Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 214/МА2025/00008

 

 

Д.Г*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 304/ШШ2025/00085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Г*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Э*******т холбогдох,

Т.Э*******ын хууль бус үйлдлийг таслан зогсоож бусдын эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөг буулгахыг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц*******ий шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Д.Г******* миний бие Булган аймгийн С******* сум, Б******* б******* гэх газарт Өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг иргэн М*******гээс малын хамт худалдан авч Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06334-А//2023 тоот захирамжын дагуу 4999 м.кв газрыг 57 жилийн хугацаанд эзэмшихээр, газар эзэмших 630200******* дугаартай гэрчилгээг авч хууль ёсны эзэмшигч болсон.

Гэтэл Т.Э******* гэх айл эзгүй байх үед дур мэдэн миний эзэмшлийн газар дээр манай өвөлжөөний байшинтай залгуулан, зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр өвөлжөө барьж хууль бусаар эзэмшихээр санаархаж байна. Тус хууль бус үйлдэл нь Д.Г******* миний өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 7 дугаар сард тэр газарт манайх өвөлжөөгөө барьсан. Тухайн газарт бид байнга амьдарч байгаа. Манайх таван толгойн арын ам гэх газар өвөлждөг ба энэ газар нь манай хадам Н гэх хүний газар юм. Нэхэмжлэгчийн яриад байгаа Б******* б******* гэх газар б******* тийшээ байдаг. Манай хадамд 1998 онд 60 жилийн хугацаатай олгосон газар юм гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Булган аймгийн С******* сумын Т баг, Б******* б******* гэх газар байршилтай, нэхэмжлэгч Д.Г*******ын 630200******* дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж авахыг хариуцагч Т.Э*******т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц******* нь давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 304/ШШ2025/00085 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар Д.Г*******ын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж авахыг хариуцагч Т.Э*******т даалгаж шийдвэрлэсэн.

Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан 1998 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Булган аймгийн С******* сумын Засаг дарга Д.Оы гарын үсэг, мөн тамга бүхий иргэн Т.Нд 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн гэрчилгээ зэргээр уг газар, мөн түүн дээр баригдсан өвөлжөөний байшин зэрэг нь иргэн Т.Нгийн эзэмшлийнх болох нь нотлогддог.

Хариуцагч Т.Э*******ын хувьд иргэн Т.Нгийн хүргэн бөгөөд уг газрын эзэмшигч биш болох нь тодорхой байдаг. Мөн уг газар дээр баригдсан өвөлжөөг иргэн Т.Н болон түүний үр хүүхдүүд барихад хариуцагч Т.Э******* тусалсан болох нь нотлогддог. Түүнчлэн уг өвөлжөөг иргэн Т.Нгийн төрсөн хүүхэд эзэмшиж, ашиглаж, амьдардаг.

Анхан шатны шүүх хариуцагч Т.Э*******ыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нэхэмжлэгч Д. Г*******ын эрхийг зөрчигч гэж үзэж, өвөлжөөг барихад оролцсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Гэвч уг маргааны хариуцагчаар оролцвол зохих этгээд нь тухайн газар, өвөлжөөний эзэмшигч байх ёстой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т "Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй..." этгээдийг ойлгохоор хуульчилсан.

Анхан шатны шүүх хариуцагч Т.Э*******ыг "эрх зөрчигч" гэж үзэж байгаа тохиолдолд өвөлжөөний эзэн иргэн Т.Н болон түүний үр хүүхдүүд буюу өвөлжөөг барихад оролцсон бүхий л хүмүүс хариуцагч байх нь шударга ёсны юм.

Хариуцагч Т.Э*******т нэхэмжлэлийн шаардлагыг даалгаж шийдвэрлэснээр цаана нь гуравдагч этгээд болох газар, өвөлжөөний эзэн гэх иргэн Т.Н, мөн уг газар, өвөлжөөг ашиглаж, амьдарч байгаа гэх иргэн Т.Нгийн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөнө.

Иймд хариуцагч Т.Э******* нь тухайн маргааны хариуцагч биш, мөн түүнчлэн гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч "Хууль бус үйлдлийг таслан зогсоож бусдын эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөг буулгахыг даалгах" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Иргэний 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 ..." гэж, мөн "... зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж авахыг" гэж хуулийг буруу бичих, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж өөрөөр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.. гэв.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ бол газрын маргаан биш. Бусдын эзэмшлийн газар дээр барьсан объектийг буулгахыг даалгах асуудал юм. Тухайн газрыг Таван толгойн ам гэдэг боловч одоогийн газрын харилцааны газрын цахим системд гарч ирдэггүй. С******* суманд тийм нэршилтэй газар огт байдаггүй. Тухайн маргаан бүхий газрын жинхэнэ эзэмшигч нь Н гэх хүн биш, Г******* гэх хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан газрын гэрчилгээ, кадастрын зураг, төлбөр хураамж төлсөн баримт, зарим гэрч нарын мэдүүлэг, багийн Засаг даргын тодорхойлолт, газрын албаны газрын цахим системийн лавлагаа зэргээр хангалттай нотлогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлдог хуультай. Энэ ч утгаараа хариуцагчаа зөв тодорхойлсон гэж үзэж байна. Дээрээс нь хариуцагч Э******* гэдэг хүн бол олон тооны техник хэрэгсэлтэй, тухайн өвөлжөөг барьж өгсөн гэдгээ шүүх хуралдаан дээр өөрөө илэрхийсэн байгаа. Тухайн газарт бид байнга амьдарч ирсэн, цаашид байнга амьдрах болно гэдгээ шүүх хуралдааны үед илэрхийлж байсан. Энэ нь нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлсон гэж үзэхэд хүргэж байна. Эрх зөрчигч нь заавал өмчлөгч юм уу, эзэмшигч байхаар хуульчлаагүй. Өөрөөр хэлбэл өмчлөгч, эзэмшигч нь өөрийн газар дээр хууль бусаар үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох шаардах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. гэж, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Харин тухайн шийдвэрт техникийн шинжтэй хэд хэдэн зүйл байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх засаж, шийдвэрлэх боломжтой байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц*******ий гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь ...Манайх Булган аймгийн С******* сум, Б******* б******* гэх газар 4999 м.кв талбайтай өвөлжөө, хаваржааны газрыг 57 жилийн хугацаатай эзэмшиж байгаа байгаа бөгөөд 630200******* дугаартай эрхийн гэрчилгээтэй. Гэтэл Т.Э******* нь зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр дур мэдэн манай газар дээр хашаа барьж, газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн гэж,

Хариуцагч нь ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хашаа барьсан газар нь манай хадам аав Нгийн эзэмшлийн газар бөгөөд үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн эзэмшиж байгаа гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх Булган аймгийн С******* сумын Т баг, Б******* б******* гэх газар байршилтай, нэхэмжлэгч Д.Г*******ын 630200******* дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж авахыг хариуцагч Т.Э*******т даалгаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч Т.Э******* нь тухайн маргааны хариуцагч биш, мөн түүнчлэн гуравдагч этгээдийн эрх зөрчигдөж байна, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж өөрөөр шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдсан гомдол гаргажээ.

5.Хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Нэхэмжлэгч Д.Г******* нь Булган аймгийн С******* сум, Б******* б******* гэх газарт байршилтай 4999 м.кв талбайтай газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 57 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан 630200******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, С******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаартай Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамж, Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/47 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

5.2.Зохигч газрын нэршлийг Таван толгойн ам, Б******* б******* гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа ч Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/1020 дугаартай албан бичигт ...Нэхэмжлэгч Д.Г*******ын 630200******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар нь С******* сумын газар нутгийн нэрийн зураг, 1:100000-ны масштабтай байр зүйн зургуудад тусгагдсан газар зүйн нэрийг ашиглан тодорхойлсон байна. гэж, тус газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/47 дугаартай албан бичигт ...Т.Э*******ын нотлох баримтаар өгсөн Т овогт Н //-ийн газар ашиглах гэрчилгээтэй газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, Таван толгойн арын ам гэх газар зүйн нэр С******* сумын газар нутгийн нэрийн зураг, 1:100000 масштабтай байр зүйн зураг, С******* сумын газар зүйн нэрийн мэдээллийн санд тусгагдаагүй болно. гэж тус тус лавлагаа ирүүлсэн байх тул маргаан бүхий газрын нэршил нь Булган аймгийн С******* сумын 2 дугаар баг, Б******* б******* гэх нэршилтэй болох нь тогтоогдсон байна.

6.Хариуцагч нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг өөрийн хадам аав Т.Нгийнх гэж, тухайн газрыг үр хүүхдүүд нь цаашид эзэмшиж, ашиглах эрхтэй гэж байгаа боловч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу олж авсан баримт бичгийг шүүхэд гаргаж өгөөгүй нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

7.Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг хариуцагчаа зөв тодорхойлоогүй, Т.Э******* нь тухайн маргааны хариуцагч биш гэж мэтгэлцжээ.

Хариуцагч Т.Э******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бусдын эзэмшил газар дээр дур мэдэн гэр, байшин, өвөлжөө барьж болох уу? гэсэн асуултад хариулахдаа би хүргэн нь юм. Манай хадам аав ээжийн эзэмшиж байсан газар учраас би үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглаж байна гэж тайлбарласан, маргаан бүхий хашааг барьсан байх тул Т.Э*******ыг хариуцагч байх үндэслэлтэй гэж үзнэ.

Харин 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тайлбарлахдаа манай хадам аав өвөлждөг, би өвөлжөө барихад нь тусалсан гэх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо өвөлжөөний эзэн нь иргэн Т.Н болон түүний үр хүүхдүүд тул Т.Э******* хариуцагч биш гэж байгаа боловч нэхэмжлэгч Д.Г*******ын эзэмшлийн газар дээр барьсан хашааг Т.Н болон түүний хүүхдүүд болох хэн гэх иргэнийх болохыг хариуцагч тал нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хариуцагч нь өөрийн тайлбар болон нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ нотолсон нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Д.Г*******ын эзэмшлийн газар дээр барьсан хашааны эзэмшигч болохоо нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Т.Э*******ыг тухайн маргаантай харилцааны хариуцагч биш гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж хуульчилсан байна.

Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь газрын эзэмших эрхээ хариуцагч Т.Э*******ын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд Т.Э*******ын барьсан хашаа саад болж байх тул тухайн хашаа болох өвөлжөөг буулгахыг мөн шаардах эрхтэй байна.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хашаа гэснийг өвөлжөө, хаваржаа гэж өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хуралдааны шатанд гаргасан. Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж өөрөөр шийдвэрлэсэн гэснийг шүүх хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт /хэргийн 6-9-р хуудас/-аар хашаа баригдсан байх бөгөөд тухайн хашааг өвөлжөө, хаваржаа гэж нэхэмжлэгчийн тодорхойлсноор шууд дүгнэх боломжгүй тул Д.Г*******ын 630200******* дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж авахыг хариуцагч Т.Э*******т даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэх үндэслэл болохгүй.

10.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний алдааг гаргасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж, зөвтгөн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

11.Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 304/ШШ2025/00085 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 гэж нэмж, 2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэснийг хасч бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

 

Л.ХИШИГДЭЛГЭР