Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Цогтбаатар, Ж.Гарамгай, Р.Соронзонболд,

 С.Түвшинтөгс, Ц.Мөнхтулга, М.Мөнхбаатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Б.Соёлмаа,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзодын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Цогтбаатар, Ж.Гарамгай, Р.Соронзонболд, С.Түвшинтөгс, Ц.Мөнхтулга, М.Мөнхбаатар нарт холбогдох 2017 2603 0045 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          1. Боржигон овгийн Энхбатын Цогтбаатар, 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туулын гүүр 1 гудамжны 25 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хөрш заан” хотхоны 106А дугаар байрны 90 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ91062499/,

 

2. Боржигон овгийн Жамсрангийн Гарамгай, 1961 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамжны 26Е байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХГ61110561/,

 

3. Гөрөөчин овгийн Ренчинбямбаагийн Соронзонболд, 1975 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, “Сүнжин гранд” зочид буудлын маркетингийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 59 дүгээр байрны 87 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РЮ75100618/,

 

4. Тэнгэр авга овгийн Сүхбаатарын Түвшинтөгс, 1986 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программист мэргэжилтэй, “Назарин андууд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД36 дугаар байрны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТД86040711/,

 

5. Сартуул овгийн Цогоогийн Мөнхтулга, 1979 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД26 дугаар байрны 9 тоотод оршин суух ял шийтгэлгүй, /РД:ЧО79042871/,

 

6. Тангад овгийн Магааны Мөнхбаатар, 1976 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Зайсангийн 44 дүгээр байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЗ76050811/,

 

Э.Цогтбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB” сити зочид буудлын 9 давхарт байрлах 969 дугаартай өрөөнд ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч читон ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж тоглуулсан гэмт хэрэгт,

Ж.Гарамгай, Р.Соронзонболд, С.Түвшинтөгс, Ц.Мөнхтулга, М.Мөнхбаатар нар нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB” сити зочид буудлын 9 давхарт байрлах 969 дугаартай өрөөнд ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч читон ашиглан мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Э.Цогтбаатар, Ж.Гарамгай, Р.Соронзонболд, С.Түвшинтөгс, Ц.Мөнхтулга, М.Мөнхбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Яллагдагч Э.Цогтбаатар, Ж.Гарамгай, Р.Соронзонболд, С.Түвшитөгс, Ц.Мөнхтулга, М.Мөнхбаатар нарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорын газарт буцаах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл:

1. Гэрч Б.Баасанбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Х.Ганбагана ахын байсан газар “UB” сити зочид буудлын 9 давхарт гарч 969 тоот өрөөнд ороход 4 эрэгтэй, 1 эмэгтэй, 1 теллер охин хөзөр тарааж байсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч В.Болорцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э.Цогтбаатар над руу гар утсаар яриад покер мэддэг найз байвал дагуулаад “UB” сити зочид буудалд хүрээд ир гэсэн. ...Би найз А.Хулангийн хамт 19 цаг өнгөрч байхад уг зааж өгсөн газарт очиход 2-3 эрэгтэй хүн байсан. Би А.Хулантай хоол идээд эргээд ороход 1 эмэгтэй, 6 эрэгтэй хүн ирсэн байсан. Тэгээд зочид буудлын өрөөний ширээн дээр бүтээлэг тавиад, тойрч суугаад А.Хулан хөзөр хольж, тарааж өгсөн ...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Билгүүний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчим найз Э.Цогтбаатар над руу залгаад “Чам руу 20.000 төгрөг шилжүүлье, надад Гэгээнтэнгээс андройд утасны цэнэглэгч, урууланд түрхэх вазелин аваад ирээч” гэсэн. Өрөөнд яваад ороход наад талын өрөөнд 5-уулаа суусан, хөзөр тоглож байсан ба нэг охин хөзөр тарааж байсан. Уг ширээн дээр сууж байсан хүмүүс урд талдаа читон тавьсан тоглож байсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Хулангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз В.Болорцэцэг над руу гар утсаар 19 цагийн орчим яриад “покер хөзөр тарааж үзэх үү” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд “UB” сити зочид буудлын 9 давхарт гарч 969 тоот өрөөнд очиход 1 эмэгтэй болон 4 эрэгтэйн хамт ширээн дээр тойроод суусан, читоноор хөзөр тоглоод сууж байсан. ...Би теллер хийж хөзөр тараасан. ...Техас покер гэдэг хөзөр тоглосон. Тухайн үед тоглож байхад хар алаг читоныг 2.000 төгрөг, бусад өнгийг 1.000 төгрөгөөр бодож үнэлж байсан ...” гэх мэдүүлэг,

Сэжигтэн М.Мөнхбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой Э.Цогтбаатар над руу 18 цагийн үед гар утсаар яриад “цөөхөн хэдүүлээ тоглох гэж байна, та хүрээд ирэх үү” гэхээр нь “Ах нь ажилтай явж байна, жаахан байж байгаад амжвал очно” гэж хэлсэн. ...Тэгээд яваад очтол зочид буудлын өрөөнд 4-5 хүн хойд талын зочны өрөөнд нь том ширээ засаад түүн дээрээ ногоон өнгийн даавуун бүтээлэг тавьсан байсан. Тэнд миний танихаас Э.Цогтбаатар болон өөр танихгүй 1 эмэгтэй тоглоод, 2 эмэгтэй нь ээлжлэн теллер хийж байсан. ...Уг зочид буудлын өрөөнд 2 теллер охин хөзөр ээлжлэн тарааж байсан, 1 эмэгтэй, 4 эрэгтэй тоглосон ...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Э.Цогтбаатар, Ж.Гарамгай, Р.Соронзонболд, С.Түвшитөгс, Ц.Мөнхтулга нарын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн “... Нэг охин ширээн дээр сууж хөзөр тарааж өгч, теллер хийсэн ...” гэх мэдүүлгүүд, фото зургийн үзүүлэлтүүд зэргийг шинжлэн судлаад дүгнэхэд гэрчүүд болон сэжигтэн, яллагдагч нар нь байнга тогтвортой мэдүүлэг өгсөөр атал В.Болорцэцэг, А.Хулан нарыг уг гэмт хэрэгт ямар оролцоотой байсан эсэхийг шалгаагүй, ашиг хонжоо олох санаа зорилго байсан эсэхийг тодруулаагүй, тэдгээрийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан нь буруу байна.

Иймд В.Болорцэцэг, А.Хулан нар нь хуулиар хориотой, мөрийтэй тоглоом болох покерийн хөзөр тараах теллерийн үүргийг гүйцэтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

2. Гэрч М.Ариунболдын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би “UB” сити зочид буудалд хаалгач, хамгаалагчаар ажиллаж байсан. ресепшин Э.Эрдэнэчимэг “969 дугаартай өрөөнд зочид орсон байгаа шүү” гэж хэлж байсан. 19-20 цагийн орчим цагдаагийн хоёр ажилтан “танай 9 давхарт 969 тоот өрөөнд ямар зочид байгааг мэдэх үү” гэсэн. Би “мэдэхгүй” гэхэд хаалгыг надаар тогшуулж орсон. ...Уг хүмүүсийг цагдаагийн ажилтан аваад гарч байхад нь харахад туранхай өндөр бор залуу болон намхандуу тарган ах хоёрыг урьд нь манай зочид буудлаар үйлчлүүлж байсан хоёр ах гэдгийг царайг нь хараад таньсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Эрдэнэчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ажилдаа ирээд ээлжээ авсан. Тэгтэл өмнөх ресепшин 969 дугаартай өрөөнд ресепшиний утсаар захиалга өгсөн гэсэн. Тэгээд байж байтал 13 цаг болж байхад өндөр биетэй нэг залуу орж ирээд “969 тоот өрөөнд захиалга өгсөн хүн байна, орох гэсэн юм” гээд хүлээлгийн танхимд сууж байхад нэг намхан бүдүүн ах араас нь 20 орчим минутын дараа орж ирсэн. Ингээд тооцоогоо бүдүүн хүн нь 280.000 төгрөгийг бэлнээр төлөөд оруулсан. Манайд утсаар ярьж захиалга өгөх үедээ Ганбагана гэдэг хүний нэрээр захиалга өгсөн байсан учир би Ганбагана гэдэг хүний нэрээр өрөөнд оруулж бүртгэл хийсэн ...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Баасанбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ганбагана ахтай “UB” сити зочид буудлын 9 давхарт гарч 969 тоот өрөөнд орох үед ширээ тойроод хүмүүс покер хөзөр тоглож байсан. ...Миний харсанаар 10 орчим хүмүүс байсан. 4 эрэгтэй, 1 эмэгтэй, 1 теллер охин хөзөр тарааж байсан. ...Намайг урьд нь 10 орчим хоногийн өмнө Э.Цогтбаатар ах, Х.Ганбагана ах хоёр 2-3 найз нартайгаа хамт виски ууж байх үедээ дуудаж виски уусан ...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Билгүүний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Э.Цогтбаатар залгаад “20.000 төгрөг чам руу шилжүүлье, чи цэнэглэгч, урууланд түрхэх вазелин аваад ир” гэсэн. ... Намайг зочид буудлын 969 тоот өрөөнд ороход 5 хүн суучихсан хөзөр тоглож байсан. ...Уг ширээнд суусан хүмүүс урдаа читон тавьсан тоглож байсан. ...Би тухайн үед буудлын өрөөг хэн түрээслэснийг мэдээгүй, харин сүүлд нь Х.Ганбагана гэх залуу түрээслэн авсан байсныг мэдсэн ...” гэх мэдүүлэг, мөн эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан ба дээрх гэрчүүд нь мэдүүлгээ өөрчлөөгүй, дээрх баримтуудыг үгүйсгэж няцаасан баримт хэрэгт авагдаагүй байхад 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 48 дугаартай прокурорын тогтоолоор Х.Ганбаганад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “прокурор, шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ” гэж заасан зарчмыг алдагдуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.6 дахь хэсэг “энэ хуулийн 24.1.2, 24.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон бол гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийн тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байхад прокуророос Х.Ганбаганад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа, түүнээс эд мөрийн баримтаар хураан авсан 1.081.200 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд гэрч М.Ариунболд, Э.Эрдэнэчимэг, А.Билгүүн нарын мэдүүлснээр “UB” сити зочид буудалд Х.Ганбагана утсаар захиалга өгсөн эсэхийг тодруулах, уг зочид буудлын төлбөрийг гэрчүүдийн мэдүүлсэн “өндөр биетэй залуу болон намхан бүдүүн ах” гэдгийн аль нь Х.Ганбагана болох, мөн уг зочид буудлын төлбөр болох 280.000 төгрөгийг хэн төлсөн эсэхийг шалгах, Х.Ганбагана нь мөрийтэй тоглоом тоглох байрыг захиалж бэлтгэсэн эсэх үйлдлийг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлийн 146.6 дахь хэсэгт “Байцаагдсан этгээд тэмдэглэлтэй танилцаад мэдүүлэг зөв бичсэнийг баталж энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зурна” гэж заасныг зөрчсөн байна.

Тухайлбал: 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар талд гэрч Б.Баасанбаярын гарын үсэг зурагдаагүй байна. Мөн хавтаст хэргийн 32-33 дугаар талд гэрч В.Болорцэцэгийг байцаасан тэмдэглэлийн эхний нүүрэнд гарын үсэг зурагдсан боловч хоёр дахь нүүрэнд А.Хулан гэх гэрч байцаагдсан мэт тэмдэглэгдсэн зөрчлүүд илэрснийг дурдах нь зүйтэй.

Иймд дараах зөрчлүүдийг арилгаж, дээр дурдсан нэмэлт ажиллагаануудыг зайлшгүй хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн шаардлагад нийцээгүй байна. Учир нь:

1. Анхан шатны шүүх Э.Цогтбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн аваад 137 дугаартай захирамжийн үндэслэх хэсгийн 1, 2 дугаар заалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 31 дүгээр бүлэгт заасан “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны” шатанд, шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаах хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон атлаа мөн хуулийн 33 дугаар бүлэгт заасан шүүхийн хэлэлцүүлгийг эхэлж 34 дүгээр бүлэгт заасан шүүхийн хэлэлцүүлэг явуулсны эцэст шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийсний эцэст гаргавал зохих шийдвэр буюу шүүгдэгчийн үйлдэлд тохирох хуулийн зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэж захирамж гаргажээ.

Нөгөө талаас Х.Ганбаганы үйлдлийг хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар шалгаад прокурорын хяналтын шатанд эцэслэн шийдвэрлэсэн прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа, В.Болорцэцэг, А.Хулан нарын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны гэрч хэмээх эрх зүйн байдал бүхий оролцогч байтал тэднийг эрүүгийн хариуцлагад татах тухай асуудлыг шүүгчийн захирамжид хөндсөнөөр тэдний эрх зүйн байдлыг дордуулж, шүүх мэтгэлцээний нэг талын байр суурийг илэрхийлж байгаагийн зэрэгцээ бусад яллагдагч нарын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байна.

2. Эрүүгийн 201726030045 дугаартай хэрэгт Б.Баасанбаяр нь хавтаст хэргийн 23-26 дугаар талд гэрчээр мэдүүлэг өгсөн. Уг байцаалтын 23 дугаар тал буюу 1 хуудсанд Б.Баасанбаяр гарын үсгээ зураагүй талаар дурдагдсан боловч Б.Баасанбаяр нь гэрчээр мэдүүлэг өгсөн, улмаар мэдүүлэг өгснөө болон мэдүүлгийнхээ үнэн зөв болох талаар байцаалтын бусад хуудсанд гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Мөн хэргийн 32-33 дугаар талд гэрч В.Болорцэцэгийг 2 дахь удаагаа гэрчээр байцаасан бөгөөд уг байцаалтыг В.Болорцэцэг өгч, улмаар мэдүүлэг өгснөө болон мэдүүлгийнхээ үнэн зөв болох талаар байцаалтын тэмдэглэлд гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Харин уг гэрчийн нэрний тайлал хэсгийг хэрэг бүртгэгч нь А.Хулан гэж бичиг техникийн алдаа гаргаж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлийн 146.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл биш юм. Дээрх Б.Баасанбаярыг гэрчээр байцаасан байцаалт, В.Болорцэцэгийг дахин байцаасан байцаалтууд нь уг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой нотлох баримтууд биш бөгөөд шүүх дээр дурдсан зөрчлөөр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзвэл уг баримтуудыг нотлох баримтуудаас хасч тооцох, эсхүл яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

            Э.Цогтбаатар, Ж.Гарамгай, Р.Соронзонболд, С.Түвшинтөгс, Ц.Мөнхтулга, М.Мөнхбаатар нарт холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй бөгөөд захирамжид заасан бүхий л ажиллагааг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнээд прокурор Б.Соёлмаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлд заасан хөнгөн хэрэгт хэрэг бүртгэгч хэрэг бүртгэлт явуулна гэсэн заалтыг зөрчиж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийн удиртгал болон тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Түүнчлэн, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүй шүүгчийн захирамжаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан байхад прокурор “улсын яллагчийн эсэргүүцэл” бичиж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь заалтыг зөрчсөн болохыг дурдаж байна.  

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаар шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” гэснийг, “Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаах тухай” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 20176030045 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт...” гэснийг “... 20176030045 дугаартай хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт ...” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт очтол Э.Цогтбаатар, Ж.Гарамгай, Р.Соронзонболд, С.Түвшинтөгс, Ц.Мөнхтулга, М.Мөнхбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохгүйг дурдсугай.

                      

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                 ШҮҮГЧИД                                            Ц.ОЧ

 

                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ