Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 34

 

 

 

 

                Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

               баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Л.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох 

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/454 дүгээр албан бичгийг илт хууль бусад тооцуулж, Л.Алтангэрэлийг Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргаар томилохыг аймгийн засаг даргад даалгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/63, Б/64 дүгээр захирамжуудыг илт хууль бусад тооцуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Л.Алтангэрэлээс ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Лодой-Осор овогтой Алтангэрэл нь анх 2012 оны 12 дугаар сарын 18 өдрийн Б/92 дугаартай Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэний захирамжаар Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргаар томилогдсон. 

2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль болж 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Архангай аймгийн Өгийнуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн анхдугаар хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдөөс 11 хүний буюу 52,38 хувийн санал авч миний биеийг Өгийнуур сумын засаг даргаар томилуулахаар Архангай аймгийн засаг даргад уламжлахаар болсон. Энэ хурлын шийдвэрийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай Архангай аймгийн Өгийнуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор миний биеийг Өгийнуур сумын засаг даргаар томилуулахаар Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасанд уламжилсан боловч Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан ямар нэг шалтгаангүйгээр хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж шийдвэр гаргалгүй удсаны эцэст 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 01/454 дугаар  “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр миний биеийг Өгийнуур сумын засаг даргаар томилохоос татгалзаж өөр нэр дэвшигчийг нэр дэвшүүлэн ирүүлнэ үү гэсэн утга бүхий албан бичгийг Өгийнуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнх-Эрдэнэд ирүүлсэн.

Миний биеийг засаг даргаар томилохоос татгалзсан үндэслэлээ авилгатай тэмцэх газраас “Өгийнуур сумын Засаг дарга Л.Алтангэрэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан заалтыг зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон“ гэсэн албан бичиг ирсэн гэж тайлбарласан байсан.

Өгийнуур сумын Засаг даргаар томилохоос татгалзах үндэслэл болсон гэх эдгээр зөрчил гэж үзсэн зүйлүүд нь үндэслэлгүй, үнэн бодит байдалд нийцээгүй, Авилгатай тэмцэх газраас зөвхөн нэг талыг барин буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/454 дүгээр албан бичгийг илт хууль бусад тооцож, Л.Алтангэрэл миний биеийг Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргаар томилохыг Архангай аймгийн засаг дарга даалгаж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх хугацаанд Архангай аймгийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлж өөр этгээдийг Өгийнуур сумын Засаг даргаар түр томилох захирамж гаргаж байгаа нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн б/63, б/64 дүгээр захирамжуудыг илт хууль бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад 07 дугаартай тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүргүүлсэн. Гэтэл аймгийн Засаг дарга ямар нэг шалтгаангүйгээр хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, шийдвэр гаргалгүй удсаны эцэст 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/454 дугаартай “Санал хүргүүлэх” тухай албан бичгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн гэж маргажээ.

Харин аймгийн Засаг дарга нь Өгийнуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн Л.Алтангэрэлийг Өгийнуур сумын Засаг даргад томилуулахаар уламжилсан 07 дугаар тогтоолыг үндэслэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасны дагуу Л.Алтангэрэлийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг холбогдох баримтын хамт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01/2364 дугаар албан бичгээр авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байдаг.

Гэтэл  Авлигатай тэмцэх газрын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 05/858 дугаар албан бичигт “...хяналт шалгалтын ажлыг явуулж байх тул өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэтэл нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэх боломжгүй байна.”, Мөн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дүгээр “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах” тухай албан бичигт “тус газарт ирүүлсэн иргэний гомдол, мэдээллийн дагуу ...хяналт шалгалтыг явуулахад дараах нөхцөл тогтоогдож байна. ...Л.Алтангэрэл нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Б.Бадамхандад 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалтай хөгжмийн багшийн үүргийг хавсран гүйцэтгүүлж, хавсран гүйцэтгэсэн хугацаанд ..., 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн биелүүлж “А” үнэлгээ авсан гэх үндэслэлээр ... урамшуулал олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн. Түүнчлэн Л.Алтангэрэл нь өөрийн садан төрөл болох Ж.Батмагнайг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар, түүний эхнэр С.Мөнхцэцэгийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсвийн ерөнхий нягтлан бодогч буюу санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өөрийн шууд удирдлаганд томилон ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэж байна.

Нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт дурдсан зөрчлүүд нь үндэслэлгүй гэж маргадаг боловч энэ талаар ямар нэг баримтыг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй бөгөөд аймгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/454 дугаартай “Санал хүргүүлэх” тухай албан бичиг нь Авлигатай тэмцэх газраас удаа дараа ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэж гарсан тул илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй

 Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/63, Б/64 дүгээр захирамжуудыг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, төрийн эрх бүхий байгууллагаас Л.Алтангэрэлийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад хяналт шалгалт явуулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу хариуцлагыг тооцох тухай албан бичгийг ирүүлсний дагуу аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хууль, авлигын эсрэг хууль болон бусад хуульд “... хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг баримтална.” гэж заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/63 дугаартай “Л.Алтангэрэлийг Өгийнуур сумын Засаг даргаас чөлөөлөх тухай” захирамж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/64 дүгээр “Ц.Бөхбаатарыг Өгийнуур сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох” тухай захирамжуудыг тус тус гаргасан.

Эдгээр захирамжууд нь хуульд нийцсэн, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрийг үндэслэж, гаргасан захирамж тул илт хуулт бус гэж үзэх хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Л.Алтангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Алтангэрэл тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Миний бие Лодой-Осор овогтой Алтангэрэл тус шүүхэд хандан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/454 дугаартай шийдвэрийг илт хууль бусад тооцуулах, Лодой-Осор овогтой Алтангэрэлийг Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргаар томилохыг Архангай аймгийн засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасангийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/63, Б/64 дугаартай захирамжуудыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн билээ.

Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/82 дугаартай захирамжаар миний биеийг Өгийнуур сумын засаг даргаар томилсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Л.Алтангэрэлээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан  2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/454 дүгээр албан бичгийг илт хууль бусад тооцуулж, Л.Алтангэрэлийг Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар томилохыг аймгийн засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 4 дүгээр сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-5, 45-46/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Л.Алтангэрэлийг Өгийнуур сумын Засаг даргаас чөлөөөлөх тухай” Б/63, “Ц.Бөхбаатарыг Өгийнуур сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” Б/64 дүгээр захирамжуудыг илт хууль бусад тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. /х.х-н 54-55/

Нэхэмжлэгч Л.Алтэнгэрэл 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.

Уг хүсэлтэндээ: Миний бие Л.Аптангэрэл тус шүүхэд Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/454 дугаартай шийдвэрийг илт хууль бусад тооцуулж, Л.Алтангэрэлийг Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргаар томилохыг Архангай аймгийн засаг даргад даалгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/63, Б/64 дугаартай захирамжуудыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/82 дугаартай захирамжаар миний биеийг Өгийнуур сумын засаг даргаар томилсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ. /х.х-н 171/

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна. 

 

Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Л.Алтангэрэлийг Өгийнуур сумын Засаг даргаар томилох тухай” Б/22 дугаар захирамжаар  Өгийнуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлсэн Лодой-Осорын Алтангэрэлийг Өгийнуур сумын Засаг даргаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилжээ./х.х-н172/

 

Иймд нэхэмжлэгч Л.Алтэнгэрэл нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, Л.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/454 дүгээр албан бичгийг илт хууль бусад тооцуулж, Л.Алтангэрэлийг Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргаар томилохыг аймгийн засаг даргад даалгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Л.Алтангэрэлийг Өгийнуур сумын Засаг даргаас чөлөөөлх тухай” Б/63, “Ц.Бөхбаатарыг Өгийнуур сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” Б/64 дүгээр захирамжуудыг илт хууль бусад тооцуулахыг хүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/454 дүгээр албан бичгийг илт хууль бусад тооцуулж, Л.Алтангэрэлийг Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргаар томилохыг аймгийн засаг даргад даалгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Л.Алтангэрэлийг Өгийнуур сумын Засаг даргаас чөлөөлөх тухай” Б/63, “Ц.Бөхбаатарыг Өгийнуур сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” Б/64 дүгээр захирамжуудыг илт хууль бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, Л.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4,  50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА