| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2025/00278/И |
| Дугаар | 210/МА2025/00571 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00571
******* *******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01954 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болон алданги, хохиролд 40,374,613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Талууд 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр МБЗИ 1-3873 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 70,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зогсоолын төлбөр хоногт 2,000 төгрөг, алданги хоног тутамд 0,5 хувь төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2. Хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 70,000,000 төгрөг, 5 сарын хүү 10,500,000 төгрөг, зогсоолын төлбөр 330,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, ******* *******-иар үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс, 150,000 төгрөг, ******* автомашины татварт төлсөн 194,613 төгрөг нийт 85,374,613 төгрөг төлөх үүрэгтэй. Үүнээс фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг худалдан борлуулсан 45,000,000 төгрөгийг хасаж, үлдсэн 40,374,613 төгрөгийг нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* *******-иас 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээл авсан нь үнэн. Зээлийн барьцаанд тавьсан автомашинаар зээл төлөгдсөн тул нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.4, 422 дугаар зүйлийн 422.4.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч *******ээс 330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,044,613 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдаанд миний бие замын түгжрэл, байгалийн хүчин зүйлсийг тооцоолоогүй нь улмаас шүүх хуралдаанд амжиж очоогүй. Энэ талаар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичигт утсаар мэдэгдэж, цахимаар оролцох хүсэлтийг тавихад шүүх хуралдаанаас 3 хоногийн өмнө гаргах ёстой гэх тайлбарыг өгсөн. Улмаар миний бие тухайн өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, мэтгэлцэх эрхээр хангагдаагүй.
4.2. Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэлийг буцаах эсхүл нэхэмжлэгч талыг оролцуулж, мэтгэлцэх эрхээр нь хангуулах саналыг гаргасан байхад шүүгч нэг талыг баримталж, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Учир нь уг хэргийн анхны шүүх хуралдаан товлогдсон байсан. Шүүх нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулаад мэтгэлцэх эрхээр хангах бүрэн боломжтой байхад хэт нэг талыг баримталж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
4.3. Мөн хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судлаагүй, нотлох баримтыг үндэслэхгүйгээр шийдвэрлэсэн. Хариуцагч нь утсаар холбогдоод автомашины үнэлгээ болон худалдан борлуулах тухай мэдэгдлийг охин *******д гардуулчих би хөдөө ажлаар явж байна, автомашинаа зараад эхний төлөлтөө авч бай гэх хариуг өгсөн.
Тухайн үйл баримтад хариуцагч маргадаггүй. Гэтэл шүүх зээл хүсэгчийн анкет дээр охин ******* 11 дүгээр анги буюу насанд хүрээгүй гэж үзэхээр байна гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй.
Хариуцагчийн зүгээс фидуцийн зүйлийн зах зээлийн ханшийг тогтоолгосон хөрөнгийн үнэлгээний тайлантай маргадаггүй. Гагцхүү 45,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх үйл баримтад маргасан байхад шүүх хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэхгүйгээр 85,375,613 төгрөгийг фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийг мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах эрхээр хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******т холбогдуулан үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 10,500,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, зогсоолын төлбөр 330,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 150,000 төгрөг, автомашины татвар 194,613 төгрөг, нийт 85,374,613 төгрөг төлөхөөс фидуцийн гэрээний зүйл болох автомашины үнэ 45,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 40,374,613 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.
3.1. 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч тал хүрэлцэн ирээгүй боловч талуудад эвлэрэн хэлэлцэх хугацаа өгч, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь:
Дээрх тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт ...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. гэж заасныг хэрэгжүүлэх учиртай.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргавал уг хүсэлтийг хүлээн авах эсэхийг шүүх шийдвэрлэнэ, ийм хүсэлт гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаахаар зохицуулжээ.
Иймд хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан материаллаг эрх зүйн гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01954 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн 359,824 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА