Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2024/0125

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч             П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                          Д.Батбаатар

                                          Х.Батсүрэн 

Илтгэгч шүүгч:                 М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:  Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0577 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/582 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2024/0429 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” 

2.Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1153 дугаар захирамжаар “С-Э” ХХК, П.Э нарын эзэмшиж байсан 2655 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Г.Б-т шилжүүлсэн. Үүний дараа нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар Г.Б-ийн эзэмшиж байсан 2655 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 2830 м.кв болгон төвлөрсөн авто машины зогсоол үйлчилгээний орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр иргэний газар эзэмших эрхийн 000173061 дугаартай гэрчилгээ олгожээ.

2.1.Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжаар “... *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2830 м.кв газрыг эзэмшигч иргэн Г.Б нь Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. 

2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Алсын хараа” 2050 бодлогын баримт бичгийн хүрээнд хүүхдийн зуу орчмын газрыг бизнес болон худалдаа хөгжлийн төв болгохоор зарласантай холбогдуулан 350-400 автомашины зогсоол барихаар төлөвлөсөн, үүний дагуу өөрийн эзэмшлийн 2830 м.кв газартаа төвлөрсөн автомашины үйлчилгээтэй зогсоол барихаар төлөвлөж, төрийн захиргааны байгууллагуудаас зөвшөөрөл авч барилгын ажил эхлүүлэн явуулж байсан. Маргаан бүхий газартай холбоотой нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн талаар эрх байгууллагын дүгнэлт гараагүй байхад энэ талаар дүгнэлт гарсан гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд нь нэхэмжлэгчид хамааралгүй, сонсох ажиллагаа огт хийгээгүй, Х а-ын газартай давхацсан зүйл байхгүй …” гэж тодорхойлон маргасан.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Х а газраас ирүүлсэн гомдлын дагуу мэргэжлийн байгууллага Г.Б-ийн газар дээр хяналт шалгалтыг явуулсан, тухайн орчны газар бохирдолтой, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн, Г.Б-ийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар холбогдох хуульд нийцэхгүй байгаа нь эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар батлагдсан, холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, шийдвэр гаргахаас өмнө иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна гэсэн үндэслэлээр хуулийн дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.  

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар олж авсан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/07/1083 дугаар мэдэгдэлд дурдсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж гаргахаас өмнө гарсан дүгнэлт байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй хамааралгүй байна, ... нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” нийслэлийн Х а газарт хүргүүлсэн албан бичигт дурдсанаас үзвэл Барилга, хот байгуулалтын яамны хяналт шалгалтын танилцуулгад дурдсан нэхэмжлэгчийн газар нь Х а газрын газартай давхцалтай гэх дүгнэлт үндэслэлгүй, ... нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг хэрэгжүүлэхдээ Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна ...” гэж дүгнэсэн.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна, ... хариуцагчаас дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэлдээ барилгын суурийн ухсан нүх үүсгэснээс иргэдийн эрх ашиг зөрчсөн талаар дурдсан нь нэхэмжлэгч архитектур төлөвлөлтийн даалгаварт заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тухайн нөхцөлд үүсэх үйл явц бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд барилгын суурь тавигдаж, улмаар барилгын ажил эхэлсэн байгаа энэ тохиолдолд уг нөхцөл байдал үгүйсгэгдэж байна, ... хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхийг хуульд заасны дагуу олж авсан байх ба нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжаар Г.Б-т олгосон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 2830 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тус газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр нь хууль зөрчиж гарсан шийдвэр болох нь тогтоогдож байна ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, С.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2024/0429 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.1.“... нийслэлийн Засаг даргын 2021 оны А/646 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн авто автомашины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2830 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5 дахь хэсгийг зөрчиж байсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул А/646 дугаар захирамжийн хавсралтын 15 дахь хэсгийг хүчингүй болгосон.

6.2.Барилга, хот байгуулалтын яамны хяналт шалгалтын газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Б-ийн барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зурагт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд тус шалгалтаар кадастрын зураглал ба Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т заасныг зөрчсөн болохыг тогтоосон үйл баримтыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн.

6.3.Хотын стандарт хяналтын газраас 2023 оны 12 дугаар сарын 21-ний 01/1667 дугаартай албан бичгээр иргэн Г.Б-ийн барилгад хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахад нийт эдэлбэр газрын 83 хувьд барилгажихаар төлөвлөгдсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтыг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Мөн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 031/103 дугаартай албан шаардлагаар иргэн Г.Б-т хүргүүлсэн албан шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтаар авч хэлэлцэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

6.4.Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэргээр тус газрыг бодитоор ашиглаж байгаа гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үгүйсгэгдэж байна.

6.5.Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэх боловч барилгын суурийн нүхийг хэзээ ухсан эсэх талаар баримт бичгийг цуглуулаагүйгээр хэргийг шийдсэн нь уг хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг тал бүрээс нь судалж шийдвэрлэх захиргааны шүүхийн үндсэн зарчим алдагдсан гэж үзэхээр байна” гэжээ.

7.Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

8.Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүхүүд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

9.Нэг. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр 08-ны өдрийн А/397 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн  49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалтыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2830 м.кв газрыг эзэмшигч иргэн Г.Б нь “Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

10.Хэрэгт авагдсан, Барилга, хот байгуулалтын яамны хяналт шалгалтын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-00/06 дугаартай танилцуулгад “... иргэн Г.Б-ийн олон давхар зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын төлөвлөлтийн зургийг Х а төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн газрын кадастрын зурагтай давхцуулж давхцалыг тодорхойлоход иргэн Г.Б-ийн барихаар төлөвлөж буй барилгын урд талд төлөвлөгдсөн авто зам нь Х а газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн баруун хойд талын 11 дүгээр эргэлтийн цэгээс зүүн зүгт 12-16 цэгээс урагш нийтдээ ойролцоогоор 94.05 м.кв газар давхцуулан төлөвлөсөн байна. Х а  газрын 2хф125 мм-ийн голчтой дулааны шугам, ф100 мм-ийн голчтой цэвэр усны шугам сүлжээг иргэн Г.Б-ийн эзэмшил газрын зүүн болон урд талын хэсгээр дайруулан татсан байгаа нь газрын маргаантай байна. Иргэн Г.Б-ийн олон давхар зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг батлахдаа нийслэлийн *** а газрын шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж батлаагүй, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль болон Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх /БНбД 31-22-21/-ийн холбогдох заалтыг хангуулаагүй ...” гэж;

11.Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1667 дугаартай албан бичигт “... иргэн Г.Б-ийн эзэмшиж буй газар нь  Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх /БНбД 31-22-21/-ийн ... хавсралтын 5 дугаар заалтад “Тусгай зориулалтын автомашин, ажилтны болон үйлчлүүлэгчдийн машины задгай зогсоол хүртэл 12 м” гэж байгаа нь тухайн иргэний барилгад хамаарахгүй буюу дан авто зогсоолын барилга эсвэл задгай зогсоол бус олон давхар бүхий үйлчилгээний барилга байна. Харин тус норм ба дүрмийн 1 дэх заалт буюу Палатны болон унтлагын корпусуудаас орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 м байх заалтыг хангуулах нь зүйтэй, ... мөн нийт эдэлбэр газрын 76 хувьд нь барилгажихаар байгаа талаар хүсэлтдээ дурдаж ирүүлсэн боловч архитектур төлөвлөлтийн даалгаварт 83 хувьд нь барилгажихаар байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтад нийцэхгүй байна, ... Барилга, хот байгуулалтын яамны салбарын хяналтын газраас гаргасан хяналт шалгалтын дүгнэлт үндэслэлтэй ...” гэж;

12.Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49/АР150055, СНАГ-2024/16/НА-СТА-ТШЗ дугаар албан шаардлагад “... Х а газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “... тус эмнэлгийн эзэмшилд байгаа эмнэлгийн зориулалт бүхий 94.05 м.кв газрын кадастрын зураг болон дахин давтагддаггүй дугаар зэрэг нь “Б” гэх иргэнд олгогдсон архитектур төлөвлөлтийн дугаар болон кадастрын зурагтай давхцаж, газрын эзэмшлийн маргаан үүссэн ба асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй, энэ нь Барилгын тухай хуулийн 12.1.1 дэх заалтыг бүрэн хангаагүйгээс үүссэн маргаан байна” ... гэж;

13.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-07-1083 тоот албан бичигт “... иргэн та өөрийн эзэмшлийн газрын кадастрын эргэлтийн цэгээс хэтрүүлэн илүү талбай хашсан, зориулалтын дагуу газраа ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн, барилгын суурийн ухсан нүх үүсгэснээс иргэдийн эрх ашиг зөрчсөн талаар иргэд, хуулийн этгээдээс удаа дараа гомдол ирүүлж байна ...” гэж тус тус дүгнэснээс үзэхэд, иргэн Г.Б-ийн эзэмшиж буй газрын зарим хэсэг нь Х а газрын эзэмшилд буй газартай давхцалтай, эсхүл илүү талбай хашсан, газар эзэмшиж ашиглахдаа бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн байж болзошгүй байна.

14.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “... нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт: “... нийслэлийн Засаг даргын 2021 оны А/646 дугаар захирамжаар 2655 м.кв газрыг 2830 м.кв болгон талбайн хэмжээг нэмэгдүүлж төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Г.Б-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд Газрын тухай 31 дүгээр зүйлийн 31.3 /бусдын эзэмшил, ашиглалтын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна./-т заасны дагуу тус албанд хандан ирүүлсэн *** а газрын ашиглаж байсан зөвлөх амбулаторийн орчны газрыг эзэмших тухай хүсэлтийг газар эзэмшигч иргэнтэй зөвшилцсөнөөр шийдвэрлэх боломжтой байна” гэснээс үзвэл Барилга, хот байгуулалтын яамны хяналт шалгалтын танилцуулгад дурдсан нэхэмжлэгчийн газар нь Х а газрын газартай давхцалтай гэх дүгнэлт үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Г.Б нь өөрийн хөрөнгөөр гадна дулааны ф125-200 мм болгон өргөтгөн, хагас нэвтрэх сувагчлалтай болгосон байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Х а газар болон нэхэмжлэгч нарын хооронд цэвэр усны шугам, дулааны шугамтай холбоотой маргаан байхгүй болсон байна ...” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ газрын давхцал буй эсэхийг тодорхойлоогүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд болох Х а газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. 

15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

16.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох, мөн шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагаар газрын давхцал бий эсэхийг тодруулах нь зүйтэй.

17.Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1153 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Б-т Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2655 м.кв газрыг төвлөрсөн автомашины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, мөн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар дээрх газрын хэмжээг нэмэгдүүлэн 2830 м.кв газрыг төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

18.Нийслэлийн Засаг дарга газрын хэмжээг 2830 м.кв болгож нэмэгдүүлэхдээ зөрүү 175 м.кв газрыг хаана байсан газраас нэмж олгосон нь тодорхойгүй, тухайлбал, хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нийтийн эдэлбэр газраас олгосон, яг хаана байсан газрыг нь мэдэхгүй, ... Х а газрын газартай давхардсан гэж үзэж хүчингүй болгосон, давхцалтай хэмжээг хэлж мэдэхгүй байна ...” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... ертөнцийн зүгээр баруун талд нь байсан газрыг эзэмшүүлсэн, ... авто замын 83.7 хувийг Г.Б-ийн газраас авч зам тавьсан. Түүнээс бидний хоорондын газрын давхцал байхгүй, ... баруун талдаа буюу Х а газартай хамааралгүй газар ...” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд, газрын хэмжээг нэмэгдүүлсэн нь Х а газрын газартай давхцах шалтгаан болсон эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй юм.

19.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, эргэлзээгүй талаас үнэлж хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимд нийцнэ.

20.Иймээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0577 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/582 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

            ШҮҮГЧИД                                                               Д.БАТБААТАР 

                Х.БАТСҮРЭН

                М.БАТСУУРЬ