Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 223/МА2025/00005

 

 

 

 

 

 

 

    2025          3              13                                              223/МА2025/00005

 

 

 

 

Б.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 317/ШШ2025/00098 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У................ хот, ..........., ..........дугаар хороо, .......... тоотод оршин суух, Б.........овогт Б.........Т...........,

Хариуцагч: У........... хот .........., 5 дугаар хороо, ........... гудамж, 10 тоотод оршин суух, Хү........ сахал овогт Ч............ Ч............... холбогдох,

46,554,289 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Чийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон,

Хариуцагч Ч.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Б.Т, өмгөөлөгч Д.Цолмон нарын гаргасан тайлбарын агуулга: “...1.2012 онд танилцаж, 2018 оны 6 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Ч.Ч нь анх 3,000,000 төгрөгөөр Sonata маркийн машиныг авахдаа  "Есөн дэлбээ" хадгаламж зээлийн хоршооноос зээл авч авсан. Энэ зээлээ өөрөө төлж дуусгасан. Уг машинаа зараад Sonata-6, 7 маркийн машинуудыг аваад мөн зарсан. Тэгээд надад ачаа, бараа зөөхөд Kia bongo-3 маркийн автомашин хэрэгтэй байна гэхээр нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Төрийн банк” ХХК-нд цалингаа барьцаалан 13,800,000 төгрөгийн зээл авч өгсөн. Үүнээс 8,648,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 5,152,000 төгрөгийг төлөөгүй. Мөн Harrier маркийн машин авна гэхээр нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Төрийн банк” ХХК-нд цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 30 сарын хугацаатай жилийн 14.40 хувийн хүүтэйгээр 11,500,000 төгрөг авч өгсөн. Мөн дүү Б.Түмэндэмбэрэлээс 1,500,000 төгрөг зээлж өгсөн. Тэгээд Harrier маркийн машиныг авсан. 2021 оны хавар уг машиныг зарсан байсан. Ч.Ч машинуудыг зарахдаа надад хэзээ ч хэлж байгаагүй. Би уг зээлийн үлдэгдэл 9,492,000 төгрөгийг төлж дуусгасан. Ч.Ч сүүлд Nissan X-Trail маркийн машин авсан. Бид тусдаа амьдрах болоход машинаа аваад явсан.

Би шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тооцоо хийж үзэхэд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 23,554,298 төгрөгийг цалингийн данснаас төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 23,554,298 төгрөг болгож байна.

2. Ч.Ч 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Төрийн банк” ХХК-аас 13,800,000 төгрөгийн зээл авхуулж дээр нь мөнгө нэмээд 22,000,000 төгрөгөөр Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашин, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Төрийн банк” ХХК-аас 11,500,000 төгрөгийн зээл авхуулж дээр нь мөнгө нэмээд 24,000,000 төгрөгөөр Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашинуудыг худалдан авсан. Эдгээр машинууд Ч.Чийн нэр дээр бүртгэгдсэн байсан. Ч.Ч надад мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан. Надад ямар ч мөнгө өгч байгаагүй. Иймд Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашины үнэ болох 22,000,000 төгрөгийн тал 11,000,000 төгрөг, Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашины үнэ болох 24,000,000 төгрөгийн тал 12,000,000 төгрөг нийт 23,000,000 төгрөгийг Ч.Чээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин Ч.Ч Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашиныг 13,000,000 төгрөгөөр зарсан гэсэн тул машинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нийт 17,500,000 төгрөг болгон багасгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч Ч.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “...Би Б.Ттай 10 гаран жил амьдарсан гэдэг нь худлаа. Бид танилцаад гэрээр нь орж гараад явдаг байсан. Б.Ттай нийлж 2 удаа цалингийн зээл авсан. Зээл авах шалтгаан нь Б.Тын хүсэлт бөгөөд зээл авч машин тэргээ сайжруулъя гэж ярьдаг байсан. Иймд бид 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр банкнаас 13,800,000 төгрөгийн зээл авахад Б.Тын өөрийнх нь өмнөх зээлийн үлдэгдэл 6,081,432.27 төгрөг байсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад хэлэхгүйгээр нууцаар 3,000,000 төгрөг нэмж  зээлсэн байсан.

Б.Т 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр жижиг тэрэг унахгүй гэхээр нь банкнаас 11,500,000 төгрөгийн зээл авсан. Би зээлээс 15,485,000 төгрөг төлсөн. Б.Тын үлдэгдэл зээл 6,081,432.27 төгрөг, нэмж авсан 3,000,000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 9,081,432.27 төгрөг байгаа. Харин би баримтгүйгээр 16,252,832.27 төгрөг төлсөн. Баримттай нь 15,485,000 төгрөг байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан орлогын баримтаар нотлогдох болно. Харин 16,985,832.27 төгрөгийг банканд өөрийн биеэр очиж төлдөг байсан. Мөн бусад төлсөн баримтууд үрэгдсэн. Б.Т зээлээс огт төлөөгүй. Би нийт 41,552,264.54 төгрөг төлсөн байсан. Би төлбөл зохих зээлээс 17,997,966.54 төгрөг төлсөн нь тооцоогоор гарсан. Би хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр банканд 850,700 төгрөг төлж зээлийг хаасан.

Би эхний машиныг авахдаа Б.Таар цалингийн зээл авхуулж авсан нь үнэн. Гэхдээ миний өмчлөлийн Sonata-6 маркийн машиныг 7,500,000 төгрөгөөр зараад зээлээс төлсөн. Эхний худалдан авсан авсан Kia Bongo-3 маркийн машиныг 13,000,000 төгрөгөөр авч унаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Sonata-7 автомашинаар сольж аваад, 9,700,000 төгрөгөөр зарж мөнгийг нь Б.Тд бэлнээр өгсөн тул төлөх төлбөр байхгүй.

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 11,500,000 төгрөгийн зээл авсан. Гэхдээ Toyota Harrier автомашиныг 22,000,000 төгрөгөөр авахдаа Б.Таас мөнгө аваагүй. Бид хоёр нэг гэрт амьдарч байгаагүй учир дундын эд хөрөнгө гэсэн асуудал яригдахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Чээс 17,500,000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх /23,554,298+5,500,000=29,054,298 /хорин есөн сая тавин дөрвөн мянга хоёр зуун ерэн найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 692,669 /зургаан зуун ерэн хоёр мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чээс 245,450 /хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч Ч.Ч давж заалдах гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр 29,054,289 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч Б.Тд 17,500,000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй. Учир нь:

Нэхэмжлэгч Б.Т бид хоёр хамтын амьдрал байгаагүй байхад шүүх шийдвэртээ 5 жил гаруй хугацаанд хамт амьдарсан мэтээр дурдсан байсан. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан заалт хамаарахгүй гэж үзэж байна. Мөн шүүх зээлийг төлж дуусгасан гэж дүгнээд 29,054,289 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон атлаа 17,500,000 төгрөгийг төлөх нь зүйтэй гэсэн ойлгомжгүй байна. Би банкнаас авсан зээлийг төлж дуусгасан. Хэрэгт 15,485,000 төгрөгт холбогдох баримт байгаа. Баримтгүйгээр 16,985,832.27 төгрөг, нийт 41,552,264,54 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

5.Нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч Ч.Ч бид хоёр бие биеэ мэддэг болоод 10 жил, нэг гэрт ороод 5 жил хамтран амьдарсан. Энэ хүн ажилгүй, гэр оронгүй байсан. Энэ хүн миний амьдралын сайхан цаг хугацааг ингэж үнэгүйдүүлж, ийм юм яриад зогсож байгаад харамсаж байна. Ч.Ч надаар цалингийн зээл авхуулаад хоёр удаа машин авсан мөртлөө хэлэхгүйгээр зарсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд машин зарсан мөнгийг хоёр тэнцүү хуваах ёстой гэж бодож байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч Ч.Чийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.  

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчөөгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байх ч зарим үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байгаа тул давж заалдах шатны шүүх үйл баримтад дараах дүгнэлтийг хийж шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Т нь 46,554,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...Бид 2012 онд танилцаж, 2018 оны 6 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Ч.Чийн нэр дээр байсан Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашиныг худалдан авахын тулд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Төрийн банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 13,800,000 төгрөг, мөн Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашин худалдан авахдаа 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус банктай зээлийн гэрээ байгуулж 11,500,000 төгрөгийг хамтран зээлсэн. Би зээлээс нийт 23,554,298 төгрөг төлсөн.

Иймд миний төлсөн зээлийн төлбөр 23,554,298 төгрөг, Ч.Чийн зарсан Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашины үнэ 13,000,000 төгрөг, Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашины үнэ 22,000,000 төгрөгийн 50 хувь буюу 17,500,000 төгрөг, нийт 41,054,298 төгрөг гаргуулж өгнө үү. Харин нэхэмжлэлээ 5,500,000 төгрөгөөр багасгаж татгалзсан...” гэж тайлбарласан.

 

Хариуцагч Ч.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...Бид нэг гэрт орж хамтран амьдарч байгаагүй. Харин бие биеийнхээ хэрэгцээг хангаад явж байсан нь үнэн.

Би Б.Ттай хамтарч “Төрийн банк” ХХК-аас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 13,800,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 11,500,000 төгрөгийн зээл авсан. Гэхдээ эхний зээлийг авахад Б.Т 6,081,432.27 төгрөгийн зээлтэй байсан. Мөн надад хэлэхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээл нэмж авсан байсан. Би зээлд нийт 41,552,264.54 төгрөг төлсөн. Үүнээс 15,485,000 төгрөг нь баримттай байгаа. Харин бэлнээр төлсөн 16,985,832.27 төгрөг болон бусад төлсөн баримт нь үрэгдсэн.

Мөн Kia Bongo-3 маркийн автомашины хувьд 13,000,000 төгрөгөөр худалдан авч унаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Sonata-7 автомашинаар сольсон. Уг машиныг зараад Б.Тд 9,700,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би Toyota Harrier маркийн автомашиныг 22,000,000 төгрөгөөр худалдан авсан. Харин Б.Тын мөнгөөр аваагүй...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн.

 

Харин зохигчид “Төрийн банк” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 330000742820 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Б.Тын зээлийн үлдэгдэл 6,081,432.27 төгрөг дээр нэмж 13,800,000 төгрөг, нийт 19,881,432.27 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, мөн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 330000742820 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 10,644,999.80 төгрөг дээр нэмж 11,500,000 төгрөг, нийт 22,144,999.8 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлсэн. Б.Т 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,000,000 төгрөгийн зээл авсан.

Мөн Kia Bongo-3 маркийн автомашиныг 13,000,000 төгрөгөөр худалдсан 22,000,000 төгрөгөөр худалдан авсан,Toyota Harrier маркийн автомашиныг бусдад худалдсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй болно.

 

  1. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл, зохигчид 2012 онд танилцсан, гэрлэлтээ батлуулж гэр бүл болоогүй ч бие биеийн гэрт очдог, эр, эмийн харьцаатай байсан, “Төрийн банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 13,800,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 11,500,000 төгрөгийг хамтран зээлсэн, хариуцагч Ч.Ч Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашин, Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашинуудыг худалдан авсан, бусдад зарсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /1 хх-ийн 4-6, 50-53, 2 хх-ийн 68/

 

            4.Зохигч Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар хууль буюу хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох бөгөөд өөрт ногдох хэсгээ салгаж авах тохиолдолд  энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д "Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу шаардах эрх нь үүснэ.

 

5.Зохигч дундын өмчийн өмчлөгчөөр тогтоолгох, ногдох хэсгийг гаргуулах талаар маргасан тохиолдолд хөрөнгө бий болгоход оруулсан хувь хэмжээгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотлох нотолгооны үүргийг адил хүлээнэ.

 

            Нэхэмжлэгч Б.Т нь Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашин, Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашиныг худалдан авах зорилгоор хариуцагч Ч.Чтэй хамтран “Төрийн банк” ХХК-аас хоёр удаа зээлсэн 25,300,000 төгрөг болон өөрийн авсан зээлийн хамт нийт 43,938,659,27 төгрөг төлсөн, мөн хариуцагч Ч.Ч зээлээс 15,235,600 төгрөг төлсөн нь баримтаар тус тус тогтоогдсон.

 

Хариуцагч Ч.Ч нь зээлээс 16,985,832.27 төгрөг төлсөн, Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашиныг авахдаа нэхэмжлэгч Б.Таас мөнгө аваагүй, Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашиныг зараад 9,700,000 төгрөг өгсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

 

            6.Иймд нэхэмжлэгч Б.Т нь Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашин, Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашиныг дундаа хэсгээр өмчлөгч болох нь дээрх үйл баримтаар тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

 

Өөрөөр хэлбэл, зохигчид хамтран зээл авахдаа өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авсан, хүү болон хугацааны хувьд өөрчлөлт орсон, нэхэмжлэгч Б.Т өөрөө зээл нэмж авч байсан нь төлбөрийн хэмжээг нарийвчлан тооцоолох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байхаас гадна өөрсдөө ногдох хэсгээ тодорхойлж, харилцан тохиролцсон зүйлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Тд дундын өмчлөлийн зүйлээс ногдох хэсгийн хувь хэмжээг Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-т Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэж зааснаар тэнцүү хэмжээгээр буюу 50 хувиар тогтоосон нь хуульд нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Тын нэхэмжлэлийн шаардлага болон шаардах эрхийг тодорхойлохдоо "... Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг зээл авч хоёр автомашинуудыг худалдан авсан, уг зээлийг төлсөн одоо Nissan X-Trali маркийн автомашин Ч.Чийн өмчлөлд байгаа учир тухайн хоёр машиныг анх худалдан авсан үнийн тал хувийг өмчлөхөөр шаардлага гаргасан гэж үзээд,..." гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

Мөн хариуцагч Ч.Ч дундын өмч болох Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашиныг 13,000,000 төгрөгөөр худалдсан, 22,000,000 төгрөгөөр худалдан авсан Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашиныг бусдад худалдахдаа нэхэмжлэгч Б.Тд мэдэгдээгүй гэх үйл баримтын талаар дүгнэлт хийсэн мөртлөө шаардах эрхтэй холбоотой хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй орхигдуулсан байна.

 

Тодруулбал, хариуцагч Ч.Ч зөвшөөрөлгүйгээр Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашин, Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашинуудыг худалдах худалдан авах гэрээ байгуулан бусдын өмчлөлд шилжүүлсэн нь маргаагүй үйл баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Т нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасны дагуу дундын өмчөөс ногдох хэсгээ шаардах боломжгүй болжээ. Иймд Б.Тын эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэхээр байна.

 

            Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж зааснаар хариуцагч Ч.Ч нь нэхэмжлэгч Б.Тын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлж арилгах үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Б.Тд учирсан хохирлыг тогтоохдоо дундаа хэсгээр өмчилж байсан машинуудыг худалдан авсан, худалдсан нийт (22,000,000+13,000,000)=35,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 17,500,000 төгрөгийг хариуцагч Ч.Чээс гаргуулж олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

7.Мөн нэхэмжлэгч Б.Т нь автомашинуудаас өөрт ногдох хэсгийг шаардсан атлаа худалдан авахад оруулсан мөнгөн хөрөнгө буюу зээлийн төлбөрөөс төлсөн 23,554,298 төгрөгийг давхардуулан шаардсан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар "...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт өөрийн төлсөн гэх 23,554,289 төгрөгийг гаргуулах хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй...харин "Төрийн банк" ХХК-аас хамтран авсан 2 удаагийн зээлийн мөнгөн хөрөнгөөр автомашинуудыг худалдан авч эд хөрөнгө бий болгосон гэж үзэх..." гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтыг зөрчөөгүй ч хэрэглэвэл зохих хуулийн заалт буюу Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь заалтыг баримтлаагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх зарчимд нийцүүлэх үүднээс хууль хэрэглээний хувьд нэмэлт өөрчлөлт оруулах нь хариуцагчийн эрх ашгийг дордуулахгүй болно.

 

8.Хариуцагч Ч.Ч "...Б.Ттай хамтын амьдралтай байгаагүй, машин авах зорилгоор “Төрийн банк” ХХК-аас авсан зээлийг өөрөө төлсөн...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

 Зохигчид 2012 онд танилцаж улмаар дотно харьцаатай байсан, нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ч.Чтэй цаашид хамтран амьдарна гэсэн үүднээс  "Төрийн банк" ХХК-нд өөрийн цалинг барьцаалж хоёр удаа хамтран зээл авсан. Хариуцагч Ч.Ч өөрийн нэр дээр Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашин, Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашин худалдан авсан зэрэг нь дээрх үйл баримтаар тогтоогдсон.

 

Хариуцагч Ч.Ч банкнаас авсан зээл болон Toyota Harrier маркийн 66-15 УНУ улсын дугаартай автомашины төлбөрийг өөрөө бүрэн төлсөн, Kia bongo-3 маркийн 10-92 БНР улсын дугаартай автомашинг зараад 9,700,000 төгрөгийг бэлнээр Б.Тд өгсөн гэх боловч баримтаар нотлоогүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

9.Хариуцагч Ч.Чийн гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 317/ШШ2025/00098 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1...” гэсэн хэсэгт “...Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан...” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ч.Чийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 /хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

 

 

                                 ШҮҮГЧИД                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                            З.ТҮВШИНТӨГС