| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0551/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2019-05-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-жаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Ж.Энхжаргал, ,
Шүүгдэгч Ш.Ннарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Ш.Н-Д холбогдох эрүүгийн 1903001480153 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 71 тоотод оршин суудаг гэх, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Олхонууд овогт Ш.Н, /регистрийн дугаар УУ90071556/.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ш.Ннь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Баянхангай” амралтын газрын баруун урд замд 2019 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 23 цаг 30 минутын үед “Тоёота Марк Икс” маркийн 3136 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 3.4-д заасан б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зорчигч Ж.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна. Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Анужинд учирсан эрүүл мэндийн хохиролд тооцож би 1260000 төгрөгийг төлсөн” гэв.
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/,
Автотээврийн Үндэсний төвийн шинжээчийн 35 дугаартай дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,
Зорчигч нарын согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-16-дугаар хуудас/,
Мөрдөгчийн 81 дугаартай магадлагаа /хх-ин 74 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.А-ийн: "...Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Н, Г, Ннартай амралтанд явсан. Тухайн үед явахдаа 10 лааз пиво, 1 шил 0.75 граммын архи аваад явсан. Очоод бид нар тоглоом тоглоод пиво, архиа хувааж уучихаад дахиж дэлгүүрээс пиво авах гэж Г, Н бид 3 дэлгүүр явсан. Дэлгүүрээс очиж пиво авчихаад буцаад явж байтал замын хажуу талруу машин гулгаад орох шиг болсон, би шоконд орж амьсгал давчдаад байсан ба надтай цуг явсан Г, Н хоёр машинаас буугаад машинаа харж байсан ба би хөдөлж чадахгүй болоод уйлсан. Тэгээд бид нар шууд найз Н дээр очсон. Манай найзуудын нэг 103-т дуудлага өгсөн байсан. Удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд намайг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлэх шаардлагатай гээд эмнэлгийн машиндаа суулгаад аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд зураг авхуулаад эмчид үзүүлхэд эмч нуруундаа бэртэл авсан байна, сэртэнгийн яс хугаралтай байна гэж хэлсэн. Миний нуруунд бэхэлгээ хийгээд гэртээ 2-3 cap хэвтрийн дэглэм сайн барь гэж хэлсэн...", "...Би тухайн үед хамгаалах бүс хэрэглээгүй явж байсан...", "...Бид нарын сууж явсан автомашиныг Н жолоодож явсан...", "...Тухайн үед автомашин 40 орчим километр цагийн хурдтай явж байсан байх. Яг сайн нарийн мэдэхгүй байна. Бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, согтолт нь гайгүй байсан...", "...авч явсан архийг Г тэр 2 хувааж уусан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар хуудас/
Иргэний хариуцагч Э.Б-ын: "...Би Н-ыг танихгүй, сүүлд найз С-аас асуухад манай төрсөн ах гэж хэлж байсан. Манай найзын ах нь юм шиг байна лээ. “Марк икс” маркийн 31-36 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн автомашин байсан. Би найз С-т 2019 оны 01 сарын дундуур 8.000.000 төгрөгөөр зарчихсан, бид хоёр нэрээ шилжүүлж аваагүй байсан. Миний зарчихсан “Марк икс” маркийн 31-36 УБҮ улсын дугаартай автомашинд ямар хохирол учирсныг мэдэхгүй байна. Би осол болсноос хойш тэр машиныг хараагүй. Би “Марк икс” маркийн 31-36 УБҮ улсын дугаартай автомашины хохирлыг нэхэмжлэхгүй, зарчихсан учраас одоо надад тэр машин хамаагүй. Удахгүй нэрийг нь шилжүүлж өгнө. Би бусдад учирсан хохирлыг төлөх боломжгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-ийн: "...2019 оны 2 дугаар сарын 12-ны оройн 18 цагийн үед А, Н, Г бид 4 Хандгайт зуслангийн Баянхангай амралтанд очсон. Очоод бид 4 мах шарж идэн, хөзөр тоглосон. Бид нар анх амралт руу явахдаа 1 шил архи, 10 шил пиво авч явсан. Авч явсан архи, пивоо Г, А, Н 3 хувааж уусан. Уух юм дуусаад Г, А, Н 3 амралтаас гарч төв замруу дэлгүүр орж нэмж пиво авахаар гарч явсан. Би ганцаараа амралт дээр үлдээд тэд нарыг хүлээж байтал 23 цагийн үед Г надруу залгаад бид нар буцаж яваад осолд орчихлоо, бид нар дээр хүрээд ирэх машин олдох нь уу? гэж хэлэхээр нь би явж очиж чадахгүй, та нар хүрээд ир гэхэд тэр 3 хүрч ирсэн. Тэгээд машинаас буух гэхэд А хөдлөж чадахгүй уйлаад сууж байхаар нь би түргэн рүү дуудлага өгсөн. Нэг их удаагүй байтал түргэн ирж А-г үзээд чиглүүлэгч дээр хэвтүүл гээд хэвтүүлээд машинд оруулж Гбид 2 цуг эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд нурууны зураг авахуул гээд зургийг нь авхуулахад 4 нугламын хажууны сэрвээний яс хугарсан байна гээд чиг барьж боолгоод тэндээ 2 цаг гаруй хэвтүүлж байгаад А-г гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч М.Г-ийн: "...2019 оны 2 дугаар сарын 12-ны оройн 18 цагийн үед А, Н, Н бид 4 Баянхангай амралтанд очсон. Тэндээ бид 4 мах шарж идэн, хөзөр тоглож би 3 шил пиво, Анужин 2 шил пиво уусан. Ер бол бид нар анх амралт руу явахдаа 1 шил 750 грамм архи, 10 шил пиво авч явсан. Тэндээ очоод Н уугаагүй, Н бид 2 архиа хувааж уусан. Тэгж байгаад Н, А бид 3 амралтаас гарч төв замруу дэлгүүр орж нэмж пиво авахаар гарч “Марк икс” маркийн 31-36 УБҮ дугаартай Н-ын унаж явсан машинг Н бариад А жолоочийн хажууд би хойд талд нь суугаад явсан. Дэлгүүр ороод амралт руугаа буцаж явах үед замын хажуугийн хашлага маягийн хайсыг зам мөстэй цасан бүрхүүл тогтсон байснаас машин шарваад замаас гарч хайсыг мөргөж зогссон. Тэгээд Нбид 2 машинаас гарч машинаа харахад урд хойд буфер хагарсан байсан. Тэгтэл Анужин миний нуруу өвдөөд байна гээд байсан. Машиныг би араас түрж байж зам руу гаргаад амралт руу буцаж очсон. Амралтан дээр очоод 103 руу дуудлага өгөхөд түргэний машин ирээд эмч А-г үзээд гэмтлийн эмнэлэг явна гээд 103-ийн машинд А, Н бид 3 суугаад явсан. Н амралт дээр үлдсэн. Гэмтэл дээр ирээд А нурууны зураг авхуулаад байж байтал цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “...Ж.А-ийн биед бүсэлхийн 1.2.3.4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун өсгийнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлл. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 2602 дугаар дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Н Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Баянхангай” амралтын газрын баруун урд замд 2019 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг 30 минутын үед “Тоёота Марк Икс” маркийн 3136 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 3.4-д заасан б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зорчигч Ж.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Ж.А гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Гэвч хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.
Иймд шүүгдэгч Ш.Н-ын гэмт үйлдлийг буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюлгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх
нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт жолоочийн 702776 дугаартай үнэмлэхийг хавсарган ирүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Олхонууд овогт Ш.Ныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюлгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Ш.Н-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ш.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Ннь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ж.Ацаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа
бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт хураагдсан шүүгдэгч Ш.Н-ын жолоочийн 702776 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Анармаад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ