| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/04848/И |
| Дугаар | 210/МА2025/00508 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00508
*******
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* нэхэмжлэлтэй,
******* холбогдох,
Гэм хорын хохиролд 50,833,643.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
*******-ийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан. Улмаар Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж, хохирогч нь иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсан.
Хариуцагч байгууллагын хувьд өөрийн дансаар орлогоо бүрэн тооцож тайлагнаагүй нь улсын байцаагчийн болон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогддог. Зөрүү буюу дутуу тайлагнасан хэсэг дээр зөрчлийн дүнгээр улсад учруулсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан.
Иймд татварын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичсэн танилцуулга, эрүүгийн хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 50,833,643.05 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Эрх бүхий этгээдээс гэм буруутай нь тогтоогдсон, үүнтэй холбоотой тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй. Эрх бүхий этгээдээс гаргасан шүүхийн шийдвэр байхгүй тул хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болсон мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохиролтой холбоотой асуудлыг эхлээд эрүүгийн журмаар шийдвэрлэж, үүний дараа шүүх шийдвэрлэх ёстой. Эрүүгийн журмаар шийдвэрлээгүй тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.6-д заасан. Эрүүгийн хэрэг үүсээгүй тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх агуулга яригдахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн прокурорын газрын тайлбарын агуулга:
Нийслэлийн прокурорын газраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Учир нь төрийн ашиг сонирхол хөндөгдсөн, тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцох зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр оролцож байна. Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 50,833,643 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа үндэслэл нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол байдаг. Эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн боловч хэргийн товч утгыг авч үзвэл тухайн хэрэгт ******* болон Паспорт гэх хоёр компанид холбогдуулан татвар төлөхөөс зайлсхийсэн мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр 2020 онд мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн цагдаагийн газраас явуулсан.
Шнжээчийн дүгнэлтээр хариуцагч байгууллага 2016-2019 оны хооронд 50,833,643 төгрөг төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3, 5.1.4-т заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн. Нийслэлийн прокурорын газраас тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн үндсэн хэлбэрийн шаардлагыг хангасан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу нэг жилийн хугацаа өнгөрсөн учраас хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр хаасан. Ийнхүү хаах тогтоол гарсан даруйд тухайн хэрэгт сэжигтнээр тооцогдож байсан хаах тогтоолтой холбогдуулан гомдол гаргаагүй. Иймд ******* хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 50,833,643 төгрөгийг гаргуулж, *******т олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******-аас 412,118 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрт АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар ******* 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ... хэрэг бүртгэлийн ******* дугаар хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, ажиллагааны явцад *******-ийг шинжээчээр томилсон, шинжээч ...аудитын шалгалт хийж, ... Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3, 13.7, 5.1.4 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан гэжээ. Хууль зөрчсөн гэдгийг ******* буюу хувь этгээд тогтоох нь аль ч хуульд нийцэхгүй. Хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэгт тайлан бичигдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар шинжээч шинжилгээний явц үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж гарын үсэг зурна гэсэнтэй нийцэхгүйгээс гадна тусгай мэдлэг эзэмшээгүй этгээд буюу аудиторын туслах ******* гарын үсэг зурсан тул уг тайланг хууль ёсны гэж үзэхгүй.
Түүнчлэн, аудитын дүгнэлт, тайлан, аудитын шинжилгээний тайлан, аудитын тайлан гэх өөр өөр нэр томъёоны алийг нь шүүх ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гэж үзэж, үнэлж байгаагаа тайлбарласангүй. *******-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг танилцуулах ёстой байсан. Гэвч шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл, журмын дагуу гараагүй ба аудитын тайланг мөрдөгч танилцуулаагүй тул уг тайланд холбогдуулан ******* гомдол гаргах боломжгүй байсныг шүүх анхааран авч үзсэнгүй.
5.2. Шүүхийн шийдвэрт хариуцагч тус компанид татварын улсын байцаагч хянан шалгалт хийсэн, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсанд маргаагүй, харин гэм хорын хохирлыг төлөх үндэслэлтэй эсэхэд маргасан гэжээ. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухайд бол маргаагүй, харин хэзээ, ямар үндэслэлээр хаагдсаныг мэдэгдээгүй тул хаасныг мэдэгдсэн талаарх баримтыг хэрэгт аль ч тал гаргаж өгөөгүй. Эрүүгийн хэрэг үүсээгүй, ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа нь хоорондоо эрс ялгаатай ойлголт гэж хариуцагч тал маргасан.
Хэрэг бүртгэлтийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1-т мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, ... зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа ... ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ гэж заасан. Эрүүгийн хэрэг үүсээгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй гэдэг нь хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай прокурорын тогтоолоор нотлогдож байна. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж өөрийгөө буруутгах, гэм буруутайг нь шүүх тогтоогоогүй байхад манай буруу гэж тайлбарлах нь ямар ч боломжгүй зүйл байсан тул шаардаж буй төлбөрийг төлөхгүй гэж маргасан. Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулсанд маргаагүй гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй.
5.3. Шүүхийн шийдвэрт хуулийн зохицуулалт зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг гэжээ. Хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргасан гэдгийг төрийн эрх бүхий аль ч байгууллага тогтоогоогүй, прокурор эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад хариуцагчийг бусдад гэм хор учруулсан гэж шүүх дүгнэж байгаа нь хууль хэрэглээний алдаа болно. Эрүүгийн хэрэг үүсгэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1-т хэрэг бүртгэлтийн явцад .... тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ гэж заасан. Гэвч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад *******-ийг бусдад хууль бусаар гэм хор учруулсан гэж дүгнэх нь буруу юм.
5.4. Шүүхийн шийдвэрт цугларсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч *******-ийн татварын хууль тогтоомж зөрчсөн буруутай үйлдэл болон нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ гэжээ. *******-ийг нийтийн эрх зүйн хэм хэмжээ буюу татварын хууль тогтоомж зөрчсөн гэж иргэний хэргийн шүүх дүгнэх нь хэргийн харьяалал зөрчиж байгаа зөрчил болно. Учир нь харьяалан шийддвэрлэх хэргийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-т ...иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж, хоорондоо маргадаг тул уг хэм хэмжээг зөв хэрэглэсэн эсэх тал дээр шүүх дүгнэлт хийдэг. Хууль хэрэглээний тухайд татварын хууль тогтоомж зөрчсөн гэж татварын байгууллага үзэж байгаа бол энэ талаар захиргааны акт гаргана. Уг шийдвэрийг холбогдох этгээд эс зөвшөөрвөл татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах ба гомдол хянан хэлэлцээд гаргасан зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар татварын хууль тогтоомж зөрчсөн эсэх тухай маргаанаа хянан шийдвэрлүүлнэ.
5.5. Шүүхийн шийдвэрт ******* татварын хууль тогтоомж зөрчсөн нь хэрэгт цугларсан татварын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичсэн танилцуулга, эрүүгийн ******* тоот хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч *******-аас гэм хорын хохиролд 50,833,643.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.
Хууль тогтоомж зөрчсөн гэдгийг улсын байцаагчийн танилцуулгаар тогтоохгүй ба хэрэг дотор байхгүй шинжээчийн дүгнэлтийг үнэлж байгаа нь хуульд нийцэхгүй. Харин нэхэмжлэгчийн тайлбар нь нотлох баримтын нэг төрөл мөн ч түүнийг хариуцагчийн тайлбараар үгүйсгэж байхад үгүйсгэгдэж байгаа баримтыг үнэлж байгаа үндэслэлээ тайлбарласангүй. Гэм хорын хохирол шаардах эрхийг татварын байгууллагад аль ч хуулиар олгоогүй байх тул шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуульд үндэслээгүй шийдвэр гаргаж байна. Нэхэмжлэл гаргах эрхийг прокурорын байгууллагад Прокурорын байгууллагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-т Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл ... гаргана гэж олгосон.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Улсад төлөөгүй татварыг төлүүлэх харилцааг хуулиар татварын албанд олгосон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл нь шүүхийн шатнаас өмнө хуульд заасан үндэслэлээр дуусгавар болж байгаа тул заавал гэм бурууг шүүх тогтоох хууль зүйн боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу татвар төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийг ******* хийсэн.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан. Манай компанийн зүгээс нэг эзэнтэй 2 ижил компаниас гэм хорын хохирол нэхэмжилсэн шүүхийн шийдвэр гарсан болохыг дурдаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан төрд учирсан гэм хорын хохиролд 50,833,643.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж Прокурор нэхэмжлэгч талын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж оролцсон.
5. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
5.1. ******* нь *******-д шалгалт явуулсан талаар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр танилцуулга бичсэн. Уг танилцуулга нь ...366,911,089.00 төгрөгийн борлуулалтын орлогыг хувь хүний данс гийн Хаан банк ******* тоот дансаар 2017 онд 57,936,800.00 төгрөгийн, 2018 онд 160,987,560.00 төгрөгийн, 2019 онд 16,256,564.00 төгрөгийн, Хаан банк ******* тоот дансаар 2019 онд 131,721,165.00 төгрөгийн бараа тус тус дамжуулан борлуулсан нь татваргүй барааны дэлгүүр ажиллуулах журмыг зөрчсөн, татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэх агуулгаар бичигдсэн. /хх-ийн 51-63/
5.2. Дээрх танилцуулгыг үндэслэж цагдаагийн байгууллага *******-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцдаа *******-иар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аудитын дүгнэлт гаргуулсан. Уг аудитын дүгнэлтэд *******-ийг 2016-2019 онуудад Аж ахуйн нэгжийн орлогын татварын тайлангаар 50,833,643.05 төгрөгийн нөхөн татвар төлөхөөр тооцоолж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ. /хх-ийн 54-94/
5.3. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Уг тогтоолоор захиралтай ******* нь татваргүй барааны дэлгүүр ажиллуулж, үйл ажиллагаа явуулахдаа 2016-2019 онд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах журам зөрчсөний улмаас ******* нь 50,833,643.05 төгрөгийн төсөвт төлөгдөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгдөөгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй,*******-ийн захирал ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч хуульд заасан нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэргийг хаасан байна. Энэ тогтоол хүчин төгөлдөр байна. /хх-ийн 44-50/
6. Нэхэмжлэгч ******* нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт татварын нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацааг 4 жилээр тогтоосон байдаг. Гэтэл хариуцагч байгууллагын татварын хууль тогтоомж зөрчсөн хугацаа 2017-2019 оныг хамарсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч татвар нөхөн ногдуулалтад акт тавих боломжгүй болсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна. Иймээс шүүх хариуцагч байгууллага татварын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай эсэх, мөн гэм хор учруулсан эсэхийг шийдвэрлэх боломжтой.
6.1. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлөх үүрэгтэй.
Хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл, хариуцагч ******* нь 2016-2019 онуудад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь заалтуудыг зөрчиж, дор дурдсан тооцоогоор 50,833,643.05 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тодорхойлоогүй байна. Үүнд:
- 2016 онд орлого 1,222,681,522.60 төгрөг, үйл ажиллагааны зардал болон борлуулсан барааны өртөг 693,452,034.22 төгрөг, татвар ногдох орлого 529,229,488.38 төгрөг, үүнээс 52,922,948.84 төгрөгийн татвар ногдох ба төлсөн 30,763,979.23 төгрөгийг хасч тооцвол зөрүү татвар 22,158,969.61 төгрөг,
- 2017 онд орлого 1,075,661,748.30 төгрөг, үйл ажиллагааны зардал болон борлуулсан барааны өртөг 717,372,938.12 төгрөг, татвар ногдох орлого 358,288,810.18 төгрөг, үүнээс 35,828,881.02 төгрөгийн татвар ногдох ба төлсөн 32,811,932.30 төгрөгийг хасч тооцвол зөрүү татвар 3,016,948.72 төгрөг,
- 2018 онд орлого 1,471,217,055.10 төгрөг, үйл ажиллагааны зардал болон борлуулсан барааны өртөг 903,289,537.59 төгрөг, татвар ногдох орлого 567,927,517.51 төгрөг, үүнээс 56,792,751.75 төгрөгийн татвар ногдох ба төлсөн 39,205,834.57 төгрөгийг хасч тооцвол зөрүү татвар 17,586,917.18 төгрөг,
- 2019 онд орлого 1,439,856,577.25 төгрөг, үйл ажиллагааны зардал болон борлуулсан барааны өртөг 1,090,176,096.62 төгрөг, татвар ногдох орлого 349,680,480.63 төгрөг, үүнээс 34,968,048.06 төгрөгийн татвар ногдох ба төлсөн 26,897,240.52 төгрөгийг хасч тооцвол зөрүү татвар 8,070,807.54 төгрөг,
Дээрх тооцоолол дахь татварын хэмжээ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д заасан албан татварын хувь, хэмжээнд нийцсэн байна.
Хариуцагч *******-ийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас 50,833,643.05 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төсөвт төлөгдөөгүй, төрд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
6.2. Иймд төрд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Учир нь нэхэмжлэгч ******* татварын хууль тогтоомжид заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир татварын акт тавих боломжгүй болсон нь хариуцагч байгууллагын төлбөл зохих татварыг төлүүлэхгүй байх, уг татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн, татварын улсын байцаагчийн акт тавигдаагүй байгаа нөхцөлд төрд учирсан хохирлыг ердийн харьяаллын шүүх шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэргийн харьяалал зөрчсөн, татварын хууль тогтоомж зөрчсөн гэвэл акт гаргах, уг актад гаргасан гомдлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх учиртай, гэм хорын хохиролыг татварын байгууллага шаардахгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Харин гэм хорын хохирлыг шаардаж байгаа нөхцөлд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь өөрийнхөө гэм буруугүй гэх байдлаа нотлох учиртай. Гэтэл хариуцагч ******* нь өөрийн гэм буруугүй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
6.4. Анхан шатны шүүх хариуцагч *******-аас 50,833,643.05 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т /төрд/ олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
7. Хариуцагчийг хууль зөрчсөн болохыг ******* тогтоох нь хуульд нийцэхгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Тус компанийн гаргасан тайлан нь бичмэл нотлох баримт болохын хувьд шүүх хэрэгт авагдсан бусад баримтуудтай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас хэрэгт үнэлсэн тул зөвхөн тус компанийн тайлангаар хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг тогтоосон гэж үзэхгүй.
Мөн хариуцагч эрүүгийн журмаар буруутгах, гэм буруутайг нь шүүх тогтоогоогүй байх тул төлбөрийг төлөх боломжгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийг татварын хууль тогтоомж зөрчсөн эсэх, уг зөрчлийн улмаас хохирол учирсан эсэх, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо бий эсэхийг шүүх тогтоож шийдвэрлэсэн байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/00358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ