Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00570

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01102 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 12,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, барьцаагүй зээлсэн. Энэ гэрээг сунгах хүсэлт гаргаж, 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 18 сараар, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 9 сараар, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 9 сараар тус тус сунгаж, гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан.

1.2. Дээрх хугацаанд 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 9 сарын хүү 10,800,000 төгрөг төлсөн, үүнээс өөр төлбөр төлөөгүй. Иймд *******ас үндсэн зээлийн төлбөр 12,000,000 төгрөг, 26 сарын зээлийн хүү 31,200,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги тооцоход үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч байгаа тул 6,000,000 төгрөгөөр тооцож нийт 49,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зээлийн гэрээний 49,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч *******ас 49,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Талууд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, барьцаагүй зээлсэн. Зээлийн гэрээ байгуулагдах үед *******, *******гаас гадна ******* гэх этгээд хамт байсан бөгөөд *******гаас ******* мөнгө зээлэх байсан боловч ******* иргэний үнэмлэхгүй явж байгаа гэх шалтгаанаар *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн.

4.2. 2023 оны 8 дугаар сард талууд дахин уулзаж, 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээг зөвтгөн байгуулж ******* нь *******ас зээлийн гэрээний төлбөр шаардах байсныг ******* руу шилжүүлсэн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг гаргуулахаар 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагч талаас хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.

Нэхэмжлэгч *******гийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх хүсэлттэй холбоотой гаргасан тайлбар болон *******гаас гаргаж өгсөн 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 сар хүртэл 9 удаагийн үйлдлээр 10,800,000 төгрөгийг ******* *******-ийн данснаас *******гийн данс руу шилжүүлсэн дансны хуулга зэргээр өр шилжүүлэх гэрээ хийгдсэн нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, ******* *******гийн хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийг ******* өөрийн компани болох ******* *******-иараа дамжуулан хийсэн. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөө *******аас нэхэмжилж байсан талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Гэвч анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7-д Хариуцагч ******* нь 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сар хүртэл 9 удаагийн үйлдлээр 10,800,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэж бичжээ. Үүнээс үзвэл шүүхээс гийн гаргаж өгсөн дансны хуулгыг нотлох баримтаар хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй, гүйлгээний утга болон хэний эзэмшлийн данснаас *******гийн данс руу орсон нь тодорхойгүй байдлаар үндэслэх хэсэгт оруулан бичиж тухайн төлбөрийг хариуцагч *******ас шилжүүлсэн мэтээр хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэрлэсэн.

4.4. Мөн нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдаанд *******ыг Цагдаагийн газар шалгагдаж байхад нь би мөрдөгчтэй нь уулзаж *******аас мөнгөө авах гэсэн боловч хохирогч биш болохоор боломжгүй гэсэн хариу өгсөн талаар тайлбарласан. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үндэслэн хариуцагч талын зүгээс тухайн хэрэг шалгагдаж байсан цагдаагийн газраас *******гийн өгсөн тайлбар, мэдүүлэг болон тухайн хэрэгтэй холбоотой гаргаж өгсөн баримтуудыг хуулбарлан авч уг хэрэгт баримтаар өгөхөөр болсон. Тухайн баримтыг гаргуулан авахын тулд өмгөөлөгч оролцуулах шаардлагатай болсон бөгөөд өмгөөлөгч авах хүсэлтийг 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь оролцогчийн хуулиар олгосон өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. *******тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилсэн боловч төлбөрөө төлөх боломжгүй байна гэж хариуцагч өөрөө ирж зээлийн гэрээг сунгасан. Хариуцагч тал ******* гэх хүн ярьдаг боловч би уг хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй буюу эрх зүйн харилцаанд ороогүй. ******* би найзаасаа мөнгөө авч чадахгүй байна. Хэрэв мөнгөө авах юм бол чиний мөнгийг өгнө гэж хэлсний дагуу би цагдаагийн газар очсон боловч олон хохирогчтой эдийн засгийн гэмт хэрэг учраас хүлээж авах боломжгүй гэх хариу өгч буцаасан. Хариуцагч *******д би энэнээс өөрөөр тусалж чадахгүй. Чи мөнгө авсан бол өөрөө төлөх хэрэгтэй гэж хэлсэн.

5.2. Анхан шатны шүүх талуудад хуулиар олгосон эрхийг эрх тэгш олгосон. Хариуцагч эхний шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг ханган шүүх хуралдааныг хойшлуулсан. Хоёр дахь шүүх хуралдаанд хариуцагч хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 31,200,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг нийт 49,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******гаас 12,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 2-3 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний хугацааг талууд 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 18 сараар, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 9 сараар, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 7 сараар тус тус сунгасан. /хх-ийн 4-7 дугаар тал/

3.3. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 12,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлжээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шийдлийн хувьд хэвээр үлдээж, тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

Зээлийн гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлдүүлэгчид зээлийг буцаан шаардах эрх үүсэх талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.

4.2. Түүнчлэн, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тохиролцсон байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Улмаар талууд зээлийн гэрээний хугацааг үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 удаагийн бичгээр байгуулсан гэрээгээр сунгаж, энэ хугацаанд сар бүр 10 хувийн төлөхөөр тохирсон нь хугацаа тоолох журмыг зөрчөөгүй байхаас гадна Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь дээрх хугацааны зээлийн хүү шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Иймд хариуцагч зээлийн үндсэн төлбөр 12,000,000 төгрөг, түүний 35 сарын 10 хувийн хүү 42,000,000 төгрөг нийт 54,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Үүнээс гэрээний хугацаанд хариуцагчаас хүүгийн төлбөрт төлсөн 10,800,000 төгрөгийг хасаж, зээлийн гэрээний үүргийг 43,200,000 төгрөг гэж шүүх зөв тогтоожээ. Учир нь

Хэргийн 68 дугаар талд авагдсан ******* банк ХК дахь *******гийн эзэмшлийн дансны хуулгаас үзэхэд 2020 оны 3 дугаар сарын 24, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд *******гаас төлөлт , 4 сарын хүү төлөлт гэсэн утгаар нийт 2,400,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан журмаар өр шилжсэн гэж үзэхгүй.

Шүүх дээрх 2 гүйлгээгээр нэхэмжлэгчийн дансанд орсон мөнгөн хөрөнгийг хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэгт тооцсон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох зохицуулалтад нийцсэн байна.

Мөн бусад гүйлгээгээр хүүгийн төлөлт утгаар орсон мөнгөн хөрөнгийг *******ын компаниас шилжүүлсэн гэх боловч энэ талаарх баримтгүйгээс гадна үүргийг гуравдагч этгээд гүйцэтгэсэн нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

4.3. Талуудын алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн үндсэн төлбөрөөс алдангийг тооцож, 6,000,000 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчийн төлвөл зохих зээлийн гэрээний үүрэг болон алдангийн хэмжээг зөв тогтоож, нийт 49,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

6.1. 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэх өр шилжүүлэх гэрээг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ...тай гэрээ байгуулаагүй гэсэн тайлбарыг үндэслэсэн байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй.

6.2. Мөн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан боловч нэхэмжлэгчээс түүний дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, тухайн өдрийн шүүх хуралдааныг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Үүнээс гадна анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан, улмаар 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч түүнийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх боломжоор хангах, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтээр, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтээр тус тус хойшлуулсан байна. /хх-ийн 11, 13-14, 30, 35, 45 дугаар тал/

Иймд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан дээрх хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжтой, мөн шүүхээс хариуцагчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан байх ба энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хангасан хэсгийг найруулгын алдаатай тусгасныг залруулсан өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас 49,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА