| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2015/04042/И |
| Дугаар | 184/ШШ2016/00461 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2016/00461
| 2016 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 184/ШШ2016/00461 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах /РД:***/ **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн*** дугаар хороо, Мандал овоо,***дугаар гудамжны *** тоотод оршин суух, **** Маам /РД:***/,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн *****0 тоотод оршин суух, Боржигон овогт Бн П /РД:*/ нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 17,760,168 төгрөг, нотариатын хураамж 14,500 төгрөг нийт 17,774,668 төгрөг гаргуулах, үүгийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ч.Маамын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц барьцаалсан шуурхай зээл болон зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, О.Б, хариуцагч Ч.М түүний өмгөөлөгч Л.Г хариуцагч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ч.М**, Б.П** нар нь 2014 оны 10-р сарын 21-ний өдөр 2104004312 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээл болон Зээлийн барьцааны гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар, 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 17,760,168 төгрөгийн өртэй болоод байна. Иргэн Ч.**, Б.** нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.
Иймд 2104004312 тоот зээлийн гэрээний 4.2.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 14,982,708.10 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2,777,460.56 төгрөг, нийт 17,760,168.66 төгрөг, нотариатын хураамж 14,500 төгрөг, нийт 17,774,668.66 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтын дагуу зээл түүний хүүг төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрсэн тул банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан. 2015 оны 01 дүгээр сарын 21-ээс хойш зээл төлөгдөөгүй. Зээлийн гэрээ зөрчигдөөд 90 хоног болоход нэхэмжлэл гаргадаг боловч манайх боломж олгоод 120 хоногийн дараа нэхэмжлэлээ гаргасан.
Банкны хувьд байр тийм муу байр харагдаагүй байх барьцаанд тавьж байгаа байрыг банкнаас очиж үздэг, нэг өрөө байр залуу гэр бүлүүд 8 хувийн зээлээр авах боломжтой байдаг. Манайх зэлийн журмаа зөрчөөгүй. Зээлдэгчид тавигдах шаардлага гээд байгаа түүний 2 дахь заалтыг үндэслэж зээл олгосон. Бусад зээл шиг санхүүгийн тооцоолол хийгээд байдаггүй. Барьцаа хөрөнгөтэй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнийн дүнгийн 50 хувиар бодож зээл олгосон. Орон сууц барьцаалсан шуурхай зээл нь зээлдэгчийн төлөх бололцоог судалдаггүй онцлогтой зээл байдаг.
И.Маам, Б.Пүрэвсүрэн нараас 17,774,668 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 58а байр 19 тоот хаягт байрлах нэг өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Маам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие эгчийнхээ охин Пүрэвсүрэнд өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд байрлах Ханын материалын 58А тоот байрыг Ариг банкинд барьцаалд 15,000,000 төгрөгийг авч Пүрэвсүрэнгийн нөхөр Түвшинжаргалд тоолж өгсөн. Би тэдний бизнест тус болох гэж ийм үйлдэл хийсэн. Би өөрөө бол ийм их мөнгөний хэрэгцээ байхгүй. Пүрэвсүрэн,Түвшинбаяр нарт тус болох гэж авч өгсөн боловч байраа алдахад хүрээд байна. Иймд Пүрэвсүрэнгийн гаргаж өгсөн баталгааг үндэслэн түүнээс төлбөрийг гаргуулна уу. Ариг банкинд энэ талаар урьд нь мэдэгдэж Түвшинжаргалыг зээлийг хариуцан төлөх ёстойг хэлж байсан боловч хүлээж аваагүй болно.
2014 оны 10 дугаар сарын 22-нд Пүрэвсүрэн Түвшинжаргалын нарын хамт Ариг банкнаас зээл авсан. Банкнаас 14,500,000 төгрөг бэлнээр авч Пүрэвсүрэнд өгсөн. Ариг банк миний нэр дээр зээл гаргана гэж хэлээгүй. Б.Пүрэвсүрэн Түшинжаргал нарын нэр дээр зээл гарч байна гэж бодсон. Миний хувьд Түвшинжаргал, Б.Пүрэвсүрэн нарт туслаж байна гэж ойлгосон. Түвшинжаргал өөрөө ч надад би энэ зээлийг авч байна гэж хэлсэн. Түүнээс хойш Түвшинжаргал зээлээ төлж байсан. 2015 оны 07 дугаар сарын 02-нд шүүх хуралдаан болоод миний байрыг хураах шийдвэр гаргасан. Зээлээ төлж байтал Ариг банк гэрээгээ зөрчөөд хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээг цуцалсан. Зээл авсан хүнээ яагаад хариуцагчаар татаж болдоггүй юм. 2015 оны 11-р сарын 10-нд Ариг банк намайг дуудаж, миний хурууны хээг авсан. Б.Пүрэвсүрэнг хурууныхаа хээг өг гэхэд Б.Пүрэвсүрэн очоогүй. Тэгэхэд миний нэр дээр зээл гаргасан байсныг мэдсэн. Гэрчилгээ миний нэр дээр байсан учраас миний нэр дээр зээл гарсан байх. Эд хөрөнгийн баталгаа барьцааг хамтран зээлдэгч Пүрэвсүрэнгээс баталгаа гаргуулж аваагүй, зөвхөн надаас гаргуулж авсныг би гайхаж байна. Энэ хүнд хөрөнгө байгаа гудамжны хүнд би гэрчилгээгээ өгөөгүй.
Зээлийг Түвшинжаргал би төлнө гэж байсан, машин оруулж ирэх гэж байгаа гээд түүнийгээ оруулаад ирсэн байсан. Түвшинжаргалын зээл төлнө гэсэн бичгийг би зээлийн эдийн засагт Ганчимэгт аваачиж өгөхөд Ганчимэг надаа итгэхгүй байгаа юм уу гээд дуртай дургүй авсан. 2014 оны 10-р сарын 22-нд зээл аваад 1,200,000 төрөг Түвшинжаргал төлөөд гадаад явсан. 11 сарын мөнгийг Түвшинжаргал төлсөн. 12 сар, 1 сарын мөнгө Б.Пүрэвсүрэн төлсөн дараагийн сараас Б.Түвшинжаргал төлж байсан. Ариг банк гэрээгээ дуусгавар болгоогүй бол төлөх байсан. Би мөнгийг аваагүй би хэрэглээгүй, төлөхгүй гэв.
Хариуцагч Б.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:2014 оны 10 дугаар сарын 21-нд Ч.Маам нь өөрийн байр болох Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд байрлах Ханын материалын 58А тоот байрны гэрчилгээг барьцаалан “Ариг банк”-наас 15 сая төгрөгийн зээл авахад нь би батлан даагч болсон. Ч.Маам нь 15 сая төгрөгөө манай нөхөр болох Б.Түвшинжаргалд Унгар улсаас машин оруулж ирнэ гэхэд нь өгсөн. Би тухайн үед төрөөд удаагүй, 3 сартай хүүгээ хардаг, одоог хүртэл ажилгүй 80 гарч яваа аавыгаа хүүхэдтэйгээ хараад гэртээ байдаг. Б.Түвшинжаргал нь машинаа оруулж ирээд гаалийн татвар, замын зардлддаа хүнээс мөнгө зээлж ирсэн машинаа ломбардад тавьсан. Б.Түвшинжаргал сүүлийн 3 сараас эргэн төлөлтөө хийж чадаагүй нь үнэн. Энэ зээлийг Б.Түвшинжаргал хариуцан эргэн төлөлт хийнэ гэж байгаад хийгээгүй учир энэ байдал үүсээд байна. Түвшинжаргал энэ мөнгийг төлөх ёстой. Ч.Маам 1,000,000 төгрөг авсан Б.Түвшинжаргал 14,000,000 төгрөгийг авсан. Намайг зөвхөн гарын үсэг зураад өг гэсэн гэв.
Хариуцагч Ч.Маам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд байр орондоо засвар хийх, нүдэндээ болорын хагалгаа хийлгэх шаардлагатай болж мөнгөний хэрэгцээ гарсан тул байраа барьцаалж зээл авах гэж 2-3 банкаар орж асуухад өндөр настай, байр чинь ганц хүний өмч учир хамтран хариуцагч хэрэгтэй мөн байр чинь Ханын материалд байрлалтай, он хуучин байр байх тул зээл олгох боломжгүй гэж хариу өгдөг учир зээл авч чаддаггүй байсан.
2014 оны 9-р сард нагац дүү Пүрэвсүрэнгийн нөхөр Түвшинжаргалын ажилладаг компаний захирал С.Бүжмаад зээл авахуулахаар өөрийн байрны ордерийн 1 жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл С.Бүжмаа нь зээл авалгүй миний зөвшөөрөлгүйгээр байрны ордерийг Б.Пүрэвсүрэн, Б.Түвшинжаргал нарт өгсөн байдаг.
Б.Пүрэвсүрэн, Б.Түвшинжаргал нар нь миний байрны ордерийг үзүүлээд “Ариг банк” ХХК-аас зээл авахаар тохирч, намайг гадуур явж байхад машинтай ирж аваад банкин дээр дагуулж очин, зээл болон зээлийн барьцааны гэрээн дээр гарын үсэг зуруулсан. 15 сая төгрөгийн зээл гарсан бөгөөд түүнийг Б.Түвшинжаргал бүгдийг нь авсан. Тухайн үед зээлийг эдгээр хүмүүсийн нэрдээр гарч байна гэж ойлгосон.
Миний бие 2010 онд өөрийн төрсөн хүү Авирмэд болон бэр Эрдэнэтуяа нарт байраа барьцаалж 7,000,000төгрөгний зээл авч өгөхөд зээлийн гэрээ эдгээр хүмүүсийн нэр дээр гарч байсан бөгөөд хугацаандаа зээлээ төлж миний байрны ордерийг авч өгч байсан юм. Үүнтэй адил санаж нагац дүү Б.Пүрэвсүрэн, Б.Түвшинжаргал нарт тусалж зээл авч өгч байна гэж ойлгосон. Хэрэв дээрх банкны зээлийг миний бие өөрийн нэр дээр гарч байгаа, үүрэг хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгосон, нөхцөл байдлыг зөв дүгнэсэн бол дээрхи хэлцлийг буюу 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц барьцаалсан шуурхай зээл болон зээлийн барьцааны гэрээг хийхгүй байх байсан юм. Иймд намайг ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд “Ариг банк” ХХК болон Ч.Маам нарын хооронд хийгдсэн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц барьцаалсан шуурхай зээл болон зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийсэн этгээд хүссэн хэлцлээсээ өөр хэлцэл хийсэн гэсэн үндэслэлээр зээлийн гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байна. Ч.Маам банк дээр өөрөө очиж зээл авсан. Банк барьцааны гэрээ хийдэг бэлэглэлийн гэрээ хийдэггүй банкнаас мөнгийг бэлэглэлээр авдаггүй. Ч.Маам Б.Пүрэвсүрэн нарын хооронд тохиролцоо явагдсан байна. Байрыг засварлаж өгнө гэж хэлсэн байна. Ч.Маамд 2,000,000 төгрөг өгнө гэж Б.Түвшинжаргал хэлж байгаад 1,000,000 төгрөг өгсөн гэж байна. Ч.Маам байрыг барьцаалаад зээл авах гэж байгааг мэдэж байсан. Ч.Маам эхлээд банкинд зээлийн анкет бөглөөд лавлагаа баримтуудаа өөрөө бүрдүүлж аваад нотариатаар гэрчлүүлээд 22-ны өдөр зээлийн материал бүрдүүлээд гэрээ биелэгдсэн. Энэ хооронд Ч.Маам төөрөгдөөд энэ төөрөгдөлөө арилгах хугацаа байсан. Энэ хүн өөрөө хүсэж улсын бүртгэл болон ТҮЦ машинаас өөрийн хурууны хээгээр үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг авсан. Ч.Маам зээл авах гэж байгааг мэдэж байсан. Хүссэн хэлцлээсээ өөр хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүйболгож өгнө үү гэв.
Иргэний хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь хариуцагч Ч.Маам, Б.Пүрэвсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлуулан гэрээний үүрэгт 17,760,168 төгрөг, нотариатын хураамжид 14,500 төгрөг, нийт 17,774,668 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ч.Маам нь нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ”, “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.
1.Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн Зээлийн гэрээг цуцлуулан, зээлийн гэрээний үүрэгт 17,760,168 төгрөг болон нотариатын хураамжид 14,500 төгрөг, нийт 17,774,668.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Талууд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ”, “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Ч.Маамын өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2201007456 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58/А байрны 19 тоотын 18 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцсон болох нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ”, “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ”, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000061540 тоот гэрчилгээ, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-10,14-р хуудас/
Зохигч “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ”-г бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан, 11-300380 дугаартай барьцаалбар үйлдэж Улсын бүртгэлд бүртгүүлжээ.
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 24 сар буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээнээс татгалзах шаардлага гаргажээ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.
Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 4.2.2, 4.2.2-т зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн, зээлдэгчийн санхүү эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөхгүй болох нь ажиглагдсан бол банк өөрийн санаачилгаар гэрээг цуцлана гэж заасан байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу гэрээ байгуулагдсанаас хойш 1,395,307 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн, түүнээс хойш төлөлт хийгээгүй байх ба зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг зөрчсөн, зээлийг эргэн төлөх чадвар байхгүй талаар болон зээлийг Б.Түвшинжаргал төлнө гэж тайлбарлан зээлдэгч нар зээл төлөхөөс татгалзсан ба зээлийн үлдэгдэл 17,760,168.66 төгрөгийг төлөөгүй талаар маргахгүй байгаа болно.
Иймд хариуцагч Ч.Маам, Б.Пүрэвсүрэн нар нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээсээ хугацаанаас нь өмнө татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 15,000,000 төгрөгийг Ч.Маамын эзэмшлийн 9210401837 тоот зээлийн дансаар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч нарт олгосон ба зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчиж байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг Б.Түвшинжаргалд өгсөн, Б.Түвшинжаргалаар төлүүлэх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч зээлийн гэрээнд хариуцагч Ч.Маам нь зээлдэгчээр, Б.Пүрэвсүрэн нь хамтран зээлдэгчээр, барьцааны гэрээнд Ч.Маам тус тус гарын үсэг зурж, зээлийг эргэн төлөх хуваарийг харилцан тохиролцож гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч Ч.Маамын “...зээлийн би эргүүлэн төлнө гэж мэдээгүй...Б.Пүрэвсүрэн төлнө...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Хариуцагч нар нь “...зээлийг төлөх чадваргүй..., өндөр настай тэтгэвэрийн хөгшин..., “...ажилгүй, бага насны хүүхэд, өндөр настай аавыгаа хардаг, өрхийн орлогогүй...” зэрэг зээлийг эргэн төлөх чадваргүй хүмүүст зээл олгосон банк буруутай, зээл олгох журмаа зөрчсөн гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэгч “Орон сууц барьцаалсан шуурхай зээл олгох журам”-г зөрчсөн гэх үндэслэл, нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Маам, Б.Пүрэвсүрэн нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлэхдээ нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд нотариатын зардалд 14,500 төгрөгийг төлсөн нь нотариатын үйлчилгээний хөлсөнд хураасан мөнгөний баримтаар тогтоогдож байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,760,168 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, нийт 17,774,668 төгрөгийг хариуцагч Ч.Маам, Б.Пүрэвсүрэн нараас гаргуулж, нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №2104004312 тоот “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан Ч.Маамын өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2201007456 дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн 000061540 тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58/А байрны 19 тоотын 18 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ. /хэргийн 14-р тал/
Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 4.1-д энэ талаар харилцан тохиролцсон, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Хариуцагч Ч.Маамын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц барьцаалсан шуурхай зээл болон зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Ч.Маам сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...С.Бүжмаа миний байрын ордерийн миний зөвшөөрөлгүйгээр Б.Түвшинжаргалд өгсөн..., Б.Түвшинжаргал Ариг банкинд очоод зээл авахаар тохирсон байсан, түүний дагуу намайг авч очиж гарын үсэг зуруулсан..., ...би зээлийг миний нэр дээр гарч байгаа гэдгийг мэдээгүй..., ...зээлийн намайг төлнө гэж хэлээгүй..., ...би зээлийн болон барьцааны гэрээг буруу ойлгож төөрөгдөж хийсэн...” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Ч.Маам үндсэн зээлдэгчээр өөрөө банк дээр ирж гарын үсэг зурж зээл авсан..., Ч.Маам байрыг барьцаалаад зээл авах гэж байгааг мэдэж байсан..., ... зээлийн анкет бөглөөд лавлагаа баримтуудаа аваад нотариатаар гэрчлүүлээд ...материалаа өөрөө бүрдүүлж ирсэн... энэ хугацаанд Ч.Маам төөрөгдсөн бол төөрөгдөл арилах хугацаа байсан. Энэ хүн өөрөө хүсэж Улсын бүртгэл болон, ТҮЦ машинаас өөрийн хурууны хээгээр лавлагаа авсан. Ч.Маам зээл авах гэж байгааг мэдэж байсан. Хүссэн хэлцлээсээ өөр хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй...” гэж маргаж байна.
Хариуцагч Ч.Маам, Б.Пүрэвсүрэн нар нь зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгчээр, хариуцагч Ч.Маам барьцааны гэрээнд гарын үсэг зурсан ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурснаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заажээ.
Хариуцагч Ч.Маам нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээг “Ариг банк” ХХК-тай байгуулсан байхаас гарна зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг нэхэмжлэгчтэй тохиролцон хугацаа тогтоож, 24 сарын хугацаанд сар бүрийн 21-ний өдөр эхний 8 сарын хугацаанд хүү төлж, үлдэх хугацаанд үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлөхөөр зөвшөөрөн хамтран зээлдэгч Б.Пүрэвсүрэнгийн хамт мөн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Үүгээр нэхэмжлэгч зээлийг өөрөө төлөхийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүний “...би зээлийг төлнө гэдгийг мэдээгүй...төөрөгдсөн...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн Ч.Маам “...зээлийн болон барьцааны гэрээг ноцтой төөрөгдөж хийсэн, зээлийг Б.Түвшинжаргал төлнө гэж ойлгосон...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн”, 58.2.2-т заасан “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүлсэн” тохиолдолд тус тус ноцтой төөрөгдсөн гэж үзэх хуулийн заалтад хамаарахгүй байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбартаа хамаатны дүү Б.Пүрэвсүрэн, түүний нөхөр Б.Түвшинжаргал нарт туслах зорилгоор байраа барьцаалан зээл авч өгсөн талаар болон зээлсэн 15,000,000 төгрөгийг Б.Түвшинжаргалд тоолж өгсөн, Түвшинжаргалд зээл авч өгөн өөрийн байраа засуулах талаар тохиролцсон гэж мэдүүлж байгаагаас үзэхэд хариуцагч Б.Пүрэвсүрэнтэй хамтран зээлийг банктай гэрээ байгуулан авч Б.Түвшинжаргалд өгч байгаагаа мэдэж байсан, түүгээр ч барахгүй уг зээлийг авах тухай зээл хүсэгчийн анкетийг бөглөн өгч, зээлийг хугацаа тогтоон төлөхөөр тохиролцсон байгаагаар түүнийг ноцтой төөрөгдсөн гэж үзэх боломжгүй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Түвшинжаргал нь “Ариг банк” ХХК-д Ч.Маамаас 15,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн эргэн төлөлтийг хариуцах талаар баталгааг бичгээр гаргаж өгөн энэ талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж хэлцэлд оролцоогүй, гэрээгээр үүрэг хүлээгээгүй учир түүнд гэрээний үүргийг түүнд хариуцуулах үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нь Ч.Маам, Б.Пүрэвсүрэн нарыг хариуцагчаар тодорхойлон тэдэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба Б.Түвшинжаргалыг хариуцагчаар тодорхойлоогүй байна.
Харин хариуцагч нар нь Б.Түвшинжаргалд хүлээлгэн өгсөн гэх 15,000,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
“Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Маам, Б.Пүрэвсүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг зохигчдод хүргүүлэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Түвшинжаргал нь шүүх хуралдаанд ирээгүй, түүний хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58г байрны 40 тоот /хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн хаяг/ хаягаар хүргүүлэхэд уг хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт болон түүний эхнэр Б.Пүрэвсүрэнгийн тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж зааснаар мэдэгдэх хуудсыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Түвшинжаргалд хүргэсэнд тооцож, түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлйин 100.4-т зааснаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №2104004312 тоот “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Ч.Маам, Б.П** нараас 17,774,668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А***” ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 56.2.1, 58.2.2-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ариг банк” ХХК болон Ч.М, Б.П нарын хооронд байгуулагдсан №2104004312 тоот “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ” болон “***” ХХК, Ч.Маам нарын хооронд байгуулагдсан №2104004312 тоот “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн Ч.Маамын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 246,824 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 123,412 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М, Б.П нараас улсын тэмдэгтийн хураамжид 246,824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “****к” ХХК-д олгосугай.
4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь 17,774,668 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Ч.М зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ***-р хороолол,**** байрны *** тоот 18 м.кв 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Хариуцагч Ч.М, Б.П нар нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН