Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00572

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04680 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* -д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэг болон алданги 321,721,791 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* -тай 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Машин техник түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 520 маркийн 1 экскаваторыг өдөрт 12 цаг ажиллуулах нөхцөлтэй, сарын 49,000,000 төгрөгөөр, 300 маркийн молдоктой 1 экскаваторыг өдөрт 12 цаг ажиллуулах нөхцөлтэй, сарын 35,000,000 төгрөгөөр, 20м3 өөрөө буулгагч 7 автомашиныг далан болон үндсэн материал тээвэрлэх нөхцөлтэй, 1м3-ыг 1,650 төгрөгөөр, 50 маркийн ачигчийг сарын 15,000,000 төгрөгөөр тус тус түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу техникүүдийг хүлээлгэн өгч, гэрээний үүргээ гүйцэтгэсэн боловч хариуцагч нь түрээсийн төлбөр огт төлөөгүй.

1.2. Дээрх гэрээгээр 520 экскаваторын 31 хоногийн төлбөр 49,000,000 төгрөг, 300 экскаваторын 2 сар 3 хоногийн төлбөр 73,387,097 төгрөг, 50 маркийн ковш 2 сар 7 хоногийн төлбөр 33,387,097 төгрөг, ******* УБЛ хово 13,460м3 төлбөр 22,209,000 төгрөг, ******* ХӨҮ хово 6,440м3 төлбөр 10,626,000 төгрөг, ******* УЕК хово 11,260м3 төлбөр 18,579,000 төгрөг, ******* УЕЕ хово 4,420м3 төлбөр 7,293,000 төгрөг нийт 214,481,194 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр байна. Мөн гэрэээгээр алданги тооцохоор тохирсон, алдангид гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 107,240,597 төгрөг нийт 321,721,791 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Түрээсэлсэн экскаватор, ковш болон 4 ширхэг өөрөө буулгагчийн өдөрт гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон ажлын цагийг хариуцсан ажилтан, техникийн оператор, жолооч нар баталгаажуулдаг бөгөөд сард нэг удаа, хагас сард нэг удаа тооцоо хийж, төслийн баг баталгаажуулсны дараа төв компаниараа баталгаажуулан ажлын хөлсийг олгодог. Ямар нэг анхан шатны тооцооны баримт байхгүй. 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажлын талбайд эхний тоног төхөөрөмж хүрсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ******* нь манай ажлын талбайн төслийн багтай тооцоо нийлээгүй. Өдөр, сар бүрийн ажлын үр дүнгийн нөхцөл байдал болон техник тоног төхөөрөмж, машинуудын ажилласан нөхцөл байдлыг манай төслийн багийн ажилтнууд маш тодорхой тэмдэглэсэн байгаа бөгөөд оператор, өөрөө буулгагчийн жолооч нарын гарын үсгээр баталгаажуулсан. Төслийн багийн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын тооцооны хуудас байхгүй.

2.2. 2023 оны 8 дугаар сард машин техник ажлын талбайд гарснаас ажил дуусах хүртэл хугацаанд бүх машин, техник, тоног төхөөрөмж эвдрэлтэй, оператор, жолооч нар туршлагагүй, ур чадвар дутмаг ажиллаж байсан нь ажилд ноцтой саатал үүсгэж байсан бөгөөд энэ нь ******* -д эдийн засгийн хэмжээлшгүй их хохирол учруулсан, төслийн ажлыг удаашруулсан. 500 маркийн экскаватор талбайд байсан 2 сард 9 өдөр бүтэн ажилласан, машинд ачаа ачсан тоо 29 машинаас 150 машин байсан. Нэрлэсэн ажлын хэмжээ нь өдөрт 200-аас дээш машин байх ёстой. 1 сар гаруй хугацаанд өдөрт 3 цагаас 11 цаг хүртэл ажилласан. Гэрээгээр 7 өөрөө буулгагч машиныг нийлүүлнэ гэсэн боловч 4 машин л байсан нь ажлын ачаалалд хүрч ажиллаагүй. Ажлын талбай дахь 2 сар гаруй хугацаанд 1,771 машин*20м=25,420мажлыг гүйцэтгэсэн. Иймд төлбөрийг хэрхэн төлөх вэ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* -иас түрээсийн төлбөрт 197,807,000 төгрөг, алданги 96,263,675 төгрөг, нийт 294,070,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 27,651,116 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,766,559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* -иас 1,628,303.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Түрээсэлсэн экскаватор, ковш болон 4 ширхэг өөрөө буулгагчийн өдөрт гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон ажлын цагийг хариуцсан ажилтан, техникийн оператор, жолооч нар баталгаажуулдаг бөгөөд хагас сард нэг тооцоо хийж, төслийн баг баталгаажуулсны дараа төв компаниараа баталгаажуулан ажлын хөлсийг олгодог. Гэтэл ямар нэг анхан шатны тооцооны баримт байхгүй байхад нэхэмжлэгч талын баримтыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй юм.

4.2. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт ...300 эскаваторыг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 61 хоног, 50 ковшийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 64 хоног ажилласан гэж үзнэ гэж дүгнэжээ. Шүүгч энэхүү тоцооллыг юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй. Энэ талаар дүгнэлт хийгээгүй.

4.3. Бараа гаргасан падаан гэх хятад хэл дээрх баримт байх бөгөөд түүнийг орчуулсан гэх баримт нь баталгаат орчуулга хийх эрхтэйг нотолсон хуулийн этгээд эсхүл хувь хүн аль нь болох нь тодорхойгүй, мөн орчуулгын мэдлэг, чадвар, тодорхой зөвшөөрөл бүхий баримт огт байхгүй байхад баталгаат орчуулга гэж дүгнэснийг ойлгох боломжгүй байна.

4.4. Гэрч иас авсан мэдүүлэгт ...экскаватор -ийнх, ковш -ийнх, ажлын хөлсөө гээс авдаг, мэдэхгүй байна, ажлын хөлс тохиролцоогүй, -тай хамааралгүй, цалин хөлсөө -иас авсан гэх зэрэг мэдүүлгүүд хэрхэн үнэлэгдсэн нь тодорхойгүй байна.

4.5. Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч *******гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд ажил хийгдэж байх үеийн баримт 1 ширхэг ч байхгүй. Харин өөр цаг үед хаа нэг газар юу хийж байгаа нь тодорхойгүй буюу хэрэгт хамааралгүй, үйл явдалтай огт холбоогүй байдлын зурагт үзлэг хийж бэхжүүлснийг үнэлж хамааруулан дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийг тайлбараа нотлохыг шаардаж буйтай адил нэхэмжлэгч ч үндэслэлээ нотлох үүрэгтэй. Эдгээр баримтаар нэхэмжлэгч үндэслэлээ нотолсон гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх байдлаар нотлох баримтыг буруу үнэлснээр хууль ёсоор нотлогдоогүй нэхэмжлэлийн үндэслэлийг нотолсон гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэлийг 2023 онд гаргасан. Үүнээс хойш хариуцагч талаас өөрийн татгалзлыг нотолсон нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Манайд баримт байгаа, бид нар ажил хийгээгүй болохыг нотолно, ур чадваргүй, техник тоног төхөөрөмжүүд нь талбай дээр ажиллаагүй гэдэг тайлбар гаргасан боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Энэ талаарх баримт байгаа эсэх нь эргэлзээтэй.

5.2. Тухайн талбайд ажиллах бүрд бараа гаргасан падаанаар баталгаажуулж байсан. Гарын үсэг зурсан хятад хүний нэрийг мэдэхгүй байна. Өглөө 7 цагаас орой 8 цаг хүртэл ажиллахад барааны падааныг бид нарт өгч байсан. Хариуцагч талаас энэ баримтыг гаргуулахаар 2-3 удаа хуралдааныг хойшлуулж байсан. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхи санаачилгаатай оролцоогүй, өөрсдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүргээ биелүүлээгүй.

5.3. ******* нь тоног төхөөрөмж түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Зарим тохиолдолд дамжуулж түрээсэлдэг. Ажилчидтай тухай бүрд, тоног төхөөрөмжтэй хүмүүстэй тохиролцож хөлсөө төлдөг. Хариуцагч талаас өөрсдөө тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 214,481,194 төгрөг, алданги 107,240,597 төгрөг нийт 321,721,791 төгрөг гаргуулах нэхэмжлэгч гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. *******, ******* нар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Машин техник түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 520 маркийн экскаваторыг сарын төлбөр 49,000,000 төгрөгөөр, 300 маркийн молдоктой экскаваторыг сарын төлбөр 35,000,000 төгрөгөөр, 20м3 өөрөө буулгагч автомашины 1м3 төлбөр 1,650 төгрөгөөр, 50 маркийн ачигч автомашины нэг сарын төлбөр 15,000,000 төгрөгөөр нийт 10 ширхэг техникийг ашиглуулахаар ******* -ийн эзэмшилд шилжүүлэх, ******* нь дээрх техник хэрэгслийг ашигласан хугацаагаар төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-5-6 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 520 маркийн экскаватор, 300 маркийн молдоктой экскаватор, 50 маркийн ачигч машин тус бүр 1 ширхэг, 20м3 өөрөө буулгагч 4 ширхэг автомашиныг хариуцагч хүлээн авсан зохигчийн маргаагүй үйл баримтыг зөв тогтоосон. Талуудын маргааны зүйл нь түрээсийн төлбөрийн асуудал болжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааныг шийдвэрлэсэн боловч зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх нэмж дүгнэж, үүрэг гүйцэтгэх хугацааг буруу тодорхойлсон алдааг залруулж, алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 10 ширхэг техникийг хүлээн авсан боловч эдгээр нь эвдрэл, гэмтэлтэй, жолооч, оператор туршлагагүй, ур чадвар дутмаг байсны улмаас техникүүдийг бүрэн ашиглаагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн буруугүйгээр түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй байсан гэх байдлаа баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн өдөрт гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон цагийг жолооч, оператор баталгаажуулж, сард нэг удаа тооцоо хийж, төслийн баг баталгаажуулсаны дараа хөлс төлнө, энэ талаарх баримтгүй гэх боловч ийм журмаар хөлс төлөх талаар гэрээнд заагаагүй байхаас гадна гүйцэтгэсэн ажлыг баталгаажуулаагүй нь түрээсийн төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

4.2. Иймд анхан шатны шүүх талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн бараа гаргасан падаан гэх баримтыг үндэслэн түрээсийн төлбөр төлөх хугацаа, хэмжээг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна. Учир нь:

Хариуцагчийн эзэмшилд түрээсийн зүйл байсан хугацааг нэхэмжлэгч тодорхойлохдоо 520 маркийн экскаватор 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 03, 300 маркийн молдоктой экскаватор 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07, 50 маркийн ачигч автомашин 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл гэж тайлбарласныг хариуцагч эсэргүүцэж, маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Анхан шатны шүүх талуудын гэрээгээр тохиролцсон нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээгээр, дээрх хугацаагаар экскаватор болон ачигч автомашины төлбөрийг тооцож, нийт 139,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хуульд заасан журмаар зөв үнэлсэн байхаас гадна, түрээсийн төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцсонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул талуудын зарчмыг үндэслэн энэ шийдлийг хэвээр үлдээнэ.

Хэргийн 40-71 дугаар талд авагдсан бараа гаргасан падаанд 20м3 өөрөө буулгагч 4 ширхэг автомашин тус бүрээр, рейс буюу явалтын тоог тусгасан, хариуцагч нь уг баримтыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар болон дээрх барааны баримтыг үндэслэн 4 ширхэг өөрөө буулгагч автомашины түрээсийн төлбөрт 58,707,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүх зөв тогтоожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ковшийн жолооч гэх иас гэрчийн мэдүүлэг авсан, тэрээр -ийн ковшийн жолоочоор аймгийн зам барих төсөлд ажилласан, ажлын хөлсөө *******гээс авдаг, -иас цалин хөлсөө авдаг гэж мэдүүлсэн, талуудын маргаанд хамааралтай мэдүүлэг өгөөгүй байх тул түүний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэнэ.

4.3. Гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг хэрхэн тохиролцсоныг тодорхойлж, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг тогтоосноор алдангийг тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх юм.

Талууд гэрээний 4 дүгээр зүйлийн 1-д сар тутамд нэг удаа хөлсийг олгоно, 2-т Хэрэв тээвэрлэх явцад ******* -иас шалтгаалан тээврийн хөлсийг хойшлуулсан болон төлөлтөө хойшлуулсан тохиолдолд 5 хоногоос хойш 0.5 хувиар алданги олгоно. гэж түрээсийн төлбөр болон алданги төлөх журмыг тодорхойлжээ. Уг тохиролцооноос үзэхэд үүрэг гүйцэтгэх хугацааг сараар тогтоогоогүй байх тул хугацаа тоолж дуусах журмыг үндэслэн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжгүй.

Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх учиртай.

Нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хэзээ, хэрхэн шаардаж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хуулийн дээрх зохицуулалтаар үүрэг гүйцэтгэх хугацаа мөн тодорхойлогдохгүй байна. Ийнхүү үүрэг зөрчсөн хугацаа тодорхой бус нөхцөлд алданги тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлээс алдангийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

Харин анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэх хугацааг сар тутамд гэснийг сараар тогтоосон гэж дүгнэж, уг хугацааг сарын бүрийн 3-ны өдөр гэж тогтоосон нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцээгүй байна.

5. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагчаас түрээсийн төлбөрт 197,807,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 123,914,791 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино.

6.1. Хэргийн 40-71 дүгээр талд авагдсан баримтуудыг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулж, орчуулгын товчоо тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

6.2. Хэргийн 94 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлд түрээсийн техникүүдийн ажиллаж байгаа байдлын талаар тусгагджээ. Эдгээр зураг, бичлэг хаана, хэзээ, хэдийнээс хэдий хугацааны нөхцөл байдалд холбогдох нь тодорхойгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна. Иймд дээрх нотлох баримтыг үнэлж, дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04680 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* -иас 197,807,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 123,914,791 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 1,628,303.4 гэснийг 1,146,985 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,766,559 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.ГАНДИЙМАА