| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2024/03861/И |
| Дугаар | 210/МА2025/00552 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/00552
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/00994 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* *******-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30,243,360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* *******-тай 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, барилгын инженерийн ажилд орсон. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6/369 тоот захирлын тушаалаар компанийн орлогод авах боломжгүй ашиглалт, чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж худалдан авч ажлын хариуцлага алдаж компанид хохирол учруулсан нь тогтоогдсон гэж ажлаас чөлөөлсөн.
1.2. Миний хувьд дээрх тушаалд заасан ажлаас халах үндэслэл болсон халуун уураар үлээгч АДУ-г худалдан авах эрх байхгүй, уг төхөөрөмжийг худалдан аваагүй. Харин ажил үүргийн тодорхойлолтод заасан ажил үүргийн хүрээнд уураар үлээгч худалдан авах шаардлагатай талаар санал гаргаж байсан. Уг тушаалд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг ямар үндэслэлээр, хэрхэн зөрчсөн гэдгийг тодорхой заагаагүй байна.
Иймд ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 30,243,360 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 23/146 тоот Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, Цогтцэций өртөөний Барилга, эрчим хүч, ус хангамжийн ангийн Барилга ашиглалтын инженерээр ажиллаж байсан.
2.2. 2024 оны 2 дугаар сарын 10-15-ны өдөр хүртэл ерөнхий инженерээр ахлуулсан үзлэг шалгалтыг Бор хошуу, Баян булаг, Хунхар заг зөрлөгүүдэд хийсэн. Энэ үед зөрлөгүүдийн амрах байрны бохирын шугам хальсан нөхцөл байдалтай байсан. Тус нөхцөл байдлаас болоод хөлдөлтийг арилгахын тулд халуун уураар үлээгч авах шаардлага үүссэн. Ингээд 1,500,000 төгрөгийн халуун уураар үлээгчийг *******ын хэлсний дагуу худалдан авсан.
2.3. ******* нь 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр компанийн орлогод авах боломжгүй ашиглалт, чанарын шаардлага хангаагүй тоног төхөөрөмжийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүй, дур мэдэн худалдан авч ажлын хариуцлага алдан компанид хохирол учруулсан. Цогтцэций өртөөний дарга болон нярав нар уураар үлээгчийг орлогод авах боломжгүй, баримт бичиггүйгээс гадна ашиглах боломжгүй, шаардлага хангахгүй талаар анх мэдэгдсэн. Ингээд 2024 оны 2-4 дүгээр сар хүртэл худалдан авхуулсан уураар үлээгчийн холбогдох баримтуудыг гаргаж өгөх хангалттай хугацааг нэхэмжлэгчид өгсөн боловч ямар ч баримт гаргаж өгөөгүй.
Иймд тухайн зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан ноцтой зөрчилд тооцож гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6/369 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
2.4. *******ын зүгээс нийлүүлэгч талаас савны мөнгийг буцаан гаргуулах болно гэсэн тайлбарыг захиргаанд өгсөн, энэ нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байсныг нотолно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар *******ыг ******* *******-ийн Цогтцэций өртөөний Барилга, эрчим хүч, ус хангамжийн ангийн Барилга ашиглалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ******* *******-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30,243,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 309,167 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн 6-д зааснаар нэхэмжлэгч *******д ажилд олгогчийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тушаалыг гардуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тушаалыг эс зөвшөөрч ******* *******-д 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан гэж дүгнэсэн нь баримтаар нотлогдоогүй илт үндэслэлгүй юм.
Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс ******* *******-д 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргаагүй, гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй гэж хуульчилсан.
Гэтэл нэхэмжлэгч *******ын зүгээс 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хугацаа хэтрүүлж гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзэлгүйгээр хариуцагчийн хариу тайлбарт дурдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Иймд хуульд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах тул 191/ШШ2025/00994 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар шүүх хуралдааны явцад хариу тайлбар гаргаагүй. Диспозитив зарчмын дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тушаалыг гардаж аваад 6 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч байгууллагын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тухайн гомдлын хариуг ирүүлээгүй учраас 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн маргаан таслах зөвлөлд хандсан. Нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30,243,360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/369 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 83 дугаар зүйлийн 83.3, ******* *******-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.9, 8.11.11, Хөдөлмөрийн дотоод журам-ын 1 дүгээр зүйлийн 1.9, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.2, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.6 дахь заалтыг баримтлан Цогтцэций өртөөний Барилга, эрчим хүч, ус хангамжийн ангийн Барилга ашиглалтын инженер *******ыг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр компанийн орлогод авах боломжгүй ашиглалт, чанарын шаардлага хангаагүй тоног төхөөрөмж худалдан авч ажлын хариуцлага алдаж компанид хохирол учруулсан үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 4 дүгээр тал/
3.1. Анхан шатны шүүх дээр дурдсан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, мөн сахилгын зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт нийцэхгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон нь үндэслэл бүхий болжээ. Энэ талаар хариуцагч байгууллага гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино.
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй талаарх тайлбараа бичгээр гаргаж өгөх үүрэгтэй ба ингэснээр талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар мэтгэлцэх учиртай.
Хариуцагч байгууллага нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол гаргасан боловч энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр тайлбар гарган маргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байх тул энэ талаар хариуцагчийг маргаагүй гэж үзнэ. Иймд хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/00994 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,166.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА