Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0057

 

“УБП” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “У с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Ө.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 757 дугаар шийдвэртэй, “УБП” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 757 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай 1997 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан “2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000048604 дугаар “М н с м” ХХК-ийн нэр дээрх, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000459489 дугаар “У с” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”, “УБП” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, UB palace цогцолборын 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “УБС” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах, Улсын бүртгэлийн Ү-2205018404 дугаар бүртгэл болон энэхүү бүртгэлийг үндэслэж гарсан “УБП” ХХК-ийн  нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0088603 дугаартай, Н хХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0088619 дугаартай, иргэн Ч.О-ын нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000175608 дугаартай, иргэн О.Баянмөнхийн нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000175681 дугаартай, “Г г” ХХК-ийн нэр дээрх 2006 оны 03 дугаар сарын 01-ний 000178583 дугаартай, “С” ХХК ийн нэр дээрх 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 000183566 дугаартай, “В р р М” ХХК-ийн нэр дээрх 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 000459485 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “УБП” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар:  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “У с ХХК-ийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоолын Нийслэлийн өмчөөс 2005 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтын Баянгол дүүрэгт байрлах УБП цогцолборын барилга байгууламжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, үлдэх У п" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ү-2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү-2205017112, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017114, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017115, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-2205018016, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: ... шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлогдсон 10 улсын бүртгэлийг хууль ёсны гэж дүгнэхдээ зөвхөн Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Мэдүүлэгт хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 1-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох баримт бичиг”, 2-т “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт”, 3-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ”, 3-д “өмчийн газрын кадастрын зураг” гэж заасныг л хэрэглэжээ. Мэдүүлэгтээ хуулиар тодорхойлсон баримт бичгүүдийг хавсаргаснаар л тухайн үл хөдлөх мэдүүлэг гаргагчийнх болох ёстой гэж дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн байна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоол гарахаас өмнө Нийслэлийн өмч байсан. Улмаар нэхэмжлэгч “УБП” ХХК нь зохих үнийг төлж, цогцолборыг бүхэлд нь хувьчилж авсан байдаг. Тус тогтоолын 3 дахь заалтад дурдснаар энэхүү үл хөдлөх эд хөрөнгө  нийслэлийн өмчийн бүртгэлд байжээ. Гэтэл жинхэнэ өмчлөгчөөс хамааралгүй, түүнд мэдэгдэлгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгож, шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэхгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэж заасны дагуу төрийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эрхийн улсын бүртгэл дараах зарчимд үндэслэгдэнэ”, 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” гэж заажээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд “Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх”, 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно”, 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа “УБП” ХХК нь улсын бүртгэлийн байгууллагад, шүүхэд энэхүү асуудлаар гомдол, нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй юм. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага болон анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн эрхийг сэргээж, хуульд нийцүүлэн шийдвэр гаргасангүй.

Шүүх Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг хэрэглэн, захиргааны байгууллагын үйл ажиллагаа үүнд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Маргаан бүхий улсын бүртгэлүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж зааснаараа илт хууль бус бөгөөд жинхэнэ өмчлөгчөөс хамааралгүй хийгдсэн захиргааны үйл ажиллагаа юм. Хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч “ яагаад нийслэлийн өмч байсан хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдэж, шилжээд явсныг ойлгохгүй байна” гэх тайлбарыг шүүх хуралдаанд хэд хэдэн удаа хэлсэн. Өөрөөр хэлбэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нэг ижил цаг хугацаанд 2 этгээдийн өмчлөлд нэгэн зэрэг байсан болчихоод байна. Үүнээс дүгнэхэд захиргааны байгууллага илэрхий алдаатай шийдвэр гаргасан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ зөрчилдсөн дүгнэлт хийсэн байна. Гуравдагч этгээдүүдэд олгосон гэрчилгээ, улсын бүртгэл хууль ёсны буюу эдгээр компаниуд хууль ёсны өмчлөгч гэж дүгнэсэн атлаа “ ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 19.1.3-д “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах;”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй”, 3-д “ Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж дүгнэжээ. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлттэй нэхэмжлэгчийн хувьд санал нэг байгаа бөгөөд хуульд дээрх байдлаар зохицуулсанчлан маргаан бүхий эд хөрөнгө нийслэлийн өмчид хамаарна.

Шүүхийн энэхүү эсрэг, харилцан нэгнээ үгүйсгэсэн дүгнэлтийг харахад “тэгээд хэний өмч гэж үзэх юм бэ” гэх асуулт урган гарч байна. Үүнээс гадна шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдэд хариу өгөөгүй, акт тус бүрд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрийг шалгаж, дүгнээгүйд гомдолтой байна. Товчхондоо “... “УБП” ХХК өөрөө мэдүүлэг гаргасан байна. Энэхүү мэдүүлэг нь хуульд нийцсэн байна” гэсэн ганц л дүгнэлтийг хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

          Нэхэмжлэгч “УБП” ХХК нь давж заалдах гомдолдоо “энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нийслэлийн өмчийн бүртгэлд байсныг Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны тогтоолоор нэхэмжлэгч хувьчилж авсан. Жинхэнэ өмчлөгчид мэдэгдэлгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгож, шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэхгүй байна. Шүүх зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг хэрэглэсэн нь буруу” гэжээ.

          Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/157 дугаар захирамжаар нийслэлийн өмч болох спорт цогцолборын дуусаагүй барилгын хөнгөн атлетикийн манежийг /маргаж буй 1944 кв.м үл хөдлөх хөрөнгө зүүн хэсэгт нь байрлах/ “Ү т” ХХК-ний хөрөнгө оруулалтаар гүйцээн барьж байгаатай холбогдуулан, “Ү т” ХХК-ийн оруулсан хөрөнгийн хэмжээг тооцож, түүний өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

“Ү т” ХХК-ийн захирал О.Баяр нь 1999 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “У п” /2001 онд “УБП” гэж нэрээ өөрчилсөн/ ХХК-ийг үүсгэн байгуулж, тухайн дуусаагүй барилгыг хэсэгчлэн дуусгаж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 8 тусдаа үл хөдлөх хөрөнгө бүртгүүлж тус тус гэрчилгээ авчээ.

          Үүний нэг хэсэг болох маргаж буй 1944 м.кв дуусаагүй барилгын өмчлөх эрхийг 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ”Ула п” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2205018404 дугаарт бүртгүүлж, 000088603 дугаар гэрчилгээ авч, 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Н х” ХХК-д 230 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Үүнээс хойш тухайн 1944 м.кв барилгыг 2005 оны 12 дугаар сарын 01-нд иргэн Ч.О-т, 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр О.Б-, 2006 оны 03 сарын 01-нд “Г” ХХК-д, 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “М м” ХХК-д, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “С” ХХК-д, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “В р М” ХХК-д, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Улаанбаатар синема” ХХК-д тус тус худалдах худалдах авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх тус тус шилжсэн.

          Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2004 оны 3/15 дугаар тогтоолоор хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад уг спорт цогцолборын дуусаагүй барилгыг оруулсны дагуу Нийслэлийн өмч хувьчлах комисс 2014 оны 01 дүгээр тогтоолоор спорт цогцолборын 22557.15 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар хувьчилж, үнийг төлсөн “УБП” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

          Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч “УБП” ХХК нь 2003 онд уг маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд өөрөө бүртгүүлж, улмаар “Н х” ХХК-д худалдсан байх тул нийслэлийн өмчийн хөрөнгийг давхардуулан бүртгэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

          Нөгөө талаар нийслэлийн өмчийн хөрөнгийг давхардуулан бүртгэсэн талаар нийслэлийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллага нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хувьчлалын дагуу шилжүүлэн авснаар өмчлөх эрх  үүссэн гэж үзэж байгаа бол төлбөрийг авч, өмчлөх эрх  шилжүүлсэн этгээдтэй маргах эрх нь нээлттэй бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал биш тул давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.

          Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.