног ажиглаад үзье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
С.Золбоогийн төрсөн гэрчилгээний хуулбар, С.Золбоогийн нас тоолсон “...Зөрчилд холбогдсон гэх С.Золбоогийн насыг тоолоход 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 7 нас, 11 сар, 01 хоногтой байна” гэх тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “ВЕНДО” хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 3,235,900 төгрөг...” гэх тайлан, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ВЕНДО ХХК-д хохирлын үнэлгээ гаргуулахаар 163,000 төгрөг орлогын баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтад нийцсэн байна.
5.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг баримталсан байгаа ч хариуцагч Б.Бямбалхагвыг эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцах ёстой этгээд гэж дүгнэхдээ Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах харилцааг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэх заалтыг төсөөтэй хэрэглэсэн нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхад хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ дээрх хуулийн заалтыг төсөөтэй хэрэглэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан заалтад нийцэхгүй.
Иймд ердийн хөсөгт хамаарах уналгад хэрэглэж байгаа морийг зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэл буюу механикжсан тээврийн хэрэгсэлтэй адилтган үзэж хариуцагчийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу гэм хорыг арилгах үүрэг хүлээх этгээд гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэв.
6.Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт эрх зүйн зарим чадамжтай буюу 7-14 настай этгээдийн бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нь эцэг, эх, асран хамгаалагч байхаар заасан.
Гэхдээ хариуцагч Б.Б нь өөрийн ашиг сонирхлын үүднээс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 7 настай хүү С.Золбоод морио унуулсан, түүнд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад хохирол учирсан байгаа тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар морины эзэмшигч мөн адил хариуцан арилгах үүрэгтэй этгээд тул нэхэмжлэгч Д.Д сонгох эрхийн дагуу түүнийг хариуцагчаар татах боломжтой.
Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг хариуцагч Б.Б нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
7.Харин шүүх гэм хорын хэмжээ буюу бодит хохирлыг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасан.
Анхан шатны шүүхээс гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэх талаар хийсэн дүгнэлт нь бодит байдал нийцээгүй байх тул хариуцагч Б.Бас 3,398,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
8.Хариуцагч Б.Б “...зам тээврийн зөрчил гарахад Д.Д гэм буруутай үйлдэл нөлөөлсөн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч эвлэрэх боломжтой гэж тайлбарласан.
Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д.Д 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрийн урд талын зам дээр өөрийн өмчлөлийн “Toyota Corolla Fielder” маркийн 11-65 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа зүүн гар талын шороон замаас хоёр морьтой хүүхэд болон нэг тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж байгааг харсан мөртлөө тэднийг мориныхоо амыг татаад хамтдаа зогссон гэж бодон хөнгөмсгөөр найдаж машинаа зогсоох арга хэмжээ авалгүй хэтэрхий болгоомжгүй үйлдэл гаргасны улмаас гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байгаа тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Б.Бямбалхагвын хариуцах гэм хорын хэмжээг 2,000,000 төгрөг болгон багасгах нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч Б.Б шууд гэм хор учруулсан этгээд биш болов ч хяналт тавих үүргээ хангалттай биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.2-т заасны дагуу баримтаар нотолсон зүйлгүй тул хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөх боломжгүй.
Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Бас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,398,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
9.Хариуцагч Б.Бямбалхагвын гаргасан гомдлын зарим хэсгийг дээрх үнэдэслэлээр хангасан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 69,333 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 317/ШШ2025/00258 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бас гэм хорын хохиролд 3,398,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай” гэснийг,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Бас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,398,900 /нэг сая гурван зуун ерэн найман мянга есөн зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтад “...хариуцагч Б.Бас 69,333 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан...” гэснийг
“...хариуцагч Б.Бас 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.........н гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б........... давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,333 /жаран есөн мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар зохигч давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС